Эх хэлний боловсрол, гадаад хэлний мэдлэггүйгээр бидний сурсан эрдэм дутуу дулимаг болсон мэт. Учир нь бид дэлхийн өнцөг булан бүрд хүлээн зөвшөөрөгдөх чанартай боловсролыг эзэмшихийн тулд чадварлаг профессоруудын шилмэл сурах бичгүүдийг судлах хэрэгтэй болдог. Гэвч тэдгээр нь цөм гадаад хэл дээр бичигдсэн байдаг шүү дээ. Тийм учраас аль ч орны хэлийг судалж, сурах бичгийг нь эргүүлэх явцдаа бидний хамгийн их цагийг ширтэлцэж өнгөрүүлдэг анд нөхөр бол толь бичиг. 

Техник технологийн дэвшил, дижитал ертөнцөөр аялал хийдэг Techworm буландаа бид энэ удаа мөн л технологийн тэр тусмаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар толь бичгийн хайлтын системийг илүү хялбаршуулж өгсөн Bolor toli аппыг танилцуулж байна.


товч танилцуулга

Болор толь аппыг анхлан 2008 онд Болорсофт компани хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж байжээ. Зогсолтгүй хөгжиж, сайжралт, шинэчлэлт хийсний чинээгээр өдгөө англи, орос, хятад, солонгос, япон, герман, монгол гэсэн 7 хэлний 800 гаруй мянган үгийн сантай болсон ба хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үнэ төлбөргүй цахим толь бичиг юм.
Түүгээр ч зогсохгүй 14 жилийн ойгоо тохиолдуулан Болор толь version 3.0-ыг танилцуулсан нь хиймэл оюун ухаан бүхий Чимэгэ системийг аппдаа нэвтрүүлж, хэрэглэгч заавал үгээ бичих шаардлагагүй, дуу хоолойгоороо үг хайх боломжтой болсноос гадна хиймэл оюун ухааны тусламжтайгаар үгийн дуудлагаа уншуулах боломжтой болжээ.


ашиглахад хялбар, таатай хэрэглээ

Хэлний мэдлэг, үгийн баялагтаа анхаардаг хэн бүхэнд хэрэглэхэд хялбар байлгах үүднээс анх нэвтрэх үед цэс нь монгол хэл дээр харагдаж байв. Хүсвэл хэлийг нь монгол бичиг, эсвэл англи болгох боломжтой. Зураг дээр харагдаж байгаачлан хэрхэн ашиглах нь маш ойлгомжтойн дээр баруун доод буланд байрлах “Тохиргоо” цэснээс “Харанхуй горим”-ыг асааж, эсвэл унтрааж орчин нөхцөл, сонирхолдоо тааруулан тохируулж болно.
Аль ч гадаад хэлээр хайлт хийсэн давхар монгол бичгээр тухайн үг нь гарч ирж байгааг харахад бид үндэсний дархлаа болсон монгол бичгээ гээж умарталгүй, мэдэхгүй нь сурч, мэддэг нь ашиглаж байх нь зүйтэй гэдгийг сануулж буй юм болов уу.
Шинэ хөгжүүлэлтээр нэмэгдсэн дуу хоолойгоор хайлт хийхэд туслах Чимэгэ систем нь баруун доод буланд харагдах ба та бүхэн аппаа татаад туршиж үзээрэй.


ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Энэхүү аппын давуу талуудаас дурдвал:

-Offline горимд ч ашиглах боломжтой ба үүний тулд хэрэглэгч интернэт холбогдсон үедээ буюу урьдчилан тухайн хэлний offline толийг татаж авахад л хангалттай.

-Монгол хэлнээс гадна бидэнд түгээмэл ашиглагддаг зургаан гадаад хэлний толь бичиг нэг апп-д багтсан.

-Зөвхөн үгээ хараад зогсохгүй дуудлагыг нь ч мөн сонсох боломжтой. Хэрэглэгч тухайн хайсан үгээ american, british аль ч дуудлагаар нь сонсож болно.

-Хайлтаар гарч ирсэн үгний ард байрлах “i” тэмдгэн дээр дарж тухайн үгний товч тайлбарыг харах боломжтой. Харин монголоос бусад хэл дээрх үгийн утгыг хайхдаа тохирох эх сурвалжаас сонгон харна.


ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Э. Билэгсайхан


Нэг л удаа бүх хэлийг нь, эсвэл өөрт шаардлагатай хэлний offline хувилбарыг татаад авчихсан байхад интернэтгүй орчинд ямар ч асуудалгүй хэрэглэж болдог нь хамгийн их таалагдлаа.

Хэдий бид сургуульд ормогцоо монгол хэлийг үзэж эхэлдэг ч орчин үеийн залуус сошиал орчинд ихэвчлэн англи keyboard дээр чат, пост, коммент зэргийг бичдэг болсноор төдий чинээгээр эх хэлнийхээ зөв бичгийн дүрмийг мартаж байдаг болов уу. Тийм болохоор монгол хэлний зарим хэцүү, яаж зөв бичих нь эргэлзээтэй үгнүүдийг толь бичгээс хайх шаардлага гарах үед хамгийн их асуудал тулгардаг. Магадгүй бид монгол хэлний дүрмээ нийтээрээ сайн мэддэггүй болохоор дийлэнх нь англи keyboard ашигладаг байж ч мэдэх юм.

Харин Болор толь апп дээр дуу хоолойгоороо хайлт хийх боломжтой байгаа нь энэ асуудлыг маш хялбараар шийдээд өгчхөж байгаа юм. Зөв бичгийн дүрмийн хувьд ямар ч хэцүү үг байсан хэлж бол мэдээж чадна шүү дээ. Ингээд л “Аан, энэ үгийг ингэж бичдэг байх нь” гээд мэдэж авах боломжтой байгаа нь нийтийн хэлний соёл боловсролыг дээшлүүлэхэд хиймэл оюун ухааныг оновчтой ашиглаж чадсан нь тун магтууштай санагдлаа.


Миний хувьд сул тал гэх зүйл ажиглагдаагүй, харин нэмж сайжруулж болмоор санагдсан зүйл гэвэл технологийн шийдэл талаасаа боломжтой эсэхийг нь мэдэхгүй ч гэсэн гадаад үгийн утгыг харахдаа заавал өөр орчуулгын эх сурвалж руу үсрэлгүй, яг л монгол үгийг тайлбарласан байсан шиг богино тайлбар гарч ирдэг болговол илүү амар байх юм шиг санагдлаа. Учир нь offline үед гадаад үгсийн тайлбарыг харах боломжгүй юм байна. Мөн хайсан монгол үгний тийн ялгалын нөхцлөөр хэрхэн хувирах нь харагддаг болбол балархай эгшиг гээгдэх, гээгдэхгүйгээс эхлээд л хувирсан үгийг хэрхэн зөв бичих талаарх эргэлзээг тайлаад өгчхөж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл: фэйсбүүк пэйж | вебсайт
Апп татах: iOS | Android | Harmony OS