Өнөөдрөөс эхлэн iPhone XS болон түүнээс хойш гарсан Apple-ийн утаснуудад iOS 17 үйлдлийн системийг суулгах боломжтой боллоо. Энэ удаагийн нийтлэлээр iOS 17-оос онцлох 17 өөрчлөлтийг танилцуулъя. Хамгийн их таалагдсан өөрчлөлтөө сэтгэгдэл хэсэгт бусадтайгаа хуваалцаарай.

1. Нэрийн хуудас баяртай

Энгийнээр тайлбарлахад iOS 16 дээрх lockscreen дизайны өөрчлөлт iOS 17-ийн сontact хэсэгт нэмэгдэв. Өөрийн тааллаар бүтээсэн “нэрийн хуудсаа” NameDrop функцийн тусламжтай бусад iPhone-той хүрэх төдийд л солилцох боломжтой. Мөн ирж буй дуудлага илүү “царайлаг” харагддаг болжээ.



2. Мэдрэмжээ илэрхийл

FaceTime-аар дуудлага хийж байх үедээ гараараа үйлдэл хийхэд түүнийг автоматаар таньж тохирох эффектийг идэвхжүүлдэг болжээ. Жишээлбэл, нэг эрхий хуруугаа гозойлгоход “like” эффект гарах бол хоёр эрхий хуруугаа гозойлгоход галын наадмын эффект гарах юм. Мөн холбогдохыг хүсэж буй хэрэглэгч ярих боломжгүй үед видео эсвэл аудио мессеж үлдээх боломжтой болов.



3. Бүр гоё чатла

iMessage илүү боловсронгуй фильтертэй болж, хэнд юу гэж хэлсэн, ямар мэдээлэл илгээсэн гэдгээ хайж олоход улам бүр хялбар болж байна. Мөн аудио мессежийг текстээр унших, завгүй бол дараа нь сонсож болдог болов. Хүссэн зургаараа Sticker хийж болохоос гадна Check in функцыг ашиглаж дотнын хүмүүстээ байршил, батарейн хувь зэрэг чухал мэдээллээ харуулах, зөрүүлээд тэднийхийг ч гэсэн харах боломжтой.



4. “Утсан цаг”

StandBy функцийн тусламжтайгаар хэрэглэгч утсаа цэнэглэж байх үедээ хөндлөн байрлуулахад дэлгэц дээр цаг, төлөвлөгөө, цаг агаар зэрэг чухал мэдээллүүд widget хэлбэрээр гарч ирдэг болов. iPhone-д цоо шинэ нэгэн хэрэглээ нэмэгдэж байгаа бололтой шүү.



5. Нүдээ хамгаалаарай

Холын хараа муудах, нүд аргах зэрэг удаан хугацаанд дэлгэц харснаас болж гардаг сөрөг талуудаас сэргийлэхийн тулд Screen Distance нэртэй функцийг хөгжүүлжээ. Уг функц нь утсаа нүдэндээ хэт ойр удаан хугацаанд байлгасан тохиолдолд анхааруулга илгээх аж.



6. “Нүдээ” хамгаалаарай

Sensitive Content Warning буюу ёс бус агуулга бүхий зураг, бичлэгийг урьдчилан таньж харахаас өмнө анхааруулга гаргадаг болов. Энэхүү функц нь 100 хувь хэрэглэгчийн төхөөрөмж дээр ажиллах тул элдэв мэдээллийг задруулахгүй.



7. Үсгийн алдааг багасгана

Хэн нэгэн руу мессеж бичиж байх үед iPhone хэлэхийг хүсээгүй үгийг санал болгон илгээх (autocorrect) тохиолдол цөөнгүй гардаг байв. Харин уг шинэчлэлээр хэрэглэгчийн бичих текстийг урьдчилан таамаглах, алдсан текстийг зөв болгох нарийвчлал илүү сайжирсан аж.

