Манай улс 24 жилийн өмнө анх удаа 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон түүхтэй. Өдгөө гурван хүн тутмын хоёр нь интернэтэд холбогдож, цахим орчинд ажлаа амжуулж буй статистик бий. Интернэтэд холбогдон ажлаа амжуулдаг хүмүүсийн хувьд интернэтийн хурд бол чухал асуудал юм. Тэгвэл таны тэр бүр анзаардаггүй боловч интернэтийн хурдыг байнга сааруулж, удаашруулж байдаг цөөнгүй хүчин зүйл байдаг аж. Энэхүү нийтлэлээрээ бид та бүхэнд тэрхүү саад бологч зүйлсийг танилцуулж, хэрхэн шийдэхийг зөвлөе.

1. Интернэт төхөөрөмж хуучрах

Манай улсад 2010 онд анх удаа интернэт төхөөрөмж буюу роутерээр дамжуулах интернэтийн үйчилгээ нэвтэрсэн билээ. Өндөр хурдны утасгүй интернэт нь компьютер, роутерийн хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Ингэхдээ бид анх 2.4GHz-ийн давтамжтай долгионыг ашиглан, интернэтэд холбогддог байсан билээ. Тухайн үед нэвтэрсэн 2.4GHz-ийн давтамжтай интернэт роутер нь iPhone 4 гар утас зах зээлд гарч, ухаалаг гар утасны хэрэглээ өргөжиж байсантай давхацдаг. Түүнээс хойш гар утас, зөөврийн компьютер, хөргөгч, телевизор зэрэг ухаалаг хэрэгслүүд хэд дахин шинэчлэгдсэн ч интернет төхөөрөмжөө шинэчлэхгүйгээр өнөөг хүртэл хуучныг ашигласаар л буй айл өрхүүд цөөнгүй бий. Тиймээс олон жил ашигласан роутер эдэлгээнээс хамааран удаашрах тохиолдол гардаг гэдгийг санаарай.

Тухайлбал, зарим хэрэглэгч Юнивишн компанийн интернэт төхөөрөмжтэй холбоотой асуудлаар гомдол гаргадаг. Юун түрүүнд, та интернэт төхөөрөмжийнхөө эдэлгээний хугацааг тооцож, 2011 онд гарсан хуучин роутерийг ашиглаж буй эсэхээ шалгаарай. Манай улсад 2011 оноос хойш есөн жилийн хугацаанд өрхийн интернэтийн хурд хэд дахин нэмэгдэхийн зэрэгцээ хүлээн авах төхөөрөмжийн хүчин чадал, хурд нь цаг үеэ даган сайжирсаар байна.

Тэдний сүүлд гаргасан шинэ төхөөрөмж нь 2.4GHz болон 5GHz-ийн давтамжийн аль алиныг нь дэмждэг тул хуучин төхөөрөмжтэй харьцуулахад илүү олон сувгаар интернэт сүлжээг зохицуулдаг ажээ. Ингэснээр бусад хөрштэй интернэтийн урсгал давхцаж, удаашрахаас сэргийлэх зэрэг олон давуу талтай. Хуучин төхөөрөмжөө солих эсэх нь iPhone 4 эсвэл iPhone 11 хэрэглэхийг сонгож буйтай адил учраас хэрэв танай гэр бүл хуучин төхөөрөмж ашиглаж буй бол илүү хурдтай ажиллах шинэ роутерээр заавал солиорой.

2. Wifi сүлжээ тасалдах

Та юун түрүүнд утасгүй интернэтийн сүлжээг түгээх найдвартай бүсэд хамаарагдсан эсэхээ шалгаарай. Зарим алслагдсан хөдөө орон нутагт интернэтийн сүлжээ түгээх антен хол байрласны улмаас интернэтийн хурд төдийгүй гар утасны сүлжээ тасалдах эрсдэлтэй байдаг. Монгол Улсад өдгөө 21 аймгийн 299 сумыг хамарсан 36,760 км шилэн кабелын сүлжээ болон нийт гурван мянга гаруй км 86 станцтай аналоги радио релейний сүлжээ бий. Харилцаа холбооны сүлжээ өргөжихийн хэрээр интернэтийн хурд саарах, тасалдах эрсдэлүүд буурсаар байна. Энэ хэрээр манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо 1996 онд 500 гаруйхан байсан бол өдгөө 2.9 саяд хүрч, Монгол орны өнцөг булан бүрд байх албан газар, айл өрх интернэтэд холбогдоод буй билээ.

3. Компьютерын хэвийн үйл ажиллагаа алдагдах, вирусТэх

Цахим орчинд вирус хамгийн хурдан тархах суваг бол интернэт сүлжээ юм. Хэрвээ та вирусын хамгаалалтгүйгээр компьютероосоо интернэтэд холбогдож, баталгаагүй веб сайтаас програм, дуу, кино зэргийг татвал вирусийн халдлагад өртөх магадлалтай. Тиймээс цахим орчны аюулгүй байдлын хангах хамгийн чухал алхам бол компьютертоо вирусын хамгаалалт хийх явдал юм. Вирус нь компьютер дэх програмыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөл дагуулж, интернэтийн хурдыг сааруулдаг тул тусгай програм суулган хамгаалалт хийгээрэй.

4. Вэб хөтөч дээр хэт олон хуудас нээх

Монгол Улсын нийт интернэт хэрэглээний 60 хувь нь видео контентод зарцуулагддаг гэдгийг мэдэх үү? Mozilla Firefox, Google Chrome, Safari зэрэг вэб хөтөч дээр хэт олон хуудас нээх нь компьютерын санах ойг дүүргэдэг. Учир нь, таны хандсан вэб сайтын зураг, баннер, дуу зэрэг нь компьютерын хард дискэн дээр түр зуурын файл хэлбэрээр хадгалагддаг тул файлуудын хэмжээ ихсэх тусам компьютер гацах, интернэтийн хурд саарах сөрөг талтай. Мөн компьютер дээр олон програм ажиллуулах нь интернэтийн хурдыг удаашруулна гэдгийг санаарай.

5. Интернэтийн хурд бага байх

Та хэрэглэж буй интернэтийнхээ хурдыг шалгадаг уу? Интернэтийн хурд удаан санагдаж байвал Speed Test хийж үзээрэй. Манай улсын суурин интернэт хэрэглэгчийн дийлэнх буюу 94 хувь нь 1-5 Мб/с хурдаар интернэтэд холбогддог. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаагаар Монгол Улс дэлхийд хамгийн хямдхан интернэт ашигладаг 10 орны нэг ажээ.