Дэлхийн ухаалаг утасны зах зээлд шинэлэг уур амьсгал, шилдэг технологийн шийдлүүдээрээ хүч түрэн орж ирэх болсон онцлох брэндүүдийн нэг бол Honor билээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд зах зээлд эзлэх хувиараа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж буй тус брэндийн толгой компани нь Huawei бөгөөд үргэлж шинийг эрэлхийлдэг, ухаалаг хэрэглээг эрхэмлэдэг залуучуудад зориулан хөгжүүлж буй брэнд юм. Тэгвэл бид энэ удаагийн Techworm булангаараа тус брэндийн Honor 10i гар утастай танилцаж, онцлон тоймлохыг зорилоо. Таны хэрэглээнд нийцэх эсэхийг сонжин уншихыг урьж байна. Сонирхуулахад, Honor брэндийн ухаалаг утсыг та бүхэн Smart Store-оос худалдан авах боломжтой билээ. 



Анхны харц

Honor-ийн утаснууд анх харангуут нүд булаам гоёмсог дизайнаараа ялгардаг. 10i ч энэ уламжлал ёсоор хамелеон өнгө, нүүр дүүрэн-хүрээ багатай дэлгэцээрээ премиум зэрэглэлийн утастай дүйцэхүйц загварлаг болжээ. Арын хэсгийн өнгөний хослол нь туйлын туяанаас сэдэвлэгдэн бүтээгдсэн нь тун чиг нандин сэтгэгдэл төрүүлнэ.

Чихэвчний оролт, хурдан цэнэглэгч андройд цэнэглэгч буюу Micro-USB-тэй энэ утас шилэн дэлгэц, метал хүрээгүй ч удаан хугацаанд хэрэглээ даах чадалтайг үйлдвэрлэгчид онцолж буй. Мөн Honor-ийн хамгийн их ач холбогдол өгөн хөгжүүлдэг хурууны хээ танигчаар тоноглогдсон аж. Түгжээгээ нүүрээрээ тайлагч "Fast Smart Face Unlock" нь нүд аниастай үед ажиллахгүй гэдэг нь илүү аюулгүй болсны нэг баталгаа болжээ.


Үзүүлэлт болон батарей

Honor 10i -ийн тархи болсон Kirin 710 чипсет өдөр тутмын хэрэгцээг хангахуйц процессор, 4GB санах ой, мөн хангалттайгаас илүү 128GB багтаамж, нэмэлт мемори карт хийх оролт зэргийг агуулна. Энэ бол ихэнх хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг бүрэн хангаж, имэйл шалгах, Youtube-ээс бичлэг үзэх, сошиал орчинд ‘скроллдох’, хөнгөн тоглоомууд тоглоход хангалттай гэсэн үг. Kirin бол Huawei-ийн өөрсдөө хөгжүүлдэг, сүүлийн үед огцом сайжирч буй чип.

Утасны 2340x1080 хэмжээтэй, 16.7 сая өнгө харуулах, утасны 90 хувийг эзлэх хүрээ багатай дэлгэцээр кино, тоглоом, текстүүд бүгд өндөр нягтаршилтай харагдана. Шаардлагатай үед дэлгэцийн нягтаршлийг бууруулж цэнэг хэмнэж болох ч тун давгүй батарей зарцуулалттай тул ингэх шаардлага бараг л гарахгүй л болов уу. Үүнээс гадна тэд дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяаг автоматаар багасгаж хэрэглэгчийн нүдийг хамгаалах шийдлээ зах зээл дээрх хамгийн шилдэг нь гэж онцлоод буй. Уг "Eye-care mode" -ийг асаасан үед дэлгэцнээс юм харахад эвтэйхэн байсан тул зөвхөн орой, харанхуйд ч биш өдөр-гэрэлтэйд ч асаалттай явах болсон нь санамсаргүй хэрэг биш.

Honor 10i -ийг турших хугацаанд цэнэг зарцуулалт нь тун дажгүй юм гэсэн үнэлгээ өгөхүйц байлаа. Би өөрийгөө утасны хэрэглээ өндөртэй хүмүүсийн нэг гэж боддог. Байнгын асаалттай дата, утасгүй чихэвчээр өдрийн ихэнхийг ямар нэг зүйл сонсож өнгөрүүлдэг, яагаад ч юм ойр ойрхон цаг агаар хардаг, дэлгэцийн гэрлийг доод талдаа 80% орчим байлгадаг хэрэгцээндээ нийцүүлэхийн тулд өдөрт дор хаяж хоёроос гурван удаа цэнэглэх шаардлага гардаг байлаа. Харин Honor 10i-ийн 3400mAh багтаамжтай батарей миний ‘хүнд’ хэрэглээг өлхөн дааж өдөрт нэг л удаа цэнэглүүлж байсан нь жигтэйхэн таалагдав.

Үйлдлийн систем болон онцлох нэмэлтүүд

Андройд утаснууд олон шинэ, содон, хэрэгцээтэй системийн нэмэлтүүд олгодгоороо өрсөлдөгчдөөсөө илүү ‘сонирхолтой’ байж чаддаг. Honor 10i-т алхам тоолох, Theme солих, утасны хэрэглээгээ харах, хянах зэрэг уламжлалт нэмэлтүүд бүгд байх агаад бидний анхаарлыг татсан хоёр нэмэлтийг нь онцолъё.

