Шинжлэх ухаан, технологид суурилсан STEM буюу ШИМТ боловсролын ач холбогдлын тухай ойрын жилүүдэд эрчимтэй яригдах болоод буй. Одоогоор шинжлэх ухаан, инженер, математик, технологийн салбарт суралцаж буй дөрвөн оюутан тутмын нэг нь л эмэгтэй байгаа нь нийгэмд буруу ойлголт тогтож, эмэгтэйчүүд цалингийн өндөр өсөлттэй салбарын хөгжлөөс хоцрох эрсдэлийг үүсгэж буй. Үүнийг залруулахын төлөө Жендерийн үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа  “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяны хүрээнд ШИМТ салбарт амжилттай яваа 10 эмэгтэйг онцолсныг та бүхэндээ хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бидний бэлтгэсэн энэхүү нийтлэл охид, бүсгүйчүүдэд урам зориг болох биз ээ.

1. Анагаах ухааны доктор, үүдэл эсийн эмчилгээний HFS клиникийн эрхлэгч, АШУҮИС-ийн судлаач мэргэжилтэн Б.Хонгорзул

1951 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн Линдаугийн Нобелийн шагналтнуудын уулзалтад 84 орны 30,000 хүнээс сонгогдон дэлхийн шилдэг залуу эрдэмтдийн нэг болж оролцсондоо баяртай явдаг. Герман улсын Бавари мужийн Линдау хотод болдог, залуу судлаач, мэргэжилтнүүдийг Нобелийн шагналт эрдэмтэдтэй уулзуулдаг эл хурлын 68 дахь удаагийн уулзалт 2018 оны долоодугаар сард болоход нь оролцсон юм. Тэгэхэд түүхэндээ нэг дор хамгийн олон буюу 40 нобелийн шагналтан цугласан. Ингээд дэлхийн шилдгүүдтэй бүтэн долоо хоногийн турш хөөрөлдөж, тэр гайхамшигтай хүмүүсийн түүх, ололт амжилт, алдаа дутагдал, туулсан зам, судалгаа шинжилгээ, нээлтийг нь ярилцахаас гадна өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж, зөвлөгөө авч, суралцах гээд үнэхээр гайхамшигтай байсан. Роберт Лефковиц, Майкл Левитт хоёрын түүх, сургамж сэтгэлд тод үлдэж, би хийж чадах юм байна гэх бат итгэлийг суулгасан даа.

Хийхийг хүсэж мөрөөдөж, төлөвлөж буй зүйл маш их байна. Минийхээр, шинжлэх ухааны судалгаа, эмчилгээ хоёр салшгүй холбоотой. Манайд хоёр тийшээ харсан хүүхэд шиг байдаг байсан нь өөрчлөгдөж байгаад маш их баярладаг. Япон улсын Жичигийн анагаахын их сургуульд сурч байхдаа япончууд харах зүг, эв нэг байж, хэрхэн хамтран шинэ зүйлийг хийж бүтээн, улсынхаа нэрийг гаргах вэ гэдэгт санал нэг байдаг нь илт мэдрэгдсэн. Манай улсад салбар өмчлөх, өрсөлдөгч гэж нэгнээ харан хааж боох, муулах зүйл их байдаг юм шиг санагддаг.