8. Дурсамжаа хадгал

Journal аппыг ашиглан хэрэглэгч өдрийн тэмдэглэлээ илүү бүтээлч байдлаар хөтлөх боломж бүрджээ. Хэрэглэгчийн нууц мэдээллийг алдахгүй байх үүднээс Apple аюулгүй байдал дээр онцгойлон анхаарсан гэнэ шүү.



9. Цахим гэрээслэл?

Дотнын хүн нь нас барсан тохиолдолд тухайн хүний төхөөрөмжөөс чухал файл, мэдээллийг нь авах хүндрэлтэй байв. Тэгвэл одооноос iCloud-оор дамжуулан өөрийн итгэж болох хүмүүстээ Password, Passkey-ийн мэдээллээ хуваалцаж болохоор боллоо.

10. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаараарай

Health апп сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн шинэчлэлт хийсэн бөгөөд хэрэглэгч сэтгэл зүйн байдал, сэтгэл хөдлөлөө хянан бүртгэж тэдгээрийгээ нэг дор харах, өөрт тохирсон зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой болжээ.



11. Бүх зорчигч DJ

CarPlay функц шинэчлэгдэж, нэг автомашинд явж байгаа бүх хүмүүс iPhone-оосоо дуу солих боломжтой болов. Ингэхийн тулд бүх хэрэглэгч заавал Apple Music-ийн эрхтэй байх ч шаардлагагүй гэнэ.

12. Тэжээвэр амьтад ч гэсэн чухал

Photos апп өмнө нь зөвхөн хүмүүсийн царайг таньж нэг хавтсанд ангилдаг байсан бол энэ удаагийн шинэчлэлээр олон муур, нохойг ч гэсэн хооронд нь ялгаж чаддаг болжээ. Утсаар нь дүүрэн тэжээвэр амьтны зураг байдаг найздаа дуулгах ёстой мэдээ шүү.



13. Pro улам Pro боллоо

AirPods Pro ашигладаг хэрэглэгчдийг баярлуулах Adaptive Audio (гаднын орчны чимээг таньж дуу чимээ хаах горимыг идэвхжүүлж бас унтраах), Conversation Awareness (чихэвчээрээ аудио сонсож байх үедээ хүнтэй яривал аудио сулрах), Personalized Volume (аудиог хэр чанга тоглуулахыг автоматаар тохируулах) гэсэн функцүүд нэмэгдэв.

14. Илүү олуулаа

AirTag-ийн мэдээллээ тав хүртэлх хүнтэй хуваалцах боломжтой болов. Ингэснээр зөвшөөрөлтэй бусад хэрэглэгчид AirTag-ийн байршлыг харж, дуут дохиог ажиллуулж болно гэсэн үг.

15. Интернэтгүй үед ч төөрөхгүй

Газрын зургаас тодорхой хэсгийн мэдээллийг татаж аваад хожим интернэтгүй үедээ ашиглах боломжтой болжээ.

16. Зүгээр л “Siri”

Apple-ийн ухаалаг туслахыг ашиглахын тулд өмнө нь заавал “Hey Siri” гэж хэлэх шаардлагатай байсан бол одооноос зүгээр л “Siri” гэхэд хангалттай. Мөн дараалсан олон үйлдэл хийхдээ үйлдэл тус бүрийн өмнө “Siri” гэж хэлэх шаардлагагүй болов.

17. Бүгдэд хүртээмжтэй

Энэ удаагийн iOS 17 үйлдлийн системээр iPhone утас хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд илүү ойртов. Live Speech функцийн тусламжтайгаар хэл ярианы бэрхшээлтэй хэрэглэгчид хэлэхийг хүссэн зүйлээ бичиж түүнийгээ дуудлага хийхдээ ашиглах, дуу хоолойны эмгэгтэй хэрэглэгчид Personal Voice функцийг ашиглаж өөрийн хоолойгоо дижитал хэлбэрээр бүтээх, харааны бэрхшээлтэй хэрэглэгчид Point and Speak функцийг ашиглаж аливаа гадаргуу дээрх текстийг уншуулах боломжууд бүрджээ.

Хамгийн их таалагдсан өөрчлөлтөө сэтгэгдэл хэсэгт бусадтайгаа хуваалцаарай.