Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Unread-ийн ерөнхий редактор Түшигт байна. Шинэхэн булангаа танилцуулахаар энэхүү нийтлэлийг бичиж байна. Манай редакцын сүүлийн хэдэн сарын турш санааг нь боловсруулж, агуулга дээр нь ажиллан уншигч та бүхэндээ толилуулж буй булан бол “Систем”.
Нүдэнд харагддаггүй нүсэр системүүд л өнөөгийн бидний бүтээмжтэй, хурдтай амьдралын хэв маягийг бодит болгож буй. Систем цувралаар бид тэдгээр системүүдийг алдаршуулан тайлбарлах зорилготой.
Өглөө босоод дэлгүүрээс шинэ талх худалдаж авах бол энгийн л нэг үйлдэл. Гэхдээ үүний ард ямар хэмжээтэй систем байгаа талаар бодож үзсэн үү? Гурил хийх буудайг тариалахаас эхлээд үйлдвэр, савлагаа, түгээлт гээд олон мянган талхыг шинээр нь дэлгүүрийн лангууд хүргэхэд асар олон хүн, техник, инновац, шийдэл оролцсон нүсэр систем шаардана. Хамгийн “хэцүү” нь энэ системийн өчүүхэн жижиг нэг хэсэг доголдоход л систем тэр аяараа тасалддаг.
Нүсэр систем бүтээнэ, үргэлжлүүлэн авч явна гэдэг тийм ч хялбар ажил биш. Тийм ч учраас манай редакц эдгээр системийг бүтээж буй мөс зүсэгч, жим гаргагч, эрсдэл үүрэгч, соёл түгээгчдийг онцлохоор шийдсэн юм.
Ингэхдээ бид хүүрнэсэн хэв маягийг ашиглахыг хүссэнгүй. Аль болох ойлгомжтой, цэгцтэй, уншигч хараад л үндсэн санааг нь авч болохуйц зураглалуудыг бүтээхээр шийдсэн юм. Энэ тал дээр манай редакцын дүрслэлийн баг, тэр дундаа Арт директор Амка маань тусгайлан ажиллав. Түүнчлэн нийтлэлийн өрөлтөө ч шинэлэгээр хийсэн.
Нөгөө талаас манай салбарт “Business Journalism” буюу Бизнесийн сэтгүүлзүй хараахан хөгжөөгүй байна. Өдгөө бизнесийн сэтгүүлзүй хэвлэлийн мэдээгээр л хязгаарлагдаж байгаа нь нэг талаар харамсалтай. Систем булан маань энэ төрөлд шинэ салхи оруулж, бизнесүүдийг хоосон магтах бус бүтээж буй үнэ цэнийг нь бодитоор, ойлгомжтой бөгөөд энгийнээр харуулж чадна гэдэгт итгэнэм.
Витафит Милк-ийн Систем
Энэхүү цуврал нийтлэлийн эхний зочин нь Витафит Милк ХХК. Нийтлэлийг бичиж байх явцдаа монголчууд бид сүүний соёл өндөртэй, сүүний нөөц ихтэй боловч огт сүү хэрэглэдэггүй болохыг олж мэдсэн юм. Гэтэл сүү гэдэг супер хүнс аж.
Мөн сүү үйлдвэрлэл гэдэг бидний мэддэг шиг тогоондоо сүү хөөрүүлэх шиг энгийн зүйл огт биш. Ялангуяа олон арван тонн сүүтэй харьцаж байгаа бол асар өндөр хариуцлага, нягт системийг шаарддаг. Нэг л горимын алдаа гарахад олон тонн сүү тэр чигтээ гашилж, хэрэглэх боломжгүй болно. Эдгээр шалтгаанууд дээр тулгуурлаж манай редакц Витафит Милк-ийн системийг уншигчдадаа алдаршуулан танилцуулахаар шийдсэн билээ.
Та бидний мартагдсан соёлыг эргэн авчирч, уламжлалт хэрэглээг орчин цагт нийцүүлэн бий болгож буй энэхүү хамт олны нэгэн арваны дотор бүтээсэн системтэй дараах холбоосоор бүрэн эхээр нь танилцаарай. Энэхүү нийтлэл сүү, сүүн бүтээгдэхүүнд хандах хандлагыг тань бүрэн өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Нийтлэлийг унших: Сүү, сүүн бүтээгдэхүүний шинэ эрин "Витафит Милк"
Сэтгэгдэл бичих