Нэгэнтээ бизнес хэрэглээний бүтээгдэхүүн байсан зөөврийн компьютер буюу лаптоп өдгөө бараг л хүн бүрийн ажил, хичээлдээ ашигладаг, зайлшгүй хэрэглэгдэхүүн болжээ. Та эрдэм номд шамдах гэж буй шинэхэн оюутан бол, эсхүл шинэ лаптоп авахаар зэхэж байгаа бол энэ зөвлөгөө хэрэг болох нь лавтай.

Лаптопын чанар, үзүүлэлт, цэнэг барилт, жин, дэлгэцийн хэмжээ зэргээс авахуулаад оролтууд, товчлуурын даралт ч ашиглалтын явцад тодорхой нөлөө үзүүлдэг тул сонголт хийх тийм ч амар биш. Энгийнээр хэлэхэд, дэлгүүрт ороод гоё харагдсанаа шууд худалдаж авч болмооргүй.

Ер нь зөвхөн лаптоп ч гэлтгүй ухаалаг туслахаа сонгохдоо хэрэглээгээ тодорхойлж, нийцэх сонголт хийхийг зөвлөе. Гадуур явах хэрэгцээ их гардаг бол цэнэгээ удаан барьдаг, компьютерын тооцоолон бодох хүчийг ашиглах шаардлага их бол хамгийн сайн процессортойг нь, хүнд нөхцөлд ажилладаг бол бат бэхийг нь гэх мэт өөрийн хэрэглээнд тохирсон сонголт хийх хэрэгтэй.

Лаптопын төрлүүд

Gaming Laptop:

Энэ төрлийн лаптопууд нэрнээсээ ойлгомжтой болов уу. Өндөр хүчин чадал шаарддаг тоглоом тоглоход зориулагдсан өндөр чадалтай компьютер юм. Түүний үзүүлэлтийг зөвхөн тоглох гэлтгүй 'render' хийх, зураг бичлэг эвлүүлэх зэрэг өндөр хүчин чадал шаарддаг бусад ажилд ашиглах боломжтой.

Ultrabook:

2011 онд “Intel” компаниас нимгэн, хөнгөн боловч хурдан, үнийн хувьд ч илүү, нэг үгээр премиум лаптопуудаа бусдаас ялгахын тулд өөр нэр бодож олсон нь энэ. Ийм төрлийн лаптоп дийлэнх хэрэглэгчдэд тохирно.

Macbook:

“Apple”-ийн macOS үйлдлийн систем нь зөвхөн Macbook-тээ ирдэг тул зөөврийн компьютер дунд тусад нь ангилж үзэх нь зүй.

2-in-1:

Товчхондоо “хоёрыг нэг дор багтаасан” хэрэгсэл. Энэ төрлийн лаптопууд таблет болон лаптопын үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн товчлуур хэсгийг нь салгаж, залгах боломжтой байдаг.

Chromebook:

Аndroid системд суурилсан chromeOS-ийг үндсэн үйлдлийн системээ болгож ашигладаг хямд үнэтэй, үзүүлэлт багатай лаптоп гэж тодорхойлж болно. Дажгүй суурин компьютертой, авч явахад хөнгөн, хямд төхөөрөмж хэрэгтэй, эсвэл браузераас өөр апп нэг их ашигладаггүй хүмүүст тохиромжтой.

Санал болгох лаптопууд

Ultrabook төрөлд: Dell XPS 13 (9300)

Dell -ийн XPS загварууд сүүлийн үед лаптопын зах зээлд тэргүүлэх байр суурь эзлээд байгаа. Хүрээ багатай дэлгэц буюу 13 инчийн дэлгэцтэй, авч явахад тун жижигхэн. Мөн карбон их бие, эвтэйхэн товчлуур, үзүүштэй дэлгэц зэрэг нь илт анхаарал татдаг. Энгийн хэрэглээнд гацаад байхааргүй чадалтай, нэг цэнэглэлтээр удаан ашиглахуйц зэргийг нь бодолцвол ерөнхийдөө тун дажгүй лаптоп юм.

Сул тал: Оролт, гаралтын сонголт бага буюу 2 ширхэг Thunderbolt 3, чихэвчний оролт, болон micro SD оролттой тул нэмэлтээр шилжүүлэгч авах шаардлагатай.

Үнэ: 900$ – 1300$

Macbook төрөлд: Macbook Air (13 inch, 2020)

Macbook сонголтын хувьд тийм ч өргөн биш. Лаптоп төрөлд харьяалагдах нь Macbook Air болон Macbook Pro. Энгийн хэрэглээнд гэж үзвэл Macbook Air (2020 оны загвар) 13 инч дэлгэцтэй нь тун дажгүй. Үнийн хувьд боломжийн, үзүүлэлтийн хувьд мундаг биш ч муугүй, авч явахад хөнгөн бөгөөд авсаархан зэргээр нь дүгнэж, санал болголоо.

Сул тал: Оролтын хувьд тун хязгаарлагдмал буюу 2 ширхэг Thunderbolt 3 болон нэг чихэвчний оролттой тул нэмэлт шилжүүлэгч авах шаардлагатай.

Үнэ: 900$ – 1200$

Chromebook төрөлд: Lenovo Chromebook Flex 5 (13 инч)

Chromebook-ийн үзүүлэлтийг бусадтай нь харьцуулахад хавьгүй муу юм шиг харагдах боловч үнэ, үзүүлэлтийн харьцааг маш сайн барьсан төхөөрөмж гэж хэлж болно. ChromeOS -р ажилладаг тул энгийн хэрэглээний бүх ажлыг гүйцэлдүүлэх чадвартай.

