Common Sense Media-ийн тайланд дурдсанаар ухаалаг утас ашиглаж буй 8-12 насны хүүхдүүд өдөрт 5.5 цаг, 13-18 насны өсвөр насныхан өдөрт 8.5 цагийг YouTube, TikTok, видео тоглоомд зарцуулж байгаа аж. Хэдий энэ төрлийн төхөөрөмж нь анхаарал сарниулах, цаг хомслохоос эхлээд олон сөрөг талтайг эцэг эхчүүд мэдэж буй ч бодит амьдрал дээр хүүхэдтэйгээ харилцаа холбоо тогтоох хамгийн хялбар хэрэгсэл нь ухаалаг утас гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Энэ удаагийн нийтлэлээрээ хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээ хийгээд байршлыг хянах хүсэлтэй эцэг эхчүүдэд туслах аппын жагсаалт, тэдгээрийн давуу болон сул талыг хүргэж байна.
1. apple screen time
iPhone дээрх Family Sharing цэсээр дамжуулан та хүүхдийнхээ ухаалаг утастай өнгөрүүлж буй цагийг хянаж, тодорхой апп (Instagram, Tiktok гэх мэт), бүлэг апп (Entertainment, Gaming)-т зарцуулж байгаа хугацааг статистик байдлаар дэлгэрэнгүй харах боломжтой. Утасных нь screen time-ийг бүхэлд нь тохируулахаас гадна өдөрт TikTok 20 минут, Instagram 15 минут зэргээр хязгаарлаж ч болох юм.
Хүүхдийнхээ Apple ID дээр өөрийнхөө виза картыг холбосон, аль эсвэл дундаа Apple ID ашигладаг эцэг эхчүүдэд түгээмэл тохиолддог асуудал бол гэнэтийн худалдан авалт. Харин танай гэр бүл Family Sharing ашигладаг бол хүүхдийнхээ татсан апп бүрийг хянаад зогсохгүй Apple store дээрх худалдан авалтыг нь ч хязгаарлаж чадах юм. Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай вэбсайтыг хааж, хөгжим, видео, номын агуулгад насны хязгаарлалт тавьж болно.
Мөн iOS17 үйлдлийн системээс онцлох сайшаалтай зүйл нь Sensitive Content Warning буюу ёс бус агуулга бүхий зураг, бичлэгийг урьдчилан харахаас өмнө анхааруулга гаргах функц. Хэрвээ хүүхдийн чинь утас iOS17 үйлдлийн системтэй бол порнограф агуулга, цус нөж гэхчлэн ёс бус контент дэлгэцэн дээр нь шууд харагдахгүй гэсэн үг.
Гэхдээ тухайн зургийг харах эсвэл бусдад мэдэгдэх эсэх нь хүүхдийн сонголт тул энэ төрлийн сонордуулга эцэг эхэд очихгүй гэдгийг анхаарууштай.
Үнэ: Үнэгүй
Энэ төрлийн ихэнх аппууд Downtime буюу утсыг ашиглах боломжгүй цагуудыг уян хатан байдлаар тохируулах боломжийг олгодог бол Family Sharing дээр өдөрт ердөө ганцхан удаа л Downtime тохируулах сонголттой нь учир дутагдалтай. Хүүхдийн дугуйлан, хичээлийн цаг, гэрийн даалгаврын хуваарь, амралт гээд өдөр бүр ялгаатай байдлаар өнгөрдөг учраас Downtime олон сонголттой байх нь тун чухал.
Мөн iPhone-ийн Find My аппаар дамжуулан хүүхдийнхээ тодорхой байршлуудад ирсэн, явсан мэдэгдлийг авах боломжтой ч Qustodio зэрэг апптай адил байршлын түүхийг хадгалах боломжгүй нь бас нэгэн сул тал.
Family Sharing, Sensitive Content Warning зэрэг нэмэлт функцыг ашиглахын тулд төхөөрөмжүүд бүгд iOS 17 үйлдлийн системтэй байх шаардлагатай. Харин iOS 17-ийг зөвхөн iPhone XS-ээс хойших утсанд татах боломжтой гэдгийг анхаараарай эцэг эхчүүдээ.
