Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 11 дэх дугаарын 11-р нүүрт анхлан нийтлэгдсэн.

Монголчууд гэлтгүй дорнын улсууд тоонд ихээхэн ач холбогдол өгдөг билээ. Ийм ч учраас 11-р сарын 11-нд хэвлэгдэж буй 11-р дугаарын 11-р нүүрээ чадах хэмжээндээ онцгой байлгахыг хүсэв. Гэхдээ элдэв батлагдаагүй баримт, зарим хүний хувьд мухар сүсэг гэж үзэх зүйлсийг бичихийг хүссэнгүй. Харин “Ганц биечүүдийн баяр” буюу 11.11-ийн үүсэл, хөгжил цаашлаад урд хөршийн цахим худалдааны ноёрхол, энэ салбарын шинэ эринийг тайлбарлая.

2016 оны Single's Day

11/11: Ганц биечүүдийн өдөр

Хэд хэдэн эх сурвалжид дурдсанаар энэхүү өдөр нь Нанжингийн Их сургуулиас гаралтай гэнэ. Тус сургуулийн дөрвөн эрэгтэй оюутан 1993 онд ганц бие байгаагаа тэмдэглэх, алдаршуулах зорилгоор уг өдрийг тэмдэглэх болжээ. Удалгүй эл баяр тус сургуулийн оюутны байраас хальж, Нанжин хотын залуус өргөнөөр тэмдэглэх болов. Ийнхүү жил бүрийн 11-р сарын 11-нд Хятад даяар ганц бие хүмүүс өөртөө бэлэг өгч, төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалт тогтоод байтал 2009 онд Хятадын цахим худалдааны аварга Alibaba энэ өдрийг тохиолдуулан “Single’s Day” нэрээр 24 цагийн хямдрал зарласан нь эргэлтийн цэг болсон юм.

Хар баасан гараг

Дорнын улсуудад “Ганц биечүүдийн өдөр” гэж байдаг бол Барууны улсуудад “Black Friday” буюу “Хар баасан гараг”, “Cyber Monday” буюу “Цахим даваа гараг” гэсэн хямдралын өдрүүд бий. Эдгээр өдрүүд нь жил бүрийн 11-р сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэдэг “Thanksgiving” буюу “Талархлын өдөр”-тэй шууд холбогдоно. Бөөндөө цуглаж, жилээ дүгнэж, амттай хоол иддэг энэ өдрөөр гэр бүлийн гишүүд бие биедээ бэлэг өгдөг тул Black Friday тэр долоо хоногийн баасан гарагт, Cyber Monday нь ирэх даваа гарагт нь тохиодог.

Эх сурвалж: Library of Congress

“Black Friday” эхэлсэн түүх ч мөн сонирхолтой. Хар өнгө цаг ямагт муу муухай, сүйрэл доройтолтой холбогддог байв. Жишээ нь, “хар” хэмээн алдаршсан нэгэн баасан гараг 1869 оны 9-р сарын 24-ны тохиож байж. Энэ өдөр улс төрд нөлөө бүхий холбоо хамааралтай хоёр хөрөнгө оруулагч их хэмжээний алт худалдан авч, эрэлт бий болгож улмаар өндөр ханшаар зарахыг сэдэж л дээ. Үүнийг мэдсэн тухай үеийн Ерөнхийлөгч энэхүү хиймэл өсөлт нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж, зах зээлд их хэмжээний алтыг нийлүүлснээр алтны үнэ огцом унасан түүхтэй. Энэ нь жирийн хөрөнгө оруулагчдыг хохироож, олон нийтийн итгэлийг бууруулсан тул түүхэнд “хар” хэмээн тэмдэглэгджээ.

Ийм утгатай үг олон нийтийн хүсэн хүлээдэг, бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авдаг өдөр болсон 1950-иад оны үе. Тэр үед алдагдлыг улаан, ашгийг хар өнгөөр зүйрлэдэг байж. Ийнхүү америкийн худалдааны салбарынхан Талархлын өдөр болон Зул сартай холбон хямдрал зарлах, худалдан авалтын эрчийг нэмэгдүүлэх зорилгоор “Black Friday”-ийг тэмдэглэх болсон юм.

