Жил бүрийн есдүгээр сард Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг уламжлал хэдийн бий болжээ. Энэ жилийн арга хэмжээ "Far out" нэр дор Монголын цагаар есдүгээр сарын 8-ны шөнийн 1 цагт зохион байгуулагдаж, олон шинэ бүтээгдэхүүн, функцийг танилцууллаа. Тэдгээрээс онцлох таван бүтээгдэхүүнийг нь товчоор хүргэж байна.

Apple Watch Series 8


Ухаалаг бугуйн цагны стандарт болсон Apple Watch-ийн наймдугаар үеийг танилцууллаа. Уг загварт гарсан хамгийн том дэвшил бол дулаан мэдрэгч болон осол мэдрэх функц байв. Дулаан мэдрэгчийн гол зорилго нь эмэгтэйчүүдэд сарын тэмдгээ хөтлөх, хянах боломж олгох бол осол мэдрэх функц нь хэрэглэгчийг осолд орсон гэж үзвэл автоматаар түргэн тусламж дуудах чадвартай аж. Түүнээс гадна батарей хэмнэх горим зэрэг шинэ нэмэлтүүдтэй WatchOS 9 үйлдлийн системийг iPhone-д зориулсан iOS 16-ийн хамтаар есдүгээр сарын 12-нд олны хүртээл болгохоор болжээ.

Apple Watch Series 8 GPS: 399 ам.доллар

Apple Watch Series 8 Cellular: 499 ам.доллар



Apple watch SE 2


Apple Watch-ийг жижгэрүүлсэн SE загварын ээлжит хувилбарыг танилцууллаа. Уг загвар нь 2020 онд гарч байсан анхны хувилбараасаа 20 хувиар хурдан бөгөөд Apple Watch Series 8-д багтсан бүх нэмэлтүүдийг багтаажээ.

Apple Watch SE 2 GPS: 249 ам.доллар

Apple Watch SE 2 Cellular: 299 ам.доллар

Apple watch ultra


Apple ухаалаг бугуйн цагны шинэ загвараа танилцуулсан нь эрс тэс спортын (extreme sport) хорхойтнуудад зориулсан Apple Watch Ultra байлаа. Уг цаг нь том бөгөөд тод дэлгэц, нэмэлт биет товчлуур, шинэ төрлийн оосор, нэг цэнэглээд 36-60 цаг ажиллах чадамж, гурван дуу хураагуур, сайжруулсан GPS зэргээрээ өмнөх загваруудаасаа ялгарна.

Apple Watch Ultra: 799 ам.доллар



AirPods Pro 2


Өмнөх хувилбараасаа загварын хувьд ялгаагүй ч уг AirPods Pro шинэ H2 чипийн ачаар сайжруулсан "Spatial audio", хоёр дахин илүү дуу тусгаарлах чадвартай болжээ. Мөн нэг цэнэглэлтээр 6 цаг, цэнэглэгч үүрээд оруулаад 30 цагийн турш ашиглах боломжтой. Цэнэглэгч үүр нь Find My аппаар олоход зориулж өөрөөсөө дуу гаргадаг болсноос гадна Apple Watch-ийн цэнэглэгчээр цэнэглэж болно.

AirPods Pro 2: 249 ам.доллар



iPhone 14


Энэ удаагийн танилцуулах арга хэмжээний гол дүр бол яах аргагүй iPhone 14 юм. iPhone 14 болон iPhone 14 Plus загваруудын хувьд өнгөрсөн жил танилцуулсан iPhone 13-с дизайны хувьд ялгаагүй. Харин iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загварууд notch буюу дэлгэцийн дээд хэсэгтээ ахин нэг шинэчлэл хийж "Dynamic Island" гэх шинэ нэршлийг гаргаж ирэв. Энгийнээр тайлбарлавал камер, Face ID систем зэргийг агуулсан хэсэг сонордуулга хүргэх, зарим үйлдлийг хийх боломжтой "хөдөлгөөнт арал" болсон гэсэн үг. Мөн АНУ-д зарагдах бүх загвар симний биет оролтгүй, зөвхөн eSim дэмждэг байх гэнэ.

iPhone 14 Pro загварууд шинэ A16 чип, тод дэлгэц, илүү удаан цэнэгээ барих чадвар, 48 мегапиксел үндсэн камерууд гэсэн шинэчлэлүүдийг багтаажээ. Мөн Apple олон жилийн турш яригдсан "Always-on Display" функцийг нэмснээр утсандаа хүрэхгүйгээр дэлгэц рүү хараад л чухал мэдээллүүдийг шууд авах боломжтой болж байгаа юм.

iPhone 14: 799 ам.доллар
iPhone 14 Plus: 899 ам.доллар
iPhone 14 Pro: 999 ам.доллар
iPhone 14 Pro Max: 1099 ам.доллар



Эдгээр бүтээгдэхүүнүүдээс танд аль нь таалагдсан бэ? Сэтгэгдэл хэсэгт санал бодлоо хуваалцаарай.