Систем цуврал нийтлэлийнхээ хоёр дахь дугаарт Монголын хамгийн том хөгжмийн наадам гэх тодотголтой Playtime Festival 2024 арга хэмжээг онцоллоо. 

Олон төрлийн хөгжмийн урсгалыг таашаах, онцгой содон хувцас загварыг тольдох, одоо цагаа тултал мэдрэх боломж зөвхөн Playtime Festival-ийн эргэн тойронд л бий. Энд бид дуу хөгжим гэх нэг хэлээр бие биетэйгээ ойлголцож, тэс өөр ертөнцөд хамтдаа очдог учраас хүн бүрийн хувьд гарцаагүй онцгой үйл явдалд тооцогддог билээ. Угаасаа дуу хөгжим гэдэг угсаа гарваль, хэл соёл, ёс заншил үл харгалзан хүн төрөлхтөн биднийг нэгтгэж чаддаг үнэт зүйл шүү дээ. Иймд манай редакц бууриа сэлгэж, шинэ байршилд зохион байгуулагдах гэж буй Playtime Festival 2024 хөгжмийн наадмын талаар таны мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэж байна.

Азийн ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй Playtime Festival-ийн энэ жилийн өнгө төрх, хэв маяг, утга учир, шинэ байршлаас эхлээд дөрөв хоногийн турш үргэлжлэх хөгжмийн болон хөгжмийн бус хөтөлбөрүүд, бэлтгэлтэй “Плэйтаймчин” байхад туслах гарын авлага бүхий БҮТЭН зураглалтай танилцана уу.

22 ЖИЛИЙН ТҮҮХТ PLAYTIME FESTIVAL

Playtime Festival 2023 - Cigarettes After Sex хамтлаг

2002 он. Ц.Нацагдоржийн үүсгэн байгуулсан Hi-Fi алтернатив радиогийн гурван жилийн ой тохиож, X Nation гэх рок бааранд тоглодог байсан хамтлагуудтай хамтран анхны Playtime Festival амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулав. Ингэж бидний хайртай хөгжмийн наадам эхэлсэн түүхтэй. Эхэндээ зөвхөн рок урсгалын үзүүлбэртэй байсан уг тоглолт жил ирэх тусам үзэгч сонсогчийн тоогоо нэмж, тэр чинээгээрээ өргөжсөн тул хөгжмийн төрлөө арвижуулах шаардлага үүсжээ. Тийнхүү 2009 оноос та бидний сайн мэдэх “Монгол шилтгээн”-д хөгжмийн наадам гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оныг хүртэл цар тахлын хоёр жилийн завсарлагааныг эс тооцвол жил бүр урлагийн охь шимийг бидэнд хүртээсээр буй.

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ PLAYTIME FESTIVAL


Тэд энэ жилээс сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа ашиглах, өөрсдийн гэсэн худагтай болж, ундны болон ахуйн усыг ханган ажиллах гэнэ. Энэ бол “ногоон” хөгжмийн наадам хэмээх тодотголоо дараагийн шатанд гаргаж буйн илрэл билээ. Түүнчлэн дөрөв хоногийн турш үргэлжлэх тус наадмын талбайд тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдүүдэд зориулсан бие засах газар, гар угаалтуурыг шийдэж өгсөн бөгөөд майхан, машинтай байрлах гадна талбайд боловсон ариун цэврийн өрөөг барьж, шүршүүрт орох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

БИДНИЙ ЗОРИХ PLAYTIME FESTIVAL


Энэ жилийн онцлог нь Car camping (майхан, машинаа хамт байршуулах) болон Camping tent (майхантай байрлах) гэсэн нэмэлт боломжууд бий болсон явдал. Илүү тодруулбал, дээрх хоёр төрлийн тасалбарыг худалдан аваад (наадмын тасалбарыг албан ёсны борлуулагчаас худалдан авсан үзэгчдэд үнэгүй) дөрвөн өдрийн турш тав тухтай байрлаж болох юм.

Өдөртөө 40 мянган үзэгч хүлээн авахаар төлөвлөж буй энэ удаагийн наадамд 250 уран бүтээлч, хамтлаг, дуучид оролцох бөгөөд 50 гадаад хамтлаг, дуучид бүтээлээ толилуулах юм. Мөн хөгжмийн хөтөлбөртэй 14 тайз, дотоодын хоол үйлчилгээний 200 гаруй ААН, байгууллагууд таныг хүлээж байгаа төдийгүй нийт 4000 орчим түр ажлын байрыг бий болгох аж.


Бидний зорих Playtime Festival-ийн БҮТЭН зураглал нийтлэлийг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.