Дэлхийн ухаалаг төхөөрөмжийн зах зээлд хүч түрэн орж ирсэн Xiaomi брэнд ухаалаг ус буцалгагч, жингээс эхлээд бүрэн автоматжуулсан гэрийн экосистемийг бүрдүүлэх боломжийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүнээр үргэлж хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг. Xiaomi нь 2020 оны эхээр ухаалаг утасны борлуулалтаар Huawei-г даваад буй нь нэгийг илтгэнэ. Харин энэ удаа бид Techworm буландаа Xiaomi-ийн ухаалаг зурагт Mi TV 4S-тэй танилцсанаа та бүхэнтэй хуваалцъя.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Үнэ нь маш боломжийн буюу 1,399,900 төгрөг. Дэлгэцийн хэмжээ том, нягтаршил хангалттай сайн. Глобал хувилбар тул Netflix-ээс өгсүүлээд Android TV-ний бүх боломжууд нээлттэй.

Яагаад алгасах ёстой вэ?

Хэрэв хамгийн сүүлийн үеийн OLED, QLED, Quantum Dot гэх мэт сүртэй технологи агуулсан зурагт хайж байгаа бол алгассан нь дээр байх. Гэхдээ эдгээр зурагтууд тийм ч хямд олдохгүй гэдгийг санаарай.

Ямар хүмүүст тохиромжтой вэ?

Залуучууд, залуу мэргэжилтнүүд, шинэ гэр бүл болон компаниуд оффистоо ашиглахад тун тохиромжтой.

Нүдээрээ шинжихүй

Анх харахад Mi TV 4S-ийн хүрээ багатай дүүрэн дэлгэц, нимгэн, минимал төрхтэй мэт боловч хөнгөн цагаан хүрээнд жижгээр Mi-ийн логог оруулж өгсөн нь даруухан бөгөөд классик харагдуулна. Классик төрхөндөө тохирсон минималист хөл нь өөртөө тохируулж хувцасласан хүн шиг зохилдлоготой харагдана. Хөлийг салгаад хананд тогтоож болох ч аль аль нь л тун давгүй. Хөдөлгөх шаардлага гарвал жин нь ердөө 7.2 кг (43 инч ). Хэмжээний хувьд 32, 43, 55 инчийн сонголтуудтай тул хаана байрлуулахаас хамаарч сонголтоо хийж болно.

Асаагаад үзвэл 4K нягтаршилтай тэрбум гаруй өнгөний ялгарлыг харуулж чадах IPS LCD дэлгэц нь нүд баясгам харагдана. Дэлгэцэнд гарах дүрсийн гэрэл сүүдрийг илүү тодотгох HDR10 технологитой тул илүү амьд мэт дүрс харах боломжтой. Зурагтын харагдах өнцөг 178º тул та эгц хажууд нь эсвэл ард нь зогсоогүй л бол танд харагдана. Зөвхөн дүрсээр ч зогсохгүй Dolby болон DTS дуугаралт нь илүү баялаг учир цэвэр бөгөөд чанга дуутайгаар контентоо сонсох боломжтой.

Оролтууд + WIFI + BLUETOOTH 

Mi TV 4S 2019 онд худалдаанд гарсан цагаасаа хойш үнэнч хэрэглэгчдийнхээ бүрэн хэрэгцээг хангаж, талархлыг хүлээж эхэлжээ. Тиймдээ ч орчин үеийн зурагтад байх бүх утастай болон утасгүй холболтуудыг өөртөө агуулна. 3 ширхэг "HDMI 2.0", 3 ширхэг "USB 2.0", "Ethernet" зэрэг орчин үеийн дижитал оролтуудаас гадна хиймэл дагуулын антен, аналог оролт, 3 өнгөт залгууртай AV гэх мэт оролтын өргөн сонголтттой тул ямар ч төхөөрөмж залгахад оролт нь таарахгүй гэсэн асуудал гарахааргүй.

