Хагас триллион долларын потенциалтай жолоочгүй машины технологийн төлөөх дайн ид үедээ үргэлжилж байна. Уламжлалт гигантууд бүгд том хэмжээний санхүүжилтээр үйл ажиллагаагаа өргөтгөж, топ талентуудыг нэгтгэсэн стартапууд гол зүг чигийг заагчид болж хувирав.

Дэлхий нийт долоо хоног бүр шинэ наймаа, шилжилт хөдөлгөөн, нэгдлийн тухай мэдээлэл сонсож, бодит туршилтууд дэлхийн өнцөг булан бүрд хийгдэж эхэлжээ. Одоо жолоочгүй машин хотын хөдөлгөөнд оролцож, хүнс бараа зөөж, хүргэлтийн үйлчилгээнд гарсан байхыг та үзэж болно. Удахгүй өдөр тутмын хэрэглээ болж, замын хөдөлгөөний нэг хэсэг болох учиртай энэ технологи улам бүр аюулгүй, найдвартай болон төгөлдөржсөөр.

Unread өнөөдөр энэ технологийн төлөөх дайны гол лидерүүд, нэхэгчид, битүү морьдыг танилцуулж байна.

ЛИДЕРҮҮД

Waymo

Google-ийн толгой компанид харьяалагддаг Waymo бол ямар ч маргаангүй энэ салбарын лидер. Тэдэнд энэ салбарт амжилт үзүүлэхэд зайлшгүй хэрэг болох туршлага, мөнгөнөөс эхлээд бүх нөөц хангалттай бий. 11 жилийн өмнө Google-ийн жижиг төслөөс эхэлсэн Waymo өдгөө 3 тэрбум долларын санхүүжилт татсан, 30 сая км зам туулах хүртлээ өргөжжээ.

Тэднийг технологийн хувьд бусад өрсөлдөгчдөөсөө жил эсвэл хоёр жилээр түрүүлж яваа гэж онцолдог нь ч санамсаргүй хэрэг биш. Хэрвээ та яг одоо жолоочгүй машин унаж туршихыг хүсвэл танд ердөө ганцхан сонголт байгаа нь Waymo байх болно. Тэд Финикст Chrysler-тай хамтран аль хэдийн 100 мянган удаа такси үйлчилгээнд гараад амжжээ. 2018 оны 10-р сард Калифорни мужид үйл ажиллагаа явуулах эрх авсан нь ч салбартаа анхдагч болохуйц үйл явдал байв.

"Бид машин бус жолооч хөгжүүлж буй" хэмээх уриатай Waymo өөрсдийн технологийн бүх төрлийн загварт таарахуйц байдлаар хөгжүүлэхийг хичээж буй нь сонирхолтой. Тэд Детройтын захын хэсэгт үйлдвэр худалдан авч, тэндээ Fiat, Chrysler, Jaguar-т системээ суурилуулж байна. Урдаа яваа хөдөлгөөнт хэрэгслүүдийг ангилах, эсвэл учирсан аюулыг үнэлж шийдвэр гаргах хурд нь тэдний технологийн гол давуу тал. Хамгийн сүүлд тэд Oксфордын их сургуулиас төрөн гарсан Latent нэртэй стартапыг худалдаж авсан нь зам дээр явган зорчигчийн гаргах үйлдлийг таньж мэдэх, таамаглах тал дээр ихээхэн дэвшил гаргах боломжтой болсон юм.

Cruise

General Motors 2016 онд Cruise Automation-ийг үнэ цохин худалдан авснаар жолоочгүй машины зах зээлд сүүл мушгигчаас гол тоглогчдын нэг болтлоо үсэрсэн гэдэг. Өдгөө тэд хамгийн төвөгтэй, огцом эргэлтүүдийг ямар ч саадгүй гүйцэж чаддаг технологио гол давуу талаа болгон урагшилсаар байна. Сан Францискод 2019 оны 12-р сард нээлтээ хийх зорилгодоо хүрч чадаагүй ч удирдлагууд нь "тун удахгүй" гэсэн хариугаар шинжээчдийг тайвшруулсаар буй. Хамгийн сүүлд танилцуулсан цахилгаан хөдөлгүүртэй жолоочгүй машин Origin нь ч олны анхаарлыг татаж байгаа.