Японд тархины чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд жилдээ нэг удаа холбооныхоо шугамаар уулзалддаг. Хуралд орохоос өмнө манай профессор багш биднийг ямар чиглэлээр юу хиймээр байгаагаа бичээд ир гэдэг байсан. Би л гэхэд өчнөөн өгүүлэл уншиж байгаа болохоор олон зүйлийг аваад хийчихмээр санагдаад 50, 60 зүйл бичээд очно. Хурлын нэг өдөр нь зөвхөн профессоруудын хуралдаан болдог, түүнд багш, профессорууд маань нөгөө бичсэн саналуудыг маань аваад ордог. Уулзалтын дараа багш миний бичсэн судалгааны саналуудаас 10-15-ыг нь ч юм уу харуулаад, үлдсэн дээр нь өөр судлаач судалгааны ажлаа эхлүүлчихсэн, эсхүл эхлүүлэх гээд төслөө биччихсэн, санхүүжилтээ олчихсон байна гэдэг юм. Тэнд судлаачид нь нэг зүйлийг асар олон талаас нь судална, гэхдээ нэг хүн нэг л зүйлээ барьж авна, хэн нэг судлаачтай ямар нэг байдлаар давхцахгүй, харин судалгаануудынхаа үр дүнг нийлүүлэн базаж илүү нарийн дүгнэлт, ойлголт гаргахаар нийтээрээ зорин ажилладаг. Тэгэхээр япончууд өөр хоорондоо өрсөлдөлгүйгээр харин дэлхийн бусад орны судлаач, эмч эрдэмтэдтэй өрсөлддөг, энэ нь эргээд улс, хэн хэндээ үр ашигтай. Нөгөөтээгүүр, нэг эрхтнийг олон судлаач тал талаас нь судлаад байхаар ажил нь хүртэл цогц болж, салбартаа том хөгжлийг авчирч байгаа юм. Энэ соёлыг эх орондоо дэлгэрүүлэх юм сан гэж боддог. Хийж байгаа ажил маань ганц минийх биш, гагц миний төлөө биш, харин хамтдаа бүтээж болох хамгийн сайхныг, сайныг цогцлоож байгаа гэж бодоход л болох юм шиг санагддаг.

Залуустаа хэлэхэд, үнэхээр дуртай, сонгосон зүйлээ хийхээр зорьсон бол шүүмжилж байгаа хүмүүсийг тоолгүй урагшлаарай. Хэрэв чи анхдагч нь бол айх хэрэггүй, бусдынхаа замыг засаж байгаа гэдгээ санаж өөртөө урам өгч, зоригтой байгаарай. Хаана ч, аль ч салбарт бай, сайнтай муутай ямар ч хүнтэй тааралдсан бай, тэр хүмүүсээс юу сурсан бэ гэдэг л хамгаас чухал.

2. Системийн инженер, дэлхийн хэмжээнд Red Hat линукс системийн администратор сертификатыг эзэмшигч 140 орчим эмэгтэйчүүдийн нэг У.Номин 

Би системийн администратор, сургагч багш, зөвлөхөөр 13 дахь жилдээ ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Химийн хорт бодисын бүртгэлийн систем” төслийн ICT зөвлөхөөр ажилладаг. Мэдээлэл технологийн салбарын эмэгтэйчүүдийн талаарх мэдээлэл манай нийгэмд дутмаг. Бид банк, үүрэн холбоо, бизнес, төрийн гэхчлэн салбар салбарын байгууллагуудын өдөр тутамдаа ашигладаг системийн найдвартай байдлыг хангахын төлөө ур чадвар, эрдэм мэдлэгээ зориулдаг улс.

ШИМТ мэргэжлээр суралцагч эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс эрс давуу нь Монголд төдийгүй дэлхий дахинд түгээмэл үзэгдэл. Жишээ нь, намайг 2013 онд Энэтхэгт Red Hat Certified Engineer сургалтад хамрагдахаар очиход багшид урьд нь нэг ч эмэгтэй шавь ороогүй байлаа. Сургалтын дараа Red Hat-ийн олон улсын шалгалтыг өгөхөөр ирсэн залуус дунд ч би ганц эмэгтэй нь байсан. Бакалавр болон магистрын түвшинд суралцахад, Монгол, Энэтхэг, Солонгост ялгаагүй, эмэгтэй оюутнууд цөөнх байжээ, эргээд бодохнээ. Миний хувьд энэ салбарт хүйс тэнцвэртэй байгаасай гэхээсээ илүү, ашигтай ашиггүй, нэр хүндтэй хүндгүй, үнэлэмж өндөр бага гэлтгүйгээр дуртай зүйлээ хийгээд, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байж чадах охид, хөвгүүдийн талбар байгаасай гэж хүсдэг. Тоон үзүүлэлт тийм сайн биш ч гэсэн, чанарын хувьд би энэ салбарт ажилдаг эмэгтэйчүүддээ үнэхээр сэтгэл хангалуун явдаг.

