Теди гэдэг нэрийг сонсвол яах аргагүй гар утас, засвар үйлчилгээ, дагалдах хэрэгсэл гэх үгс орж ирдэг. Тэгвэл уг худалдааны төвийн нэг давхарт байрлах Мобиком Корпорацийн хэрэглэгчийн үйлчилгээний хамгийн том салбар болох Теди төв өнгө төрхөө шинэчилж, илүү дижитал, илүү ээлтэй болжээ. Энэхүү төвд буй технологийн дэвшлүүд болон бусад онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулъя. 

5G-г бодитоор туршиж үзэх

Сүүлийн үед 5G сүлжээ нь бидний ашиглаж буй 4G сүлжээнээс хэд дахин илүү хурдтай болсон тухай зөндөө л сонссон байх. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг 5G-г бодитоор туршиж үзье гэвэл Теди дижитал төвийг зориорой. Уг төвийн 5G турших хэсэгт 5G сүлжээнд холбогдсон ухаалаг гар утаснууд байхаас гадна 5G-ийн ачаар интернэтэд хурдан холбогдоно. Мөн мета хот тэргүүтэй дэд бүтцийн ямар олон асуудал шийдэж болохыг харах боломжтой.

Өчигдөр миний бие 5G-г биеэрээ очиж туршихад татах хурд нь 2Gbps буюу өдгөө бидний ашигладаг хамгийн хурдан интернэтээс даруй 20 дахин өндөр байсан.


Бүх үйлчилгээг нэг дор шуурхай авах

Мобикомын дугаар, Мобинетийн интернэт, VOO үйлчилгээ зэрэг Мобикомоор овоглосон бүх үйлчилгээг нэг дороос тухтай, хурдан шуурхай авах боломжтой. Зөвхөн хүүхэд хөхүүлэх, хуурайлах өрөөг анзаарвал уг төв үйлчлүүлэгчдийнхээ тав тухад хэр анхаарсныг мэдэж болно.

Теди дижитал төвд 40 гаруй ажилтан ажилладаг тул үүдээр ороод хаанаас ямар үйлчилгээ авахгүй мэдэхгүй байх, урт дараалалд цагаа үрэх зэрэг хүндрэл учрахгүй. Таны шийдүүлэхийг хүссэн асуудлаас хамаараад тусдаа өрөөнд хүртэл орох боломжтой.

Түүнчлэн уг төв нь дижитал хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой учир уламжлалт цаасан танилцуулга, тараах материалыг халж, өөртөө үйлчлэх олон төхөөрөмжтэй болжээ. Мөн үйлчилгээний ажилтнууд ухаалаг таблет бариад, зорин ирсэн үйлчлүүлэгчдийн дундуур явж, газар дээр нь үйлчилгээгээ үзүүлж, асуудлуудыг шийддэг нь тун сонирхолтой санагдав.


Ухаалаг утас худалдан авах, засуулах

Apple, Samsung, Huawei, ZTE брэндийн гар утас, төхөөрөмжийг албан ёсны эрхтэй худалдан авч болохоос гадна Монголын анхны олон улсын стандартын дагуу тохижуулсан Баталгаат засварын төвөөр үйлчлүүлж болно. Тиймээс шинэ ухаалаг утас авах гэж байгаа эсвэл ухаалаг утасныхаа гэмтлийг засуулахыг хүсвэл уг төвөөр ороод гараарай.

Хэрэв та ухаалаг утас засварын төвийг жижиг талбайтай, зорчиход хүндрэлтэй байдаг гэж боддог бол Теди дижитал төвд зочилсноор тэрхүү бодлоо үүрд өөрчлөх болно. Уг дижитал төв гар утас болон үйлчилгээний хэсгээ салгаснаас гадна дотоод зохион байгуулалтаа илүү цэлгэр, минимал болгож үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, тухтай орчин бүрдүүлж чадсаныг дурдах нь зүйтэй болов уу.


Таатай үйлчилгээ авах

Шуудхан хэлэхэд ихэнх үйлчилгээний газрын ажилтнууд тийм ч найрсаг байдаггүй. Гэхдээ үүнд зөвхөн үйлчилгээний ажилтнуудыг буруутгах боломжгүй. Ажиллах орчин, амрах хэсэг гээд олон асуудал тухайн ажилтны ажлаа хийх хандлагад нөлөөлдөг. Үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хэдий чинээ сэтгэл хангалуун, ажилдаа дуртай байна төдий чинээ үйлчилгээ авч буй хүн сэтгэл хангалуун байна.

Теди дижитал төвийн “арын өрөө” бүрийг биечлэн орж үзсэн хүний хувьд хэлэхэд уг төв ажилчдынхаа таатай ажиллах нөхцөлийг үнэхээр сайн бүрдүүлсэн гэж дүгнэнэ.