Өнгөрсөн сард монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиов. Сансар судлалын алтан үе гэж хэлж болох 1960-аад оноос хойш сансар огторгуй хэмээх нууц нь үл тайлагдах орон зайг хүн төрөлхтөн лавшруулан судалсаар өдгөө улам холыг хардаг, илүү ихийг мэддэг болоод байна.

2022 оны байдлаар сансрын салбар 540 тэрбум ам.доллароор хэмжигдэж байв. Хэрвээ Сансар нэртэй улс байдаг гэж үзвэл уг улс дэлхийд ДНБ-ийн хэмжээгээр 25-д бичигдэх том улс байх нь. Зах зээлийн хэмжээ нь хурдтай өссөөр 2030 он гэхэд 1 их наяд ам.долларт хүрэх таамаглал ч бий. Энэхүү өндөр өсөлтөөс улбаалан задгай сансар танин мэдэхүйн судлагдахуун төдий бус улс орнуудын эрх мэдэл, эзэмшлийн төлөөх тулааны талбар болон хувирч буй.

АНУ-ын Сансрын хүчний сүлд дуугаар өнөөдрийн нийтлэлээ эхлүүлье.


Тулааны бай “Сар”

Сансар гэдэгт асар олон агуулга багтана. Пуужин хөөргөх, сансрын нисгэгч бэлдэх, харийн гарагуудыг судлах, телескоп зохион бүтээх гээд дурдаад байвал дуусахгүй. Өнөөдрийн байдлаар энэ бүгдийн хамгийн чухал бөгөөд ноён оргил нь Саранд хүрэх болоод байна. Ангарагт хүрэх, харийн соёл иргэншлийг олж нээх, гэрлийн хурдаар аялах зэрэг киноноос л хардаг зүйлсэд хүрэхийн тулд бидний давах ёстой даваа нь “хажууханд” буй Сараа “эзлэх” юм.

Хүн төрөлхтөн өмнө нь ч Сарны төлөө өрсөлдөж байв. Тэр бол дан ганц сансар судлал ч бус шинжлэх ухаан, геополитикийн түүхэнд тодоор бичигдсэн, 1955 оноос эхлэлтэй “Space race” буюу “Сансрын уралдаан”.


ЗХУ-ын ухуулга зураг хуудас

Дэлхийн II дайны дараа тухайн үеийн хүчирхэг гүрнүүд болох АНУ болон ЗХУ-ын хүчээ үзэх талбар нь сансар, тэр дундаа Сар байсан юм. Тус хоёр гүрэн сансрын технологио тасралтгүй хөгжүүлж, их хэмжээний нөөц зарцуулснаар үр дүнд нь:

  • 1957 оны аравдугаар сарын 4: Анхны хиймэл дагуул хөөрөв (ЗХУ)
  • 1961 оны дөрөвдүгээр сарын 12: Анх удаа хүн сансарт нисэв (ЗХУ)
  • 1965 оны гуравдугаар сарын 18: Анх удаа хүн задгай сансарт алхав (ЗХУ)
  • 1969 оны долдугаар сарын 20: Анх удаа Саран дээр хүн газардав (АНУ)

АНУ-ын ухуулга зураг хуудас

Ийнхүү уг уралдаанд ЗХУ тэргүүлж байсан ч эцсийн мөчид АНУ ялалт байгуулсан түүхтэй. Ялалтын буухиа үргэлжилсээр 1969-1972 онуудад АНУ-ын 12 сансрын нисгэгч саран дээр амжилттай алхсан билээ. Сонирхуулахад, тухайн үед нэг сансрын нисгэгчийг саран дээр газардуулах зардал одоогийн ханшаар 9 тэрбум ам.доллар байжээ. Хэт өндөр зардал тэргүүтэй олон шалтгаанаас үүдэн үүнээс хойш 50 гаруй жилийн хугацаанд Саран дээр нэг ч хүн алхаагүй байгаа юм.