Cruise зөвхөн GM-ээс гадна Honda, SoftBank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас нийт 9 тэрбум доллар босгосон нь мөн л толгой цохих үзүүлэлт. Тэд GM-ийн алдарт Chevrolet Bolt загварыг жолоочгүй машин болгон хөгжүүлж байгаа бөгөөд 200 машинд системээ суурилуулжээ. Cruise эдгээр машинуудаа такси дуудлагын зориулалтаар зам дээр гаргахаар зэхэж буй. Honda-тай хамтран хөгжүүлж буй төслийнхөө хүрээнд тэд хүн ам ихээр суурьшсан, ачаалал ихтэй зам дээр туршилт хийх бөгөөд Токио хот тэдний эхний бай нь болоод байгаа аж.

Argo AI

Volkswagen, Ford нийлж байна гээд төсөөл дөө? Argo AI бол чухам дэлхийн хамгийн топ автомашин үйлдвэрлэгчдийн жолоочгүй машины салбарт хамтран хөгжүүлж буй "бооцоо". 7 тэрбум долларын үнэлгээтэй болсон энэ стартап дараагийн жилүүдэд зах зээлийг чиглүүлэгч, лидерүүдийн нэг болох нь гарцаагүй.

Volkswagen өнгөрсөн жилийн 7-р сард 2,6 тэрбум долларын санхүүжилтийг Argo-д хийсэн нь экспертүүдийн гайхшлыг төрүүлсэнгүй. Тухайн үед Waymo-ийн экс лидер Б.Салески болон Uber-ийн жолоочгүй машины технологийн салбарыг тэргүүлж байсан П.Рандер нарын удирдсан Argo аль хэдийн топ инженерүүдийг багтаа татаж, робо такси, жолоочгүй хүргэлтийн төхөөрөмжийг Майами, Детройт, Остин хотуудад нэвтрүүлчихсэн байсан юм.

Тэд энэ жилдээ багтааж Европт туршилтаа эхлүүлэхээр зэхэж байгаа ч коронавирусын тахлын улмаас төлөвлөгөөгөө эргэн харах болсноо зарлаад удаагүй байна. Volskwagen-тай нэгдсэн тэд өдгөө 900 ажилтантай болсон нь бусад өрсөлдөгчдөөсөө илүүрхэх гол давуу тал нь болоод байгааг төгсгөлд нь онцолъё.

НЭХЭГЧИД

Aurora

Aurora-ийн багийг "бүх одод" хэмээн тодотговол зохилтой. CEO К.Урмсон нь Google-ийн жолоочгүй машины технологийн төслийг эхлүүлсэн нэгэн. Үүсгэн байгуулагч С.Андерсон Tesla-ийн автомат жолоодлогын системийг хөгжүүлсэн бол CTO Д.Баньели нь Uber-ийн ижил төслийг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Карнеги Меллон Их Сургуулийн роботиксийн профессор. Тиймдээ ч байгуулагдаад гуравхан жил болж буй энэ стартапад Hyundai, Amazon, Sequoia тэргүүтэй топ тоглогчид хөрөнгө оруулсанд гайхах зүйл үгүй.

2018 онд Volkswagen-д зарагдаж буй тухай мэдээлэл цацагдсан ч удалгүй гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн нь олон хүнийг алмайруулсан. Тэд дэлхийн номер нэг автомашин үйлдвэрлэгчээс татгалзсан шалтгаанаа аль нэг компанид давуу эрх олгохгүй, зах зээл дэх дундыг барих статусаа хадгалах оролдлого хэмээн тайлбарласан юм. Aurora ямар ч компани лицензийг нь худалдан аван ашиглаж болох уян хатан технологи хөгжүүлж байгаа нь энэ.

