Нэр: USASHOP.MN
Чиглэл: Технологийн стартап, цахим худалдаа
Үүсгэн байгуулагч: Т.Хишигбаяр, Э.Энхтамир
Үүсгэн байгуулагдсан: 2011 он, Re-Branded 2022 он долоодугаар сар
Холбоос: www.usashop.mn, usashop_mn (инстаграм) USASHOP.MN (фейсбүүк)
СЭДЭЛ
Миний хувьд сүүлийн 15 жилийн турш АНУ-д амьдрахдаа технологийн хэд хэдэн стартап үүсгэж байсан туршлагатай. Анх ирэхэд АНУ-аас Монгол руу бараа нийлүүлэх үйл явц тун төвөгтэй байлаа. Монголд байгаа хүн олон улсын карттай байлаа ч хүссэн сайтаасаа худалдан авалт хийх боломж хязгаарлагдмал. Зайлшгүй АНУ-д амьдардаг хамаатан садан, ах дүүсээ царайчлах шаардлагатай болно.
Тиймдээ ч хувь хүмүүс бараа борлуулах үйлчилгээ өргөн дэлгэрч, хүмүүс эндэхийн бүтээгдэхүүнийг тэнд дамласан үнээр худалдан авах нь элбэг байсан. Миний хувьд ч гэсэн арав гаруй жилийн өмнөөс фейсбүүк бүлгэм, вэб сайт, цахим шуудангаар дамжуулан цомхон хүрээнд хүмүүсийн бараа захиалгыг гүйцэтгэдэг байв. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг уг бизнес 2021 он хүртэл гэр бүлийн шинжтэй байсан бол цар тахлын үеэр хэрэглэгчдийн хэрэгцээ өсөж, үүнийг даган захиалгын тоо ч огцом нэмэгдэн энэ төрлийн бизнесийг хэрэглэгчид өөрсдөө биднээс нэхэж эхэлсэн.
Тухайн үед одоогийн Usashop.mn-ийн босгосон бизнес загвар Монголын зах зээл дээр туршигдаагүй ч үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргахаар зориг шулуудсан түүхтэй. Надад 15 жилийн туршлага, энэ төрлийн бизнесийн нөу-хау, итгэлтэй хамтрагч, яг ямар байдлаар хөгжүүлбэл Монгол хүнд тохиромжтой байх талаар тодорхой мэдлэг байсан учир шууд л ажлаа эхлүүлсэн. Ингээд тэртээ 2011 оноос эхэлсэн “side hustle” маань бүтэн цагийн ажил маань болсон.
ЯЛГАРАЛ
Манай компани хоёр багаас бүрддэг ба тал хэсэг нь АНУ-д суурин амьдарч, энэ бизнестээ бүтэн цагаар анхаарлаа хандуулж буй хүмүүс. Бид АНУ-ын Виржиниа мужид амьдардаг. Эндээ бид ачаа хүлээн авах, шалгах, савлах, тээвэрлэх төвтэй. Захиалагч нарынхаа захиалга бүрийг уг төв дээрээ хүлээн авч, нэг бүрчлэн шалгасны эцэст тээвэрт гаргадгаараа онцлогтой.
Захиалга хийхээс тээвэрт гарах хүртэлх хувь хүн, албан байгууллагын захиалга бүрийн АНУ доторх тээврийг бид нарийн хянана. Бараа хугацаандаа хүргэгдэхгүй удах, замдаа алга болох гэх мэт бүхий л асуудлыг хянаж шийдвэрлэдэг гэдэг утгаараа манай АНУ баг маш чухал үүрэгтэй ажилладаг. Харин бараа Монголын гааль дээр ирэхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүх үе шатыг Монгол талын баг хариуцдаг. Мөн захиалгын бараагаа авсны дараа ч гэсэн үйлдвэрийн гэмтэлтэй холбоотой бүхий л асуудал дээр бид үнэгүй тусламжийг хэрэглэгчдэдээ үзүүлэх амлалттай.
Жишээлбэл, таны захиалж авсан iPhone утсанд үйлдвэрийн гэмтэл илэрвэл бид АНУ-д татан авч Apple дээр засуулж, солиулан буцааж илгээнэ. Өөрөөр хэлбэл, яг л таны гэр бүлийн гишүүн мэт сэтгэл гарган асуудлыг шийднэ гэсэн үг. Usashop.mn 24 цагийн үйлчилгээний төвтэй гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь таныг Монголд унтаж байхад АНУ-д бид ажиллаж байдаг бөгөөд захиалгын хэсэгтээ хэзээ ч зурвас бичсэн богино хугацаанд хариу өгдөг.
Бидний хамгийн том хүсэл бол монгол ахан дүүс маань ямар ч цаг үед захиалсан бараандаа санаа зовохгүйгээр хамгийн чанартай барааг хямд үнээр авдаг боломжийг бий болгоход оршиж байгаа юм.
USASHOP.MN ГЭЖ ЮУ ВЭ?
