Орчин цагт ажил хайж буй хүмүүс технологийн тусламжтай шинээр зарлагдсан ажлын байруудын мэдээллийг цаг алдалгүй авахад улам л хялбар болж буй. Учир нь, ажил олгогч болон ажил хайж буй иргэдийг нэг талбарт төвлөрүүлж, улмаар байгаа газраасаа, хурдан хугацаанд холбогдон, хэрэгцээт мэдээллээ түргэн шуурхай солилцох боломжтой болсон юм. 

Тэр дундаа Zangia.mn болон Worki платформууд гарч ирснээр, өмнө нь сонин, сэтгүүл, ТВ-ийн зараар л явдаг байсан уламжлалт харилцааг нэн хялбарчилж өгсөн билээ. Тийм ч учраас залуу мэргэжилтнүүд ажлын гараагаа эхлэхдээ хамгийн түрүүнд эдгээр платформуудад зочилдог бичигдээгүй дүрэм бий. Бид ээлжит нийтлэлдээ энэхүү хоёр платформын давуу болон сул талыг харьцуулж байна.   

CV бэлдэх

Эдгээр платформуудын хамгийн гол давуу тал бол хурдан хугацаанд, хялбар аргаар CV-гээ боловсруулах боломжийг олгодогт оршино. Тэдний санал болгодог CV-ний загварт таны ерөнхий мэдээлэл, ур чадвар, хэлний мэдлэг, ажлын туршлага зэргийг дэлгэрэнгүй тусгаж өгөх ба ингэснээр ажил олгогчтой харилцахад илүү хялбар болно. Мөн бэлдсэн CV-ээ татаж аван, цаашид ашиглах боломжтой.

Zangia.mn болон Worki платформуудын CV үүсгэх үйл явц, асуулт нь ижил төстэй боловч Zangia.mn нь өөрийн Zangia Academy-тай хамтран, төрөл бүрийн сургалтууд зарладаг ба тэдгээр сургалтанд хамрагдан, сертификат авснаар CV-дээ нэмэлт мэдээлэл болгон оруулах боломжтой болдог.

Харин Worki нь ажил горилогчоос орон нутагт ээлжээр ажиллах боломжтой эсэх болон тухайн хүний сонирхол, сайн дурын ажлын түүх зэргийг асуудаг нэмэлт цэстэй ба энэ нь ажил олгогчдод тохирох хүнээ олоход илүү дөхөм болдог байна.

Ялагч: CV–н дээрх мэдээлэл бол ажилд авах шийдвэрт нөлөөлдөг анхдагч хүчин зүйл. Хэр олон ур чадвартай байна тэр хэрээрээ үнэ цэн, давуу тал нэмэгдэнэ. Тэгвэл цахимаар сургалтад хамрагдаж, ур чадвараа нэмэгдүүлэхийн сацуу түүнийгээ сертификатаар гэрчлэн, CV-дээ хавсаргах боломж олгож буй нь ажил хайж буй хүнээс гадна ажил олгогчийн хувьд ч идэвхтэй, чадварлаг ажилтан авах магадлалыг нэмж буй гэдэг утгаар энэ хэсэгт Zangia.mn-ийг давуу хэмээн үзлээ.

ХЭРЭГЛЭЭ

Мэдээж ухаалаг утасны аппын хувьд хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар байдал нь маш чухал үзүүлэлт. Zangia.mn-ийн хувьд нэвтэрч ороход бүх ажлын байрууд, салбар мэргэжил, онцлох зүйлсийн хамтаар дэлгэцэнд нэг дор багтсан байдаг нь цөөн үйлдлээр, хэрэгцээт мэдээллээ авч чадахуйц болгодог онцлогтой. Мөн biznetwork.mn нэртэй байх үеийнхээ өнгө төрхийг хадгалж үлдсэн нь илүү уламжлалт мэдрэмжийг төрүүлэв.

Worki-ийн хувьд харьцангуй сүүлд хэрэглээнд орсон учир өнгө үзэмж, функц, загварлаг байдал зэргээрээ хэрэглэгчийг татахуйц байж чаддаг ба ашиглаж байх үеийн сэтгэл ханамж ч хавь илүү санагдлаа.

Ялагч: Аливаа компани бүр өөрсдийн гэсэн өнгө төрх, брэнд хөтчийн дагуу бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Энэ хоёр аппын хувьд ч мөн адил. Иймд эдгээр байгууллагын өөрсдийн өнгө төрх, онцлогийг хүндлэн энэ төрөлд ялагч тодруулахгүй байх нь зүйтэй болов уу.

