Хэдэн мянган жилийн тэртээгээс өвлөгдөн ирсэн нүүдэлчин соёл маань хэдхэн арваны дотор хурдацтай хувьсаж суурин иргэншилд төвхнөсөөр. Сонголт үгүй мэт уг даяарчлалын шуурганд ахуй соёл, зан заншлаа алдалгүй авч явах нь ганц манай орон бус, дэлхийн бүх л улс үндэстний хувьд чухал асуудал болж буй. Ийм үед л бүтээлч салбарынхан нийгэмдээ шинэ өнгө төрх, шинэ салхийг сэвэлзүүлж өөр нэг түүхийг, өөр нэг замыг зурдаг биз ээ. Бид өнөөдрийн дугаартаа үндэснийхээ онцлогийг бүтээгдэхүүн бүрдээ бүтээлчээр шингээн, залуусын хувьд эерэг өнгө төрхөө бүрдүүлэх нэгэн илэрхийлэл нь болж буй "Өөрөөрөө"-г онцлохоор бэлтгэлээ. 

Нэр: Өөрөөрөө
Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд, "Өөрөөрөө" нэрийн дэлгүүр
Чиглэл: Хувцас үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагч: Б.Отгонбадрах
Үүсгэн байгуулагдсан: 2016
Холбоосууд: uuruuruu.mn (Вэб), Өөрөөрөө I Uuruuruu (Фэйсбүүк), @uuruuruu.brand (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Б.Отгонбадрах

Сэдэл

Миний хувьд интерьер дизайнер мэргэжилтэй. Тиймдээ ч оюутан байхаасаа хувцас, хана зэрэг бүтээлч байж болохуйц талбарууд дээр график хийж, граффити зурдаг байлаа. Ихэнхдээ гаднын уран бүтээлчдийг хуулбарлаж зурдаг байсан ч өөрийнхөө хувцсан дээр бол монгол агуулга бүхий хээ, монгол бичиг гэх мэтээр гаргаж зурдаг. Сонирхлоо дагаад "БИД МОНГОЛ АГУУЛГА" болон "Тайпочид" гэх дизайнерүүдийн бүлгэмд орж, үүсгэн байгуулалцаж ч байв. Ийн явсаар "Спирт Бал Бурам" компанид брэнд маркетингийн дизайнераар ажиллах болсон. Тус компани дэлхийн томоохон брэнд "Heineken"-тэй хамтардаг байсан нь надад мэргэжлийн хувьд өсөж хөгжих, сурч боловсрох том боломж болсон юм. Энд ажиллаж байх хугацаандаа л гадна, дотнын брэндүүдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оролцож, загвар дизайны хөгжүүлэлт дээр ажиллаж туршлагажсан даа.

Гэхдээ төсөл бүрийн дараа түүнийг хийсэн үйл явцтай холбоотойгоор өөртөө хэдэн асуулт байнга тавих болсон. Учир нь шинэ санаа гаргах, сайн бүтээл хийхийн тулд уламжлал ч гэж хэлж болохуйцаар байнга гаднын уран бүтээлчдийг харж, судлан, тэднээс санаа авдаг байсан юм л даа. Тиймээс л "Ер нь бидний гэх зүйлс хаана байна? Энэ маягаараа байнга дагагч, хуулбарлагч байгаад л байх уу? Хэрвээ гаднын уран бүтээлчдээс санаа авах боломжгүй байсан бол үүнийг анхнаас нь яаж хийх байсан бол?" гэдэг асуултууд толгойд байнга эргэлдэх болсон хэрэг. Улмаар энэ бодлуудаа цэгцлэх зорилгоор ч юмуу 2016 онд хэвлэлийн машин авч, бүтээлүүдээ хэвлэн, биежүүлэх болсон бөгөөд энэ нь өнөөдрийн ӨӨРӨӨРӨӨ® хэмээх брэндийн сэдэл болсон юм. Нэмээд эхнэр маань хувцас дизайнер мэргэжилтэй нь том давуу тал болж, бид бие даан бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн дээ.

Энэ жил манай таван жилийн ой болж байна.

ялгарал

ӨӨРӨӨРӨӨ® брэнд нь график суурьтай гэдгээрээ бусдаас ялгарах болов уу. Ихэнх хувцасны брэндүүд хувцас загварыг чухалчилдаг бол манайх хувцас дээрх графикаа нэгд тавьдаг. Загвар бүр дээр үндэсний хэв маяг, хийц зураглал, түүний утга учрыг гаргаж, хэрэглэгчдэдээ нэг санаа сэдэл бүхий цогц цуглуулга танилцуулахыг зорьдог юм. Бүтээгдэхүүн бүрээ "Монгол агуулга хийц хэлбэр ийм байвал ямар вэ? Ийм байж болох уу?" гэх мэт орчин үед хамгийн их тавигддаг асуултуутад тодорхой хэмжээний хариулт болж чадахуйц байлгахыг хичээдэг. Бид бүх бүтээгдэхүүнээ Монголдоо бүтээж, үйлдвэрлэдэг.


өөрөөрөө ГЭЖ ЮУ ВЭ?

