Ихэнх хүмүүс бичихүйн аянаа цаасан дээр гараараа бичиж эхлүүлсэн байдаг. Харин миний хувьд анхнаасаа л цахим орчин, элдэв янзын програмууд дээр бичсэн. Microsoft Word-ийн 2007 оны хувилбараас эхэлж, Google Keep-рүү шилжиж, Google Doc-руу урваж, Apple Notes руу халтирсан аялал маань эцэстээ Scrivener дээр ирээд байна.
Бичих програм яагаад тийм чухал юм бэ, зүгээр л юу дуртай дээрээ биччихэж болдоггүй юм уу гэж бодож байна уу? Хэрвээ бичих ажлаар мөнгө олдог, өдөржин ямар нэгэн зүйлийн тухай бичиж байдаг, энэ үйл амьдралын чинь салшгүй нэг хэсэг болсон бол хүссэн хүсээгүй хэрхэн үр дүнтэй бичих вэ гэдэг асуултыг улаан нүүрээрээ мөргөдөг.
Ажлынхаа буянаар амьдралдаа анх удаа төлбөртэй Microsoft Word хэрэглэсэн өнгөрсөн жилээс л бичихүйн програмууд ямар чухал болохыг ойлгож эхэлсэн юм. Үр дүнтэй бичихийн тулд орчин, дуу, кофе, онгод зэрэг зүйлсээс гадна найдвартай ажилладаг, харагдац сайтай, ашиглахад хялбар, сатаарах зүйлгүй програм нэн чухал болохыг өөрийн биеэрээ батлан тунхаглая.
Scrivener-ийн тухай
Англид төвтэй “Literature & Latte” компанийн хөгжүүлдэг уг програмын анхны хувилбар 2007 онд хэрэглэгчдийн гарч хүрж байжээ. Сэтгүүлч, хуульч, судлаач, зохиолч, орчуулагч гээд өдөр тутамдаа бичдэг хүмүүст зориулсан Scrivener их хэмжээний текст, олон бүлэгтэй ном, олон эх сурвалжтай судалгааны ажил, олон дүртэй зохиол, олон хэсэгтэй жүжиг гээд нүсэр хэмжээний бичгийн ажилд нэн тохиромжтой. Mac, Windows, iOS үйлдлийн систем дээр ашиглаж болох бөгөөд үнэ нь 59,99 ам.доллар буюу ойролцоогоор 200,000 төгрөг. Нэг худалдаад авсан байхад насаараа ашиглаж болно. Мөн анхлан хэрэглэгчдэд зориулсан 30 хоногийн үнэгүй ашиглах эрхтэй.
ДАВУУ ТАЛ
Үнэгүй програмууд зөндөө байхад яагаад заавал Scrivener гэж? Үндсэндээ ийм хэдэн шалтгаантай.
Нүсэр текстийг хашраа: Google Docs дээр 10,000-аас дээш үг бичиж үзсэн үү? Хэдийгээр энэхүү програм үнэ төлбөргүй, ашиглахад нэн таатай ч урт хэмжээний тексттэй ажиллах үед гацах, компьютерын санах ойг хэт ачаалуулах зэрэг сул талтай. Харин Scrivener бол анхнаасаа урт текст бичдэг хүмүүст зориулсан учир ямар ч нүсэр текст байсан огт гацахгүй, цаг ямагт найдвартай, хурдан шуурхай ажиллана.
Тааллаараа тохируул: Ашиглаж буй програмаа өөрт хамгийн тухтай байдлаар өөрчлөх шаардлага үүсдэг үү? Scrivener-ийн хувьд өнгө төрх, товчны байрлалаас эхлээд бүх л зүйлсийг нь хүссэнээрээ өөрчилж болдог. Зарим хүмүүст хэт олон тохиргоотой, ойлгомжгүй санагдаж магадгүй ч бүхнийг өөрийнхөөрөө тааруулах хүсэлтэй хүмүүст бол төгс програм.
Эрдмийн ажлыг эзэгнэ: Эрдэм шинжилгээний өгүүлэл болон судалгааны ажил бичихэд Scrivener тун тохиромжтой. Эх сурвалжуудаа нэг дор цуглуулах, хадгалах, ном зүй хийх, файлаа хүссэн формат, өнгө төрхөөр гаргах гээд бүхий л хэрэгтэй функцүүд бий. Миний хувьд эрдмийн ажлуудаа энэ л програм дээрээ бичиж, чамгүй олон цагийг хэмнээд байна.
