Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийгээ 22.7 хувь бууруулах зорилт тавьсныг “Тогтвортой хөгжил” булангийн маань үнэнч уншигчид хэдийн мэдэж буй биз ээ. Энэхүү тоонд хүрэхийн тулд бид зургаан гол салбарт нийтдээ 16.89 сая тонн нүүрсхүчлийн хий бууруулах ёстойгоос эрчим хүчний салбар дангаараа бараг тал хувь буюу 8.34 сая тоннын амлалт авсан.

Манай редакцийн зүгээс тогтвортой хөгжлийн шийдлүүдийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой Sustainable сэтгүүлийн гурав дахь дугаараас MICC-ийн Sustainable Energy Transition Mongolia цуврал буюу Монголын Тогтвортой эрчим хүчний шилжилтийн талаар онцолсон нийтлэл, ярилцлагуудыг уншигчдадаа товчлон хүргэж байна. 
 

MICC-ийн БОНЗ ахлах шинжээч, "Sustainable" сэтгүүлийн эрхлэгч Н.Энхзул

"Энэхүү дугаартаа дэлхий дахинд өрнөсөн эрчим хүчний шилжилттэй уялдуулан Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг онцоллоо. Уур амьсгалын өөрчлөлт, шатмал ашигт малтмалын хязгаарлагдмал нөөц нь уламжлалт эрчим хүчнээс татгалзаж, ногоон эрчим хүч рүү шилжих, улмаар цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нийгмийн давхарга бүх давхаргад хүртээмжтэй, ухаалаг түгээх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна."

Хятадын эрчим хүчний шилжилт: Нүүрснээс байгалийн хий рүү

2023 оны байдлаар Хятад Улс хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлж буй бөгөөд нийт ялгаруулалтын 27 хувийг дангаар бүрдүүлж байна. Тэдний хувьд энэ тоог бууруулахын тулд олон салбарт эрчимтэй арга хэмжээ авч байгаагийн нэг нь нүүрснээс татгалзаж, байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх ажил юм.

Өнөөдрийн байдлаар Хятадын эрчим хүчний анхдагч хэрэглээнийхээ 50 гаруй хувийг нүүрсээр бүрдүүлж буй хэвээр боловч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд байгалийн хийн хэрэглээ огцом өссөн улсын эрчим хүчний аюулгүй байдалд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ умард мужуудынх нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Хятадад өрнөж буй энэхүү эрчим хүчний шилжилтийн тухай зочин нийтлэлч О.Баттулга уг нийтлэлээр дэлгэрэнгүй тайлбарлажээ.


Нийтлэлийн хэсгээс: Нүүрснээс байгалийн хий рүү: Хятадын байгалийн хийн салбар 1949 оноос эхлэлтэй ч 21-р зууныг хүртэл төдий л анхаарал татаагүй байлаа. Харин 2000 оноос эхлэн Хятадын төрөөс байгалийн хийн хэрэглээг дэмжсэнээр 2023 он гэхэд хийн хэрэглээг 16 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ өсөлтийг 4 хүчин зүйлээр тайлбарлаж болох юм.

Нэгдүгээрт, эрчим хүчний хэрэглээний хурдтай өсөлтийг ганц нүүрсээр хангах боломжгүй байсан. Хоёрдугаарт, нүүрснээс өөр эх үүсвэр ашигласнаар Хятадын эрчим хүчний аюулгүй байдал батжиж, байгалийн хийн салбараа илүү тэлж хөгжүүлэх боломжтой болов. Хятад Улс 2006 оноос эхлэн бусад улсаас шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG, 2010 оноос эхлэн Төв Азиас хийн хоолойгоор байгалийн хий худалдан авч эхэлсэн.

“Гүехэн Далай” ХХК-ийн ерөнхий инженер А.Мөнхбат: Орон сууцны дээврийн талбайг ашиглаж, нарны хавтан тавих нь хамгийн зөв

Жилийн 250 гаруй хоног нь нартай, цэлмэг, хуурай цаг ууртай орчинд нарны цахилгаан станц тун тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Томоохон станцаас гадна сүүлийн жилүүдэд иргэд өөрсдийн эзэмшил газар дээрээ амины орон сууц барьж, эрчим хүчний эх үүсвэрээ нарны хавтангаар шийдэхийг эрмэлзэх болсон. Ямар нарны хавтан сонгохоос эхлээд тэдгээрийн ялгаа, ашиглалтын хугацаа, илүүдэл цахилгаан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой эсэх гээд олон эргэлзээтэй асуултад нарны системийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Гүехэн Далай” ХХК-ийн ерөнхий инженер А.Мөнхбатын хариулжээ.

Сонирхуулахад, тус компани өнгөрсөн хугацаанд албан байгууллага болон хувь хүмүүст 600 кВт.ц-ийн нарны үүсгүүрийг суурилуулсан бөгөөд нийтдээ 876 тонн нүүрсхүчлийн хийг ялгарахаас урьдчилан сэргийлжээ.


