Банк, санхүүгийн байгууллагын ногоон шилжилт, тогтвортой хөгжлийн тухай хөндөж буй цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт ногоон банкны тухай заавал мэдэх зүйлсийг таван дэд сэдэвт багтаан хүргэж байна.  

1. НОГООН БАНК: ирээдүйн санхүүгийн үндэс


Ногоон буюу тогтвортой банк гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэх явцдаа байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын үзүүлэлтүүдэд тулгуурлан ажиллаж, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой санхүүгийн байгууллагыг хэлдэг. Эдгээр банкуудын үндсэн зорилго нь зөвхөн ашиг олоход бус харин хүрээлэн буй орчинд ээлтэй байх, нийгмийн сайн сайхныг дэмжих, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ.

2. ногоон банкны үндсэн зарчмууд


- Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа:
Тогтвортой банкууд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилга, ногоон дэд бүтэц зэрэг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий төсөлд хөрөнгө оруулалт хийдэг.
- Нийгмийн нөлөөлөл: Эдгээр банкууд орон нутгийн бизнесийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг тэлэх, боловсрол, эрүүл мэндийн төслийг санхүүжүүлэх замаар нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг.
- Урт хугацааны ашиг: Тогтвортой банкууд богино хугацааны ашгаас илүүтэйгээр урт хугацаанд эдийн засгийн үр ашиг, тогтвортой байдалд анхаардаг.

3. дэлхийн түвшний тогтвортой банкууд


Дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийн төлөөх ногоон банкуудын тоо өссөөр байна. Тухайлбал, Triodos Bank (Нидерланд) нь 40 гаруй жилийн турш зөвхөн нийгэм, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлж байна. Green Investment Bank (Их Британи) болон Umweltbank (Герман) ч мөн адил ногоон төслүүдэд чиглэсэн санхүүжилтээрээ алдартай.

4. монгол дахь ногоон банкны жишээ


Монгол Улсад тогтвортой банкны үзэл баримтлал сүүлийн жилүүдэд хөгжиж эхэлж байна. Түүний нэгэн тод жишээ бол 15 жилийн ойгоо тохиолдуулан тогтвортой хөгжлийн төлөөх ногоон банк болсноо зарлаж буй Төрийн банк юм. Тэд өдгөө 5.6 их наядын актив хөрөнгөтэй, орон даяар 500 гаруй салбар нэгжтэй болсон бөгөөд харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн байгальд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, ногоон хөгжил, дундаж давхаргыг дэмжих, бойжуулахад чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхээр тэмүүлэн ажиллаж буй.

Төрийн банкны өнгөрсөн хугацаанд тогтвортой хөгжлийн төлөө хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Тэрбум мод сан”-д шимтгэлийн орлогоосоо 1,2 тэрбум төгрөгийг хуримтуулсан бөгөөд уг сангаас 34 төслийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгожээ. Мөн байгаль орчноо хамгалаах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалж, нийгэмд эерэг хандлага түгээх зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Энэ хугацаанд 21 аймаг, 315 сумын гол горхи болон түүний сав газар орчмын 21,500 гаруй га талбайг цэвэрлэж, 2,800 гаруй тонн хог хаягдлыг цуглуулан хаяжээ.

Байгууллагад хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн бас нэгэн чухал хэсэг бол оффис. Тэгвэл тэд оффисуудаа ногоон болгохоор хөтөлбөр боловсруулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 0 түвшинд хүргэхийг хэтийн зорилгодоо тусгажээ. Үүний хүрээнд нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн ажлаас дурдвал, энэ онд ажилтнуудын хөдөлгөөнөөс ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулах зорилгоор хоёр чиглэлд ажилчын автобус явуулж, банкны өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж буй тээврийн хэрэгслийн таван хувийг цахилгаан автомашинаар шинэчилжээ.

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, ирээдүйг өнгөлж буй Төрийн банкны хамт олонд цаашдын ногоон үйлсэд нь амжилт хүсье.

5. тулгарч буй сорилт ба ирээдүйн чиг хандлага


Ногоон банкны үйл ажиллагаанд тулгарч буй гол сорилт нь хатуу зохицуулалтын орчин, богино хугацааны ашиг сонирхлыг давамгайлсан хөрөнгө оруулагчид юм. Мөн хөгжиж буй орнуудад ногоон төслүүдийг санхүүжүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгардаг.

Харин ирээдүйн чиг хандлагын хувьд ногоон банкуудын өсөлт дэлхийн санхүүгийн зах зээлийг өөрчилж байна. Байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтийг санхүүгийн шийдвэрт тусгах нь банк, санхүүгийн байгууллагуудын зайлшгүй хэрэгжүүлэх стратеги болж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэг үзүүлж буй нь сайшаалтай.