Хүний бие организм өөрийгөө эрүүлжүүлэх ухаалаг дархлааны системтэй байдгийн адилаар байгаль дэлхий ч бас өөрөө өөрийгөө нөхөн сэргээх хүчирхэг тогтолцоотой байдаг. Гэвч орчин цагт амьдарч буй бидний элбэг хангалуун хэрэглээ, түүнийг бүтээх үйлдвэрлэл, ард нь гарах нь үлэмж хэмжээний хог хаягдал нь олон мянган жил явж ирсэн уг экосистемийг эвдэж, дэлхий ээждээ амьсгал авах завдал олголгүй хог хаягдлаар булж байгаа нь харамсалтай. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хүмүүсийг ухаалаг хэрэглээнд уриалсан олон төрлийн бизнесийн моделиуд гарч ирэх болсны нэг нь “Тhrift shop” буюу хуучин эдлэл хэрэглэлээ хандивлан, борлуулах дэлгүүр юм. Дотоодын зах зээлд анхдагч болон олон нийтэд хэрэглээний шинэ соёл, сэтгэлгээг түгээхээр ажиллаж буй "TOIROГ"-той танилцана уу. 

Нэр: TOIROГ
Хаяг: Хүүхдийн 100, "Өгөөж чихэр боов" компанийн замын эсрэг тал, 39 дүгээр байр
Чиглэл: Бэлэн хувцас, аксессуарын дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Агнууш, Номи
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд:​ toirogdii (Инстаграм), Toirog (Фэйсбүүк)


Зүүн гар талаас: Агнууш (гэрэл зурагчин), Номи (архитектор)

сэдэл

Агнууш: Өнөө цагт дэлхийдээ ээлтэй сонголтыг хэрэглээгээ болгож хэвших нь орчин цагийн хүмүүний үүрэг гэж би хувьдаа үздэг. Энэ санаан дээр бид хоёул санал нэгддэг юм. Сэдэл гэвэл энэ оны гуравдугаар сард тусгай нислэгээр Монголруу буцах замдаа онгоцны буудал дээр санамсаргүй Номитой тааралдсан. Өмнө нь Номигийн хөтөлдөг “Бидний Нууц” подкастад уригдахдаа танилцаж байсан ч хамт карантилагдана гэж төсөөлж ч байсангүй. Тэгээд хамтдаа 21 хоногийг өнгөрүүлэхээс аргагүй болсон доо. Энэ хугацаанд бие биетэйгээ дотно танилцан, цагийг аль болох бүтээлч өнгөрүүлэхийг хичээдэг байлаа. Ингэж ярилцаж байхдаа хоёул дахин боловсруулах, хог хаягдлын сэдвийг сонирхдогоос гадна Тhrift shop байгуулах хүсэлтэйгээ мэдэцгээсэн. Санаагаа олоод шууд л ажлын төлөвлөгөөгөө гарган, нэр логоноос эхлээд бүгдийг нь төлөвлөх болсон.

Номи: Дөрвөн сарын хугацаанд бэлтгэл ажлаа хийж дуусгаад өнгөрөгч наймдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Уг дөрвөн сарын ихэнх нь байршлаа сонгоход зарцуулагдсан бол байршлаа эцэслэн шийдсэний дараа хоёр долоо хоногийн дотор засварын болон бусад ажлуудаа хийгээд дуусгачихсан. Эхлэхдээ өөрсдийн болон гэр бүлээсээ хувцас хэрэглэлийг нь цуглуулсан бол одоо хандив маань харьцангуй тогтворжоод, үйл ажиллагаа ч жигдрэх шатандаа ороод байгаа.

ялгарал

Агнууш: Бид ялгарлаа тайлбарлахын тулд эхлээд Монголд үйл ажиллагаа явуулж буй комиссын дэлгүүрүүдээс өөрсдийн бүтээж буй "TOIROГ" гэх ойлголтыг харьцуулж дүгнэх хэрэгтэй болж байна. Манай комиссын дэлгүүрүүд бүгд бизнесийн буюу ашгийн төлөө ажилладаг, үүний тулд гаднын орнуудаас импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг. Харин "ТОIROГ" нь монголчуудаасаа хэрэггүй зүйлсийг нь татан төвлөрүүлж, хуучин хувцасны соёлыг, дэлхийд ээлтэй сонголтыг сурталчилж, ашиг гэхээс илүү үнэ цэнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож, анхаарч ажиллаж байгаа. Эндээс бид ялгарлаа тайлбарлавал:

Нэгт, "TOIROГ"-т зарагдаж буй хувцас, хэрэглэлийн 80-90 хувь нь монгол хүмүүсээс ирж буй.