Ирээдүйд, мэдээллийн технологийн аль болох олон төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг монгол компани, монгол хүмүүс хийж бүтээгээсэй, туршлага хуримтлуулаасай гэж хүсдэг. Тэгж байж бид дэлхийд өрсөлдөхүйц хүний нөөцийн чадавх, туршлагатай болно. Бизнесийн болон төрийн үйлчилгээг цахимжуулах төслийн гүйцэтгэгчээр гадаадын туршлагатай компаниуд сонгогдож системийг амжилттай хөгжүүлдэг ч тухайн улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд нь системээ өөрчлөх, хөгжүүлэх чадамжгүй, улмаар интерфейсийн админ болон хувирах эрсдэлтэй. Улсынхаа мэдээллийн технологийн хөгжлийг нуруундаа үүрэлцэх манлайлагч, бүтээгч чадварлаг боловсон хүчээ олон улсын хөдөлмөрийн зах зээлд алдахгүйн төлөө хамтдаа хичээх хэрэгтэй шүү дээ.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, мэргэжил сонгохоосоо өмнө маш сайн судлаарай, санаа зовох зүйлгүйгээр энэ чиглэлээр ажиллаж байгаа ах, эгч нараасаа асуугаарай. Та бүхэн хэн нэгний шахалтаар ч юм уу, бага хугацаанд их мөнгө олох гэж мэргэжлээ битгий сонгоорой.

3. Химич, ноолууран бүтээгдэхүүний гадаргууд супер-гидрофоб нано силика нимгэн үе үүсгэх патент эзэмшигч А.Золбоо 

10 жилд байхдаа химийн хичээлдээ дурлан шамддаг байсандаа ч тэр үү МУИС-д химийн анги байдгийг мэдээд шууд л орно гэсэн зорилго тавиад элсэн орж байлаа. Их сургуулиа төгсөөд нанотехнологийн судалгаа, нано бүтээгдэхүүний хөгжүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, технологийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг судалгаа хөгжүүлэлтийн (R&D) “Новелти” компанид орж, одоог хүртэл ажиллаж байна. Ороод удаагүй байхдаа “Говь” брэндтэй хамтарсан инновацын “Монгол Брэнд-HELIX ТМ нано ноолууран бүтээгдэхүүн” хэмээх төслийн судалгааны хэсгийг хариуцан ажиллах болсон. Нано технологи, нано инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалсан, цаашид ч энэ чиглэлдээ илүү олон судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх сонирхолтой. Ер нь Монгол төдийгүй дэлхий даяарх судлаач мэргэжилтнүүд нано коутинг технологиор нано партикалуудыг төрөл бүрийн зорилгоор ноос, ноолуур, хөвөн даавуу, шил, керамик гэх мэт бүх төрлийн гадаргуу дээр суулгахад чиглэсэн маш их судалгаа хийж байгаа.

Химийн салбар амаргүй, мэдлэгээ тэлэхийн тулд байнга л суралцах хэрэгтэй. Би химийн мэргэжил, нано технологийн чиглэлдээ хайртай болохоор олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч шантарсан удаагүй. Ирээдүйд Япон улсад докторын зэрэг хамгаалах чин хүсэлтэй. Энэ хүсэлдээ хүрэхийн тулд бага багаар урагшлаад, хичээгээд явж байна.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, өөрийгөө битгий голоорой, дуртай мэргэжлээ олсон л бол өөртөө итгээд, тууштай байгаарай, бусдын юу гэхээс эмээлгүй өөрийн хүссэнийг хийж бүтээгээрэй.

4. Химийн технологич, инженерийн ухааны доктор, газрын тосны зөвлөх инженер Б.Тунгалагтамир  

Би нефтийн бүтээгдэхүүний химийн технологийн чиглэлээр бакалавр, магистраа хамгаалаад, химийн технологич, инженер мэргэжлээр докторын зэргээ хамгаалсан. Өдгөө ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирлаар ажиллаж байна. Нүүрс, газрын тос, байгалийн хийн боловсруулалт, синтез, химийн технологи, инженерчлэлийн салбарт судалгааны ажлуудыг гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хийж, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 60 өгүүллээ нийтлүүлсэн.