Зөв зохион байгуул: Олон файл, эх сурвалжтай ажилладаг бол тэд бүгдийгээ хавтсанд хийх, явцыг нь тэмдэглэх гээд яг л зөвхөн бичихүйн үйлд зориулсан Google Drive-тай боллоо л гэсэн үг. Зохиол бичдэг хүмүүс бол дүр бүр дээрээ файл үүсгэх, үндсэн хэсгүүдээ тусдаа гаргах боломжтой. Харин нийтлэл бичдэг, орчуулга хийдэг, судалгаа хийдэг хүмүүс бол эх сурвалжуудаа хадгалах, хүссэн веб хуудсаа тэр чигт нь дуудах гээд интернэт хөтчийн хуудаснууд дунд төөрөхгүй байх боломжтой юм.
Бичихүйн үйлээ тусгаарла: Google Docs-ийг интернэт хөтөч дээрээ ашиглаж байхад нэг л мэдэхэд олон нийтийн сүлжээ орчихсон эсвэл өөр ямар нэгэн зүйл хараад сатаарсан байдаг уу? Хэрэв тийм бол Scrivener, Word зэрэг тусдаа програм ашиглах нь зөвхөн бичих ажилдаа анхаарч, “гараасаа юм гаргах” боломжийг бүрдүүлдэг. Жишээлбэл, Scrivener-ийн өдөр бүр бичсэн үгийн тоогоо харах боломж, ямар ч сатаарах зүйлгүй “Focus” горим зэрэг нь ихэд нэмэр болно.
сул тал
Хэт үнэтэй: Google Docs тэргүүтэй бичихүйн болон тэмдэглэл хөтлөх асар олон үнэгүй програм байгаа үед 200,000₮ төлнө гэдэг зарим хүнд шаардлагагүй зардал байж болох юм. Түүнээс гадна нэг удаагийн төлөлтөөр нэг л төхөөрөмж дээрээ ашиглах эрх авдаг. Тиймээс өөр төхөөрөмж эсвэл гар утас дээрээ суулгая гэвэл нэмэлт төлбөр төлөх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр авахыг хүсэж байгаа бол “KINDLEPRENEUR” купон кодоор 20 хувь хямдруулаарай.
Ойлгоход хэцүү: Scrivener дээр олон арван тохиргоо, цэс байх тул эхний хэдэн цагийг дасахад зарцуулна. Тиймээс шинэ зүйл сурах дургүй эсвэл дассан програмаасаа салахыг хүсэхгүй байгаа бол Scrivener тийм ч зөв сонголт биш болов уу.
Хуваалцах боломжгүй: Google Docs, Microsoft Word зэрэг шиг хэн нэгэн рүү цахим шуудангаар урилга явуулж, нэг файл дээр хамтдаа ажиллах боломжгүй. Бусад руу илгээхийн тулд заавал файлаар нь гаргаж байгаад илгээнэ гэсэн үг. Тиймээс нэгээс олон хүнийг хамруулсан бичих ажилд тохиромжгүй.
Цахимд хадгалахгүй: Ялангуяа Google Docs шиг веб суурьтай програмуудын нэгэн давуу тал нь аливаа файлыг үргэлж цахимд хадгалдаг тул төхөөрөмжөө алдсан ч тэр файл байж л байдагт оршино. Харин Scrivener дээр цахимд хадгалах функц байхгүй тул аюулгүй байдлаа бодож нэмэлтээр файлуудаа хаа нэг газар давхар хадгалах шаардлага үүснэ.
ДҮГНЭЛТ
Сүүлийн найман жилийн турш, төрөл бүрийн програм туршиж үзсэний дараа “бүх төрлийн бичих ажилд тохирох төгс програм гэж байхгүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс бичихүйн ямар ажил хийдгээсээ хамааран програмаа сонгож, цаг хугацаа хэмнэн, бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Товчхондоо:
Google Docs: Сургууль болон оффис хэрэглээнд тохиромжтой. Хамгийн том давуу тал нь бусадтай хуваалцаж, олуулаа нэгэн файл дээр ажиллах боломж нь юм.
Microsoft Word: Оффис хэрэглээнд тохиромжтой. Интернэтгүй үед ч ашиглаж болно. Сүүлийн үеийн хувилбар биш бол зарим нэгэн дутагдал гарах ч Word бол бичихүйн салбартаа үнэмлэхгүй аварга.
Scrivener: Урт хэмжээтэй, олон төрлийн эх сурвалжтай текстийг цэгцтэй, замбараатай бичихэд тусална. Scrivener ашиглаж үзвэл Docs, Word биднээс ямар их зүйлсийг “нууж” байсныг ойлгох болно.
Бичихүйн их үйлд тань амжилт хүсье.