Хоёрт, бид хандиваар хуучин хувцаснуудыг авч, цэвэрлэгээ ариутгал хийж, хуучирсан загвартай хувцаснуудыг ангилан ялгаж, тэдгээрийг шинэ соргог зүйлсийг эрэлхийлэгч бүтээлч залуустай хамтран загварыг нь шинэчилж гаргадаг. Ахин давтагдашгүй дэлхийд цор ганц гарах “Upcycled second hand” загвар гэсэн үг юм.

Гуравт, манайхаас худалдан авалт хийснээр та байгаль дэлхийгээ хайрлаж, экологид ээлтэй сонголтыг хийж, хог хаягдлын хэмжээг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Дөрөвт, борлуулалтын орлогын тодорхой хувийг тогтмол хандив, нийгэмд хэрэгтэй үйлсэд зарцуулж, хайрыг түгээхийг эрмэлздэг. Бид байгуулагдсан эхнийхээ сараасаа эхлэн орлогоосоо “Элэг зүрхнээс уяатай” аянд хандивлаж, карантины төлбөрөө төлөх боломжгүйн улмаас гадаадад эмчлүүлж байхдаа гацсан нэгэн эмэгтэйг эх оронд нь авчрахад мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн энэ сар Монголын урдаа барих уран бүтээлчдийн хэрэглэж байсан эд зүйлсийн дуудлага худалдаа зохион байгуулж “Хөөрхөн зүрхтэй хамтдаа” аянд зориулж, цусны хорт хавдартай бяцхан охин Сүйжингийн эмчилгээний зардалд 14 сая төгрөгийг наймхан хоногийн дотор босгон хандивлаад байгаа. Энэ нь үйл ажиллагаа явуулаад хоёр сар болж байгаа "ТОIROГ"-ийн хувьд хагас жилээс бүтэн жил ажиллаад олох цэвэр ашигтай тэнцэх мөнгөн дүн юм.

Тавд, бид хуванцар болон гялгар уутны хэрэглээнээс татгалздаг. Үйлчлүүлэгчдэдээ авсан зүйлсийг нь торонд хийж өгөхийн оронд хаягдал сонингоор ороож, баглаж өгдөг. Алсдаа бүх талаараа хог хаягдалгүй байхыг эрмэлзэж, үлгэр жишээч зуршлыг түгээхэд анхаарна.

Зургаад, улирал бүр өөрсдийн сонгосон артистуудын хэвлэмэл бүтээл, посткарт, мэрчендайз бүтээгдэхүүнүүдийг дэлгүүр дээр байршуулан, тэдний уран бүтээлийг сурталчилж мөнгө олох өөр нэг боломжит суваг нь болохыг эрмэлзэж байгаа.


TOIROГ гэж юу вэ? 

Агнууш: Бид дэлгүүрээ гэр гэж нэрлэх дуртай. Орж ирсэн үйлчлүүлэгч бүрдээ хайрыг түгээж, тэдэнтэй амьд харилцаа бий болгохыг эрмэлздэг. Хэн нэгний хайрлаж эдэлсэн зүйлийн дараагийн эзнийг олж өгдөг өртөө нь "Тойрог" гэж боддог.

Нэр

Бид карантинд байхдаа нэрээ олсон л доо. "Recycle" буюу дахин боловсруулах, эргэлтэд оруулах гэдэг утгыг оруулахад анхаарч байсан. Ингээд дахин дахин бодож, санал солилцсоны дараа "Тойрог" гэдэг нэрийг олсон юм. Хэлэхэд амархнаас гадна "тойрогчид", "тойрогдох уу", "тойрогдъё" гээд л ямар ч нөхцөлд бууж байсан. Сүүлийн үед үйлдвэрлэгдсэн хувцас хэрэглэлийг эргэлтэнд оруулж тойрогдож байгаа гэдэг талаас нь харж байгаа.