Ярилцлагын хэсгээс:

Хотын хувьдаа газартай айл өрхүүдээс гадна орон сууцанд амьдардаг айлууд нарны хавтан байрлуулах боломжтой юу?

Олон айл дундаа нэг том солар систем суурилуулбал ганц ганцаараа авснаас илүү хямдаар анхны зардал гардаг. Жишээ нь, 50 айл дундаа нэг том системтэй болбол өртгийн хувьд бараг 5 дахин хямд тусна. Ер нь орон сууцны дээврийн боломжтой талбайг ашиглаж, солар систем тавих нь хамгийн зөв алхам. Хэрэв орон сууцууд солар систем тавиад СӨХ-оор дамжуулан, үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн сүлжээнд зарах тооцоо авдаг бол ашигтай. Оршин суугчдынхаа хэрэглэсэн эрчим хүчний тарифыг СӨХ нь авч, балансы зөрүүн дээрээс мөнгөтэй болчихно гэсэн үг.

Айл өрхүүд эрчим хүчний шилжилтэд бэлэн үү? 


Улаанбаатар хотод идэр есийн хүйтэн айлчлан ирэхтэй зэрэгцээд бид жил бүр хэдэн талаас нь шүүмжилж, гарц гаргалгаа хайдаг “Утаа”-ны сэдэв рүүгээ орж байна. Нийслэлийн утааны эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын яндангаас ялгардаг. Хэдэн зуун мянган өрхийг хамарсан энэхүү асуудлыг сайжруулсан түлш, орон сууцжуулалтаар шийдэх боломжгүй хийгээд цогц шийдэл огтхон биш юм. Тэгвэл Юрика ХХК болон Гэр Өргөө ТББ-ын хамтран гэр суурьшлын бүс дэх айл өрхүүдийг өөрсдийн хашаандаа тав тухтай амьдрангаа байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх эрчим хүчний шилжилтийн төслийг эхлүүлжээ. Уг төсөлтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл дээрх нийтлэлийг уншаарай.

Нийтлэлийн хэсгээс: 2021 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн хүрээнд шинэлэг технологи болон карбон кредит тооцох механизмыг туршжээ. Өдгөө төсөлд хамрагдсан гурван өрх хоёр дахь жилдээ яндангүй өвөлжиж байгаа юм. Энэ тоог цаашид 100-д хүргэхээр төслийн багийнхан ажиллаж байна.

Эрчим хүчний шилжилтэд батарейны гүйцэтгэх үүрэг
 


Өнөөгийн хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээн дээр тулгуурлан тооцвоос бидэнд ердөө нүүрсний 115 жил, газрын тосны 50 жил, байгалийн хийн 50 жилийн нөөц байгаа аж. Ойролцоогоор 20 жилийн дараа бидэнд байгаа чулуужсан түлшний нөөц талдаа хүрэх үед түлшний хомсдол, шатахууны хомсдол зэрэг “шүдний өвчин” болсон олон шинэ асуудал гарч ирэх болно. Тэгвэл уг асуудлын гол гарц болж буй сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол, тэр дундаа батарейн гүйцэтгэх үүргийг энэ нийтлэлээс дэлгэрүүлэн унших боломжтой.

Нийтлэлийн хэсгээс: Батарей бидэнд ямар өөрчлөлт авчирч чадах вэ? Хамгийн том давуу тал бол тэдгээр нь биднийг төхөөрөмжид холбогдсон утаснаас тодорхой хугацаанд чөлөөлөх боломжийг олгодог. Автомашины батарей гэхэд хөдөлгүүр, түлшний хэрэгцээг алга болгож байна. Цахилгаан мотор нь батарейнаас эрчим хүч авдаг бөгөөд эдгээр мотор нь маш хүчтэй тул хамгийн хурдан хий цацдаг спорт машин ч хурдатгалаараа цахилгаан машинтай өрсөлдөж чадахгүй.

ПАРИС 2024 наадам тогтвортой байдлыг хангасан нь


Дэлхийн хамгийн том спортын наадам энэ жил нар, салхины эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, спортын арга хэмжээнд тогтвортой байдлын шинэ стандартыг тогтоов. Лондон 2012, Рио 2016 наадамтай харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарлыг 50 хувь бууруулж чадсан тус наадмын гол санаачилгуудыг тус нийтлэлд тоймолжээ.

Нийтлэлийн хэсгээс:

Тогтвортой дэд бүтэц: ихэвчлэн түр эсвэл дахин ашиглах боломжтой барилгуудыг сонгосноор барилгын хог хаягдлыг бууруулахыг зорьжээ. Тухайлбал, Олимпын тосгон тоглолтын дараа байгальд ээлтэй сууц болон хувирах юм.