2020 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн Clubhouse апп-ий эрэлт сүүлийн гурван сарын дотор хурдацтай нэмэгдсээр байна. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт Элон Маск тэргүүтэй бизнес, технологийн салбарын томоохон төлөөлөгчид уг апп-д нэгдсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж, шуугих шалтгаан болоод байгаа юм. Аль хэдийн тэрбум долларын үнэлгээтэй болж, дараагийн үеийн сошиал медиа хэмээх тодотголыг зүүх болсон уг апп-ийг бид тоймлолоо. 


ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Юуны түрүүнд апп-ийг илүү сонирхолтой, онцгой болгож буй зүйл нь апп татсан хэн бүхэн хэрэглэгч болох боломжгүй явдал. Бүртгэлтэй хэрэглэгч болохын тулд танд хэдийн хэрэглэгч болсон нэгний урилга хэрэг болно. Нэг хэрэглэгч хоёр хүртэлх хүнд урилга явуулж болох бөгөөд апп-аа хэрэглэх тусам урилга явуулах эрх нэмэгдэх зарчимтай. Энэ нь аль болох олон хэрэглэгч татахыг урьтал болгодог "уламжлалт" сэтгэлгээг эвдсэн сонирхолтой арга болсон нь тодорхой. Яах аргагүй ормоор санагдуулж байгаа биз?

Технологи, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил, бизнес, спорт гээд өргөн хүрээг хамрах түмэн зүйлийн сэдэв бүхий хэлэлцүүлгийн өрөөнүүд энд бий. Танд ямар нэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, салбарын нэр хүндтэй төлөөллүүдийн бодол санаа, яриаг сонсох хэрэгцээ байгаа бол даруй уг апп-ийг ашиглаад үзээрэй. Төрөл бүрийн сэдвээр нээлттэй ярилцах мянга мянган онлайн өрөөнүүдэд та шууд нэвтэрч олон улсын хэрэглэгчидтэй хүссэн сэдвээрээ, дуу хоолойгоороо чатлах, сонордох боломжтой. Мөн өөрийнхөө найзуудтайгаа хувийн өрөө үүсгэх ч сонголт бий.

Цар тахлын үе эхлэхтэй зэрэгцэн нээлтээ хийсэн ч, сүүлийн сар гаруйхан хугацаанд хэрэглэгчдийн тоогоо ойролцоогоор 20 дахин нэмэгдүүлж, өдгөө зургаан сая гаруй хэрэглэгчдийн хүрээг бий болгож, компанийн үнэлгээгээ нэг тэрбум ам.долларт хүргээд байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Анх салбарын нөлөө бүхий хүмүүс, нөлөөлөгч (influencer), олны танил гэх мэт цомхон хүрээнээс эхэлсэн уг апп одоо өсөлтийнхөө чухал үе дээр ирээд байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт цэнхэр гараг дээрх хамгийн баян хүн болох Элон Маскийн удирдсан өрөөнд нэг өрөөнд зөвшөөрөгдөх хамгийн их тооны буюу таван мянган сонсогч орсон нь апп-ий шинэ дээд амжилт болжээ. Хамгийн сонирхолтой нь уг нүсэр платформын ард арваадхан тооны хүнтэй баг ажилладаг нь анхаарал татаж буй сэдэв болоод байгаа юм.



ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ? 

Хэрвээ та твиттер хаягтай бол эхний ээлжинд апп-ийг ашиглах, хүрээллээ тогтооход илүү хялбар байх болно. Учир нь таныг анх удаа нэвтрэх үед твиттер хаягтай тань холбогдон дагадаг хүмүүстэй тань автоматаар холбодог. Ажиллах зарчим, онцлогийн хувьд твиттерийн подкаст хувилбар хэмээн зүйрлэгдсэн нь ч бий. Нөгөө талаас апп маш цэвэрхэн загвартай, хэн ч хараад ойлгохуйц бүтэцтэй, функц нь цэгцтэй гэдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй.

