Их хотод маань эмэгтэйчүүдэд зориулсан сонирхолтой нэгэн газар саяхан нээгджээ. Энэ бол бизнест хөл тавьж буй эмэгтэйчүүдэд оффис түрээслэхэд зарцуулдаг зардлаа хэмнэх, танилын холбоогоо нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэн, хамтдаа өсөж хөгжих боломж олгох зорилготой WE хамтын оффис юм. Өнгө төрх, тав тух, цонхоор үзэгдэх үзэмжит орчин гээд үр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажиллахад хэрэгтэй бүхнийг нэг дор бүрдүүлсэн уг хамтын оффисын үүсгэн байгуулагч Д.Энххорвоотой ярилцсанаа та бүхэнд хүргэе. 

Нэр: WE Co-Working Space
Хаяг: Талбайн зүүн урд, Ayud Tower-ийн 14 давхарт, 1401 тоот
Чиглэл: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын чөлөөт оффис
Үүсгэн байгуулагч: Д.Энххорвоо
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд:​ WE Co-Working Space For Women (Фэйсбүүк), WE (Вэб)


Үүсгэн байгуулагч Д.Энххорвоо


сэдэл

Манайх өмнө нь Beauty Secrets, Gift Box зэрэг онлайн худалдаа, үйлчилгээний бизнесийг амжилттай хөгжүүлж хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон. Эл төслүүд дээрээ ажиллаж байх хугацаанд бид үйлчилгээний онцлогоосоо болоод ч тэр үү байнга л бүсгүйчүүдтэй харилцдаг байсан юм. Харилцагчид маань ч эмэгтэйчүүд, хэрэглэгчид маань ч эмэгтэйчүүд, баг маань ч мөн ялгаагүй эмэгтэйчүүдээс бүрдсэн. Эхлүүлсэн ажлууд маань тодорхой хэмжээнд хөлөө олсоны дараа бусад бизнес эрхлэгч бүсгүйчүүд, хамтрагчидтайгаа ойр харилцах, бие биеэсээ суралцах хэрэгцээ үүсэхэд ер нь л эмэгтэйчүүдэд хамтдаа хөгжих орон зай хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Энэ санаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар яаралгүйхэн бодож төлөвлөөд явж байтал оффис маань байрладаг Ayud Tower-т маш гоё байрлал гарч ирэнгүүт “Одоо л яг цаг нь” гэх итгэл төрсөн дөө. Ингээд бүх эрсдэлийг Beauty Secrets дээрээ аваад, багаараа бүсгүйчүүдийн хамтын, чөлөөт оффис байгуулах ажилд шамдацгаасан нь энэ.

ялгарал

Эмэгтэйчүүдэд зориулсан хамтын оффис гэдэг консептоо бид анхнаас нь маш сайн төлөвлөж, удаан бодож байж гаргасан л даа. Дотоодоос авах боломжтой бүхий л бүтээгдэхүүнийг эмэгтэй бизнес эрхлэгчдээсээ авсан. Оффист маань байгаа тавилга, сандал, ширээ, буйдан, тавиурууд гээд бүгд л манай үндэсний үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлүүд. Бүсгүйчүүдийн хэрэглээ, хүсэл шаардлагад нийцэхүйц үзэмж, хийцтэй. Хамтын оффисын гишүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн болон нөтбүүк үүрч, том, хүнд цүнхтэй бүү яваасай гэсэндээ гоо сайхны булан болон түгжээтэй шүүгээнүүдийг байрлуулж өгсөн.

Байрлал, орчин сайтай, дээрээс нь төрөл бүрийн байрлалд сууж ажиллахад тохиромжтой байдлаар тохижуулсан болохоор тухтай шүү. Ер нь л эмэгтэй хүнд ажиллахад юу хэрэгтэй, яавал илүү бүтээмжтэй байдгийг тал талаас нь бодолцож хийсэн. Бас их цэлгэр цонхтой, ажлаа хийж байгаад гадагш харахад тархи амрах шиг болдог. Алсыг харахаар сэтгэл уужирч, санаа бодол цэгцрээд сэдэж сэтгэх нь ч их том, гэгээлэг байдаг шүү дээ. Мэдээж кофе, интернет, принтер, хурлын өрөө гэх мэт бий. Түүнээс гадна Pop Up буюу гишүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хамтын оффисынхондоо танилцуулах хэсэгтэй. WE гишүүнчлэлийн картаараа бусдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг хямдралтай авч болдог. Энэ мэтчилэн гишүүнчлэлийнхээ үнэ цэнийг өсгөхөд анхаарч буй нь манай оффисын давуу тал юм уу даа.

Номын сан бас бий. Бүгд өөрт таалагдсан, гүн сэтгэгдэл төрүүлсэн, бусдыгаа уншаасай гэж бодож буй номоо авчраад, зөрүүлээд сонирхсон сэдвийнхээ номыг аваад унших боломжтой.


WE Co-working space гэж юу вэ? 

Эмэгтэйчүүд хамтдаа хүчтэй байж, шинийг санаачлан, хийж бүтээх талбар.

