Интернэтэд буюу вэб браузер дээр ажиллаж байхад олон үйлдлээр хийх ажлыг ганц хоёрхон товч дараад гүйцэтгэчихдэг функц бол "Extension" буюу вэбийн нэмэлтүүд билээ. Вэб хуудасны нэр харагдах "Address bar"-ийн баруун талд харагддаг эдгээр нэмэлтээс бид таны өмнө нь мэддэг байсан ч болоосой гэж хүсэх долоон нэмэлтийг өнөөдөр танилцуулъя.

MERCURY READER

Бид цахим орчинд олон вэбээс төрөл бүрийн мэдээлэл уншдаг шүү дээ. Вэб болгон өөрийн форматтай. Зарим нь уншихад амар, зарим нь хэцүү. Тэгвэл "Mercury Reader" тухайн нийтлэлийг элдэв реклам, баннер, саад болох зүйлсээс салган тун цэвэрхэн, ойлгомжтой форматаар унших боломжийг олгодог. Цэвэрхэн форматаа нээсний дараа текстийг том жижиг болгох, фонтыг өөрчлөх, дэвсгэр өнгийг өөрчлөх боломжтой нь догь. Мөн нийтлэлийг шууд Kindle рүүгээ шидэж болдог юм билээ. Хэдий миний Kindle дээр ажиллахгүй байсан ч энэ нэмэлтийг заавал туршаарай гэж зөвлөе.

Татах

NEW TAB REDIRECT

Энэ нэмэлт нь шинэ таб нээхэд хүссэн вэб хуудсаа дуудах боломжийг танд олгоно. Миний хувьд Google Calendar-ийн ашиглалтаа нэмэгдүүлэхээр календарийн URL-аа холбочихсон. Байнга хийх ёстой, чухал зүйлсээ өөртөө байн байн сануулахад тун зүгээр арга шүү.

Татах

Full PAGE SCREEN CAPTURE

Хэрвээ танд аль нэг вэб хуудсыг бүхлээр нь хэн нэгэнд илгээх, харуулах тохиолдол гардаг бол энэ тун хэрэгтэй нэмэлт. "Аddress bar"-ийн дэргэдэх камерын зурагтай логог нь дараад л тухай вэб хуудсыг бүхлээр нь хадгалж авна. PDF болгох уу, зурган файл болгох уу гэдгээ та өөрөө шийдэх юм. Ингэж хадгалж авбал интернэтгүй орчинд хэрэг болох нь дамжиггүй.

Татах

SAVE TO POCKET

Миний хамгийн их хэрэглэдэг нэмэлт. Дараа унших нийтлэлээ би "Pocket" руугаа шидчихдэг юм. Бидний өмнө нь танилцуулж байсан "Pocket" нийтлэлүүдийг сонсох боломжийг мөн олгодог. Энэ нэмэлтийг Твиттер, Youtube зэрэгт ч ашиглаж болдог нь их цаг хэмнэдэг. Мэдээж хэрэг "Pocket"-д бүртгэлтэй хүн энэ нэмэлтийг ашиглах боломжтой.

Татах

Холбоотой нийтлэл:
Апп тойм: Pocket - Хэрэгцээт контентыг хялбархан хадгал

EVERNOTE WEB CLIPPER

Үүнийг хэдий татчихсан байсан ч хэрэглэхгүй байснаа нийтлэлийг бичихдээ анзаарлаа. Evernote хэрэглэдэг хүнд үнэхээр чухал нэмэлт шүү. Аливаа вэб хуудсыг Evernote рүүгээ "Article" (нийтлэл), "Simplified Article" (зураггүй текст), "Full page" (вэб хуудсыг бүтнээр нь), Bookmark (линк), Screenshot гэсэн сонголтуудаар шууд хадгалах боломжийг олгодог. "Screenshot" нь татсан зурагтаа тэмдэглэл, дүрс хялбар оруулах боломжтой нь тун зүгээр. Гагцхүү хэрэглэхийн тулд "Evernote"-д бүртгүүлэх хэрэгтэй гэсэн үг. "Evernote"-ийг бол би байнга зөвлөдгийг манай зарим уншигч мэдэх биз ээ.

Татах


Холбоотой нийтлэл:
Апп тойм: Evernote - Таны цахим санах ой

GRAMMARLY

Орчин цагт англиар бичих хэрэгцээ их болсон. Гэвч энэ нь амаргүй даалгавар. Тэгвэл "Grammarly" хэмээх англи хэлний дүрэм шалгах үйлчилгээ сүүлийн үед алдаршаад байгаа билээ. Эдний вэб нэмэлтийг суулгачихвал англиар бичих нь хялбаршиж ирнэ. Имэйл бичих, сошиал медиа дээр пост хийх үед англи үгийг буруу бичвэл алдаа гарч байгаа нь тодроод ирдэг. Үнэхээр аврагч биш гэж үү? Англиар бичих хэрэгцээ гардаг бол заавал суулгаарай.

Татах

mOMENTUM

"Momentum" бол хамгийн их танигдсан нэмэлтүүдийн нэг. Шинэ таб бүр таныг гоёмсог байгалийн зураг, ухаалаг эшлэл үгтэйгээр угтах болно. Мөн хийх ажлын жагсаалт гаргах, байнга хэрэглэдэг линкүүдээ байршуулах зэрэг боломжуудтай. Миний хувьд "New Tab Redirect"-аас өмнө ашигладаг байв. Өөрийн гэрэл зургуудыг нэмэх, эшлэлүүдийг солих боломжтой төлбөртэй хувилбарыг нь ч нэг сар туршиж байв. Компьютер дээрээ олон апп ашигладаггүй, энгийн хэрэглээтэй бол тохирох нэмэлт шүү.

Татах

Уншигч та өөрийн хэрэглэдэг мэдүүштэй вэб нэмэлтүүдийг мөн санал болгоорой.