2019 оны 7-р сард Facebook шинэ апп, бүтээгдэхүүн хөгжүүлэх New Product Experimentation Team-ийг үүсгэж байгаагаа зарласан билээ. Тэд энэ багийнхаа тусламжтайгаар зах зээлд дуулиан тарьж, дараагийн Фэйсбүүк, дараагийн Гүүгл шиг амжилт үзүүлэх санааг эрэлхийлэх зорилготой гэдгээ ч нуугаагүй. Үүнийхээ хүрээнд тэд Facebook, Instagram, WhatsApp-ийн тоон өгөгдөл дээр суурилан хэрэглэгчдийн хамгийн их хүсэж сонирхож буй чиглэлүүдэд шинэ санаа хөгжүүлж, хэд хэдэн апп гаргасан юм.

Гэвч одоог хүртэл тэд хэрэглэгчдийг соронздох онцгой бүтээлээ олж чадаагүй л байна. Өнгөрсөн сард л гэхэд Facebook Тикток-ийн өрсөлдөгч болох учиртай байсан Lasso, Пинтерестийн дуураймал Hobbi апп-уудын хөгжүүлэлтээ зогсоож байгаагаа зарлав. Гэхдээ тэдний найдлага тасраагүй. Энэ удаа бид энэ багийн хөгжүүлж буй хамгийн сонирхолтой апп-уудаас онцлон танилцуулж байна.

Анхааруулга: Зарим апп-ууд нь зөвхөн тодорхой улсуудад туршилтын журмаар гарсан учраас татагдахгүй байх магадлалтай.

Unread

Whale - МЕМЕ бүтээгч

Whale бол хамгийн хялбар бөгөөд хурднаар меме бүтээхэд туслах апп. Дурын зураг дээрээ төрөл бүрийн стикер, эможи, филтер, текст нэмж, түүнийгээ сошиал медиад чөлөөтэй хуваалцах боломж олгох энэ апп төрөл бүрийн хэмжээтэй темплэйт, чөлөөтэй ашиглаж болох зургийн сантай гэдгээрээ онцлог. Ижил төстэй бусад апп-уудтайгаа харьцуулахад үнэгүй гэдгээрээ ялгардаг.

Турших

bump - Найзаа ол

NPE-ийн хамгийн эхэнд гаргасан апп бол Bump. Шинэ найзуудтай бол гэсэн даруухан уриатай энэхүү апп хүмүүсийг царайгаар биш харилцан яриагаар дамжуулж холбох зорилготой. Та дурын асуултаа бичиж, түүнд нь хүмүүс хариулж, таалагдсан хэрэглэгчтэйгээ хувийн чат үүсгэж танилцах боломжийг энэ апп олгоно. Ямар ч зураг, видео, линкгүй зөвхөн текст л Bump-ийн онцлог. Уламжлалт сошиал медиад зураг, зүс царай хэт давамгай байр эзэлдгийг тэд сөрөхийг хүсжээ. Мөн олон хүнтэй зэрэг бус зөвхөн нэг хүнтэй л тухайн үедээ бичих боломжтой, чатандаа 30 секундын дотор л хариу өгөх зэрэг хэд хэдэн сонирхолтой журам энд үйлчилдэг гэнэ.

Турших

aux - ВИРТУАЛ дижэй

Aux бол ахлах сургуулийн сурагчдад зориулсан виртуал үдэшлэгийн DJ. Орой бүрийн 21 цагт эхлэх үдэшлэгт хэрэглэгчид өөрийн сонсмоор байгаа дууг оруулж, улмаар түүндээ "clap" буюу "алга ташилт" цуглуулж өрсөлдөнө. Хамгийн их алга ташилттай дууг Aux-ийн дижэй эгшиглүүлж, бүх хэрэглэгчид нэгэн зэрэг сонсоно гэсэн үг. Өөрийн дуртай дуу, дуртай хамтлагаа бусдад санал болгож, хамтдаа нэгэн цаг мөчид ижил мэдрэмж авах боломжийг өсвөр насныханд олгох нь тэдний зорилго ажээ.

Турших

tuned - хосуудын чат

Tuned бол зөвхөн хосуудад зориулсан чат апп. Сонирхолтой санагдахгүй байна уу? Тэгвэл энэ апп зөвхөн хоёр хүний хооронд л ашиглагдах боломжтой бүтээгдсэнээрээ онцлогтой. Та өөрийн хосыг чатдаа нэмж, хоорондоо төрөл бүрийн стикер, эможи ашиглан чатлахаас гадна дуртай дуугаа илгээх, сэтгэл-мэдрэмжийн байдлаа хуваалцах нэмэлтийг тусгаж өгчээ. Дундын хуудсаа төрөл бүрийн контент, сэтгэгдлүүдээр дүүргэх боломжтой нь эгээтэй л тэмдэглэлийн дэвтэр мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Турших

catchup - Аудио чат

CatchUp бол аудио чат. Зөвхөн залгаж, ярихад зориулагдсан сошиал чат. Хэрэглэгчид өөрийн статусыг оффлайн, онлайн гэж тохируулан, дуудлага хүлээн авах боломжтой болно. "Хүмүүс нэгэнт утсаар ярихаа больсон учир яагаад зөвхөн ярихад л зориулсан апп хийж болохгүй гэж?" хэмээн тэд үзэж энэ апп-аа эхлүүлжээ. Мөн групп дуудлага хийх боломж нь Covid-19-ийн үед эрэлттэй нэмэлт байх нь гарцаагүй. Гол нь тэд хүмүүсийг статусаа тохируулж, ярих боломжтой үеэ бусдад илтгээрэй хэмээн зөвлөж байна.

Турших

venue - онлайн цэнгэлдэх

Venue бол гэртээ ганцаараа дуртай спортынхоо уралдаан тэмцээнийг үзэж буй фенүүдэд зориулсан виртуал цэнгэлдэх хүрээлэн. Та энд өөрийн үзэж буй тэмцээнээ бусадтай хамт үзэж, сэтгэгдлээ хуваалцаж, экспертүүдийн мэдээллийг хүлээн авч, мөн мэргэжлийн тайлбар сонсох боломжтой. Одоогоор зөвхөн машины уралдааны хэд хэдэн тэмцээнээр хязгаарлагдаж буй энэ апп фенүүдийн цуглардаг онлайн коммюнити болох зорилго өвөртөлж буй.

Турших

forecast - Таамгаараа өрсөлд

Forecast магадгүй NPE-ийн хамгийн оригинал санаатай апп байж мэднэ. Энд хэрэглэгчид ирээдүйд болох ямарваа нэгэн үйл явдалтай холбоотой таамгаа дэвшүүлж, түүнийгээ тайлбарлан, бусад хэрэглэгчидтэй хэлэлцүүлэг үүсгэдэг. Улмаар уг таамаг хэрхэн биелснээс хамааран оноо цуглуулж, бие биетэйгээ өрсөлдөх боломжтой. Сошиал таамаг бодит нөхцөл байдалтай хэр нийцэж байгааг харах маш сонирхолтой талбар.

Турших