Уншигч танд хоёр эсвэл үүнээс ч олон ухаалаг төхөөрөмж байдаг байх. Утас, компьютер, таблет зэрэг эдгээр ухаалаг төхөөрөмжүүд маргаангүй бидний амьдралын үнэнч туслахууд билээ. Даан ч бид тэдэндээ дэндүү гамгүй ханддаг мэт санагддаггүй юу? Гацахаар нь стресстэж, шинэчлэл (update) хийхийг сануулахад нь үл тоож, мөн цэнэгээ хурдан алдахад нь уцаарладаг.

2019 онд дэлхий даяар 53.6 сая тонн электрон төхөөрөмжийн хог хаягдал үүссэн бөгөөд түүнээс 20 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагдсан байна. Энэ хог хаягдлаас их хэмжээний хорт бодис хөрс, усанд шингэж буй. Батарейны гол материал болох лити л гэхэд устөрөгчийн фторын хий байгальд ялгаруулж зөвхөн байгальдаа гэлтгүй удаандаа хүний амьсгалын замын эрхтэн болон арьсыг цочроох аюултай.

Тиймээс батарейгаа илүү удаан ашиглаж, муудахаас нь сэргийлж байх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй байгаль орчиндоо эергээр нөлөөлөхүйц ухаалаг шийдэл байх нь ээ. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр ухаалаг төхөөрөмжийн батарейн насыг уртасгах аргуудаас зааж өгье. 

Төхөөрөмжийнхөө цэнэгийг нь эхлээд сайн дуусгаж байж дахин цэнэглэ гэж ярьдаг. Гэхдээ утсаа 0% хүртэл ашиглаж унтраах нь тийм ч сайн зүйл биш байх нь. Учир нь хуучин төхөөрөмжүүдэд ашиглагддаг байсан никель-кадми (NiCd) ба никель-металл гидрид (NiMH) батарейнууд олон дахин цэнэглэвэл дээд хүчин чадлаа цэнэглэх бүрт ашигласнаар яваандаа батарей мууддаг байсантай холбоотой. Харин орчин үеийн лити-ион батарейнууд 20-80 хувийн цэнэгтэй байх нь хамгийн тохиромжтой. Мөн төхөөрөмжөө байнга 100% цэнэглэх нь батарейнд халтай. Ингэснээр утас хэт их халж ашиглалтын хугацааг богиносгодог. Товчхондоо утсаа унтартал нь ашиглаж болохгүй мөн цэнэглээд хонож болохгүй.


Утастай хамт цаанаас нь ирсэн “ориг” цэнэглэгч нь таны утасны цахилгааны стандарт шаардлагад нийцэхээр бүтээгдсэн байдаг. Өөр цэнэглэгчээр цэнэглэхээр тогтмол бус хүчдэл үүсгэдэг буюу нэг бол дутуу цэнэглэж эсвэл хэт их цэнэглэснээс болж батарейг нь гэмтээдэг. Судалгаагаар “ориг” бус цэнэглэгч нь батарейны насжилтыг 50 хувь хүртэл богиносгодог болох нь тогтоогджээ.

Түүнчлэн өндөр чанартай цэнэглэгч цахилгааны элдэв аюулыг дагуулж байдаг. Судалгаагаар гадуур зарагддаг чанаргүй цэнэглэгчээс үүдэж гал гарах, утас дэлбэрэх асуудлууд үүсдэгийг онцолсон байна.


Хэт өндөр эсвэл хэт бага температур хоёулаа батарейны насжилтад сөргөөр нөлөөлдөг. Өндөр температур нь батарейн доторх химийн урвалыг хурдасгаж, тэнд агуулагдах химийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хурдан задлахад хүргэдэг. Харин бага температур нь дотоод эсэргүүцлийг нэмэгдүүлж, батарейг эрчим хүчээр хангахад хүндрэл учруулдаг.

Journal of Power Sources сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар тохирсон температурт нь ашигласан батарейнууд жилийн дараа хэт өндөр температурт өртсөн батарейтай харьцуулахад 20 хувиар илүү хүчин чадалтай байсныг онцолжээ.


Үйлдлийн системийг тогтмол шинэчлэх нь таны төхөөрөмжийг илүү үр ашигтай ажиллуулж, батарейны шаардлагагүй зарцуулалтыг бууруулж байдаг. Тэгэхээр биднийг төхөөрөмжөө update хийхээс залхуурч байх хооронд утас, компьютерын олон эд анги, хэсгүүд элэгдэж хуучирч байдаг ажээ.

Судалгаагаар үйлдлийн системээ тогтмол шинэчлэх нь батарейны насжилтыг 15 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байдаг. Мөн хоол хийхэд хутга иргүй байх нь хоолны орцуудаа хэрчиж бэлдэх явцыг удаашруулдаг шиг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийг шинэчлэхгүй байх нь уртдаа төхөөрөмжийг удаашруулдаг байх нь.


Орчин үеийн олон төхөөрөмжүүд нь хэрэглэгчийн цэнэглэх явцыг судалж, цэнэглэх хурдаа тохируулдаг функцтэй байдаг. Ингэснээр хэрэв та утсаа ихэвчлэн шөнө унтахдаа цэнэглэдэг бол шөнийн туршид төхөөрөмжийг 80 хувь хүртэл хурдан цэнэглэж, таныг сэрэхээс өмнөхөн үлдэгдэл 20 хувийг удаан дүүргэдэг гэсэн үг.

Батарей нь зөвхөн төхөөрөмжийн цэнэгээр хязгаарлагдахгүй ойлголт бөгөөд бидний нэг их бодолгүй гаргадаг үйлдлээс болж насжилт нь богиносож байдаг байх нь. Ухаалаг төхөөрөмжөө илүү удаан ашиглахыг хүсвэл батарей насжилтад яаж оролцдогийг мөн цаашид төхөөрөмжөө хэрхэн цэнэглэх тухай энэ нийтлэлээс бага ч болов ойлгосон болов уу? хэмээн найдаж байна.