Бид цахим худалдааны платформ гэхээс илүүтэй тээвэр, худалдаа технологийн компани. Худалдан авах, тээвэрлэх, түгээх нь өөрөө мөнхийн эргэлт учраас бидний зүгээс энэ үйл явцыг технологийн тусламжтайгаар хялбарчлахаар шийдсэн хэрэг. Бид хүмүүст бараа зарах бус харин тэдний асуудлыг нь шийдвэрлэх зорилготой технологийн цогц бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа хамт олон.
НЭР
Хэн ч уншсан үйл ажиллагааг маань төвөггүйхэн ойлгох боломжтой хэмээн энэ нэрийг өгсөн.
ОДОО
Одоогоор бид хэрэглэгчдэдээ дараах боломжуудыг олгож байна.
Урьдчилгаа төлбөр 20 хувийг төлөөд л та захиалга хийж, бараагаа хүлээн авсан үедээ үлдэгдлээ төлөх боломжтой.
Amazon, Ebay, Walmart-аас гадна дэлхийд алдартай 110 гаруй брэндээс та сонголтоо хийж болно. Жишээлбэл, Ebay дээрх хүссэн бараа тань Их Британи, Австрали гэх мэт өөр улсын Ebay дээр байршиж байвал бид АНУ-ын төв дээрээ хүлээж аваад Монгол руу илгээж ч болно.
B2B бизнесийн хувьд бид танай компанийн гадаад харилцааны хэлтэс шиг л ажиллана. Таны өмнөөс тухайн брэндийн албан ёсны борлуулагчтай дуудлага хийх, үнийн санал авах, нэхэмжлэл үүсгэх, Монголд НӨАТ татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх гээд захиалгатай холбоотой бүх асуудлын “арыг нь даана”.
Хэрвээ таны бараанд тээвэрлэлтийн явцад аливаа гэмтэл, эвдрэл учирсан бол бид хохирлыг нь бүрэн хариуцна. Сайтаар дамжуулан барааны байршлаас эхлээд захиалгын мэдээллээ бүрэн хянах боломжтой. Мөн захиалгын барааны байршил өөрчлөгдөх бүрд гар утсаар тань мэдэгдэл очно.
Түүнчлэн бид Numur.mn-тэй хамтран Apple-ийн бүх бүтээгдэхүүн, iPhone утас зэргийг зээлээр захиалан авах боломжийг өнгөрсөн сараас эхлэн хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн.
БАГ
Одоогоор АНУ, Монгол дахь оффис нийлээд арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
iPhone-ий шинэ загвар гарах, Black Friday, Prime Day зэрэг ачаалалтай үеэр гэрээт ажилтан аваад хүний нөөцийн асуудлаа шийддэг. Манай хамт олны хувьд хоёр өөр тивд нэгэн зэрэг ажиллаж байгаа учраас технологиор дийлэнх асуудлаа шийдэхээс өөр гарцгүй.
Бидний бас нэгэн онцлог нь бэлэн платформыг худалдаж авсан бус сайтынхаа кодыг нэг бүрчлэн гардан бичиж хөгжүүлдэг учраас сайт дээр үүссэн асуудлыг дор бүрд нь шийдэн, сайжруулдаг.
ИРЭЭДҮЙ
Дээр хэлсэнчлэн бид тээвэр, худалдаа, технологийн компани. Тэр утгаараа яг л Монгол шиг асуудалтай бусад улсын иргэд бэлэн платформ ашиглаад Usashop Vietnam, Usashop Kazakhstan гэх мэтээр өөрсдийн төрөлх нутагтаа АНУ-аас захиалга хийх, өөр хоорондоо бараа солилцож болно.
Тиймээс АНУ-д амьдардаг аль ч орны хүн өөрийн нутаг руугаа бараа захиалдаг системтэй болохыг хүсвэл манай платформыг ашиглах боломжтой болгохын төлөө бид хичээж байна. Амазон зэрэг томоохон бизнесүүд хөгжиж буй орны зах зээл рүү бараг л орохгүй. Тэгэхээр бидэнтэй адил бизнес тэдний дунд технологийн гүүр болох шаардлага гарч байгаа юм. Эрэлт нь угаас хэзээд байх тул технологийн аргаар хэн нэгэн нийлүүлэлтийг нь шийдэх л ёстой.
Монгол хэрэглэгчдэдээ тун удахгүй Япон, Солонгос улсаас хүссэнээ Usashop.mn шиг захиалж авдаг болно гэдгийг дуулгахад таатай байна. Цаашлаад Турк, Европ гээд хийх ажил их бий.
ЭРСДЭЛ
Нэгээс нөгөө тив рүү бараа тээвэрлэж байгаа учраас тээврийн явц аюулгүй байх эсэх нь хамгийн том эрсдэл. Энэ эрсдэлийг бид даатгалаар хамгаалдаг. Нөгөөтээгүүр, худалдагч талаас манай агуулах руу буруу бараа ачигдах, чанарын шаардлага хангахгүй үйлдвэрийн доголдолтой бараа ирэх зэрэг асуудал гарна. Уг эрсдэлийг боломжит доод түвшинд хүргэхийн тулд технологи, хүний нөөц, бизнесийнхээ стандартыг сайжруулах гээд бүх талаас нь хичээж байна.