Хүн төрөлхтөн Саранд хүрснээр амьдрах боломжтой төв байгуулах, судалгаа шинжилгээ хийх, цоо шинэ эдийн засаг үүсгэх, ховор бөгөөд үнэт метал олборлох, олон хүнийг энэ салбарт татан оруулж илүү хурдацтай хөгжих, илүү хол гарагууд руу аялах өртөөтэй болох, улс гүрнүүдийн хооронд шинэ хамтын ажиллагаа бий болгох зэрэг олон давуу талтай.

Тулаанд оролцогчид

Хөгжил дэвшил, ашиг хонжооноос гадна хүний төрөлхийн сониуч, адал явдал эрэлхийлэгч зангийн ноён оргил болсон энэхүү тулаанд ихэнх томоохон улсууд өөрийн арга барилаар оролцож буй. Тэдгээрээс онцлох таван улсыг ойрын зорилгуудын хамтаар хуваалцъя.

TIME сэтгүүлийн 2019 оны долоодугаар сарын нүүр зураг

АНУ: Анхны сансрын дайнд ялсан АНУ өнөөдрийг хүртэл сансрын тулаанд тэргүүллээ хадгалсаар байна. Засгийн газраас гадна SpaceX, Blue Origin, Boeing зэрэг томоохон хувийн компаниуд энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй нь тэдний хувьд давуу тал болж буй. Эдгээр компаниуд сансрын аялал жуулчлал, дахин ашиглах боломжтой пуужин зэргээр шинэ ойлголтуудыг бий болгож, түүнд шаардлагатай технологиудаа тасралтгүй хөгжүүлсээр байна.

Харин “NASA”-ийн хэрэгжүүлж буй, хагас зууны дараа хүн төрөлхтнийг Саран дээр ахин газардуулах “Artemis” хөтөлбөр нь 2026 онд сансрын нисгэгчтэй хөөрч, Саран дээр газардах юм. Энэ зорилго биелбэл АНУ Саранд хүрэх уралдаанд ахин ялна.

Artemis хөтөлбөрийн SLS пуужин хөөргөх төхөөрөмж

БНХАУ: Дэлхийн тойрог замд хүн амьдрах боломжтой хоёрхон сансрын станц байгаагийн нэг нь 1998 онд АНУ, ОХУ, Япон, Канад, Европын сансрын холбоодын хамтран бүтээсэн “ISS”, нөгөөх нь 2021 онд Хятадын бие даан бүтээсэн “Tiangong” билээ. Зөвхөн энэ баримтаас Хятад сансрын тулаанд хэр том тоглогч болохыг харж болно.

Тэд 2030 он гэхэд Саран дээр хүн газардуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн 2026 онд “Chang’e-6” нислэгээр Сарны цаад талаас 2 кг дээж авчрах, 2027 онд “Chang’e-7” нислэгээр Сарны өмнөд туйлыг судалж, ус хайх бол 2035 он гэхэд хүн амьдрах боломжтой “ILRS” төвийг Саран дээр байгуулах зорилготой.

Tiangong сансарын станц

ОХУ: Анхны сансрын дайны хүчтэй тоглогч ОХУ өнөөдөр ч гэсэн сансар судлалаараа тэргүүлж байна. Жишээлбэл, дээр дурдсан “ILRS” төвийг Орос болон Хятад улсууд хамтран байгуулахаар ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд:

2021-2025 он: Саран дээр төв байгуулах боломжтой хамгийн таатай хэсгүүдийг олж илрүүлэх, өндөр нарийвчлалтай зөөлөн газардалт хийх технологийг хөгжүүлэх
2026-2035 он: Сар луу бүтээн байгуулалтад шаардах ачаа зөөх, Сарны тойрог зам болон гадарга дээрх харилцаа холбоо, эрчим хүчний бүтээн байгуулалтыг эхлүүлэх
2036 оноос цааш: Шинжлэх ухаан болон аялал жуулчлалын шугамаар Сарыг зоригсдын тоог нэмэгдүүлэх, Сарны төвөө өргөжүүлэх

Саран дээрх “ILRS” төвийн тойм зураг

Энэтхэг: Тус улсын сансрын агентлаг “ISRO” өнгөрсөн жил “Chandrayaan-3” хөлгийг Сарны хойд туйлд газардуулж, тус хэсэгт амжилттай газардсан анхны улс болсон билээ. Тэд 2024 онд Дэлхийн тойрог замд сансрын нисгэгч хүргэх, 2035 онд өөрсдийн гэсэн сансрын станц байгуулж, 2040 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчээ газардуулах зорилготой.

