"Study Hacks" булангийнхаа энэ удаагийн дугаарт сурах үйл явцад хөгжим хэрхэн нөлөөлдөг талаар нэгтгэн хүргэж байна.

хөгжмийн нөлөөлөл

Mozart Effect: 1990-ээд онд хийсэн судалгаагаар сонгодог хөгжим, ялангуяа Моцартын "Sonata for Two Pianos" сонсох нь орон зайн сэтгэх чадвар (spatial reasoning), шалгалтын оноог сайжруулдаг болохыг тогтоосон.

The Blur Effect: Моцартын нөлөөллийн дараагаар судлаачид "Blur" нөлөөний талаар олж мэджээ. Шалгалт өгөхдөө "Blur" гэх Британийн поп хамтлаг сонссон сурагчид сонгодог болон ямар нэгэн хөгжим сонсоогүй сурагчдаас илүү сайн дүнтэй байсан аж.

Судлаачдын тайлбарлаж буйгаар хүн ямар нэгэн хөгжимд дуртай бол энэ нь тэдний суралцах их үйлсэд эерэг нөлөөтэй гэнэ. Угтаа хөгжмийн нөлөө түр зуурынх бөгөөд оюун ухааныг нэмэгдүүлэх бус таны сэтгэл санааг сайжруулдаг гэж үздэг.

1. стресс бууруулАх


Та хичээлээс завсарлах, ажлын урт өдрийн дараа хөгжим сонсоод алхах дуртай юу? Угтаа хөгжим нь анхаарал сарниулах, хэт их зүйлийг ургуулан бодохоос ангижрахад тустай. Тэгвэл хөгжим таны тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалгаанаас харахад, хөгжим нь хүмүүсийн нэгэн хэвийн амьдралын хэв маягаас үүдэлтэй ядаргаа, стрессийг тайлдаг. Хүн өдөр тутмын амьдралдаа хөгжмийн аялгууг нэмснээр шинэ, эрч хүчтэй, таатай мэдрэмжийг олж авдаг гэнэ.

Жишээлбэл, оюутан сурагчид шалгалтын долоо хоног, бие даалт, даалгаврын эцсийн хугацаа ойртох тусам стресстдэг. Үүнээс болж дараах шинж тэмдгүүд илэрдэг.

  • Сэтгэл түгших
  • Нойрны асуудал
  • Төвлөрөхөд хүндрэлтэй болох
  • Сэтгэн бодоход сөргөөр нөлөөлөх
  • Санаа зовох
  • Бүтээмж буурах ...

Тэгвэл энэ үедээ хөгжим сонсох нь оюутан сурагчдыг тайвшруулах, шалгалтын стрессийг бууруулахад тусалдаг гэдэг нь тогтоогдсон билээ. Жишээлбэл, нэгэн судалгаагаар өдөрт ганцхан цаг хөгжим сонсоход тархи болон бие тайвширч, суралцах таатай нөхцөл бүрддэгийг олж мэджээ.

2. урам зориг өгӨх


1950 оноос хойш эрдэмтэд мэдрэлийн хөгжим судлалын (Neuromusicology) нууцыг тайлж, хөгжмийн ашиг тус, бидний мэдрэлийн систем үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судалж буй. Хөгжим сонсох нь танд урам зориг өгч, аливаа нэгэн зорилгын төлөө хичээх хүсэл эрмэлзэл төрүүлэх, тэр ч бүү хэл өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлдэг болохыг мэдэх үү?

Тэгвэл ямар хөгжим сонсох вэ?

Удаан хэмнэлтэй, намуухан хөгжим сонсох нь тайвшрахад туслахаас гадна энэ нь танд хичээл хийх болон шалгалтын стрессээс болж унтаж чадахгүй нойр хулжих үед тустай. Харин илүү хурдан цохилттой, чанга хэсгүүдтэй хөгжим таныг эрч хүчтэй, урам зоригтой болгоно. Тиймээс ядарч туйлдсан, хичээл хийхээс залхсан үед энэ төрлийн хөгжим сонсвол үр дүнтэй. Сонирхуулахад, сонгодог хөгжим сонсдог хүмүүсийн цусны даралт жазз, поп хөгжим сонсдог хүмүүсээс бага байдаг гэнэ.

3. анхаарал сайжруулАх


Хөгжим сонсох нь таны анхаарал төвлөрөлд эерэг болон сөрөг нөлөөтэй. Францийн судлаач оюутнуудын дунд дараах судалгааг хийжээ. Энэ нь нэг цагийн лекцийн үеэр ардаа хөгжимтэй болон хөгжимгүй гэх хоёр төрөлд оюутнуудыг хувааж хичээллүүлсэн байна. Үүний үр дүнд ардаа хөгжимтэй лекц сонссон оюутнууд тухайн хичээлийн агуулгыг илүү сайн ойлгож, асуултад хариулах чадвар нь ч илүү байжээ. Харин бусад судалгаагаар, үгтэй дуу сонсох нь ажилчдын бүтээмжид сөргөөр нөлөөлж, анхаарал сарниулах, аливааг уншиж ойлгох чадварыг бууруулдаг нь тогтоогдсон байдаг.

Дээрх судалгаанууд нь хүн бүр хөгжимд адилхан хариу үйлдэл үзүүлдэггүйг харуулж байна. Хөгжмийг сурах үйл явцдаа эергээр ашиглахыг тулд та өөрийнхөө дуртай хөгжмийг сонсох хэрэгтэйг анхаараарай.

Өмнөх нийтлэлүүд

"Gap Year"-ийн эргэн тойронд: Завсар жил авах хэрэгтэй юу?
Их сургуулийн төлбөрөө төлөх энгийн 4 арга
Мэргэжил сонгоход тань туслах 5 зөвлөгөө