Нэг өдрийг 24 цагт хувааж, түүнийгээ хэмжих зан үйл МЭӨ 1550-1070 онуудад эртний Египтээс дэлгэрч байжээ. Түүнээс хойш нар, сар, ус зэрэг олон төрлийн байгалийн элемэнтийг ашиглаж цаг хугацааг хэмжиж байв. Ийнхүү манай эриний XIV зууны үед Европ тивийн эрдэмтэд механик цагийн эхлэхийг тавьж, XVI зуунд анхны халаасны цаг, XIX зуунд бугуйн цагийн анхны хувилбар олны хүртээл болсон түүхтэй.
1970 оны Pulsar LED цаг "Анхны электрон бугуйн цаг" гэж нэрлэгддэг бол 1976 оны Pulsar Time Computer Calculator цаг "Анхны ухаалаг бугуйн цаг" гэх тодотголын эзэн юм. Ийнхүү өнгөрсөн хагас зууны турш зөвхөн цаг заах зориулалттай байсан ухаалаг цаг инновац, технологийн шуурганд өртөж өдгөө бидний амьдралыг хялбарчилж, өнгө нэмж буй хэрэгсэл болжээ.
Орчин үеийн ухаалаг цагийн өрсөлдөөний томоохон төлөөлөгч Huawei 2018 онд Watch GT загварын ухаалаг цагийг танилцуулж байв. Уг загвараа ахиулсаар энэ жил Watch GT 4-ийг олны хүртээл болгоод байна. Энэхүү загвартай ойроос танилцъя.
ТӨРӨЛ
Huawei Watch GT 4 нь 41мм, 46мм гэсэн үндсэн хоёр хэмжээтэй. Хэмжээ бүрийн өнгө, загварыг дараах зургуудад үзүүлье.
Өнгө бүрээсээ хамаарч оосорны материал болон нүүрний зарим нэгэн элемэнт өөр тул хүн бүрийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн хувилбар бий гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү нийтлэлэр бид 46мм хэмжээтэй, ногоон өнгийн Huawei Watch GT 4-ийг туршиж үзэхээр сонголоо.
Хийц
Энэхүү ухаалаг бугуйн цагийг зүүсэн даруйд хөнгөн бөгөөд бат бөх байдал мэдрэгдэнэ. Дижитал цаг хэдий ч механик цаг шиг бугуйнд тогтвортой мэдрэмж төрүүлж, дасгалын үеэр болон өдөр тутамд саад болохгүй нь тун тааламжтай. 41мм хэмжээтэй нь 37гр, 46мм хэмжээтэй нь 48гр жинтэй учир зүүсэн үед огтхон ч хүнд санагдахгүй. Мөн дэлгэц нь сайржуулсан шил, хүрээ нь зэвэрдэггүй ган учир эдэлгээ сайтай.
Ухаалаг цагийн нэг давуу тал нь цагийнхаа нүүрийг сольж болдогт оршдог. Huawei Watch GT 4-д дагалдаж ирэх үндсэн сонголтуудаас гадна Huawei Health аппын цахим дэлгүүрт 25,000 гаруй төрлийн "нүүр" бий. Мөн нүүр бүр дээрх мэдээлэл, тэдгээрийн байршил, харагдах байдал зэргийг өөрчилж, хүн бүр өөрийн хэрэгцээндээ нийцүүлэх бүрэн боломжтой.
Товчхондоо бат бөх хийц, материалын өндөр чанар, олон төрөлт нүүрний дизайнтай учир хүн бүрийн хэрэгцээнд төгс зохицох билээ.
Хэрэглээ
Бүх төрлийн үйлдлийн системтэй ухаалаг утсандаа Huawei Health аппыг татан авч Huawei Watch GT 4 цагаа холбоно. Ингэж холбоход ердөө нэгээс хоёр минут шаардах бөгөөд амжилттай холбосноор дараах гурван үндсэн хэрэглээ бий болох юм.
Дасгал хөдөлгөөн: Олон төрлийн дасгал хийдэг, идэвхтэй амьдралын хэв маягтай хэрэглэгчдэд бугуйн цаг нэг төрлийн дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Huawei Watch GT 4-ийн усны хамгаалалт, тогтвортой, бат бөх байдал зэрэг нь дасгал хөдөлгөөн хийх үедээ зүүхэд тун тохиромжтой болгож буй.
Миний хувьд уг хэрэглээг туршиж үзэхийн тулд хоёр төрлийн дасгал хийв. Нэгт, дээс. Үсрэлтийн тоо, зүрхний хэм, шатаасан калорийг хэмжихээс гадна хэдэн удаа алдсаныг хүртэл хэмжиж байлаа. Хоёрт, гүйлт. Гүйх явцад зам заахын зэрэгцээ хурд, зүрхний хэм, хөл хоорондын зай зэргийг тун нарийн хэмжиж байв. Түүнээс гадна гүйж дууссаны дараа гүйсэн замыг газрын зураг дээр харуулж, дүрс бичлэг болгон бусадтай хуваалцахад хялбар болгож буй нь ихэд таалагдлаа.
