Messenger орж дотнын хүмүүстэйгээ мэнд мэдэж, Instagram орж найзуудтайгаа хуучилж, Viber, Telegram орж ажил төрлөө амжуулна. Тэгээд ч дуусахгүй, гадаад хүмүүстэй харьцахад WhatsApp ажлын харилцаанд Slack, энтертайнмент хэрэгцээнд Discord ашиглана.
Технологи хөгжихийн хэрээр бид зурвас илгээх гэдэг ганцхан үйлдлийн төлөө дунджаар гурваас таван платформ тогтмол ашиглаж байгаа нь нэг талаараа асуудал юм. Үүнийг шийдэж, нэгдсэн “шуудангийн хайрцагтай” болгох боломж байдгийг саяхан олж мэдсэн нь Beeper.
Beeper гэж юу вэ?
Канадын инженер Эрик Мигиковский 2020 онд хэт олон чат аппдаа түүртэж, бүгдийг багтаасан платформыг хөгжүүлж эхэлсэн нь Beeper-ийн эхлэл байв. Эрик компанийн блогтоо хятадууд яагаад өндөр бүтээмжтэй байдгийг "WeChat" буюу нэгдсэн нэг чаттай байдагтай нь холбож тайлбарласан байна лээ. Сонирхоод үзээрэй.
Beeper-ийн ажиллах зарчим нь тун энгийн. Хэрэглэгчийн ашигладаг чат аппуудтай холбогдож, тэдгээр аппууд дээр ирсэн зурвас бүрийг нэг дор цуглуулна. Олон жижиг аралтай (бусад чатууд) гүүрээр холбогдсон нэг том арал (Beeper) л гэсэн үг. Хэрэглэгч зурвас хүлээн авахаас гадна илгээх боломжтой. Хамгийн гол нь хүлээн авагч хэрэглэгчийг өөр “газраас” бичиж байгааг мэдэхгүй. Яг л урьдынх шигээ харилцах боломжтой. Нэмээд зурвасаа хэзээ илгээхээ урьдчилан товлож, дуу хоолойт зурвас, зураг, дүрс бичлэг илгээж болно.
Хэдийгээр Beeper нь зурвас дамжуулах аюулгүй, найдвартай аргыг анхлан зохиогоогүй ч олны хэрэглээнд нэвтрүүлэхэд ихээхэн амжилттай ажиллаж чадсан билээ. Тийм ч учраас тэднийг энэ онд алдарт "wordpress", "tumblr" зэргийг эзэмшдэг "Automatic" 125 сая ам.доллароор худалдан авсан юм. Automatic өнгөрсөн жил Beeper-тэй ижил үйлчилгээ явуулдаг texts.com-ийг 50 сая ам.доллароор худалдан авсан бөгөөд ирээдүйд энэ хоёр үйлчилгээг нэгтгэж, Beeper нэрийн дор улам хөгжүүлэх гэнэ. Сошиал медиа өрсөлдөөнд ялаагүй тэд чатны өрсөлдөөнд хүч хаях бололтой.
Яаж ашиглах вэ?
Уг үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд юун түрүүнд бүх төрлийн ухаалаг төхөөрөмж дээрээ апп болон программыг нь суулгана. Түүний дараа одоогоор холбох боломжтой 14 чат платформоос хүссэн платформоо холбоно. Ингэж холбохдоо Beeper-т таны өмнөөс зурвас хүлээн авч мөн илгээх буюу нэн чухал эрх олгох юм. Гэхдээ санаа зоволтгүй. Тэдний хувьд "zero-access encryption" буюу өөрсдийн сервер дээр хадгалж буй мэдээлэл бүрээ шифрлэж, зөвхөн хэрэглэгч л тайлж хандах боломжийг бүрдүүлжээ.
Одоогоор холбох боломжтой чат платформууд:
- WhatsApp
- Facebook Messenger
- Twitter
- Android SMS
- Google Messages (SMS/RCS)
- Telegram
- Signal
- Matrix
- Slack
- Google Chat
- Instagram
- IRC (Libera.chat)
- Discord
- LinkedIn
Давуу тал
Хувийн болон хувьсгалын ажлууд цаг хугацааны хязгааргүй болж, илүү хурдан, ихэд шуурхай байхыг шаардах болсон энэ үед олон чат апп шалгаж, тус бүрд нь хариу өгнө гэдэг багагүй ажил. Миний хувьд өглөө бүр ажилдаа ирээд Telegram, Viber, WhatsApp, Messenger, Instagram гээд бүх чатаа шалгадаг. Ингэж шалгаж явахдаа “халтираад” стори үзээд, пост гүйлгэж, алт шиг цагаа сошиалын мангаст алдах үе ч байна. Тиймээс бүхнийг цэгцэлж, нэг дор багтааж, сошиал медиа руу орохгүйгээр зурвас шидэлцэх боломж олгож байгаа нь нэн таатай.
Хэрэглэхэд ч гэсэн хялбар. Толгой эргүүлэх зүйл огт байхгүй. Бусад чат платформуудтай л ижил. Мөн Wordpress-ийн үнэнч фэнийн хувьд Beeper-ийг Automatic худалдаж авсан нь уг үйлчилгээний ирээдүйд итгэх итгэлийг үлэмж нэмэгдүүлж буй.
Хамгийн гайхалтай нь платформ хооронд зурвасаа дамжуулж (forward) хийж болно. Жишээлбэл Telegram дээр хүлээн авсан чатаа тэр дор нь Messenger-ийн хэрэглэгч рүү явуулах боломжтой. Үнэнхүү цаг хэмнэдэг функц.
Beeper-ийн ачаар одоогоор компьютер дээрх чат програмуудаа ашиглахгүй байгаа. Цаашлаад утсан дээрх олон арван чат аппаасаа сална гэж итгэж байна.
Сул тал
Хамгийн том сул тал бол одоогоор Viber-ийг дэмжихгүй байгаа явдал нь. Ижил төстэй үйлчилгээнүүд ч Viber-тэй холбогддоггүй нь тохиолдол биш болов уу. Viber холбогдчихвол бүрэн утгаараа бүх чат аппаасаа салах гээд л байна шүү.
Дараагийн сул тал нь аюулгүй байдал. Бүх өндөг буюу мэдээллээ нэг сагсанд хийсэн тул эрсдэл мэдээж бий. Гэхдээ эрсдэлгүй технологийг үйлчилгээ гэж угаас байхгүй билээ. Тэгээд ч цахим орчны аюулгүй байдлаа сахин хамгаална гэдэг нь хэрэглэгч бүрийн үүрэг.
Өөр нэгэн “боломжит” сул тал бий. Уг нийтлэлийг бичиж байхад Facebook-ээс Beeper-ийн зурвас унших холболтыг сэжигтэй гэж үзээд нууц үгээ солихыг шаардсан юм. Энэ бол томоохон платформууд Beeper-ийн үйлчилгээг тодорхой хэмжээнд хориглох боломжтойг харуулсан явдал. Ахиж холболт салахгүй хэмээн найдаж байна. Бүр болохгүй бол texts.com-ийг туршиж үзнэ дээ. Нэгдсэн чатны амтыг мэдэрсэн хүн буцаж чаддаггүй бололтой шүү.
Уншигч таныг технологийн ухамсартай хэрэглээнд уриалж байна. Бид технологид ашиглуулах бус технологийг ашиглах учиртай.