Ажил олгогчийн мэдээлэл  

Шинэ ажилд орох гэж буй хүний хувьд цаашид ажиллах байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах нь маш чухал. Тус компанийн зорилго, алсын хараа, туршлага, хайж байгаа ажлын байртай минь тохирох уу гэдгийг шийдэж сонгох нь ажилд орсны дараах үл ойлголцлыг багасгахад тустай.

Энэ тал дээр Worki тун сайн ажиллажээ. Тодруулбал, тус платформ дээрх ажил олгогч байгууллага бүр өөрсдийн мэдээлэл, ажилд авах шаардлага, үйл явц, урамшуулал, бусад боломжуудыг нээлттэй хуваалцсан байна. Энэ нь ч ажил горилогчдод таалагддаг нь гарцаагүй. Ойлгомжтой, тодорхой байдалд дургүй хэн байх билээ.

Zangia.mn-ийн хувьд хэдий ажил олгогч компаниудад дээрх мэдээлээ хуваалцах зориулалт бүхий хэсгүүдийг гаргаж өгсөн ч ихэнхийнх нь хоосон, дутуу орхисон байдалтай байлаа.

Ялагч: Ажил олгож буй бүх байгууллага нь дэлгэрэнгүй мэдээллээ тогтмол оруулж байгаагийн хувьд Worki ялагч болж байна.

Ажлын олдоц 

Энэхүү хоёр платформын хувьд хэрэглээнд гарсан хугацаа, хэрэглэгчдэд хүрч буй жилүүд нь багагүй зөрүүтэй учир шууд харьцуулахад бэрх. Гэлээ ч бид ажил хайж буй хүмүүст зориулан харьцуулалт хийж байгаа тул одоогийн нөхцөлийг үндэслэл болголоо.

Zangia.mn нь үйл ажиллагаагаа 2009 оноос эхлүүлсэн ба одоогийн байдлаар 900,000 гаруй хэрэглэгч, 10,000 харилцагч байгууллагатай хамтран ажилладаг. Ингэснээр 20,000 гаруй нээлттэй ажлын зар энд тогтмол зарлагдаж буй.

Worki нь “Монголиа Талент Нэтворк” нэрийн дор 10 жилийн хугацаанд ажил зуучлалын үйлчилгээ үзүүлсэн ба ингэхдээ олон хүмүүс ажилдаа сэтгэл ханамжгүй байдгийг анзаарсан байна. Иймд зөв багтайгаа өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг илүү олон хүнд хүргэх зорилгоор Worki аппын төслийг санаачлан хоёрдахь жилдээ ажиллаж байгаа ба энэ хугацаанд 62,000 гаруй хэрэглэгч, 1500 гаруй байгууллагыг нэгтгэжээ.

Дэлгэрүүлж унших: Worki-Карьераа бүтээх орон зай

Бид аппуудын хүртээмжийг үнэлэхдээ одоо зарлагдсан байгаа болон сүүлийн нэг сард нэмэгдсэн ажлын зарын хэмжээг авч үзсэн юм.

Ялагч: Ажлын байр олгогч, хэрэглэгчийн тоо, мэдээллийн сан зэргээс үүдэн энэ хэсэгт бид Zangia.mn-ийг илүү хэмээн үзэж байна.

дүгнэлт  

CV бэлдэх, хэрэглэхэд хялбар байдал, ажлын олдоц, ажил олгогчийн мэдээлэл гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр харьцуулахад үйл ажиллагаа явуулаад 16 жил болж буй Zangia.mn туршлага болон давуу талаараа нэг илүү ялалт авч байна.

Харин Worki нь хэрэглэгчдэд хүрээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч энэхүү салбарт хүчтэй өрсөлдөгч болохоо батлан харуулж байна. Мөн Worki аппад “Сайн дурын ажлын байр” нэмэгдэж байгаа нь залууст тун таатай байх билээ.

Төгсгөлд нь Zangia болон Worki нь ажлын зарыг нэг дор нэгтгэн төвлөрүүлж, ажил хайгчдад хялбар үйлчилгээг нэвтрүүлж буй нь талархууштай. Уншигч та тус хоёр платформын алийг нь ч ашигласан хүссэн ажлын байраа олох боломжтой. Харин бидний хийсэн харьцуулалт таны хүссэн ажлаа олох аяллыг бага ч болов хөнгөвчилсөн гэж найдаж байна.

Апп татах линк: Worki / Zangia