Зарим тохиолдолд бүсгүйчүүд маань хийж буй ажлаа олон нийтэд зарлахдаа гол нь биш хийсэн үр дүнгээ харуулах нь чухал гэж үздэг болов уу. “Хийж бүтээсэн ажлын тань үр дүн таныг илтгэнэ” гэдэг шүү дээ. Энэ үзэл санаа эмэгтэйчүүдийг хөшигний ард нуугдахад хүргэдэг байж мэдэх юм. Сүүлийн жилүүдэд манай бүсгүйчүүд салбар бүрдээ багагүй амжилт гаргаж байна. Миний бодлоор газрын тосны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй сайн. Ер нь мэдлэг боловсрол, чадвараасаа хамаараад тухайн хүний хөгжин дэвших орон зай нь чөлөөтэй гэж хардаг.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, зорилгоо нэгэнт тодорхойлсон бол битгий шантарч, ухраарай. Хүний ирээдүй өөрөөс нь л шалтгаална гэж би үздэг. Орчин үед аливаа мэргэжилд хүйсээр ялгаварлах нь багассан юм болов уу. Сонгосон мэргэжилдээ үнэнч, чадахаасаа чадахгүй хүртлээ бүх хүчээ дайчилж чадвал үр шимийг нь хүртэх цаг заавал ирнэ. Мөн өөрийгөө тасралтгүй хөгжүүлээрэй, завгүй, амжихгүй гэж өөрийгөө бүү хуураарай.

Ирээдүйд өөрийн сурч эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан улсынхаа уул уурхай, шатах ашигт малтмалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно. Одоо “СО2-оос метан гарган авах процессын катализаторын синтезийн судалгаа” сэдэвт Хятад-Монголын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Манай улсад уул уурхай, эрчим хүч, газрын тос, химийн технологи, инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагчтай байдаг учраас аль болох өөрсдийн төгсөгчдийг ахисан түвшинд хоёрдогч оронд мэргэжил эзэмшүүлэх тал дээр анхаарч, олон улсад ажиллах боломжийг бий болгох үүднээс тусалж, дэмжиж явдаг. Монголын химийн технологи, инженерчлэл, нүүрс, газрын тосны боловсруулалтын инженерүүд дэлхийн томоохон компаниудад шилдэг инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаасай.

5. Математикийн шинжлэх ухааны доктор, хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд олгодог “OWSD-Elsevier Foundation Award” шагналын эзэн Д.Хонгорзул

Би бага байхын л аливаа асуудлын учир начир, уг үндсийг олох гэж оролддог, уншиж судлан хэрэндээ харьцуулалт хийдэг хүүхэд байсан. Тийм ч болохоор их сургуулийн багшийн ажил (МУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн ахлах багш)-даа их дуртай. Тэр тусмаа улсынхаа ууган их сургуульд ажиллаж буйгаараа бахархдаг. Докторын зэргээ хамгаалж, эх орондоо ирснээс хойших гурван жилд бутархай эрэмбийн уламжлалтай дифференциал тэгшитгэлийн талаарх судалгаагаа үргэлжлүүлэн хийсэн.

Би сурч мэдсэнээ ашиглаад эх оронд минь тулгарч буй аливаа асуудалд шийдэл олоход тус нэмэр болчих юм сан, мэдрэмж биш мэдлэг, судалгаанд тулгуурлан онолын үндэстэй шийдвэрлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, хэвшүүлэх сэн гэж боддог. Энэ үзэл санаан дор математикч судлаачид нэгдэн “Study Group” судалгааны семинарыг Монголд 2018, 2019 онд зохион байгуулсан юм. Энэ төрлийн судалгааны семинар нь 1968 онд Их Британиас эхлэн бараг бүх хөгжингүй орнуудад тогтмол зохион байгуулагдаж, математикийн салбарын сүүлийн үеийн ололт амжилтыг практик хэрэглээнд нэвтрүүлэх арга замыг хэлэлцдэг. Бид зохион байгуулсан хоёр дахь семинараараа “IT Zone”, “Голомт” банк, “Тайшир өргөө”, “Багануур”, “Мон Делкреда” зэрэг 10 аж ахуйн нэгжүүдээс тавигдсан бодлого, асуудлууд дээр хамтран шийдэл олж, шинжилгээ хийн ажилласан.

Ирээдүйн төлөвлөгөө гэвэл, би судалгааны ажилд орой үгүй, эрдмийн ажилд эцэс үгүй гэж бодож явдаг. Судалгааны ажлыг онолын болон зорилтот буюу хэрэглээний түвшний судалгаа гэж ерөнхийлөн ангилж болно. Онолын түвшний судалгааны ажлаас ойрын үр дүн хүлээх хэрэггүй болов уу. Энэ түвшний судалгаа нь монголчууд нийт хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж байна гэдэг утгаараа мэдээж асар ач холбогдолтой ажил. Харин зорилтот буюу хэрэглээний судалгааны үр дүн шууд амьдралд хэрэгжих боломжтой. Манай улсын хувьд аль алиныг нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ их үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, эргээд харахад гишгэсэн мөртэй амьдрах юм сан гэж боддог.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, хүсэл сонирхлыг чинь татсан л бол бүтэхгүй гэж үзэлгүй, залуу насандаа болохоос нь эхлээд болохгүйг нь хүртэл оролдоод үзвэл алдсан ч оносон ч сүүлд харамсах юмгүй сэтгэл тэнэгэр байна.