Мөн тийм ч их харагдаад байдаггүй нэг порт нь дууны гаралтад ашиглаж болох шилэн кабель. Уг зурагттай хосолж ажиллах шилэн кабелийн оролттой өсгөгч залгавал цахилгаанаар дамжуулахад үүсдэг статик чимээнээс зайлсхийх давуу талтай.

Утасгүй холболтод WiFi болон Bluetooth 4.2 багтана. Мэдээж WiFi-аар интернэтэд холбогдох боломжтой нь тодорхой. Bluetooth-ийн хэрэглээ нь харин сонирхолтой. Зөвхөн удирдлага гэлтгүй төрөл бүрийн дуу өсгөгч, тоглоомын контроллер гэх мэт олон төхөөрөмжтэй холбогдох нь "зурагт бол зүгээр л бичлэг гаргадаг том дэлгэц бус түүнээс хавь илүүг гүйцэтгэж чаддаг төхөөрөмж шүү" гэдгээ баталж буй мэт сэтгэгдэл төрлөө.

Удирдлага: МИНИМАЛ + МИКРОФОН + BLUETOOTH

Mi TV 4S-ийн удирдлага ашиглахад хялбар, олон нэмэлттэй, барихад эвтэйхэн, харахад ч гоё учир тусад нь онцлохоор шийдлээ. Харахад жижигхэн, минималист удирдлагыг барихад хөнгөн, эвтэйхэн байсныг дурдахгүй өнгөрөөж боломгүй санагдав. Зурагттай "Bluetooth"-ээр холбогдох тул удирдахдаа зурагт руугаа чиглүүлэх шаардлагагүйг мэдсэн хэрнээ л товч дарах болгондоо дадал зуршлаараа чиглүүлээд байлаа.

Удирдлага өөртөө микрофон агуулна. Зурагтын удирдлагад микрофоноор яах юм бэ гэж үү? Ухаалаг зурагт учраас та зурагтаа дуу хоолойгоороо удирдах боломжтой. Дуугаараа удирдахдаа гэрийнхээ хаа нэгтэйгээс орилсноос удирдлага руугаа шивнэж болох нь хавьгүй дээр. Бид Mi TV-д Netflix, Spotify хаягаа оруулаад дуу хоолойгоороо удирдаж ашиглахад Харри Поттерын ертөнцийн нэгэн шидтэн болчихсон шиг л санагдав.

Орчин үеийн ухаалаг зурагтын удирдлаганд тооны товчууд үзэгдэх нь багассаар л. 4S зурагт аналог болон хиймэл дагуулын антен холбох боломжтой гэдэг утгаараа суваг солих функцийг агуулжээ. Тиймээс удирдлагад тоон товчнуудыг ч оруулж. Удирдлаган Netflix болон Amazon Prime Video үйлчилгээнүүдийг нэг даралтаар эхлүүлэх товч бий. Ингэснээр апп дотроос тэднийг хайх шаардлагагүй ганц товч дарахад л ажиллах аж.

ҮЗҮҮЛЭЛТ + ANDROID TV + CHROMECAST

Ухаалаг зурагтыг Андройд үйлдлийн систем л ухаалаг болгож бүх боломжит функцуудыг нэмдэг. Mi TV 4S AndroidTV 9-ийн хүчээр хэрэглэгчдэдээ олон нэмэлтийг санал болгож байна.

Amlogic-ийн 4 цөмт процессор, 2GB рам, 8GB дотоод санах ойтой нь энгийн зурагтнаас илүү гэдгийг батална. Bluetooth-ээр контроллер холбож болох ч ‘Mali 450 MP3’ GPU нь зарим хөнгөн тоглоомуудыг ажиллуулах чадвартайг онцолъё. Эдгээр үзүүлэлт AndroidTV үйлдлийн системтэй хослон апп суулгах гэх мэт олон үйлдлийг хийж чадах нь гайхалтай. Дотоод санах ойд зарим дуртай киногоо татаж хадгалаад дараа үзсэн ч болно. Андройд системтэй учраас AndroidTV-д таарах "apk" файлыг интернэтээс татаад флашнаасаа суулгасан ч болох эрх чөлөө энд бий.