Ингэж л Азийн орнуудад “Ганц биечүүдийн баяр”, Барууны орнуудад “Хар баасан гараг” эрчийг авсан түүхтэй.


Single’s Day VS Black Friday

Хүртээмж болон борлуулалтын тоогоороо “Ганц биечүүдийн өдөр” үнэмлэхгүй ялагч нь. Өнгөрсөн оны байдлаар Ганц биечүүдийн өдрөөр 156 тэрбум доллар, Хар баасан гаргийн хүрээнд 70 тэрбум долларын борлуулалт хийгджээ.

11-р сарын 11-нд Alibaba л гэхэд дангаараа 84.5 тэрбумын борлуулалт хийсэн гэх таамаг бий (тэд 2022 оноос хойш борлуулалтын хэмжээгээ зарлахгүй байхаар шийдсэн). Тэд анхны жил болох 2009 онд энэ өдрөөр 7.8 сая долларын борлуулалт хийснээс нь үзэхэд борлуулалтын хэмжээ 14 жилийн дотор даруй 10,000 дахин өсжээ.

Гэхдээ “Хар баасан гараг” нь “Cyber Monday” цаашлаад “Cyber Week” нэрээр үргэлжилж, баярын сар болох 12-р сарын эхээр дуусдаг бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн оны байдлаар 298 тэрбум долларын борлуулалт хийжээ.

Эх сурвалж: Yonatan Popper

Хятадын  хос луу

Дэлхийн нийтийн цахим худалдааны гүйлгээний 50 хувийг урд хөрш маань дангаар бүрдүүлж байна. Өнгөрсөн жил л гэхэд тус улсын дотоодын цахим худалдааны дүн 2.2 их наяд доллар (Монгол Улсын ДНБ-ээс 110 дахин их) байжээ. Үүний араас АНУ (981 тэрбум доллар), Англи (157 тэрбум доллар), Өмнөд Солонгос (140 тэрбум доллар) бичигдэж байна.

АНУ, БНХАУ гэх хоёр том гүрний өрсөлдөөн сүүлийн жилүүдэд ширүүсэж, цэрэг, улс төр, технологи гээд салбар бүрдээ өрсөлдөж байгааг бид мэднэ. Тэгвэл энэхүү өрсөлдөөний нэгэн том талбар нь цахим худалдаа. Хятадын цахим худалдааны салбар “тогооноосоо хальж” Америкийг “эзэрхийлээд” зогсохгүй, Америкаар дамжуулан дэлхий дахинд хүрэх томоохон зорилго өвөртөлж буй. Энэ зорилгыг хамгийн сайн гүйцэтгэж байгаа хоёр компанийн талаар дурдахгүй өнгөрч үл болно. Тэд бол Shein болон Temu.

Ковидтой зэрэгцэн TikTok тэргүүтэй цахим сүлжээг хаа ч байхгүй үнээрээ цочоосон цахим худалдааны платформ бол Хятадын Shein. “Загварыг хүнд бүрд” уриатай Shein нь хэдхэн жилийн дотор АНУ-д байр сууриа олж, 2022 оны сүүлч гэхэд тус улсын “fast fashion” буюу хямд үнэтэй, олон тоогоор үйлдвэрлэдэг загварын салбарын 50 хувийг бүрдүүлж, Bank of America-аас “Загварын салбар дахь цахим худалдааны хамгийн том өрсөлдөгч” гэсэн цолыг хүртэж байв.

2023 оны байдлаар эл салбарын архгууд болох Zara 40,000, H&M 23,000 төрлийн бараатай байхад Shein 1,5 сая төрлийн бараатай байжээ.

Тэдний нууц нь олон тооны үйлдвэрлэгч нарт нь оршиж буй гэдгийг салбарынхан нь онцолдог. Гэсэн ч цаг цагаараа байдаггүй. Америкийг дайлаар мордох замдаа Shein-ийг бут цохиж буй тоглогч бол Temu.