Бид ӨӨРӨӨРӨӨ® гэдэг үгийг дараах гурван үгээр тодорхойлсон юм.
Бусдыг ХҮНДЭТГЭХ
Бидний ҮНДЭС
Бид БҮТЭЭГЧ

нэр 

Анх найз маань бизнесээ эхлүүлэхээр нэрийн санаа ярилцаж байхад яагаад ч юм энэ үг л толгойд орж ирдэг байлаа. (Уг нэрийг найз маань ашиглаагүй л дээ.) Толгойд минь багагүй хугацаанд хадгалагдсан уг нэрийг ажлаа анх эхлэхдээ эргэлзэлгүй шууд л өгсөн.

Соёлоо хадгалах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэх энэ бүх зорилгыг "Өөрөөрөө" хэмээх нэр бүрэн илэрхийлж чадна гэж боддог.


"Өөрөөрөө"-ийн агуулга уг шүлгэнд бүрэн багтдаг мэт санагддаг.


одоо

Энэ жил манай таван жилийн ой болж байгаа. Ойн хүрээнд бид өнгөрсөн хугацаанд төсөл болгож чадалгүй орхигдуулсан бүх санаануудаа багцлаад нэг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хайх консепт бүхий цуглуулгууд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн бид 2020 онд тусдаа гаран, нэрийн дэлгүүрээ нээсэн ч үүнтэй зэрэгцэн цар тахлын асуудал хурцадсан тул төлөвлөсөн зарим ажлаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Тиймээс сүүлийн үед онлайн борлуулалт, хүргэлтийн үйлчилгээгээ сайжруулахад ихээхэн анхаарч байна. Энэ ташрамд, "Zochil shop"-ын хамт олонд баярласнаа илэрхийлье. Бид тэдний тусламжтай маш хурдан хугацаанд UURUURUU.mn онлайн дэлгүүрээ нээж, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх болсноор борлуулалтаа зогсоолгүй явуулж чадаж байна.

баг

Бид график дизайнер, хувцас дизайнер, хувцасны хоёр оёдолчин, цүнхний хоёр оёдолчин, худалдагч, хүргэлтийн ажилтан гээд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн дотоодын уран бүтээлчид болон хувь хүн, байгуулагуудтай нээлттэй хамтран ажилладаг.


ирээдүй

Ойрын хугацаанд брэндээ өргөжүүлж, хэрэглэгчдэд брэндийн хэлбэр загвараас гадна үзэл санаа, зорилгоо таниулах чиглэлд ажиллах бодолтой байна. Бусдыг хүндэлснээр өөрийгөө хүндлүүлнэ. Харилцан хүндлэл бий болж байж л хүн өөрөөрөө, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун амьдарч чадах орчноо бүтээнэ гэх санаа.

Мөн манай нийгэмд байдаг хэт хөөсөрсөн ойлголт, хандлагуудаас болоод залуус үндэсний түүх соёлоо бүрэн утгаар нь хүлээж авахаас цааргалах хандлагатай болсон юм шиг санагддаг. Учир нь залуусын хувьд "үндэсний", "түүх соёл", "зан заншил" гэдэг үгс зарим нэг нөлөөллийн улмаас жаахан сөрөг, залхам мэдрэмжийг төрүүлэхээс гадна цаашлаад огшиж омогшсон, онгирч хөөрцөглөсөн, бадрангуй гэх мэтээр туйлширсан ойлголтыг илэрхийлдэг болчихоод байна. Хангалттай хөгжөөгүйн илрэл юм уу даа. Тиймээс энэ зайг өөрсдийн зүгээс чадахаараа нөхөлцөж, хамтдаа хөгжүүлэхийг хүсдэг. Брэндийн агуулгаараа дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлмээр байгаа юм л даа.

Ирээдүйд бол, мэдээж өөрсдийн үндсэн брэндээс шинэ бүтээгдэхүүн, шинэ брэндүүд ургуулан гаргаж, тогтмол хөгжүүлэн ажиллана.

эрсдэл

Бүтээлч салбарт бизнес эрхлэхийн хамгийн бэрхшээлтэй тал нь манай улс үйлдвэрлэгч орон биш тул бүтээгдэхүүн төлөвлөх эхний шатнаасаа л хязгаарлагдмал хүрээнд сэтгэхээс өөр аргагүй болдог явдал. Техник технологи, үйлдвэржилт тийм ч сайн хөгжөөгүй учраас загвар гаргахдаа хэрхэн шинэлэг сэтгэснээс үл хамааран үйлдвэрлэлийн явц дээр ирээд ямар нэг байдлаар өөрчлөгддөг. Жишээ нь, цэнхрээр хийнэ гэж төлөвлөхөд улаан болоод ирнэ, нэг зүйл нь байхгүй болохоор хүчээр өөр нэг зүйлээр орлуулна гээд л нүдэндээ бүтээлээ харчхаад түүндээ зориод явж байгаа хүнд асуудал ихтэй. Энэ чиглэлд ажиллаж эхэлснээс хойш улс маань үйлдвэрлэгч орон болоосой гэж их хүсдэг болсон.