6. Химийн инженер, арьс арчилгааны 85 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авсан, косметикийн мэргэжилтэн Л.Хишигсүрэн

Миний хувьд гоо сайхны бүтээгдэхүүний зохион бүтээгч, технологичоор ажиллаад найман жил болж байна. Энэ хугацаанд шантрах, халшрах зүйл их гарч байсан ч дараа нь амжилттай даваад гарахаар үнэхээр их урам авч, илүү сайн бүтээгдэхүүн хийж бүтээхийн төлөө шунан ажилласаар л байна. МУИС-ийг 2009 онд төгсөж байхдаа гоо сайхны салбарт ажиллана гэж бодоогүй, ажлын гараагаа ноолуурын “Гоёо” компаниас эхэлж байсан. Улмаар 2013 онд “Монос косметик” компанид технологичоор ороод ажиллах хугацаандаа гоо сайхны бүтээгдэхүүн зохион бүтээх, судлах болон шинжлэх ухааныг үйлдвэрлэл, бизнестэй холбож ажиллах нь илүү сонирхолтой юм байна гэж бодоод ерөнхий технологич болсон. Одоогоор "Монос косметикс"-ийн шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээж, зах зээлд гаргах ажлыг хариуцан ажиллаж байна.

Ирээдүйд, өөрийгөө хөгжүүлэх, сурах, хийх зүйл маш их байна. Би Монголдоо гоо сайхны шинжлэх ухааны чиглэлээрх шилдэг эрдэмтэн болох амбийцтай. Гоо сайхны бүтээгдэхүүн хийх нь технологийн маш нарийн ажиллагаа шаарддаг ажил. Хүний арьсаар дамжаад цусанд очиж шингэдэг болохоор алдаа гаргаж болохгүй. Шинэ юм бүтээн бий болгож байгаа гэдэг утгаараа салбарынхаа хөгжил, технологийн дэвшил, олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлж, тасралтгүй суралцаж хөгжихийн тулд мэдлэг чадвараа байнга ахиулах хэрэгтэй, нэг хэвийн байдалд байж болдоггүй.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, эхлээд хүсэл мөрөөдлөө тодорхойлоод түүнийхээ төлөө хол зам туулсан ч хамаагүй, шантармаар байсан ч хамаагүй бууж өгөлгүй тууштай байх хэрэгтэй. Мэргэжил сонголтод нь дэмжлэг болох үүднээс зөвлөхөд, шинжлэх ухаан хэзээд эрэлттэй, үнэ цэн нь зогсолтгүй өссөөр байх болно. ШИМТ мэргэжлээр тэтгэлэг авах боломж илүү байдаг болохоор хими, химийн технологи, биотехнологи, хүнсний технологийн мэргэжлээр олон улсад боловсрол эзэмшээд, ирээдүйд баялаг бүтээгч, зохион бүтээгч болох боломж нээлттэй юм шүү. Монголд гоо сайхны шинжлэх ухааны мэргэжлээр мэргэшсэн хүн цөөн, мэргэжилтэн бэлтгэдэг сургууль үгүй, ерөнхийдөө харьцангуй шинэ мэргэжил. Тиймээс гоо сайхны шинжлэх ухааны салбар өндөр хөгжсөн БНСУ, Франц, Итали, БНХАУ, АНУ, Австрали улсад мэргэжил эзэмшвэл ирээдүйд чинь асар том өсөлт авчирна.

