Ихэнх хүмүүс карьер сонгох үйл явцыг хүндээр хүлээж авахаас гадна гурван сурагч тутмын нэг нь өөрт ямар мэргэжил тохирохыг мэддэггүй аж. Эцэст нь эцэг эх, найз нөхөд, хамаатан садны нөлөөгөөр мэргэжил сонголтоо хийж, дээд сургуульд элсэн ордог. Сонгосон чиглэлээрээ суралцаж эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нийт оюутны 51 хувь нь өөрийн сонголтдоо эргэлзэж эхэлдэг гэнэ.

Үүнээс улбаалан, оюутнуудын талаас илүү хувь нь мэргэжлээ дор хаяж нэг удаа солих ба энэ нь тун ч өндөр зардалтай билээ. Тухайлбал, нэмэлт хичээлд хамрагдах хэрэгцээ үүсэж, их сургуулиа төгсөх хугацаа нь хоёр ба түүнээс дээш семестрээр хойшлох гэх мэт...

Дээрх судалгааны үр дүн карьер сонголт гэдэг хүний амьдралд тохиолдох нандин бөгөөд чухал цаг үе гэдгийг бэлхнээ гэрчилнэ. Тэгвэл бид "Study Hacks" булангийнхаа энэ удаагийн дугаарт мэргэжлээ сонгохдоо юу юуг анхаарах хэрэгтэйг нэгтгэн хүргэж байна.



1. Сонирхлоо тодорхойлох

Өөрийн сонирхлыг тодорхойлсноор, ирээдүйд ямар мэргэжлээр ажиллахыг хүсэж буйгаа олж мэдэж болох юм. Юуны өмнө сонирхдог зүйлсээ жагсааж бичээд, тэдгээрт тохирох мэргэжлийг судалж үзээрэй. Ажлын байр судалж үзэнгээ, гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага зэрэгтэй өөрийн биеэр танилцах нь өөрт төгс нийцэх ажлаа олоход тань тусална.

Жишээлбэл, та математик, нийгэм судлал, англи хэлний хичээлдээ дуртай бол санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжлүүдийг сонирхож үзээрэй. Хамгийн гол нь эдгээр нь таныг аз жаргалтай болгодог байх хэрэгтэйг мартуузай.



2. Ментортой болох

Таныг чиглүүлж, зөвлөгөө өгөхөд бэлэн ментортой болсноор бүтээмжээ нэмэгдүүлж, цагийн менежментээ сайжруулах боломжтой. Мөн карьераа тодорхойлоход тань туслахын сацуу их сургуулийн амьдралын талаар ойлголттой болох зэрэг олон давуу талтай.

Энэхүү ментор нь таны багш, сургуулийн менежер эсвэл гэр бүлийн гишүүн тань ч байж болно. Хамгийн гол нь таны сонирхдог ажил мэргэжлээр тодорхой хэмжээний туршлагатай, ажил мэргэжлийн талаарх зөвлөгөө өгч чадах хэн нэгнийг олоорой. Жишээлбэл, хэрэв та эмч болохыг хүсэж байвал ахлах сургуулийн хими, биологийн багшийгаа ментороо болгож, зөвлөгөө авах боломжтой.



3. дадлага хийх боломжийг эрэлхийлэх

Дадлага хийх нь тухайн салбартаа үнэ цэнтэй, практик туршлага олж авах сайн арга билээ. Жишээлбэл, хэрэв та даатгалын мэргэжилтэн болохыг сонирхож байгаа бол даатгалын компаниудад дадлага хийх нь үр дүнтэй байж болох юм. Тиймээс мэргэжлээ сонгох гэж яаралгүй өөрт таалагдсан чиглэлүүдээрээ танилцах дадлага хийж, тохирох ажлын байраа олоорой.

Дадлага олох боломжтой хамгийн энгийн арга бол ажлын байр, дадлагын үзэсгэлэнд оролцох явдал юм.



4. их сургууль, коллежийн хөтөлбөртэй танилцах

Сонирхлоо тодорхойлж, өөрт нийцэх хэд хэдэн ажлын байрыг сонгосон бол одоо сонирхож буй мэргэжлээрээ ямар хөтөлбөрүүд байгааг судалж эхлээрэй. ЭЕШ дөхөж буйтай холбогдуулан аль хэдийн их сургууль, коллежуудын танилцуулга, арга хэмжээнүүд болж байгаа тул элсэхийг хүсэж буй сургуультайгаа танилцаж, ямар мэргэжлээр, хэдэн жил суралцах боломжтой, хичээлээс гадуурх ямар ямар үйл ажиллагаа байдаг зэрэгтэй дэлгэрэнгүй танилцах ховор боломж яг одоо тохиож байна.



5. санхүүгийн байдлаа тодорхойлох

Та нэгэнт аль сургуулийн, ямар хөтөлбөр сонирхож байгаагаа мэдсэн бол одоо санхүүгийнхээ талаар бодож эхлэх цаг болжээ. Эцэг эх, асран хамгаалагчтайгаа суугаад, сургуулийнхаа төлбөрийг хэрхэн төлөх талаар ярилцах нь зүйтэй болов уу.

Нэн тэргүүнд, сургуулийн нээлттэй өдөрлөгөөр зочилж, суралцах хугацаандаа авч болох тэтгэлэг, тэтгэмж зэргийг судалж, дээд курсийн оюутнуудаасаа тэтгэлэгт тэнцсэн туршлагаас нь мэдэж аваарай.



Өмнөх нийтлэлүүд

Семестрээ амжилттай дуусгахад тань туслах 7 зөвлөгөө

ЭЕШ-д өөрийгөө бэлдэх нь + Санууштай зүйлс

Нийгмийн идэвхтэй оюутан болоход тань туслах 4 арга

"Study Hacks" булангийн өмнөх 20 дугаарыг ЭНД дарж уншаарай.

Unread