одоо

Агнууш: Энэ цаг үед ганц Монгол Улс гэлтгүй дэлхийн хэмжээнд хог хаягдлын асуудал хүчтэй яригдах болоод байна. 2017 онд л гэхэд Улаанбаатар хотын иргэд 1.1 сая тонн хог үйлдвэрлэсэн байдаг. Мэдээж багагүй хэсгийг хувцас эзэлж буй. Манай дотоодын зах зээлийг бүхэлд нь базчихсан хямд үнэтэй, хурдан хуучирдаг дизайнтай, загварын хувцаснууд үйлдвэрлэдэг гаднын брэндүүд нэгхэн жилд гэхэд 26-27 коллекц танилцуулдаг байх жишээтэй. Мэдээж энэ коллекц бүрийн ард маш их хэмжээний масс үйлдвэрлэл, буурай орнуудын иргэдийн хөдөлмөрийн мөлжлөг, дэлхийд учруулах хор хөнөөл яригдаж байдаг. Мөн даавуу гэх ургамал нь маш их ус ууж байж ургадаг, нэг хүний 7.5 жил уух хэмжээний усыг зарцуулж байж нэг жийнс хийх даавуу гаргаж авдаг, түүнийг нь хэд өмсөөд л хаядаг гэхээр тэнэглэл шиг санагддаг. Энэ буруу тогтолцооноос ашгийн төлөөх бизнесүүд ашиг хүртэж, түүнийг нь мэдлэггүй хэрэглэгчид хөхиүлэн дэмжсээр эцэстээ эх дэлхийгээ хордуулж, өвтгөж байгаагаа хэн нь ч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Номи: Үүнд л бид бага ч болов нөлөөлөхийг хүссэн. Хүмүүс хуучин хувцас бол ядуу ч юмуу, боломжгүй хүний сонголт гэдэг ойлголтоо хаяж, хямд "fast fashion" брэндүүдээc татгалзаж, алсдаа татан буулгах, стандартыг ахиулах гэх мэтээр хэрэглэгчдийн зүгээс шаардлагаа тавьдаг болох хэрэгтэй гэж үзэж байгаа. Үйлчлүүлэгчдийн маань дийлэнх хувь нь залуу хүмүүс байна. Тэднийг сонголтоо хийх бүрдээ “Би ер нь юуг дэмжээд, цаана нь ямар хүмүүсийг баярлуулаад байна вэ?” гэдгээ ойлгодог болтол нь бид үйл ажиллагаагаараа дамжуулан нөлөөлөхийг зорьж байна.


баг

Номи: Энэ бяцхан газрыг бий болгохоор ажиллаж эхэлсэн тэр үеэс одоог хүртэл хамтын ажиллагаа ямар чухал болохыг ойлгож авч байна. Агнууш ерөнхий үйл ажиллагаагаа аваад явдаг бол би дэлгүүрийнхээ бүрэн бүтэн байдал, ахуйн зүйлсдээ санаа тавьж ажилладаг.

Агнууш: "ТOIROГ"-ийн гэр бүлд 15-20 орчим хүн бий. Үндсэн дөрвөн ажилтантай бол custom design хийдэг дизайнерууд, өөрсдийн бүтээлээ өгдөг артистууд нийлээд 10 элбэг давна.

ирээдүй

Агнууш: Ирээдүйд олсон ашгаасаа хандивын байгууллагад хандивлана гэхээс илүүтэй санаа зовинож буй нийгмийн асуудалдаа өөрсдийн гаргалгааг санал болгож, төсөл хэлбэрээр хэрэгжүүлдэг болмоор байгаа.

Номи: Mонгол дахь энэ төрлийн бизнес үйлчилгээний үр дүнтэй моделийг боловсруулж, дараа дараагийн "Thrift shop"-ууд хурдацтай нээгдэх сэдлийг өгөхүйц системийг бий болгохыг хүсэж байна. Манай үндэстний сэтгэлгээний онцлог, хэрэглээний соёл гэж тусдаа зүйл байгаа шүү дээ. Шууд л гаднын моделийг хуулалгүй монгол сэтгэхүйд тааруулах хэрэгтэй. "Thrift shop"-ууд кофе шоп шиг их болж, хүмүүс гэрээсээ холгүй, төвөггүйхэн хувцсаа авч очоод тушаачихдаг, эргээд тэд нар нь цэвэрхэн, найдвартай байдаг соёлтой болох нь бидний харж буй ирээдүй.

эрсдэл

Агнууш: Бид хоёул бизнес, үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагагүй. Одоогоор бол өөрсдийн итгэл үнэмшилтэй зүйлээ ажил болгоод явах сайхан байгаа ч үүнийгээ тогтвортой, жигд авч явна гэдэг нь маш том сорилт болно. Яг бидний хийж буй энэ зүйлд үлгэрлэх газар байхгүй учраас эхлээд өөрсдөө бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх ёстойгоо сайн ойлгосон.


Зүүн гар талаас: Агнууш (гэрэл зурагчин), Номи (архитектор)