Хэлэлцүүлгийн өрөө бүр "зохицуулагч", "илтгэгчид", "сонсогчид" гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Зохицуулагчид хэлэлцүүлгийн өрөөний сэдэв цагийг урьдчилан зарлах бөгөөд илтгэгчдийн бүрэлдэхүүнийг сонгож бүрдүүлдэг. Шаардлагатай тохиолдолд зохицуулагчийн үүргээ өрөөнд буй өөр нэгэнд шилжүүлэх ч боломжтой. Сонсогчид нь ихэвчлэн уг апп дээр тухайн илтгэгчдийг дагасан хүмүүсээс бүрэлдэх ч хэлэлцүүлгийн сэдэв таалагдсан хэн боловч тус өрөөнд нэвтэрч, илтгэл яриаг чөлөөтэй сонсох болно. Хэрвээ та сонсогч ч гэлээ үг хэлэхийг хүсвэл "Raise a hand" товчлуурыг дарж зохицуулагчид мэдэгдэн, зөвшөөрөл авч ярих юм.

Мөн энд "клуб" буюу тогтмол өрөө үүсгэж, хэлэлцүүлэг хийх сонирхлоороо нэгдсэн комьюнити үүсгэх боломжтой. Гэхдээ хэт замбараагүй, олон янзын клуб үүсгэхгүйн тулд нэг хэрэглэгчид нэг клуб үүсгэх дүрэм баримталж, клуб үүсгэхийн тулд заавал гурван удаа өрөө үүсгэж, хост хийсэн байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа гэнэ.

Өөр нэг онцлох зүйл нь та аудио яриаг сонсонгоо утсан дээрээ өөр зүйлс хийх боломжтой нь байв. Өөр апп руу орж өөр үйлдлүүд хийсэн ч, эсвэл бүр утсаа түгжсэн ч сонсож буй хэлэлцүүлэг тань зогсохгүй. Энэ нь хэрэглэгчдэд "идэвхгүй" горимд ч мэдээлэл хүлээн авах боломжийг олгосон аж.

Апп-ий зорилго зөвхөн үр дүнтэй аудио хэлэлцүүлгүүдэд чиглэдэг нь тун аятайхан. Монголын "Clubhouse" хэрэглэгчид хэрэгцээтэй, сонирхолтой сэдвүүдийн хүрээнд тогтмол яриа өрнүүлэх комьюнитиг үүсгээд эхэлснийг онцолъё.

Одоогоор хэрэглэгчид долоо хоногт дунджаар 10-12 цагийг апп-д өнгөрүүлж байгаа гэнэ. Азиас япон, хятадууд хамгийн их хэрэглэж байгаа аж. Хэрэглэгчдийн хүрээ, хэрэглээ нэмэгдэх тусам аудио өрөөнүүдэд хэлэлцүүлгийн соёл, илтгэлийн шинэ хэв маягууд бий болж байна. Мэргэжлийн мэтгэлцээн, онлайн эвэнтүүд, тэр байтугай эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ ч болсон. Ирээдүйд өөрөөр хэрхэн хөгжих, цахим орчинд ямар шинэ хандлагыг шинээр нэвтрүүлэх нь тун сонирхолтой.



САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем буюу "Apple"-ийн гар утсууд дээр ажиллаж байгаа нь хэрэглэгчдийн хүрээг хумьж буй. Ойрын хугацаанд Android үйлдлийн системд нэвтрэх тухай хэд хэдэн эх сурвалжуудад дурджээ. Үүнийгээ тэд микрофоны чанарыг хамгийн сайнаар хадгалахын тулд хэмээн тайлбарлаж буй.

Аудио өрөөнүүдэд өрнөсөн яриаг зөвхөн тухайн цагт нь л шууд сонсох боломжтой бөгөөд бичигдэн үлддэггүй онцлогтой. Иймд хэрэглэгчид таалагдсан яриа, хэлэлцүүлгүүдийг хувиараа Youtube, SoundCloud зэрэг платформд подкаст, бичлэг зэрэг хэлбэрээр байршуулж байгаа бөгөөд цаашид хэлэлцүүлгүүдийг дахин сонсох боломжтой болговол хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хэрэгцээтэй болох мэт.

Өөр нэг онцлох зүйл нь хэт олон хэрэглэгч нэг өрөөнд орох үед үүсэх "эмх замбараагүй" байдал. Зарим "халуухан" ярианы үеэр хэрэглэгчид нэгэн зэрэг ярих, хоорондоо "микрофон булаалдах" зэрэг үйлдлүүд гарч байв. Сайн модератортой байх нь чанартай өрөөний гол шинжүүр байх төлөв ажиглагдлаа.