Chandrayaan-3 хөлгийг илгээсэн LVM3 хөөргөх төхөөрөмж

Европ: Европын нийт 22 гишүүн орноос бүрдэх ESA бие даасан бүтээн байгуулалтаас илүүтэй бусад улсуудтай хамтарсан хөгжүүлэлтүүдийг хийж байна. Жишээ нь, АНУ-ын “Artemis” хөтөлбөрт идэвхтэй оролцож, Саранд хүрэх хөлөг хөгжүүлэх, ОХУ-тай хамтран Саран дээр газардах робот бүтээх зэрэгт анхаарч буй.

Сансрын хөгжилд зориулсан нэг ам.долларын өгөөж нь 2-8 ам.доллар байдаг гэх судалгаа бий.

Сансрын нөлөө

Дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүнтэй гүрнүүдийн оролцож буй энэхүү уралдаанд цор ганц ялагч гарна гэвэл хэт өрөөсгөл ойлголт болно. Учир нь сансрын салбарын дам нөлөө ил харагдах ололт амжилтуудтай харьцуулах аргагүй өргөн билээ. Тухайлбал:

Технологи: Өдгөө бидний өдөр тутамдаа ашигладаг байршил тогтоох GPS, нарны эрчим хураагуур, ус цэвэршүүлэгч, утасгүй чихэвч зэрэг олон технологиудыг анх сансрын аялалд зориулан хөгжүүлж байжээ. “NASA” 1976 оноос хойш 2,000 гаруй сансрын технологи хэрэглээний технологи болон хувирсан гэж үздэг байна. Тиймээс сансрыг эзлэхэд зориулж буй их хэмжээний санхүү болон хүний нөөцийн үр дүнд хүмүүсийн амьдралын чанар сайжирч, шинэ хэрэглээ бий болж, эдийн засгийн эргэлт нэмэгддэг.

Боловсрол: Сансрыг эзлэхэд шаардагдах физик, хими, инженер зэрэг чиглэлийн тэтгэлгүүд олширч, цалин хөлс нэмэгдэж, боловсон хүчний эрэл ихсэх нь товчхондоо хүн төрөлхтнийг илүү ухаалаг болгодог. Жишээлбэл, хүнийг Саранд хүргэсэн “Apollo” хөтөлбөрийн үр дүнд шинжлэх ухааны салбарт докторын зэрэг горилогчдын тоо үлэмж нэмэгдэж байжээ.

Байгаль: Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, ган гачиг, хар салхи зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлуудыг шийдэхэд юун түрүүнд яг юу болоод байгааг ойлгох нь чухал. Ингэхийн тулд сансрын технологиудаа хөгжүүлж, Дэлхийгээ гаднаас нь харахаас илүү үр дүнтэй арга үгүй.

Эх сурвалж: The Wall Street Journal

Ингээд харвал сансрын тулаанд хэн ялах гэхээс илүүтэй “тулалдаж” байна гэдэг нь хүн бүрийн хувьд эерэг нөлөө авчрах үйл явдал юм. “Дэлхийн дайн”-д ялагч тал гэж байдаггүй бол “Сансрын тулаан”-д бүх тал нь ялагч.

Төгсгөлд нь, дээр дурдсан тэргүүлэх улсуудын ойрын зорилгууд биелэх эсэхийг харж, хүн төрөлхтний түүхийн хамгийн чухал үйл явдлыг гэрчлэх боломж бидэнд байгааг бүү мартаарай.