Ковид-19 цахим шилжилтийг асар түргэсгэв. Салбар салбарын байгууллагууд технологийг үр дүнтэй ашиглан, ажил үйлчилгээгээ цахим суурьтай буюу цахимтай хослуулахын давуу талыг ойлгож байна. Энэ удаагийн "Techworm" буландаа бид хөл хорио тогтсон, хязгаарлалт ихтэй ийм үед салбар салбарын байгууллагууд хэрхэн ажиллаж, ямар технологи ашиглаж байгааг сурвалжиллаа.

БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН (IRI MONGOLIA)

Олон улсын байгууллагуудын төлөөлөл болгож бид Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй холбогдож мэдээлэл авлаа.


Тус байгууллага үйл ажиллагаандаа Microsoft-ийн бүх програмыг ашигладаг. Sharepoint дээр бүх ажлын файлаа хадгалж, хаанаас ч нэвтрэх бололцоотой болгосон, харин дотоод харилцаа, уулзалт, хурал, календариа Microsoft Teams дээр төвлөрүүлдэг байна. Хувийнхаа файлыг бол ажилтнууд нь OneDrive дээр бөөгнүүлдэг гэлээ.

Вашингтон дахь төв оффисоос нь бүх улс дахь салбаруудаа 100 хувь зайнаас ажиллуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь өнгөрсөн жилийн хавар гарсан гэхээр эдний оффис олон сар зайнаас ажиллаж байгаа гэсэн үг. Хэрвээ оффистоо очих бол, биечилсэн үйл ажиллагаа зохиох бол төв оффисоосоо зөвшөөрөл авах ёстой аж. Ажилтнууд нь бүгд оффисоосоо компьютер, шаардлагатай хэрэгслүүдээ авч явсан бөгөөд гэрийн нөхцөлд интернэт ашиглах, утсаар ярих хэрэгцээ их байгааг бодолцон байгууллагаас бага хэмжээний нэмэгдэл олгож буй аж. Төв оффисын зүгээс хуралгүй өдөр гаргах, төрөл бүрийн сургалтыг цахимаар зохион байгуулах зэргээр ажилтнуудаа дэмжиж буй гэнэ.

Дандаа зайнаас ажиллахаар хэтэрхий их цахим уулзалт, хурал хийх гээд байдаг, тиймээс ажлаа сайн төлөвлөх, ажил ба гэрийн заагийг сайн гаргах хэрэгтэйг тэд онцолсон юм. Мөн амьд харилцаа их дутагддаг учир үе үе цахимаар цуглан нэгнийхээ төрсөн өдрийн тэмдэглэх, чөлөөт уулзалт зохиох зэргээр амьд харилцаа үүсгэхийг зорьж байгаа гэнэ.

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Эмнэлгүүдийн төлөөлөл болгож бид ХСҮТ-тэй холбогдлоо.


ХСҮТ-ийнхэн үйл ажиллагаагаа шат дараатайгаар цахимд шилжүүлээд явж байгаа аж. Хөл хориотой холбоотойгоор иргэд урьдчилж цаг авах нь ихэссэн учир Ecancer.mn сайтаар үзлэгийн цаг цахимаар урьдчилж авах боломж бүрдүүлжээ. Энэ нь нэн ялангуяа орон нутгаас ирж үзүүлэх хүмүүст чухал хэрэгтэй байдаг. Эхлээд цаг авчихаад тэр хоорондоо зарим шаардлагатай баримтаа бүрдүүлэх боломжтой гэнэ.

Мөн нэг онцлууштай цахим үйлчилгээ бол E-card буюу цахим өвчний түүх. ХСҮТ-д үзүүлсний дараа тухайн хүн цахим карт нээлгэх боломжтой. Ингэснээр өвчний түүхээ цахимд үүсгэж, хаанаас ч харах боломжтой болж байна гэсэн үг. Энэ ажлыг тэд 2020 онд эхлүүлжээ. Эмч нарын хувьд цахимаар хяналтын шатанд буй өвчтөнүүддээ зөвлөгөө өгч дадсан байна. Хавдар нь байнга хяналтад байх ёстой өвчин. Мөн сошиал медиа хуудсаар ирүүлсэн асуултуудад ээлжлэн хариу өгч буй аж. Тус эмнэлгийн эмч нар бэлэн байдлын багуудад хуваагдан хуваарийн дагуу эмнэлэг дээр ээлжээр ажиллаж буй. 2020 онд дотоод хурал, зөвлөгөөнөө голцуу цахимаар хийсэн талаараа мөн хуваалцсан юм.

