Эх орондоо тавтай морил. Та ажиллахаар, амрахаар, амьдрахаар гээд ямар ч зорилгоор Монголдоо ирсэн бай, технологитой холбоотой урвуу соёлын шоконд (Reverse Culture Shock) орсон л биз дээ? Сүүлийн хэдхэн жилд монголчуудын ухаалаг утасны хэрэглээ эрчимтэй нэмэгдсэн тул маш олон үйлчилгээг гар утасны аппаараа дамжуулан авах болсон. Харин гадаадад удсан хүмүүс тэдгээр аппуудыг нэг бүрчлэн олж ашиглахад хүндрэлтэй байдгийг олон жишээнээс харсан учир энэхүү нийтлэлийг бичлээ.
Нийтлэлдээ Монголд өдөр тутамдаа ашиглахад тохиромжтой аппуудыг багтаасан бөгөөд хэрэв таны ашигладаг, хэрэглээ сайтай аппыг дурдаагүй үлдээсэн бол сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.
Банкны апп: Магадгүй "Мобайлдчих" гэдэг үг үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоонд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг байх. Товчхондоо, интернэт банкаар шилжүүлчих гэсэн утгатай.
Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх банкнууд хэрэглэгчдэдээ зориулсан гар утасны апптай. Тиймээс дор хаяж нэг банкны хэрэглэгч болж, аппыг нь татаарай. Ингэснээр та Монголын хаана ч байсан төлбөр тооцоотой холбоотой асуудлыг бүрэн шийдэж чадна. Бяцхан зөвлөгөө өгөхөд, ялангуяа олныг хамарсан баярын үеэр зарим банкны сүлжээ доголддог тул давхар өөр нэг банкны апптай байхад буруудахгүй шүү. Банкны аппуудаас гадна MonPay, QPay, SocialPay, HiPay зэрэг төлбөрийн аппууд бий.
Super-app: Шилжүүлэг, зээл, такси, хоол, хүргэлт зэрэг бүх үйлчилгээг багтаасан супер аппууд ч олон бий. Монголд финтекийг таниулсан LendMN-ээс гаргасан SuperUp эсвэл Ард санхүүгийн нэгдлийн цахим дэлгүүр, үнэт цаас, даатгал, хуримтлал зэргийг багтаасан Ard, ухаалаг туслах бүхий Toki гэсэн супер аппуудыг туршаад үзээрэй.
Үүрэн телефоны апп: Монгол гэлтгүй аль ч улсад очсон тэр улсынхаа утасны дугаартай байснаар олон үйлчилгээг авах боломж нээгддэг. Монголын бүх үүрэн телефоны операторууд өөрийн гэсэн апптай бөгөөд төлбөр төлөх, дата авах, нэгж шилжүүлэх гээд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Хоол захиалга: Монголд хоол захиалгын Tok Tok, Songo, Gastro тэргүүтэй аппууд бий. Харин Pizza Hut, KFC зэрэг олон улсын сүлжээ ресторанууд өөрсдийн вебээр захиалгаа авдаг. Гэхдээ ихэнх хоолны газрууд Фейсбүүк хуудас болон утсаар захиалга авдаг шүү.
Төрийн үйлчилгээ: Дижитал үндэстэн гэх үгийг хаа нэгтээ сонссон л байж таараа. Тэгвэл үүний хүрээнд төрийн олон үйлчилгээ цахим болсон. Заавал татах ёстой апп бол гарцаагүй E-Mongolia. Уг аппаас вакцины гэрчилгээ авах, НДШ төлөлтийн түүх харах, гадаад паспортоо захиалах, эмнэлэгт цаг авах зэрэг нийт 1526 үйлчилгээг цахимаар авч болно. Мөн EBarimt аппыг НӨАТ бүртгэх, баримт шивэхэд ашиглах боломжтой.
Харин E-Police аппыг ашиглан, урсгал сөрсөн эсвэл зам хааж зогссон зэрэг замын хөдөлгөөний зөрчил гаргасан автомашинуудыг цахимаар “матах”, дараа нь тухайн зөрчилд ямар хариуцлага тооцсоныг харж болно. Хэрэв Монголын замын хөдөлгөөний соёл таныг бухимдуулж байгаа бол энэ аппыг ашиглаад байж дээ.
Урамшууллын оноо: Монголд тав алхаад л конвениенс дэлгүүрүүд нээгдсэн байгааг анзаарсан л биз дээ? Түүнээс гадна томоохон сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станцуудын хувьд ч тусдаа урамшууллын оноотой болсон. Тиймээс тогтмол үйлчлүүлдэг газрынхаа аппыг татаад олон төрлийн урамшуулал эдлээрэй. Энэ төрлийн хамгийн нийтлэг аппууд гэвэл GS25, CU, U-Point, RedPoint зэргийг дурдаж болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн үйлчилгээ бол гарцаагүй хүний анхдагч хэрэгцээ юм. Тэгвэл амбулаторийн үзлэг болон шинжилгээний цаг авах, хариугаа харах, цахимаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах зэрэгт Emch, Eclinic, Clinica гэсэн аппуудыг ашиглаарай.
Нислэг, зочид буудал захиалга: Дотоодын зочид буудал, нислэг, хот хоорондын автобус, галт тэрэгний тасалбарыг Tapatrip аппаас захиалах боломжтой. Харин зөвхөн зочид буудал, амралтын газар гэвэл iHotel, хөтөлбөрт аялал гэвэл Joinme-г санал болгож байна.
Такси дуудлага: Замын хажууд эрхий хуруугаа гозойлгодог цаг бараг л тэр чигтээ ард хоцорсон шүү. Такси дуудлагын UBCab, EZ Cab гэсэн аппуудыг татаад такси дуудаж, тооцоогоо харж, төлбөрөө цахимаар хийх боломжтой.
Аудио стрийминг: Монголд Spotify, Apple Music зэрэг олон улсын стрийминг үйлчилгээг ашиглаж болох ч ихэнх Монгол дуучид ороогүй байдаг. Иймд дуу сонсох бол MMusic, аудио ном, подкаст сонсох бол Mplus-ийг санал болгоё.
Видео стрийминг: Аудио стриймингтэй адилаар Netflix тэргүүтэй үйлчилгээнүүд Монголд ажиллана. Гэхдээ дотоодын контентуудыг үзье гэвэл VOO, Ori, LookTV, SkyGo, Playmo, Animax зэрэг аппуудыг туршаад үзээрэй.
Цахим худалдаа: Shoppy-оос албан ёсны эрхтэй брэнд, дэлгүүрүүдийн барааг, Unegui, Zary-аас хувь хэрэглэгчдийн зарж буй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч болно.
Газрын зураг: Гадаадад удаж байгаад ирсэн бол хотод баригдсан олон барилгууд дунд төөрөх гээд байгаа биз? Тэгвэл Google Maps ашиглаарай. Монголчуудын уг аппын хэрэглээ жил ирэх тусам ихэссээр байгаа тул замын түгжрэл, үйлчилгээний газруудын байршил зэрэг мэдээллүүд улам нарийвчлалтай харагдах болсон. Харин сүлжээгүй үед ашиглах апп хайж байгаа бол Maps.me санал болгоё.
UBinfo: Томоохон сайтуудын мэдээ, цахим лавлах, цаг агаар зэрэг өдөр тутмын мэдээлэл
UB Smart Bus: Автобусны чиглэл, байршлын мэдээлэл
Zero.mn: Кино тасалбар захиалга
Ticket.mn: Бүжиг, дуурь, тоглолтын тасалбар захиалга