7. Геодезийн инженер, агаар, сансрын зургийн боловсруулалт болон орон зайн өгөгдөлд суурилсан мэдээллийн технологийн мэргэжилтэн П.Алтанцэцэг 

Намайг сургууль төгсдөг жил хуучнаар Монгол Улсын Техникийн Их Сургуульд сансрын геодези-астрономи гэсэн анги шинээр нээгдэж цөөхөн хүүхэд элсүүлэхээр зарлагдсаныг аав минь хараад ирээдүйд сансрын технологи хөгжинө гэж зөвлөсний дагуу мэргэжлээ сонгосон доо. Сургуулиа амжилттай төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаад гадаадад магистрын зэрэг хамгаалах зорилгоо биелүүлж Герман улсын Засгийн газрын тэтгэлгээр Штутгартын их сургуульд фотограмметр болон геоинформатик (агаар, сансрын зургийн боловсруулалт болон орон зайн өгөгдөлд суурилсан мэдээллийн технологи)-ийн чиглэлээр суралцсан. 2011 онд хуучнаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас Монгол Улсын нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад манай компани гүйцэтгэгчээр шалгарсан юм. Үндэсний компани бие даан гүйцэтгэсэн гэдэг утгаараа, хамарч буй нутаг дэвсгэрийн хувьд ч, санхүүжилтийн хувьд ч геодези, зураг зүйн салбарын түүхэн дэх хамгийн том төсөл болсон.

Эмэгтэй хүн, эх хүн үр удмаа арчилж хамгаалах төрөлхийн зөн совингоороо бусдын төлөө асуудал хөндөж, шийдүүлж чаддаг хэдий ч өөрийгөө зохих хэмжээнд үнэлүүлэхээс ихэвчлэн татгалздаг нь бидний нэг сул тал гэж боддог. Шэрил Сандбэргийн “Өөдөө тэмүүл” номд ч өгүүлдэг шүү дээ. Энэ номыг уншаад эмэгтэйчүүд хийж бүтээсэн зүйл их ч өөрийгөө дараад өнгөрдөг нь ганц миний биш нийт эмэгтэйчүүдийн, цаашилбал нийгмийн асуудал юм байна, уг хандлагыг өөрчлөхийн тулд зөвхөн эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүд ч бас хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Өөрийн туршлагаас харахад өндөр хөгжилтэй орны тэтгэлэгт хөтөлбөрүүд ШИМТ чиглэлээр, ялангуяа инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй охидод давуу эрх олгодог нь тэтгэлэг хүртэх боломжийг нэмэгдүүлдэг. Мөн одоогийн энэ даяаршсан дижитал эрин зуунд мэдлэг боловсрол, ур чадвараа хөгжүүлж, өөрийгөө үнэлж чадсан хэн бүхний өмнө маш их боломж арьс өнгө, нас хүйс, хил хязгаар харгалзахгүйгээр нээлттэй байна. Дэлхий дахинд, манай улсад ШИМТ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ маш өндөр байна.

Манай улсын хувьд одоогоор технологи хөгжүүлэхээс илүүтэйгээр бусад орны хөгжүүлсэн технологийг авч ашигладаг хэрэглэгч орон байсаар байна. Хэдийгээр зөвхөн хэрэглэгч орон боловч өндөр түвшний технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ашиглахад нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг, эрх зүйн зохицуулалт, техникийн баримт бичиг хангалтгүй зэрэг асуудал тулгарах нь олонтоо. Иймд нэгэнт энэ чиглэлийг сонгохоор шийдсэн бол бүү шантраарай, хийх зүйл их байна шүү.

8. “Анд системс”-ийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Нарантуяа 

Мэдээллийн технологи гэхээр олон нийтэд компьютер, сервер, төмөртэй ноцолдож, кабель шугам татсан хүн төсөөлөгддөг учраас “эрэгтэйчүүдийнх” гэсэн ойлголттой явдаг байж магадгүй. Үнэндээ IT салбар нь кабель, шугам татахыг эс тооцвол цэвэр оюуны хөдөлмөр. Сайшаалтай нь гэвэл сүүлийн үед технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлж байгаа залуусын ертөнцөд ойлголт, хүлээлт тэс өөр байна. Компанийнхаа системийн инженер, front болон backend хөгжүүлэгч, дата аналист охидыг харахад залуусаас дутах зүйл ер үгүй, харин ч илүү бүтээмжтэй, шуурхай, гараасаа чанартай ажил гаргадаг тал бий. ШИМТ салбарын эмэгтэйчүүд тасралтгүй суралцаж, хөгжиж, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг болоод тэр үү гэр бүл, үр хүүхдэдээ ч сайн нөлөө үзүүлдэг.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, болж өгвөл ЕБС-даа математик, шинжлэх ухааны хичээлүүдээ сайтар сонирхон судалж, тархиа задлаасай гэж хүсэх байна. Бид юунд анхаарал төвлөрүүлнэ, тэр зүйл л хөгжиж байдаг, иймд замбараагүй бөмбөгдөх мэдээллийн урсгалд оюун санаагаа бохирдуулалгүй, аливаа зүйлд шинжлэх ухаанч, судалгаа, баримтад үндэслэж, зорилготойгоор хандахыг уриалмаар байна. Орчин үед нийгмийн сүлжээгээр од болж, инфлүүнсэр нэр зүүж, youtuber болохыг уриалагч хүмүүс их болжээ. Тэдний үзэл бодолд хэт авталгүй, авах гээхийн ухаанаар хандаж, өөрийн бодлоо сайн сонсоорой. Ийм амархан мөнгө олох арга байхад би тоо бодож тархиа зовоох хэрэг юун гэж эндүүрч болохгүй.

