Технологийн компаниудад сайхан боломж олгох нэгэн хөтөлбөрийг энэ удаад онцолж байна. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-аас “Мобиком” корпорац, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлэх “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Эл хөтөлбөрийн хүрээнд шинэ төрлийн коронавирус болох Covid 19-ийн нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулж, шийдэл гарц болж чадах шинэлэг бизнес, технологи санаачлан хөгжүүлж буй болон хөгжүүлэхээр төлөвлөж буй гарааны бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх аж. 

Хөтөлбөрт материалаа ирүүлсэн гарааны компаниудаас гурвыг шалгаруулж, 30 мянган ам.доллар хүртэлх үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулахаас гадна зургаан сарын хугацаанд сургалт, семинар зохион байгуулж бизнес, санхүү, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөж сургах аж.

Хэн оролцож болох вэ?

Цар тахлын нөлөөллийг бууруулах, дараах нөхцөл байдалд дасан зохицоход туслахуйц, технологид суурилсан шийдлийг гаргаж ирсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулсан байх, эсхүл “minimum viable product” буюу хэрэглэгчдээс санал шүүмжлэл авахуйц туршилтын загвар боловсруулсан байх нь JICA-аас тавьж буй үндсэн шаардлага. Тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дараах чиглэлүүдээр байж болно:

  • Эрүүл мэнд: Цахимаар эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үзүүлэх, өвчний илрүүлэлтийг сайжруулах, өвчний мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлалыг сайжруулах эм, эмнэлгийн багаж хэрэгслийг түгээх, анагаахын салбарын IoT-ийг сайжруулах чиглэлээрх;
  • Онцгой байдал: Онцгой байдлын үеэр байршил тогтоох, аюулгүй байдлын мэдээллийг түгээх чиглэлээрх;
  • Бизнесийн үйлчилгээ: Зайнаас ажиллахад илүү эвтэйхэн болгох, цахим үйл ажиллагааг илүү үр дүнтэйгээр зохион байгуулж, удирдах чиглэлээрх;
  • Боловсрол: Зайн сургалтыг илүү үр дүнтэй болгох чиглэлээрх;
  • Хүнс, хөдөө аж ахуй: Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах чиглэлээрх;
  • Тээвэр, логистик: Хүргэлтийн үйлчилгээг сайжруулах, хотын тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээрх;
  • Бусад: Импортын бүтээгдэхүүнийг дотоодын шинэ бүтээгдэхүүнээр орлуулах гэх мэт.

Хөтөлбөрт материалаа илгээх хугацаа ирэх сарын 6-наар дуусгавар болох аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд болон monja@japan-center.mn хаягаар хандаж тодруулаарай.

MonJa хөтөлбөр

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой ажилладаг JICA олон улсын байгууллага Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөр дамжуулан 1000 орчим бизнес эрхлэгчдийг бизнесийн сургалтад хамруулж төгсгөсөн арвин туршлагатай. Энэхүү гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөө тус төвийн болон "Moffice" инкубатор төвийн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэх гэж буй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн гурван компани "Moffice" дундын оффист үнэгүй байрлаж, тэндхийн 30 гаруй гарааны компанийнхантай туршлага, мэдээлэл солилцох боломжтой болно.

Саяхан болсон ICT Expo-ийн үеэр JICA, "Мобиком" санамж бичиг үзэглэснээр хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