2020 оны сүүлчийн сар хэдийн эхэлжээ. Мэдээж энэ үе бол өнгөрч буй жилийг дүгнэхэд хамгийн тохиромжтой цаг билээ. Тэгвэл арванхоёрдугаар сар дөнгөж гарахтай зэрэгцэн App Store-ийн зүгээс энэ онд хамгийн шилдэг болон хамгийн их таталттай байсан апп-уудын жагсаалтаа гаргасныг өнөөдрийн Techworm буландаа онцлон хүргэхээр бэлтгэлээ. Доорх апп-уудаас та хэдийг нь хэрэглэж үзсэн бэ?

Уг жагсаалтыг App Store-ийн багийнхан апп-уудын чанар, дизайн, хэрэглээ, Apple-ийн технологийг хэрэглээний онцлог, эрэлт зэрэг олон талыг харгалзан гаргадаг байна. "Шилдэг апп", "Шилдэг тоглоомын апп", "Апп трэнд" гэх гурван ангилалд шалгаруулсан онцлох 15 апп-тай танилцацгаая.


ШИЛДЭГ АПП


Wakeout!

Дасгалыг заавал спорт зааланд хийдэггүй. Гэртээ, ажил дээрээ, орондоо гээд хаана ч хийж болох дасгалын санаа, зөвлөмжийг та эндээс авч болно. 1000 гаруй дасгалын сангаас та өөрт тохирохоо сонгоход л хангалттай.

ZOOM

Уг жагсаалтаас бидний хамгийн сайн мэдэх апп нь магадгүй Zoom байх. Ажлын хамт олон, багш сурагчдын гээд бүх л төрлийн онлайн харилцаа холбоо, зайнаас ажиллах, гэрээсээ суралцах хэрэгцээг тань уг апп хангаж чадна.

FANTASTICAL

Тун загварлаг, хэрэглэхэд хялбар календарчилсан төлөвлөлтийн апп. Олон төрлийн үйлдлийн системийн үндсэн календариудтай хорших, мэдээллээ чөлөөтэй шилжүүлж болдог нь хэрэглэгчдэд нэн таатай.

DISNEY+

Стрийминг үйлчилгээний нэгэн хүчтэй өрсөлдөгч. Тавхан сарын дотор 50 гаруй сая хэрэглэгчидтэй болж байсан уг үйлчилгээ цар тахлын үеэр хамгийн эрэлттэй апп байх нь ойлгомжтой.

ENDEL

Бие болон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих боломжийг Endel олгоно. Дуу чимээний бохирдолд ихээр өртөж, нойргүйдэл, стресст орсон хүмүүс уг апп-д байх төрөл бүрийн таатай сайхан аялгуу, чимээний тусламжтай бөх нойрсож, тайвшран, төвлөрч чадна.


ШИЛДЭГ ТОГЛООМ


GENSHIN IMPACT

Тэйватын ертөнцөд тавтай морил. Өдгөө 10 сая гаруй татагдаад буй уг тоглоом шинэ дүр, шинэ дизайн, шинэ мэдрэмжийг танд өгөх болно.

LEGENDS OF RUNETERRA

League of Legends-ийн ертөнцөд өрнөх хөзрийн тулаан. Стратеги, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөөнийг мэдрүүлэх уг тоглоом таныг огтхон ч уйдаахгүй.

DISCO ELYSIUM

Disco Elysium нь 2019 онд DICE, Game Developers Choice Awards, South-by Westwest, Dreamhack зэрэг олон улсын нэр хүндтэй фестивалиудаас "Оны шилдэг тоглоом", "Заавал тоглож үзэх", "Хамгийн өндөр үнэлгээтэй тоглоом" зэрэг томоохон шагналуудыг хүртсэн юм. Тэдний амжилтын буухиа 2020 онд ч үргэлжилж буйг та уг жагсаалтаас харж байгаа биз ээ.

DANDARA TRIALS OF FEAR

Тоглоомын гол баатар болох Дандарагаар дамжуулан нууцлаг амьтад, эрэл хайгуулаар дүүрэн ертөнцийн туйлдсан иргэдийг аврах аялалд гарах уу.

SNEAKY SASQUATCH

Хөнгөн хөгжилтэй тоглоом. Шинэ орчны мэдрэмж, хөгжилтэй даалгаврууд, хялбар зураглалууд нь амралт болж чадна.


АПП ТРЭНД


shine

Энэ жилийн онцлох үйл явдал болох өнгөт арьст хүмүүсийн эрхийн төлөөх уриалгад дуу хоолойгоо нэгтгэсэн Shine апп уг жагсаалтад багтсанд гайхах зүйл огтхон ч үгүй. Уг апп нь хэрэглэгчдэдээ сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахад тусладаг.

Explain Everything Whiteboard

Сургалтын орчноо онлайнд үр дүнтэй шилжүүлэх боломжийг уг апп олгожээ. Өмнө нь онлайн орчинд багаар ажиллах, хамтран даалгавар хийх хүндрэлтэй байсан ч одоо бол үгүй.

Caribu

Энэ бол гэр бүлийн онлайн дуудлага хийх апп. Гэр бүлийн апп хэмээн тодотгож буй учир нь дуудлага хийх явцдаа хүүхдүүд апп доторх номын сангаас хүссэнээ сонгож будах, зурах, унших, болон бүтээлч тоглоомуудаас тоглох боломжтой. Хол байгаа ч хүүхдэдээ цаг гаргах боломжийг олгосон нь тун онцлог

Pokémon GO

Нэг хэсэг дэлхий дахиныг "шуугиулсан" уг тоглоомыг цар тахлын энэ үеэр гэртээ тоглох боломжтой болсон юм.

ShareTheMeal

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн зүгээс хөгжүүлсэн уг апп нь өнөөг хүртэл хэрэглэгчдэдээ 87 сая гаруй хоол хүргэж, бусдад дэм болох гүүр болжээ.


Ухаалаг төхөөрөмжүүдэд суурилсан апп-уудыг хэн ч, хаанаас ч хөгжүүлж, нийтийн хүртээл болгох боломжтой байдаг. Иймд шинээр гарч, олонд таашаагдан, хамгийн их татагдаж буй апп-уудаас олон улсуудын амьдралын соёл, чиг хандлага, сонирхол мэдрэмж хэрхэн өөрчлөгдөн хувьсаж байгааг харж болох давуу талтай. 2020 оны шилдэг апп-уудын хувьд ихэвчлэн хэрэглэгчийнхээ өдөр тутмын амьдралын хэв маягт туслах, өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал хандуулах үйл явцыг нь дэмжих, түүнийгээ бие даан хянах болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан онлайн харилцаа холбоо, зайнаас ажиллах, суралцах боломжийг олгох хандлага давамгайлж байсныг хамгийн их татагдсан апп-уудын жагсаалтаас ч мөн харах боломжтой.


ХАМГИЙН ИХ ТАТАГДСАН АПП-УУД: