Технологийн салбарын хамгийн том цугларалтуудын нэг болох Mobile World Congress (MWC) уламжлал ёсоор Испанийн Барселона хотноо 3-р сарын 3-наас 6-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Салбарын тэргүүлэгчид ухаалаг утас тойрсон технологийн дэвшлүүдийг ярилцаж, үйлдвэрлэгч компаниуд шинэ загвараа танилцуулдаг уг арга хэмжээнээс дараах 8 төхөөрөмжийг онцолж байна.

Худалдаанд гарсан төхөөрөмжүүд

Nothing Phone 3A, 3A Pro

Сүүлийн жилүүдэд төсөр үнэтэй (budget), үзүүлэлт сайтай ухаалаг утас хүсдэг залуусын дунд моодонд орж буй Nothing шинэ загвараа танилцуулав. 3A нь 379 доллар бол 3A Pro нь 459 долларын үнэтэй. Nothing брэндийн гол ялгарал болсон тунгалаг, лед гэрэлтэй арын тал нь эдгээр хувилбаруудыг ч мөн чимжээ. Уг хоёр хувилбарын үндсэн ялгаа нь перископ (дүрс татахад бүрсийхгүй) дуран юм. 3A нь 2 дахин, харин 3A Pro нь 3 дахин татаж чадна. Энэ хоёр загварт хоёуланд нь 50 мегапиксел, 1.8 өрцтэй үндсэн болон 8 мегапиксел өргөн өнцгийн камер бий. Өргөн өнцгийн камер нь 50 мегапиксел сенсортой бөгөөд дүрсийн алдагдалгүйгээр 4-6 дахин татаж чадах гэнэ.

Snapdragon 7S Gen 3 чип, 12 GB шуурхай санах ой, 256 GB багтаамж, гурван жилийн турш үнэгүй сайжрах Android 15 үйлдлийн системтэй. Утсаа доош харуулахад автоматаар бичиж эхлэх дуу хураагуур, зураг болон аудиог эмхлэн хадгалах Essential Space апптай. Мөн iPhone-ийн Action Button-той адил шинэ товчтой болсон бөгөөд нэг удаа дарахад скрийншот хийж, хоёр удаа дарахад тус Essential Space апп руу үсрэх юм.


Xiaomi 15 Ultra

Xiaomi-ийн нэрийн хуудас болсон тус загвар Хятадын зах зээлд нээлтээ хийснээс хэдхэн хоногийн дараа Европт ирлээ. Тодруулбал, 1,100 долларын үнэтэй Xiaomi 15 болон 1,600 долларын үнэтэй Xiaomi 15 Ultra хувилбарууд энэ удаагийн MWC-ийн онцлох дүрүүд байв.

Үзүүлэлтийн хувьд орчин цагийн flagship буюу тэргүүн зэргийн утаснаас дутахгүй. Харин камер, тэр дундаа Ultra загварын камер нь олны анхаарлыг татаж буй. Хоёр загвар хоёуланд нь 50 мегапиксел үндсэн, телефото, өргөн өнцөг гэсэн камерууд байх бол Ultra хувилбар нь 200 мегапиксел нягтшилтай, 4.3 татах перископ дурантай гэдгээрээ онцлог. Мөн уг хувилбарт зориулсан 225 долларын үнэтэй Photography Kit нэмэлт ч бий. Үүнд утсаа камер шиг барихад туслах гар болон бусад шаардлагатай нэмэлт товчуудыг багтаажээ.


HMD Amped Buds

Алдарт Nokia брэндийг эзэмшигч, Финляндын HMD компани утасгүй чихэвч танилцуулав. Amped Buds чихэвч нь гар утсыг ч цэнэглэж чадах том хэмжээний гэр (case)-тэй гэдгээрээ онцлог. 1,600mAh багтаамжтай уг гэр нь ухаалаг утасны батарейг ойролцоогоор 30-50 хувь дүүргэж чадах юм. 200 долларын үнэтэй энэхүү чихэвч нь хоёр төрлийн дуу тусгаарлагч болон ус, тоосны хамгаалалттай.