Эхнийх нь, Party mode. Үүний ашиглан нэг WiFi -д холбогдсон бусад андройд төхөөрөмжүүдээ өсгөгч-спикер болгон ашиглах боломжтой. Нэг ёсондоо найзуудаараа нэгэн зэрэг нэг дуу илүү чангаар тавьж, хаа байгаа газартаа парти эхлүүлж байна гэсэн үг. Сонирхолтой байгаа биз?

Нөгөөх нь, утсанд шууд суусан ViSenze-ийн AI шоппинг технологи. Та дэлгэцэн дээр гаргасан дурын зурган дээрээ хоёр хуруугаараа удаан дарахад уг хэсэгт байрласан эд зүйлстэй ижил төстэй бүтээгдэхүүнийг интернэтээс хайж гаргаж ирэх болно. Нэг ёсондоо онлайнаас хайлт хийх, шоппинг хийх үйл явцыг хурдасгаж байгаа хэрэг.

Сүүлийнх нь, GPU Turbo 2.0. Honor-ийн ухаалаг утаснууд хэрэглэгчдийн мобайл тоглоом тоглох хэрэглээг ихэд анхаарч, өндөр дүрслэл, хүчин чадал шаарддаг тоглоомуудын үеэр идэвхждэг хурдасгуурын технологийг хөгжүүлэх болсон нь GPU Turbo 2.0 юм. Та PUBG, Fortnite зэрэг тоглоом тоглоход энэ турбо автоматаар идэвхжиж, ямар нэгэн гацалт, эсвэл бүрзгэр дүрслэлгүйгээр тоглох боломжтой болно гэсэн үг. Магадгүй энэ нь бусад ижил зэрэглэлийн утаснуудаас Honor-ийг ялгах гол давуу тал нь байж мэднэ.

Өөр нэг онцлох зүйл нь, Play Store хэрэглэх боломж. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Хятадын зарим компаниуд рүү чиглэсэн хориг арга хэмжээний улмаас америк компаниуд тэдэнтэй бизнес хийх нь тун хүндрэлтэй болсон. Үүний улмаас Huawei-ийн утаснууд Google-ийн системийг ашиглах боломжгүй болж, системийн шинэчлэл, апп дэлгүүр зэрэг хялбархан ашигладаг байсан үйлчилгээнүүдээ үргэлжлүүлэх боломжгүй болоод байсан юм. Гэхдээ Honor 10i-т Google Play Store-ийг ашиглах боломжтой байсан нь энгийн мэт санагдаж болох ч хэрэглэгч талаасаа асар том хожоо байлаа.

Камер

Honor 10i сэлфи камерыг оруулбал нийт 4 камертай. Утасны ард 24 мегапикселийн үндсэн камер, 8 мегапиксел ultrawide буюу өргөн зураг авах камер, 2 мегапикселийн орчны зайг мэдрэх камер гээд нийт гурван камер байрлажээ.

Дэлгэцний дээд хэсэгт 32 мегапиксел камер сүүлийн үеийн залуусын хамгийн дуртай хэрэглэдэг тохиргоо болсон "beauty mode" болон хиймэл оюунтай хоршиж батга, сэв арилгах, арьс толийлгох, шүд цайруулах гэх мэт тооцооллуудыг хийснээр "хөөрхөн" харагдуулдаг юм байна. Сельфи камераа "ультра" хэмээн онцлон тодотгож байгаа нь нэгийг илэрхийлнэ.

Камераасаа хамгийн онцлох зүйл нь AI технологи. Зураг авах тутам таны зургийг өмнөөс тань сайжруулах хиймэл оюун энд ажиллаж буй. Нэг камераар нь зураг дарсан ч танд мэдэгдэхгүйгээр бусад камераараа зураг авч үндсэн камерын зурагтай хольж боловсруулалт хийснээр илүү сайн зураг санал болгодог нь күүл. Үүнээс гадна энэ технологи урьдчилан сургасан 22 төрлийн 5000 гаруй орчин, дүрслэл дээр үндэслэн хамгийн тохиромжтой камерын тохиргоог автоматаар санал болгодог гэнэ.

Шөнийн зураг ч мөн бусад утасны адил 2-5 секунд хөдөлгөөнгүй барьж чадвал боломжийн зураг гарч байна. Бид камерыг туршсан зургуудаасаа сонирхуулъя.

ЗурагТайлбар
6х татсан зураг
3x татсан зураг
Энгийн тохиргоотой зураг
Wide буюу өргөн камераар дарсан зураг

Эцэст нь

Honor 10i нь өдөр тутмын ухаалаг төхөөрөмжийн хэрэгцээг үр дүнтэй хангаж чадахуйц дэвшилтэт бүтээгдэхүүн болжээ. Таны төсөвт нийцсэн маш боломжийн үнэтэй уг утас өөрт оногдсон бүхий л үүргээ гүйцэтгэж чадах "халаасны найз"-тай болох нь ухаалаг сонголт байх болно шүү. Уг утас Smart Store-ийн бүх салбаруудаар борлуулагдаж байна.

Санал болгох: Smart Store - Хүссэн утсаа ашигтай нөхцлөөр