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Боловсролын байгууллагуудын төлөөлөл болгон бид Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй холбогдож мэдээлэл авлаа.


Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 15-18 насныхан болон насанд хүрэгчдэд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлүүд орж төгсгөдөг. Барилгын засал чимэглэл, цахилгаанчин, авто засвар гэх мэт олон ангитай. Багш нарын хувьд фэйсбүүк дэх анги ангийн группт бүгд ороод Powerpoint, PDF болон видеогоор бэлтгэсэн хичээлүүдээ байршуулдаг байна. Үүнийг сурагч оюутнууд нь үзээд хийсэн даалгавар, ажлаа групптээ оруулаад явдаг. Танхимд хичээллэхгүй болохоор сум руугаа явсан оюутнууд олон байгаа, интернэтийн хурд нь янз бүр тул даалгавраа мэдүүлэх хугацааны хувьд янз бүр аж.

Багш нар нь цахимаар хичээллэх амаргүй байгааг онцолсон. Хичээлээ бэлтгэж байршуулна, ирсэн даалгаврыг тэмдэглэж авна, мөн оюутнуудын цахимаар асуух асуултуудад хариу өгнө. Хичээл нэгдүгээр сарын 26-наас дахин орно, ямар байдлаар хичээллэхийг одоогоор шийдээгүй байгаа гэв.

E-MART ИХ ДЭЛГҮҮР

Хөл хорионы үеэр онлайн худалдаа нь амин чухал үйлчилгээнүүдийн нэг болсон. Энэ салбарын бизнесийн төлөөлөл болгон бид E-Mart их дэлгүүртэй холбогдлоо.


E-Mart дэлгүүр Emartmall.mn сайтаараа онлайн худалдаа хийгээд нэг жил болж буй. Хөл хорионы үеэр онлайн худалдааны ачаалал нь тав дахин нэмэгдсэн гэнэ. Тус дэлгүүр "Делко" хүргэлтийн компанитай аравдугаар сараас хамтран ажиллах болжээ. Мөн дотоодын хүргэлтийн хүн хүчээ найм дахин нэмэгдүүлсэн аж. Хөл хорионы үеэр төв оффисынх нь ажлын 50 хувь онлайнаар явагдсан бөгөөд O2O буюу "online to offline" олон улсын шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ дурдсан. Энэ нь онлайн ба биет үйлчилгээг хослуулсан олон улсын аргачлал юм. Тэд Хан-Уул дахь дэлгүүртээ ашиглаж байсан энэ шийдлийг хөл хорио тогтоосноос ердөө нэг долоо хоногийн дотор Чингисийн салбартаа нэвтрүүлж, хүргэлтээ хоёр цэгт суурилж явуулах болжээ. Хөл хорио гэнэт тогтож бүх л хүргэлттэй бизнесүүд ачаалалд дарагдахад тэд маш хурдтайгаар дата анализ хийж, удирдлагын түвшинд хурдтай хөдлөн, нөөцөө богино хугацаанд нэмэгдүүлсний хүчинд гурван долоо хоногийн дотор эргээд 24 цагт хүргэдэг хэвийн горимдоо шилжсэн байна. Тус их дэлгүүр 2021 ондоо онлайн худалдаагаа бие даасан аппликэйшнтэй болгохыг зорьж байгаа аж.

ШҮҮХ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэл авав.


Шүүхийн хувьд нэхэмжлэх хүлээн авахдаа заавал баталгаат шуудангаар хүлээн авч, халдваргүйжүүлсний дараа хуваарилж байгаа аж. Хэрэг хянах, шийдвэрлэхтэй холбоотой үйл явцыг үргэлжлүүлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч талуудад имэйл нээн өгч, тайлбар авах гэх мэтээр зохицуулж байгаа гэнэ. Шүүх хуралдааныг явуулахдаа талуудын болон шүүгчийн саналыг харгалзан цахимаар юм уу биеэр хуралдахыг шийдэж буй. Цахимаар хурал хийхдээ Zoom апп-ийг ашигладаг. Ингээд шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд талуудад баталгаат шуудангаар хүргүүлдэг байна. Хэргийн явцад талууд биечлэн хэрэг материалтай танилцах хүсэлт тавих үед хурлын заалыг бэлтгэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийн ирүүлж байгаа гэлээ. Хэрэглэгчид Цахим шүүх хуралдаан аппликэйшнээр мэдээлэл авах боломжтой.