Honor Pad V9

Андройд таблетын зах зээлд нэгэн шинэ тоглогч орж ирсэн нь Honor Pad V9. 11.5 инчийн, 144Hz, 2.8К LCD дэлгэцтэй, 475гр жинтэй, метал гадаргуутай уг таблетын хийц нь олны таашаалд дээд зэргээр нийцэв. MediaTek Dimensity 8350 Elite чип, 8-12GB шуурхай санах ой, 256GB багтаамж нь орчин цагийн бүх л хэрэглээг даах бөгөөд 10,100mAh аварга батарей, 35W түргэн цэнэглэгчийг нь дурдахгүй өнгөрч үл болно.


Туршилтын (concept) төхөөрөмжүүд

Tecno Spark Slim

Жилээс жилд MWC арга хэмжээний үеэр олон тооны туршилтын төхөөрөмжүүд танилцуулагддаг билээ. Эдгээр төхөөрөмжүүд нь худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байдаг ч дэлхийн шилдэг технологийн компаниуд ирээдүйг хэрхэн таамаглаж буйг харуулдаг онцлогтой. MWC 2025-аас олны анхаарлыг хамгийн их татсан төхөөрөмж бол Tecno Spark Slim ухаалаг утас. Ердөө 5.75мм зузаантай уг утсыг Хятадын Tecno компани бүтээж буй бөгөөд албан бусаар “Дэлхийн хамгийн нимгэн гар утас” гэсэн нэр алдрыг хүртээд байна. Тун нимгэн атлаа 5,200mAh батарейтай гэдгээрээ технологийн дэвшилд гарцаагүй тооцогдох юм.


Lenovo Yoga Solar PC

CES, MWC зэрэг арга хэмжээнүүдэд Lenovo үргэлж л сонирхолтой зөөврийн компьютерууд танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа тэд нарны эрчим хүчээр ажилладаг Yoga Solar PC-ийн туршилтын хувилбарыг сонирхуулав. Уг лаптопын нарны эрчим хүчийг хувиргах чадамж нь 24 хувь бөгөөд энэ нь тус салбарт урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, Yoga Solar PC-ийг нараар 20 минут цэнэглэхэд нэг цагийн турш дүрс бичлэг үзэж хүрэхүйц хэмжээний эрчим хүч хуримтлуулж чадна.


Xiaomi Modular Optical System

Ухаалаг утас үйлдвэрлэгчдийн түлхүү өрсөлддөг камерын салбарт нэгэн сонирхолтой үйл явдал болов. Энэ бол Xiaomi-гийн салгаж болдог дурантай утас. Өөрөөр хэлбэл, утасныхаа ард мэргэжлийн камертай дүйцэхүйц дуранг нэмэлтээр холбож, яг л утасныхаа үндсэн камер мэтээр ашиглах боломжтой. Уг нэмэлт дуран нь утаснаас цэнэгээ авч, асар өндөр хурдаар мэдээлэл дамжуулах тул хэрэглэгчдэд ямар нэг саад үүсэхгүй гэнэ. Ухаалаг утсаараа зураг дарах сонирхолтой хэрэглэгчдийн хувьд энэ төрлийн технологи маш том үүд хаалга нээж буй. Өмнө нь энэ төрлийн оролдлогыг томоохон компаниуд хийж байсан ч бүгд амжилтгүй болсон юм. Xiaomi-ийг хэрхэхийг хамтдаа харцгаая.


Samsung Flex Gaming

Дэлхийн дэлгэц үйлдвэрлэлийн манлайлагч Samsung энэ жил эвхэгддэг OLED дэлгэцийнхээ олон төрлийн хэрэглээг харуулав. Тэдгээрээс хамгийн онцлох нь голоороо нугардаг тоглоомын төхөөрөмж Flex Gaming байв. Сүүлийн жилүүдэд Nintendo Switch зэрэг гартаа бариад тоглож болдог тоглоомын төхөөрөмжийн зах зээл өссөөр байгаа бөгөөд Samsung энэ зах зээлд эвхэгддэг дэлгэцийн технологи дээр тулгуурлан өрсөлдөхийг бэлдэж байгаа бололтой. Мөн тэд дотроо эвхэгддэг дэлгэц агуулсан гар цүнхний туршилтын хувилбарыг ч танилцуулаад амжив.