Бүргэд, тахианы түүхийг охидууддаа сануулмаар санагдлаа. Түлээчин эр нэгэн өндөг олоод, гэртээ авчраад, тахиануудынхаа дунд тавьчхаж. Тэр өндгийг тахиа нь өөрийнхөө өндөгтэй хамт дараад, хэсэг хугацааны дараа өндөгнүүд хагарчээ. Гэтэл тахианы дэгдээхэйнүүдтэй зэрэгцээд бор, арзгар үстэй, тэс өөр царайтай дэгдээхэй гарч ирсэн нь бүргэдийнх байж л дээ. Харин тэр бүргэд ниссэн болов уу? Харамсалтай нь чадаагүй, өөрийгөө тахианы дэгдээхэйнүүдээс өөр болохыг анзаарсан ч, тэдэнтэй ижил хоол идэж, ижил орчинд өссөн учраас өөрийгөө тахианы дэгдээхэй л гэж бодсон байна. Ингээд нисэх оролдлого ч хийлгүй насыг барж. Үүнтэй адил бидний орчин, хүрээлэн буй хүмүүсийн хандлага бидэнд их нөлөөлдөг. Тиймээс бусдын үгэнд авталгүй, өөрийн онцлог чанарыг хайж олж, зүлгэж тордохгүй бол бүргэдийн чадалтай хэдий ч тахианы амьдралаар амьдардаг байх нь. Иймд өөрийнхөө ирээдүйд хариуцлага хүлээж, өөрөө мэргэжлээ сонгож, шийдвэрээ гаргахыг уриалъя.

9. Анагаах ухааны доктор, Токиогийн Шүдний их сургуулийн Клиникийн патофизиологийн тэнхмийн зочин багш С.Тунгалаг

Би Японд нүүр амны өвчин, тэр дундаа хавдрын өвчлөлийг эсийн түвшинд оношилдог нүүр амны эмгэг судлалын чиглэлээр докторын сургалтад хамрагдан, үргэлжлүүлэн тус улсад постдоктор судлаачаар ажиллахдаа судалгааны ажлаа гүнзгийрүүлж “iPS эсийн шинж чанар”, “iPS эсээс одонтобласт болон остеобласт эс болгон хувиргах судалгаа” зэрэг судалгаа хийсэн. Докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний ажил хийж байх хугацаандаа эх орондоо хэрэгтэй зүйл хийхийг хүссэн нь алслагдсан сумдын малчдад зориулагдсан “Номадик дентист” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлэх түлхэц болсон доо. Орон нутгийн иргэд төслийг мааньталархан хүлээж авсанд урамшин 2018 оноос эмч, эрдэмтдийн баг бүрэлдэхүүнээ тэлж, Япон-Азийн эрүүл мэндийг дэмжих байгууллагын тусламжтайгаар нийт 720 өвчтөнд шүд цоорлын, тулгуур эдийн эмчилгээ, сувгийн эмчилгээ, эрүү нүүрний мэс заслын эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй хүргээд байна. Монгол болон Японы тэргүүлэх эмч, эрдэмтэдтэй хамтран төслөө цаашид үргэлжлүүлэх болно.