Бас нэгэн дурдах хэрэгтэй зүйл нь уг зурагт Global буюу олон улсын хувилбар юм. Аль улсын хувилбараас хамаарч Youtube, Netflix огт ажиллахгүй байж болзошгүй. Global загварт ямар нэгэн бүсийн хязгаарлалт байхгүй тул хүссэн үйлчилгээгээ ашиглах боломжтой нь гайхалтай.

Утас, таблет, компьютерийн дэлгэцийг зурагт руу шууд дамжуулах Chromecast-ийг өөртөө агуулсан нь заавал онцлох ёстой, магадгүй хамгийн том давуу тал. Youtube эсвэл интернэтийн хаа нэгтээгээс олсон күүл бичлэг, эсвэл үздэг цувралынхаа шинэ ангийг найзуудаараа үзэхдээ шууд л зурагт руугаа шилжүүлээд том дэлгэцээр үзэх, Chromecast дэмждэг олон аппаас ашиглах, дэлгэцээ шилжүүлэх, тоглож буй тоглоомоо зурагтын том дэлгэцээр харах гэх мэт олон гайхалтай үйлдлийг 30$-ийн төхөөрөмж худалдаж авах ч шаардлагагүй шууд ашиглах боломжтой нь тун дажгүй.

СУПЕР ХОСЛОЛ: Mi SOUNDBAR

Бид Xiaomi -ийн өөр нэг ухаалаг төхөөрөмжийг Mi TV-тэй хослуулан туршсан нь Mi Soundbar юм. "Даруухан төрх", цэвэр дуугаралт, дундаж үнэтэй уг төхөөрөмжийг зурагттай хослуулан хэрэглэхэд үнэхээр таалагдсаныг баталъя.

Гаднаасаа урт боловч минимал харагдах ба урд хэсэг нь даавуун материалаар бүрхэгдсэн нь премиум мэдрэмжийг төрүүлнэ. 83 см урт, 1.9 кг жинтэй энэ өсгөгч 2 ширхэг 65 mm-ийн вүүфер, 2 ширхэг 20 mm-ийн твийтер ба 4 ширхэг пассив радиатор, нийт 8 ширхэг дууны драйвераар тоноглогдсон учир тун чиг өндөр чанартай дуугаралттай ажээ. 50Hz - 25000Hz давтамжийн хооронд дуу гаргах чадвар нь илүү цэвэр чимээг таны чихэнд хүргэнэ гэсэн үг. Холболтын өргөн сонголттой буюу Bluetooth 4.2, AUX, S/PDIF, Line In болон шилэн кабелийг өөртөө агуулна.

Хананд тогтоох юм уу тавилга дээр тавих боломжтой нь хаана ч байршуулахад хялбар байна. Минимал үзэмж нь гэр ба оффист донжтой харагдуулах бол 8 драйверт дуу нь видео үзэх мэдрэмжийг шинэ түвшинд аваачих болно шүү.

ДҮГНЭЛТ

Mi TV 4S & Mi Soundbar нь хослуулан ашиглавал бүх төрлийн контент үзэхэд тун давгүй санагдсаныг онцолъё. Mi TV тав тухыг эрхэмлэгч хүн бүрийн хэрэглээний болон технологийн олон нэмэлт боломжийг нэг дор авах ‘ухаалаг сонголт’ байх болно. Та энэхүү ухаалаг зурагтыг яг одоо Techstore Mongolia-аас хамгийн таатай нөхцөлөөр худалдан авч, өөрийн болгоорой. Холбогдох утас: 7510 3000