Монголд наадам, Францад Олимп, харин Саудын Арабд и-спортын их наадам болж байна. Тодруулбал, Esports World Cup (EWC) нь хамгийн алдартай 21 и-спортын төрлийг нэгтгэсэн, хоёр сарын турш үргэлжлэх, нийт 60 сая ам.долларын шагналтай хамгийн өргөн цар хүрээ, өндөр шагналтай и-спортын тэмцээн юм.
Уг тэмцээнд манай улсаас дараах таван баг оролцож байна.
Mobile Legends: IHC
PUBG Mobile: IHC
PUBG Mobile: Falcon Force
PUBG Mobile: 4Merical Vibes
CS 2: MongolZ
MOBILE LEGENDS: IHC
Тус тоглоомын сар тутмын идэвхтэй тоглогчийн тоо: 80 сая
2020 оноос Positive Gaming нэрээр олноо танигдаж, дотоодын тэмцээнүүдэд тасралтгүй түрүүлж байгаад Турк болон Филиппин улсад бэлтгэлийн байртай (bootcamp) болж, Монголоос MLBB төрлөөр дэлхийд гарсан анхны баг бол гарцаагүй өнөөгийн IHC. Тэд өнгөрсөн жил Team Lilgun нэрийн дор дэлхийн аварга буюу M5-д амжилттай оролцсон нь тус тоглоом Монголд хөгжих, манай улс өөрсдийн гэсэн сервертэй болох, олон улсын тэмцээн уралдаануудын эрхийн төлөө өрсөлдөх боломж бүрдүүлсэн юм.
Тэд энэ удаагийн EWC-ийн эрх авах тоглолтод (wildcard) Монголоос шалгарсан ч үндсэн шат руу орох хэсэгтээ хожигдож, тэмцээнээ 20-21 байранд, 32,000 ам.долларын шагналтай өндөрлүүлсэн билээ. Тус багийн тоглогч Ethan-аас манай редакцад ирүүлсэн сэтгэгдлийг хүргэе:
"Бид Ряад хотод хоёр дахь удаагүй ирж байна. Өмнө нь ирэхдээ бууж байсан таван одтой Hilton зочид буудалд буусан. Хоол, унд бол ярих юмгүй. Хүссэн бүх л зүйл бий. Тоглогч бүрийг өдрийн 800 долларын үнэтэй өрөөнд байрлуулснаас гадна, өдөртөө нийт 360 долларыг хоолонд зарцуулж байсан.
Хамгийн гоё нь тоглоомын өрөө. Энэ хэсгийг эхнээс нь тохижуулж, бэлтгэлээ хийхээс гадна амрах, хөгжилдөхөд хэрэгтэй бүх л зүйлсийг бүрдүүлсэн байсан. Мөн тоглогч нарт зориулсан бэлдсэн бэлэг, тусгайлан өгсөн цамц зэрэг нь бидний оролцож байсан олон тэмцээнээс үнэхээр өөр түвшинд байж чадсан шүү.
Ганц сэтгэлд хүрээгүй зүйл нь манай багийн тоглолт. Дасгалжуулагч маань гэнэтийн шалтгааны улмаас хамт ирж чадаагүйгээс гадна өөр шалтгаануудын улмаас хангалттай хэмжээнд тоглож чадаагүй. Уул нь үндсэн шат руугаа орж чадахаар байсан юм."
PUBG Mobile: IHC, Falcon Force, 4Merical Vibes
Тус тоглоомын сар тутмын идэвхтэй тоглогчийн тоо: 250 сая
Өнгөрсөн оны 12-р сард болсон PUBG Mobile Global Championship 2023 буюу энэ тоглоомын хамгийн нэр хүндтэй, өндөр шагналтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гурван монгол баг 1, 2, 4-р байрт орсон нь манай улсын и-спортын хувьд түүхэн үйл явдал байсан билээ. Товчхондоо, өдгөө Монгол Улс PUBG Mobile төрлөөр бүсдээ төдийгүй Дэлхийн түвшинд ялалт байгуулж, ноёрхож буй. Уг ноёрхлыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан багууд бол гарцаагүй IHC, Falcon Force, 4Merical Vibes нар.
Тэд ирэх долоо хоногт Саудын Арабын Ряад хотыг зорьж, долоодугаар сарын 19-28-ны өдрүүдэд 3 сая ам.долларын төлөө дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөнө.
CS 2: The MongolZ
Тус тоглоомын сар тутмын идэвхтэй тоглогчийн тоо: 5 сая
Ойлгоход энгийн атлаа, сурахад хүндхэн энэхүү и-спортын төрлөөр сүүлийн жилд Ази тивдээ ноёрхож, Дэлхийн түвшний тэмцээнүүдэд урьд хожид байгаагүй амжилт гаргаж буй, Монголын төдийгүй Азийн бахархалт баг бол The MongolZ. Тэд өнгөрсөн сард анхны S-Tier буюу хамгийн дээд түвшний тэмцээн болох YaLLa Compass 2024-д түрүүлж 200,000 ам.долларын эзэд болсон билээ.
Тэд долоодугаар сарын 17-21-ний өдрүүдэд Ряад хотод 1 сая ам.долларын төлөө өрсөлдөнө.
Яагаад EWC гэж?
Өнгөрсөн жил Саудын Арабын Угсаа залгамжлах ханхүү EWC-ийг албан ёсоор зарлаж, тус улс и-спортын төв болох зорилготой гэдгээ мэдэгдсэн юм. Энэ жилээс эхлэн жил бүр зохион байгуулагдах уг тэмцээн нь 2030 он гэхэд тоглоомын салбарын Саудын Арабын ДНБ-нд оруулах орлогыг 13.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, 39,000 шинэ ажлын байр бий болгох төлөвтэй байгаа аж.
Энэ утгаараа тэд и-спортод ихээхэн хөрөнгө оруулж, хамгийн өндөр шагналын сантай EWC-ийг зохион байгуулж буй. Тус шагналын шанг дараах байдлаар хуваарилна.
33 сая ам.доллар: 21 төрлийн тоглоомын ялагч багуудад
1 сая ам.доллар: Шилдэг тоглогчид
7 сая ам.доллар: Эрхийн төлөөх тоглолтууд
20 сая ам.доллар: Хамгийн олон ялалт авсан и-спортын байгууллага/клуб