Нүүр, ам судлалын салбарт эмчилгээний шинэ техник, технологи, эмчилгээний материалын хөгжүүлэлт хурдтай явагддаг, тэр нь практикт дорхноо нэвтэрдэг онцлогтой. Эмчилгээний шинэ чиглэл, материал, сүүлийн үеийн судалгааны чиг хандлага зэргийг байнга уншиж, хангалттай мэдээлэлтэй байх тал дээр хичээсээр л байна. Олон улсын чанарын стандартыг эмнэлэгтээ нутагшуулаад, дэлхийн түвшний эмчилгээ хийдэг нүүр амны их эмч, эмнэлгийн тоог нэмэгдүүлж, энэ салбарыг аялал жуулчлалын салбартай холбоод “dental tourism”-ийг өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтой гэж хардаг.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, хүн юунд цаг зарцуулж, анхаарал хандуулж байна түүндээ аяндаа сайжирч байдаг. ШИМТ салбар бодит үр дүнгээ гаргахад цаг их ордог ч үр шимийг нь амьдралынхаа туршид үзэж болох маш сайхан салбар. Энэ салбарын ачаар би олон орны сайхан найзуудтай болсон, хамгийн их хүндэлж явдаг багштайгаа таарсан гээд дурдаад баршгүй. Тэгэхээр яг одооноос цаг, энерги, эрч хүчээ сонгосон салбартаа зарцуулаарай, үр дүн заавал гардаг шүү гэж хэлье.

10. Сүлжээний аюулгүй байдал хариуцсан администратор, компьютерын сүлжээний мэргэжилтэн Д.Уянга

Би компьютерын сүлжээний инженер мэргэжлээр МУИС-ийг 2006 онд төгссөн, Монголдоо энэ чиглэлээр анхлан төгсөгчдийн нэг. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орж одоог хүртэл тасралтгүй 15 жил ажиллажээ. Ажлын гараагаа мэдээлэл технологийн салбарын 60 гаруй инженерийг цуглуулсан компаниас эхлүүлж байлаа. Манай сүлжээний баг есөн хүнтэй байснаас би ганцаараа эмэгтэй нь байж билээ. 2011 онд ХААН Банкны Дата төвийн сүлжээний дэд бүтцийг өөрчлөх, шинэчлэх ажилд гар бие оролцсон. Шантрах үе мэдээж бий. Манай ажил мэргэжил сүлжээнд хийх өөрчлөлтөө ажлын цагаар сайтар судалж туршаад шөнийн буюу хэрэглэгч бага цагаар нэвтрүүлдэг онцлогтой. Бие давхар үедээ ингэж шөнөөр ажиллахаар их ядарна, хүүхдүүд өвдөх үед бол бүр ч хүнд. Гэвч мэргэжилдээ дуртай болохоор даваад л гарна. Эмэгтэйчүүдийг IT салбарт өндөр амжилт гаргаж чадахгүй гэж үзэх нь бий. Арван жилийн өмнө “Шинэ сүлжээний инженер маань юм мэдэхгүй годгоносон охин байна лээ” ч гэж хэлүүлж явлаа. Ур чадвараа харуулж эхлэхэд аяндаа үнэлж, хүндэтгэж эхэлдэг.

Ирээдүйд би програмчлалын хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж, сүлжээний мэдлэгтэйгээ хослуулан DevOps чиглэлд ажиллахаар зорьж байгаа. Мэдээлэл технологийн шинэ эрин үе болох DevOps руу шилжиж, МТ-ийн процессуудыг “найруулж”, өдөр тутмын ажлуудаа автоматжуулахад инженер бид төвлөрөх цаг болсон.

ШИМТ салбарт суралцах хүсэлтэй охидод хандаж хэлэхэд, өөрийгөө зогсолтгүй хөгжүүлж, хойш суулгүй үргэлж урагш тэмүүлж байгаарай. Мөн мэдсэн сурснаа, хийж чадсан зүйлсээ ам бардам хэлж, өөртөө итгэлтэй байгаарай. Ер нь ажиглаад байхад эрэгтэй хүмүүс өөртөө итгэлтэй, чадахгүй байсан ч, мэдэхгүй байсан ч чадна, мэднэ гэж ам бардам хэлдэг. Тэгэхэд эмэгтэйчүүд маш гүн гүнзгий мэддэг болсныхоо дараа, өөрийн биеэр хийж үзээд сая нэг юм ам гарна. Эмэгтэйчүүд маань өөртөө итгэлтэй, тууштай байвал амжилт гаргаж чадна гэж итгэдэг дээ.