2. google family link
Google Family Link нь 13-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан апп. Эцэг эх нь iPhone ашигладаг ч Android утастай хүүхдүүдэд хамгийн тохиромжтой. Google-ийн зүгээс 13-аас дээш насны хүүхдүүдэд өөрийн бүртгэлээ үүсгэх, Google Family Link-ээс татгалзах сонголтыг олгодог тул бага насны хүүхдэд илүү тохиромжтой хэмээн тодотгох нь зүй.
Хамгийн том давуу тал нь бүхэлдээ үнэгүй. Мэдээж энэ төрлийн бусад апптай адил хүүхдийнхээ ухаалаг утсанд зарцуулж буй хугацааг хянах, хязгаарлах сонголт бий. Түүнчлэн Google-ийн толгой компани Alphabet-ийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа YouTube, YouTube Music-ийн автоматаар видео тоглуулах цэсийг идэвхгүй болгох, видеоны агуулгыг хүүхдийн насанд тохируулан өөрчлөх, YouTube дээр үзсэн, хайсан контентын мэдээллийг хүлээн авч болно. Хүүхдийнхээ ямаршуу төрлийн видео үзэж буйг мэдэхийн тулд утсыг нь сэмээрхэн оролдох шаардлагагүй гэсэн үг.
Downtime цагийг хүссэнээрээ тохируулах нь бас нэгэн давуу тал. Үүнийг идэвхжүүлснээр та хүүхдээ шөнөжингөө тоглоом тоглож, найзуудтайгаа чаталж байх вий хэмээн санаа зовох шаардлагагүй болно. Мөн хүүхдийнхээ утсыг аппын нүүр хэсгээс яаралтай дуудлага хийхээс бусдаар ашиглах боломжгүй болгон цоожлох цэс бий.
Хүүхдийнхээ байршлыг та Google map-ээс шууд харах боломжтой төдийгүй гэр, сургууль, дугуйлан зэрэг байнга зорчдог байршлын мэдээллийг оруулж, тухайн байршлаас гарч, орох болгонд утсанд тань сонордуулга ирнэ.
Google Family Link нь насанд хүрэгчдэд зориулсан сайт, аппын хүсэлтийг хориглох тохиргоотой ч зөвхөн Chrome, Google Play-ийн хүрээнд л ажиллана гэдгийг анхаараарай.
3. qustodio
Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бол Qustodio-г туршаад үзээрэй.
Утасны хэрэглээг хязгаарлахын тулд цагийн хуваарийг маш олон байдлаар тохируулж болдог нь дээрх хоёр аппаас ялгарах гол онцлог нь. Хичээлийн цагаар нийгмийн сүлжээ, оройн цагаар стрийминг үйлчилгээг хязгаарлах, амралтын өдөр илүү удаан хугацаагаар ашиглах боломж олгох зэргээр уян хатан тохиргоо хийж болдог.
Өөр нэгэн дурдах ёстой давуу тал нь хүүхдийнхээ утасны хэрэглээний нарийн мэдээллийг (хэчнээн цаг Youtube үзэж, ямар түлхүүр үгээр хайлт хийсэн гэх мэт ) долоо хоног бүр цахим шуудангаар хүлээн авах тохиргоотой. Түүгээр ч барахгүй хүүхдийнхээ цахим хөтөч, YouTube-ийн хайлт, мессежийг нь уншиж, тодорхой утасны дугаар руу орох, гарах дуудлагыг хаах сонголт бий.
Google Family Link зөвхөн одоо цагийн мэдээллийг хуваалцдаг бол Qustodio-оос та хүүхдийнхээ зорчсон бүхий л газрын байршлын мэдээллийг авах боломжтой. Сул тал нь Google map-ээс нарийвчлал багатай.
Үнэ: Basic жилийн 54.95 доллар, Сomplete жилийн 99.95 доллар
4. life circle 360
Хэрвээ таны зорилго хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахаас илүүтэй өдөр тутмын байршлын мэдээллийг хүлээн авах бол LIFE CIRCLE 360 аппыг санал болгож байна. Бусад байршил тогтоогч цэстэй аппуудаас ялгарах гол онцлог нь таны хүүхэд алхаж байна уу, тээврийн хэрэгслээр зорчиж байна уу, хэрвээ машинаар явж байгаа бол хэдэн км/цагийн хурдтай давхиж байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг шууд авах боломжтой.