Дасгал хийхээсээ өмнө цэсээс дасгалын төрлөө сонгож, дуут зааврыг идэвхжүүлж болох бөгөөд хурдаа нэмэх, хасах, амрах, чиглэлээ өөрчлөх зэрэг хэрэгцээт бүх мэдээллийг сонсож болдог нь тун хэрэгтэй байсныг дурдъя.
Нойр, хоол: Дараагийн чухал хэрэглээ бол нойр болон хоол хэмжигч. Huawei Watch GT 4-ийг зүүгээд унтахад гарт төвөг болохгүй бөгөөд унтаж байх хугацаанд нойртой холбоотой гүн нойр, амьсгалын чанар зэрэг олон төрлийн үзүүлэлтүүдийг хэмждэг. Түүнчлэн сэрүүлэг тавьж болох бөгөөд бугуйн дээр чичирхийлж сэрээдэг тул энгийн утасны сэрүүлгээс илүү үр дүнтэй санагдсан. Сэрүүлгээ унтраасан ч хэсэг хугацаанд хөдөлгөөн хийхгүй бол ахин дохио өгч, нойрноосоо сэрэх зөвлөгөө өгдөг нь жижиг боловч маш хэрэгтэй функц байлаа.
Huawei Watch GT 4 нь өдрийн турш калори зарцуулалтыг хэмжих тул идэж буй хоолныхоо калорийг тэмдэглэснээр калори илүү гарах эсвэл дутагдах үед сонордуулга илгээдэг. Энэ нь жингээ хянаж, эрүүл оршиход маш том түлхэц болох юм.
Эрүүл мэнд: Цагийн ард байх мэдрэгч нь зүрхний цохилт, биеийн температур, цусны даралт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг хэмждэг. Үүний тусламжтайгаар нойр, хоол, дасгал хөдөлгөөнөөс гадна стрессийн түвшинг хэмжиж, хэрэглэгчийн эрүүл мэндийг 24 цагийн турш “манах” чадамжтай. Хэрэглэгч өөрийн эрүүл мэндийн зорилгоо тохируулж болох бөгөөд ингэснээр өдөр тутамд Huawei Watch GT 4 төрөл бүрийн үйлдлийг санал болгох юм. Жишээлбэл, нэг газраа хэт их суусан тохиолдолд босож алхах сонордуулгыг илгээдэг.
үзүүлэлт
Дэлгэц: Энэхүү цагийн хоёр хувилбар 600 nit тод, AMOLED дэлгэцтэй учир гадаа орчинд ч хангалттай тод байж чадна. Дэлгэцний мэдрэг байдал тун өндөр бөгөөд хүсвэл дэлгэцийн баруун хэсэгт байрлах хоёр товчны тусламжтай, дэлгэцэд хүрэхгүйгээр цагаа бүрэн удирдаж болно.
Батарей: Миний хувьд уг цаг бүрэн цэнэгээрээ 7-14 хоног ажиллах боломжтой гэдэг нь асар том давуу тал байв. Учир ижил төстэй ухаалаг цагууд ихэвчлэн нэгээс хоёр хоног л цэнэгээ барьдаг. Эрүүл мэнд, нойр, дасгал хөдөлгөөн зэрэг чухал мэдээллүүдээ тогтмол хянахад энэхүү хүчирхэг батарей гарцаагүй тусална.
Бусад: Мэдээж ихэнх ухаалаг цагт байдаг дуудлага, шуудан, сонордуулга хүлээн авах боломж бий. Мөн шуудангийн хариултуудыг тааруулж болох бөгөөд цагтаа дуу суулгаж, утасгүй байсан ч bluetooth чихэвчээр сонсож болно.
Дүгнэлт
Huawei Watch GT 4-ийг туршиж үзсэн 72 цагийн хугацаанд энэхүү цаг үнэтэйгээ харьцуулахад тун олон бодит хэрэглээтэй байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлэв. Түүнээс гадна загварын хувьд ямар ч нөхцөлд тохирохоос гадна бат бөх байдал, бугуйнд эвтэйхэн хийц нь таатай санагдлаа. Анх удаа ухаалаг цаг хэрэглэх гэж буй хүмүүст гарцаагүй санал болгох бүтээгдэхүүн хэмээн тодорхойлж байна. Тийм ч учраас Huawei Watch GT 4 бол ухаалаг цагийн урмыг мэдрүүлэх бүтээгдэхүүн юм.
үнэ
Huawei Watch GT 4 46мм Хар болон Ногоон: 999,900₮
Huawei Watch GT 4 46мм Мөнгөлөг: 1,499,900₮
Huawei Watch GT 4 46мм Цагаан: 999,900₮
Huawei Watch GT 4 46мм Алтлаг: 1,199,900₮
Монгол Улсад 11-р сарын 10-ны өдрөөс борлуулагдаж эхэлсэн Huawei Watch GT 4-ийг албан ёсны борлуулагч Sain Electornics-оос урьдчилгаагүй лизингээр эсвэл хуваан төлөөд авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоос аваарай.
Сэтгэгдэл бичих