Сул тал: ChromeOS хөнгөн бөгөөд чадварлаг ч Windows-д ашигладаг апп болон тоглоомууд суухгүй. Мөн өөр дээрээ багтаамж багатай тул интернэтээр л ажлаа явуулах болно.

Үнэ: 400$ – 500$

Windows лаптоп төрөлд: Acer Aspire 5 A515-55-378V
Хурдан, хөнгөн лаптопууд ихэвчлэн үнэтэй байдаг. Хямд лаптоп хайж байгаа бол энэ загвар тун дажгүй. 15 инчийн 1920x1080 IPS дэлгэц гэхээр боломжийн. Дээр нь 10-р үеийн Intel процессор, 4GB санах ой (нэмэх боломжтой) зэрэг нь ердийн хэрэглээнд хангалттай үзүүлэлт.

Сул тал: 15 инч дэлгэц кино үзэх, вэб орох зэрэгт гоё ч авч явахад хүнд, ер нь бол том. Түүнчлэн Ultrabook-үүдтэй харьцуулахад нэг цэнэглэлтээр ашиглах хугацаа бага тул залгуур хайж явах хэрэг гарах вий.

Үнэ: 400$

Gaming Laptop төрөлд: Acer Predator Triton 500
Хүчирхэг RTX 2060 график карт нь сүүлийн үеийн тоглоом тоглоход хангалттай. 16GB DDR4 2666MHz рам нь тоглоом тоглохоос бусад ажилд бол хэтийдсэн өндөр үзүүлэлт. 15.6 инчийн, 144Hz дэлгэцээр зөвхөн тоглох гэлтгүй кино үзэх зэрэгт аятайхан.

Сул тал: Gaming лаптопуудад өндөр үзүүлэлтийг багтаадаг тул том бөгөөд хүнд болдог. Үүрч явахад тохиромжтой биш. Түүнчлэн Ultrabook-с ч илүү үнэтэй.
Үнэ: 1800$ – 1900$

2-in-1 Laptop төрөлд: HP Spectre x360 13

Лаптопоо үндсэн зориулалтаас нь гадна таблет хэлбэрээр ашиглаж болдог нь 2-in-1-ын гол давуу тал. Нугас нь 360º эргэдэг тул босоогоор нь тавиад кино үзэх, хүнд юм харуулах зэрэгт ашиглаж болохуйц. Цэнэг барилт, үзүүлэл тун давгүй тул энгийн бусад лаптопоос илүү ч байж болох юм.

Сул тал: 2-in-1-ууд бусад лаптопоос, жишээ нь Ultrabook-с бага зэрэг хүнд, том санагдах байх.
Үнэ: 1100$ – 1300$

Мөн Санал болгох: 'Certified Refurbished' буюу үйлдвэрээс дахин сэргээгдсэн

“Factory Refurbished” буюу үйлдвэрээс дахин сэргээгдсэн лаптоп нь цоо шинийг авснаас хямд хэр нь чанарын хувьд нэг их ялгаагүй. Сайтаас нь шууд худалдан авах эсвэл Ebay, Amazon зэрэг худалдааны сайтаас хайхдаа “Refurbished” гэж залгуулж бичээд үзээрэй. Ингээд үзвэл таны хүссэн үзүүлэлттэй лаптоп үндсэн үнээсээ 200$ – 300$ хямдаар байхыг үгүйсгэхгүй.

Түгээмэл асуултууд

Macbook, Windows лаптопын аль нь дээр вэ?


Энэ асуултын хариуг та өөрөөсөө эрэх нь зөв байх. Өмнө нь macbook ашиглаж байсан уу? Ашиглахад хэр эвтэйхэн байсан бэ? Apple-ийн бүтээгдэхүүнүүд хосолж ажиллах тал дээр бусдаас илүү байдаг. Тэгвэл танд iPhone, iPad, Airpods зэрэг бүтээгдэхүүн байгаа юу? Би хувьдаа iOS систем ашигладаг тул Macbook таалагддаг.


Ямар үзүүлэлттэй компьютер авбал дээр вэ?


Үзүүлэлт сайжрах тусам үнэ өсдөг. Интернэтэд суурилсан энгийн хэрэглээтэй, Microsoft Office зэргийн хүч бага шаардсан программууд ашигладаг, ихдээ л Photoshop-р зураг засдаг гэвэл 8-р үеийн болон түүнээс хойш гарсан Intel процессор эсвэл 3000 - 4000 серийн AMD Ryzen процессор, дор хаяж 8GB RAM болон 256GB багтаамжтайг санал болгоё.


Суурин компьютер угсарсан нь дээр үү? Угсарсан процессор авсан нь дээр үү?


Үүнд чанарын хувьд нэг их ялгаагүйг онцольё. Угсралтын явцад зарим эд ангиа гэмтээх эрсдэлтэй тул хэрэв та угсрах гэж байгаа бол чадвартай, туршлагатай хүнээр угсруулаарай. Гэхдээ нэн шаардлагатай биш бол суурин компьютерт зарцуулах мөнгөө сайн лаптопонд зарцуулах нь илүү дээр хөрөнгө оруулалт болно.


Гадаадаас захиалж авах уу? Эндээс авах уу?


Эхлээд "Танд хэр яаралтай хэрэгтэй вэ?" гэдэг асуултад хариулах хэрэгтэй байх. Захиалаад ирэх хүртэл нь хүлээж болно гэвэл захиалах, яаралтай хэрэгтэй бол Монгол дахь гэрээт борлуулагч, баталгаатай газраас авахад нэг их буруудахгүй. Түүнчлэн Монголдоо лаптоп худалдаж авч байсан хүмүүсээс сураглаж болох юм. Цар тахалтай холбоотойгоор таны захиалсан бараа ердийн үеийнхээс удаж ирж болзошгүйг санаарай.