Өдөр бүр бидний гар утас, таблет, лаптопоос хамаарах хамаарал нэмэгдсээр буй. Ажил амьдралын бүхий л зүйлсээ гар утаснаасаа шийдэх нь бидний цагийг хэмнээд зогсохгүй өдөр тутмын асуудлыг улам хялбараар шийдэхэд тусалдаг билээ. Харин бидний гар утас үргэлж цэнэгтэй явна гэдэг хүндхэн даваа. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр түрээсийн powerbank хэмээх үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.  

Тэгвэл саяхныг хүртэл энэхүү үйлчилгээг дангаараа үзүүлж байсан Hi-Charge-д нэгэн өрсөлдөгч гарч ирсэн нь Toki Power. Бидний сайн танил Toki хэрхэн Hi-Charge-ийг өрсөлдөөнд дуудав, хэн нь шилдэг вэ гэдгийг ээлжит “Unread туршив”-аараа тодруулъя. 

Юун түрүүнд үйлдлийн систем буюу гар утасны апп энэхүү үйлчилгээнд маш чухал ач холбогдолтой билээ. Хэрхэн powerbank-аа түрээслэх вэ? Хаанаас олох боломжтой вэ? Хэрхэн буцаах вэ? Асуудал гарвал яах вэ? гэхчлэн үйлчилгээтэй холбоотой бүхий л зүйлс гар утасны апп-аар дамжина шүү дээ.

Hi-Charge үйлчилгээ нь өөрийн бие даасан аппгүй тул Toki Power-аас олон апп (Hipay, MonPay, SocialPay, Digi Pay, M bank, QPay г.м)-аар нэвтрэн үйлчлүүлэх боломжтойгоороо давуу талтай. Тиймээс та өөрт тохирсон төлбөрийн аппыг хэрэглэн үйлчлүүлж болно.

Toki Power нь Toki апп-ын олон төрлийн үйлчилгээний нэг тул хэрэв та Toki-г такси, Umoney, аялал, тасалбар худалдан авах зэрэгтээ өдөр бүр хэрэглэдэг бол Powerbank-аа ч нэг дороос шийдэх боломжтой юм. Тиймээс Powerbank түрээслэхэд илүү хялбар, энгийн гэж дүгнэнэ.

Дэлгэрүүлж унших: Апп тойм: Хэрэгцээ бүр таны гарт "Toki"

Төлбөр төлөхөд Toki илүү хялбар, ойлгомжтой, олон үйлдэлгүй. Ганцхан товчлууртай, түүнд нь QR кодоо уншуулаад л болоо. Харин Hi-Charge QR уншуулах товчлуур дээрээ танд мэдээлэл өгөх дөрвөн цэстэй бол Toki түүнийг тань тухай бүрд нь бяцхан сонордуулга (notification) болгон (дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зүүн доод буланд байрлах цэсээс унших боломжтой) танд илгээнэ. Энэ нь Hi-Charge-ын танилцуулга цэсийг уншихаас илүү хялбар, хурдан, ойлгомжтой тул нэгэн давуу тал болжээ.

Ялагч: Хоёр үйлчилгээ хоёулаа өөр олон үйлчилгээг зэрэг үзүүлдэг апп-ууд дотор хамаарах тул функцийн хувьд төстэй. Тиймээс энэ үзүүлтэд үнэмлэхүй ялагчийг тодруулах боломжгүй юм.

Хоёр Powerbank хоёулаа бүх төхөөрөмжийг цэнэглэх гурван оролттой ч бидэнд бас нэгэн чухал үзүүлэлт бол хурд. Хэдийгээр Powerbank нь хаашаа ч авч явж болохоороо өөрийн давуу талтай ч мөн хурдан цэнэглэх нь чухал тул энэхүү үзүүлэлтийн талаар авч үзье.

Hi-Charge Powerbank нь энгийн хэрэглээний powerbank-тай ижил хурдаар цэнэглэдэг.

Toki Power нь fast charging тул энгийн powerbank-аас 40 хувиар хурдан буюу дунджаар минутад нэг хувь цэнэглэнэ.

Цэнэглэж буй хурдыг харьцуулсан бодит жишээг харуулъя.

Ялагч: Маргаангүй Toki ялна. Шинээр нэвтэрч буй үйлчилгээ тул илүү инновацлаг замаар шийджээ.

Hi-Charge-ын powerbank-ууд хотоор өргөн тархсанаас гадна хотын алслагдмал хороонууд хүртэл тархан байршсан.

Toki Power нь бидний өдөр тутамдаа өргөн үйлчлүүлдэг CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараас гадна хамгийн их хөл хөдөлгөөнтэй 1000 байршилд 9000 ширхэг байршсан.

Ялагч: Toki илүү олон байршилд түрүүлсэн бол илүү хол, алслагдмал байршилд Hi-Charge түрүүлнэ.

Hi-Charge 30 минут тутамд 500 төгрөг буюу цагийн 1000 төгрөг.

Toki Power нэг цагийн 2000 төгрөг боловч 24 цагийн 5000 төгрөг. Мөн нээлтээ хийсэн өдрөөсөө хойш (8/26) 9/16-ний хүртэл түрээслэх бүрд 100 хувь мөнгөн буцаан олголттой байх юм байна.

Ялагч: Богино хугацаанд түрээслэх бол Hi-Charge, урт хугацаанд түрээслэх бол Toki Power ялна.

Байршил, хурд, ойлгомжтой хялбар байдлаараа Toki түрүүлсэн бол бусад үзүүлэлтээрээ тэнцлээ. Тиймээс урт хугацаанд түрээслэх, төхөөрөмжөө хурдан цэнэглэх шаардлагатай байгаа бол Toki-г, богино хугацаанд хямд үнээр түрээслэхийг хүсвэл Hi-Charge-ийг сонгоорой.

Хэрэглэгч та өөрт тохирсон түрээсийн powerbank-аа сонгон гар утсаа унтрахаас сэргийлэхийн зэрэгцээ хэрэглээнд буй powerbank-уудтай болгоомжтой харьцаж, гэмтээж, үрэгдүүлэхгүй хэрэглэхийг уриалж байна.