нэр

We-г шууд орчуулбал “бид”. Мөн Women Еmpowerment гэдэг үгийн товчлол болдог. Бид хамтдаа хөгжиж, хүчирхэгжинэ гэдэг санааг агуулж энэ нэрийг өгсөн.

одоо

Хамтын оффисоо бид ашиг олох зорилгоор бус гагцхүү хамтдаа хөгжье, урагшилъя гэх чин хүсэл эрмэлзлээр байгуулсан. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд нэг зүгт харж чаддаг гишүүдийг элсүүлэх нь чухал. Эхний ээлжинд шинээр бизнес эхлүүлэхээр явж буй эмэгтэйчүүд болон бизнесээ бий болгоод тодорхой хугацааг өнгөрүүлсэн, саад бэрхшээлтэй нүүр тулж, давж гараад бизнесээ хөгжүүлж яваа эмэгтэйчүүдийг элсүүлэх бодлоготой байгаа. Ингэснээр бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хооронд идэвхтэй харилцаа холбоо тогтоож, туршлагаа хуваалцаж, шаардлагатай зүйлсээр бие биедээ тусалж, үр дүнтэй ажиллах коммюнити үүсгэх юм. Одоогоор ирсэн хүсэлтүүдтэй танилцах, тэдгээр хүмүүстэй уулзах гэх мэт ажил дээрээ төвлөрч байна.

Мөн оффис түрээслэх гэхээр ажилчдын тоо цөөддөг, эсвэл бүтэн цагаар оффист сууж ажиллах шаардлагагүй, үйл ажиллагааны онцлог чиглэлтэй бизнес эрхлэгчид манайд ирээд боломжийн үнэтэй, бэлэн тохижсон, байрлал сайтай орчинд чөлөөтэй ажиллах боломжтой гэдэг мэдээллийг зорилтот хэрэглэгчдэдээ хүргэх нь одоо төвлөрч буй ажлын бас нэгэн чухал хэсэг юм.


Гоо сайхны булан

баг

Beauty Secrets-ийн үндсэн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ төсөл дээр ажиллаж байна. Үүнээс гадна хамтын оффисоо дангаар нь хариуцаад явах хүн бий. Ер нь манай энэ баг нэг зүгт харж чаддаг, хүсэл зорилго нэгтэй болохоор шинэ ажил эхлүүлэх, санал санаачилга гаргахад их урамтай сайхан байдаг шүү.

ирээдүй

Манай хамтын оффис 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энд 50 хүртэлх хүнтэй эвэнт, сургалт, үйл ажиллагаануудыг зохион байгуулах боломжтой. Гэхдээ бид гишүүдийнхээ тав тухтай байдал, ажиллах тайван орчныг бүрдүүлэхийн тулд 25-30 хүнийг л гишүүнээр элсүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бусад төрлийн үйл ажиллагаа, сургалтууд ажлын бус цагаар зохион байгуулагдана. Манай хамтын оффис байгуулагдаад ганц сар л болж байгаа ч овоо хэдэн гишүүдтэй болчихсон байгаа шүү. Удахгүй намар ирж, ажил жигдрээд, сурагчдын хичээл ороод ирэхээр гишүүдээ чадавхжуулах олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, гадна, дотнын бизнес эрхлэгчдийг урьж, туршлагаас нь судлах, менторшип харилцаа тогтоох гэх мэт олон ажлуудыг төлөвлөж байна. Цаг үеийн байдал хэдий амаргүй байгаа ч нөхцөл байдалдаа уялдуулаад хамгийн үр дүнтэй, уян хатан шийдлүүдийг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлээд явна даа.

эрсдэл

Бодож, төлөвлөж байсан ажлаа биелүүлэх боломж гармагц л цаг үеийн ярвигтай байдлыг үл тоон багаараа энэ ажил руу дайраад орчихсон. Тийм болохоор төслийн үйл явцад хугацаагаа буруу тооцоолох, тавилгуудаа буруу хэмжээсээр захиалах зэрэг алдаж гэнэдсэн юм хэд хэд бий. Өмнө нь хийж байгаагүй ажил болоод тэр үү, тулгамдсан ч тэр бүрдээ аль болох хурдан, хялбар, үр дүнтэй шийдлүүдийг гаргахыг хичээж явсаар ард нь гарлаа. Үйл ажиллагаагаа ч зун буюу хүн бүрийн амардаг үеэр эхлүүлсэн нь намар ажил бужигнаж эхлэхээс өмнө юу нь болж байна, юуг нь засмаар байна гэдгийг ажиглаж турших боломжийг өгч байна. Энэ бүрийн эрсдэл, гол ачааг Beauty Secrets маань л үүрч байгаа даа.

Үнэндээ цаг үеийн онцгой нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл л биш бол, өөрсдөө шийдээд явж болох хүндрэлүүдийг даван туулах чадвар манай бизнесүүдэд бүрэн бий гэж боддог.


Оффист хамгийн их асуугддаг асуулт: "Чихэвч байна уу?". Энд ширээ бүрд чихэвч бий.