2022 оны 9-р сард АНУ-ын Бостон хотоос гараагаа эхэлсэн энэхүү компанийг Хятадын цахим худалдааны аварга Pinduoduo эзэмшдэг. Тэд Shein-ий гайхамшигт амжилтуудыг улам ахиулж, ердөө ганцхан жилийн дотор 48 оронд үйл ажиллагаатай, 250 сая хэрэглэгчтэй аварга сүлжээ болж чаджээ. Өдгөө Temu АНУ-д Amazon-ийн араас хоёрт бичигдэх цахим худалдааны платформ болоод байна.

“Тэрбумтан мэт шоппингд” уриатай Temu-ийн ялалтын томьёо нь тун энгийн: хямд үнэтэй бүтээгдэхүүн, өндөр дүнтэй зар сурталчилгаа. Тэд 2023 онд л гэхэд 10 тэрбумын борлуулалт хийснийхээ даруй 1.7 тэрбумыг нь зөвхөн зар сурталчилгаанд зарцуулжээ. 2024 онд энэ тоо 3 тэрбум болж нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Temu өдөр бүр 10 сая долларыг Google, Meta зэрэг платформуудад төлж, өөрсдийгөө сурталчилдаг.

Хятадын амжилтын нууц хөзрүүд

Хятадаас гаралтай, дэлхий дахиныг донсолгож буй дээрх хоёр платформ нь цахим худалдааны шинэ эрин, тэр дундаа худалдан авагчийн шинэ зан төлөвийг бий болгож буй.

1. Хайх бус “тааралдах”

Хэрэглэгч өмнө нь өөрт хэрэгтэй зүйлээ хайж, олон сонголт дундаас худалдан авдаг байв. Харин Gen Z тэргүүтэй шинэ үеийн худалдан авагч нар онц шаардлагагүй ч “тааралдсан зүйл”-ээ худалдан авдаг гэнэ. Олон нийтийн сүлжээнд явж байгаад нэг мэдэхэд л өөрт хэрэггүй ч сонирхолтой санагдсан эсвэл хөөрхөн харагдсан зүйл авчихсан байдаг биз? Яг л энэхүү үзэгдэл Shein, Temu зэргийн шууд бус нөлөө юм.

Тэдний ухаалаг систем олон нийтийн сүлжээний трэндүүдийг ихэнх хэрэглэгчдээс өмнө олж мэдээд, холбоо хамааралтай хэдэн мянган үйлдвэрлэгч нартайгаа хуваалцдаг гэнэ. Ингээд л хэрэглэгч цахим сүлжээнээс олж харсан сонирхолтой зүйлээ тэр даруй эдгээр платформуудаас харж, трэнд буюу давлагаанд нэгдэн худалдан авалт хийдэг аж. Жишээ нь, Temu-ийн дундаж хэрэглэгч өдөрт 18 минутыг энэхүү апп дээр өнгөрүүлдэг бөгөөд ихэнхдээ ямар нэгэн зүйл худалдан авахаар биш зүгээр л сонин сайхан зүйл юу байна гэж харахыг хүсдэг гэнэ.

2. Олноор нь “хамах”

“Haul” буюу олноор авах, хамах гэх зан үйл нэгэнт эрчийг авчээ. Жишээ нь, Shein олон арван, заримдаа олон зуун жижиг барааг нөлөөлөгч нарт илгээдэг маркетингаараа алдартай. Үүнээс улбаалан хэрэглэгчдийн хувьд худалдан авалт гэдэг зөвхөн хэрэгтэй зүйлсээ авах бус яг л нэг төрлийн донтуулах увдистай үйлдэл болон хувирч байна. Бага мөнгө зарцуулаад олон эд зүйл худалдаж авахад дургүй хүн байхгүй биз ээ.

Ахиж давтагдахгүй энэ өдөрт зориулан энэхүү нийтлэлээ яг 1111 үгтэй бичлээ. Итгэхгүй бол тоолоод үзсэн ч болно шүү.