Та гэр бүлийнхээ гишүүдийн хүрээллийг уг апп дээр үүсгэж, гишүүн бүрийн өдөр тутам зорчдог сургууль, гэр, дасгалын төв гэхчлэн газруудын мэдээллийг оруулбал тухайн байршил дээр орох, гарах болгонд таны утсанд сонордуулга ирнэ.
Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ”Safety” цэс рүү ороод яаралтай үед харилцах гишүүдээ нэмж, аюул ослын үед нэгэн зэрэг бүх хүмүүст аюулын дохио өгч анхааруулах хэсэгтэй. Хэрвээ таны хайртай нэгэнд аюул тохиолдвол та байршлыг нь шууд мэднэ гэсэн үг.
Үнэ: Сарын 4.99 доллар
5. ekids
Энэ долоо хоногоос эхлэн E-Mongolia апп "Хүүхдээр нэвтрэх" хэмээх хүүхдэд зориулсан шинэ цэстэй болж буйг эцэг эхчүүддээ дуулгая. Тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх бөгөөд тэрхүү кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох юм.
Хүүхэд E-Mongolia-аар эцэг эхтэйгээ холбогдсоноор:
-Сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар аав, ээждээ мэдэгдэх
-Байгаа газрынхаа гурван үгт хаягийг ганц товчлуур даран илгээх боломжтой аж.
Сонирхуулахад, үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд E-Mongoila, Ekids апп руут дата шаардахгүй, үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг олгожээ. Мөн хүүхэд Ekids цэсээр дамжуулан ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой гэдгээрээ давуу талтай. E-KIDS рүү хэрхэн нэвтрэх зааврыг ЭНДЭЭС үзээрэй.
Үнэ: Үнэгүй
6. apple airtag болон бусад ухаалаг төхөөрөмж
Хүүхдийнхээ байршлыг хянах хүсэлтэй ч ухаалаг утаснаас зайлсхийж байгаа эцэг эхийн хувьд AirTag тэргүүтэй төхөөрөмж, GPS байршил тогтоогч системтэй ухаалаг цаг зөв шийдэл байж мэдэх юм. AirTag нь хямд үнэтэй (29 ам.доллар), авсаархан, цэнэглэх шаардлагагүй, интернэтгүй үед ч байршлын мэдээллийг хянах боломжтой, Apple-ийн олон тэрбум төхөөрөмж бүхий экосистемд шууд нийцэж ажиллана гээд давуу тал олон. Гэхдээ анхаарах зүйл нь Apple-ийн уг төхөөрөмж амьд хүн бус эд зүйлс олоход туслах зориулалттай.
AirTag-ийн Bluetooth дохиог хүлээн авах Apple-ийн төхөөрөмж ойр хавьд байхгүй бол (ойролцоогоор 5-10 метр) Find My апп дотор байршил шинэчлэгдэхгүйг мөн анхаарууштай. Тиймээс хүнгүй зэлүүд газарт ямар ч үр дүнгүй гэсэн үг. Түүнчлэн байршлын мэдээллийг хадгалах тохиргоо байхгүй.
Сайн мэдээ гэвэл iOS 17-ийн шинэчлэлээр AirTag-ийн мэдээллээ тав хүртэлх хүнтэй хуваалцах боломжтой болсон бөгөөд зөвшөөрөлтэй бусад хэрэглэгчид Find my апп-аар AirTag-ийн байршлыг харж, дуут дохиог ажиллуулж болно.
Хэрвээ та AirTag-т итгэлтэй биш байгаа бол хүүхэдтэйгээ ярих, мессеж бичих, мөн тэдний байршлыг хянах боломжтой ухаалаг цагнуудыг сонирхоод үзээрэй.
Уншигч та хүүхдийнхээ цахим орчны хэрэглээгч хянах, ухаалаг утасны зохисгүй хэрэглээг хязгаарлах, байршлыг мэдэх зорилгоор хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. (comment ажиллахгүй байгаа ч гэсэн яахав)