Мэргэжил сонголт гэдэг хүний амьдралын хамгийн нандин бөгөөд хариуцлагатай үе билээ. Ахлах сургуулиа төгсөж байгаа ч өөрийн сонирхол, мэргэших чиглэлээ хараахан олоогүй байгаа уншигчдадаа зориулж бид энэ удаагийн нийтлэлээрээ "Gap Year" буюу завсарлага авах талаар бэлтгэн хүргэж байна.

яагаад "gap year" гэж?

"Gap year" гэдэг нь ахлах сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэх хооронд үргэлжилдэг тодорхойгүй (ихэнхдээ нэг жил) хугацаа юм. Арван хоёр жил тасралтгүй суралцсаны дараа нэг жил завсарлага авах нь залуучуудад өөрийгөө олж нээх, мэргэжлээ сонгох, элсэхийг хүсэж буй сургууль руугаа өргөдөл явуулах боломжийг бүрдүүлдэг. Ихэнх оюутнууд завсар жилийнхээ хугацаанд аялах, цагийн ажил, дадлага хийх, гадаад хэл сурдаг байна.

Мөн судалгаагаар "gap year" авсан оюутнуудын 41 хувь нь амьдралын туршлага хуримтлуулах, 25 хувь нь суралцахаас завсарлага авах, 9 хувь нь ажил хийхийн тулд тус шийдвэрийг гаргаж байжээ. Цаашлаад энэхүү сонголт нь тэдний хувьд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, хүн болж төлөвшихөд туслах, олон төрлийн ур чадвар эзэмшихэд нь тусалсан гэхчлэн олон эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг ч дурдах нь зүйтэй.



Тооны хэлээр

23 - Америкийн их, дээд сургуулиудын хийсэн судалгаагаар завсар жил авсан оюутнуудын голч дүн сургуульд шууд элссэн оюутнуудтай харьцуулахад 23 хувиар илүү байгааг тогтоожээ.

60 - Gap year авсан оюутнуудын 60 хувь нь завсарлага авсан хугацаандаа мэргэжлээ сонгож, ирээдүйн карьераа төлөвлөж чадсан аж.

90 - Завсарлага авсан оюутнуудын 90 хувь нь нэг жилийн дотор их, дээд сургуульд элсэн суралцдаг.

5:2 - Их Британид таван оюутан тутмын хоёр нь биеэ дааж, амьдралын туршлага хуримтлуулахын тулд "gap year" авдаг бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд дэлхийгээр аялах аль эсхүл ажил хийх сонголт хийдэг.

88 - Завсарлага авсан оюутнуудын 88 хувь нь тэдний гаргасан шийдвэр ирээдүйн ажлын байраа олоход нь эерэгээр нөлөөлсөн хэмээн хариулжээ.


"Gap year" авахын давуу тал

1. Их сургуульдаа амжилт олох

Ихэнх сурагчид ахлах сургуулиа төгссөнийхөө дараа цааш ямар их сургуульд суралцах, аль чиглэлээр мэргэших зэргээ бүрэн төгс тодорхойлж чаддаггүй. Тухайлбал, нэгэн судалгаагаар сурагчдын талаас илүү хувь нь их сургуульд элсэхэд бэлэн биш байдаг нь тогтоогджээ. Энэхүү нийтлэлийг уншиж буй та ч мөн адил ийм нөхцөл байдалтай байгаа бол завсар жил авах тухай бодож үзэхийг зөвлөе.

Gap year авах нь сурагчдад өөрийн сонирхол, хүсэл тэмүүллээ олоход чиглүүлж өгөх төдийгүй цаашлаад их сургуульд амжилт гаргахад тусалдаг. Сонирхуулахад, засвар жил авсан оюутнуудын 60 хувь нь энэ хугацаандаа ямар чиглэлээр суралцахаа шийдсэн бол 66 хувь нь завсарлага авсныхаа дараа хичээлдээ илүү нухацтай хандах болжээ.

"Middlebury" болон "UNC Chapel Hill"-ийн хамтран хийсэн судалгаагаар завсар жил авсан оюутнуудын голч дүн үе тэнгийнхнээсээ 0.1-0.4-өөр даруй их байсан тухай олж мэджээ. Мөн тэд илүү богино хугацаанд кредитээ үзэж дуусгаад төгсөх магадлалтай байдаг бөгөөд багийн ажилд удирдагчийн үүрэг гүйцэтгэх хандлагатай байдаг гэнэ.



2. "soft" чадварууд эзэмших

"Wall Street Journal"-аас 900 орчим удирдах ажилтны дунд явуулсан санал асуулгад 92 хувь нь бусадтай харилцах, шүүмжлэлтэй сэтгэх зэрэг "soft" ур чадварууд нь мэргэжлийн ур чадвартай дүйцэхүйц чухал гэж хариулжээ. Гэсэн хэдий ч эдгээр удирдлагуудын 89 хувь нь дээрх ур чадвартай ажилчдыг олоход хэцүү байдаг тухай мэдэгдсэн байна.

Тиймээс оюутнууд "gap year"-ийн хугацаандаа "soft" чадваруудад суралцах боломжтой бөгөөд энэ нь цаашлаад ямар ч мэргэжлээр ажиллахад тань туслах давуу талтай.



3. Биеэ дааж, төлөвших

"Gap year" авсан оюутнуудын 41 хувь нь амьдралын туршлага хуримтлуулах зорилготой гэх өөр нэгэн судалгааны дүн бий. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэд цагийн ажил хийх, аялах, сайн дурын ажил хийх шийдвэрийг түгээмэл гаргадаг. Тухайлбал, Их Британид завсар жил авсан хүмүүсийн 83 хувь нь ажил хийж, 56 хувь нь аялж, 36 хувь нь сайн дурын ажил хийж байжээ.

Үүнээс харахад сургуулиас завсарлага авах нь тухайн хүнд бодит амьдралтай нүүр тулах, бие даасан хүн болж төлөвшихөд нь тусалдаг аж.


өмнөх нийтлэлүүд

Их сургуулийн төлбөрөө төлөх энгийн 4 арга

Мэргэжил сонгоход тань туслах 5 зөвлөгөө

Семестрээ амжилттай дуусгахад тань туслах 7 зөвлөгөө

"Study Hacks" булангийн өмнөх 20 дугаарыг ЭНД дарж уншаарай.

Unread