Aurora жолоочгүй машины технологи ложистикийн салбарт чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж буй. Тиймээс Amazon-ий аварга сүлжээ, их тоон өгөгдлүүд нь тэдэнд топ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж олгож байгаа нь тодорхой.

Nuro

Ердөө дөрвөн жилийн өмнө энэ зах зээлд хөл тавьсан Nuro-ийн зорилго их энгийн. Тэд хүн тээвэрлэх гэж бус харин пицца, хүнсний бүтээгдэхүүн л зөөх гэж технологио хөгжүүлж буй. Машины нийт хэрэглээний талаас их нь дэлгүүр, ресторан, үйлчилгээний газар луу явах шалтгаантай байдаг нь тэдний бизнесийн эхлэл болжээ.

SoftBank-аас 1 тэрбум долларын санхүүжилт татсан Nuro өөрсдийн бизнесээ "телепортын технологи хөгжүүлэгчид" хэмээн тодорхойлсон нь сонирхолтой. Өдгөө тэд Хьюстонд Domino's-ийн пиццаг хүргэж, Финикс хотноо Kroger-оос хүнсний бараа зөөж байна.

Zoox

Дөнгөж өнгөрсөн сард Amazon Zoox хэмээх даруухан стартапыг 1,2 тэрбум доллараар худалдан авснаа мэдэгдэв. Хэдий олон хүнд танигдаагүй, танил бус нэр байж болох ч Zoox жолоочгүй машины технологийн гол тоглогчдын нэг юм.

Хэдий үүсгэн байгуулагч Т.Клэй нь жилийн өмнө компаниа орхисон ч салбартаа танигдсан хэд хэдэн туршлагатай менежерүүдийг эгнээндээ нэгтгэсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв. Тэд Toyota Highlander-т суурилуулсан системээ энэ жилдээ багтаан Сан Франциско, Невадад туршихаар зэхэж буй. Amazon-ий нөөц, санхүүжилтийн нөлөөгөөр тэд улам бүр өсөн үсрэх нь гарцаагүй.

Уламжлал тоглогчид

Toyota

Toyota өөрсдийгөө жолоочгүй машины технологийн хамгийн тэргүүлэх хөрөнгө оруулагч гэж тодорхойлдог. Тэд 2018 оноос хойш Pony.Ai, Uber, Monet болон Didi-д нийт 4 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулснаар өөрсдийн ноу-хау, технологи, нөөцөө бусадтай хуваалцаж, өөрсдийн байр сууриа баталгаажуулж байна.

Хамгийн сүүлд тэд Pony.ai-д 400 сая долларын санхүүжилт хийснээр Хятадын зах зээлд тэргүүлэгчдийн нэг болж хувирав. Гуаньжуд төвтэй тус стартап роботаксины үйлчилгээгээ аль хэдийн туршаад эхэлсэн билээ.

Toyota Токио 2020 олимпийн наадамд зориулан E-Palette загварын тээврийн хэрэгслээ туршихаар зэхэж буй. Олимп хойшилсон нь тэдэнд бүтээгдэхүүн дээрээ илүү сайн ажиллах боломж олгож буй биз ээ.

Daimler + BMW

Mercedes Benz-ийг эзэмшигч Damiler өөрсдийн гол өрсөлдөгч BMW-тай хамтран жолоочгүй машины технологи хөгжүүлэх болсноо зарласан нь энэ салбарыг донсолгосон мэдээ байв. Тэд хамтдаа хурдны замд зориулсан автомат жолоодлогын систем, автомат зогсоол байршуулалтын технологи хөгжүүлж, урт хугацааны стратегийн түншлэл үүсгэснээ зарласан нь бусад өрсөлдөгчдийг нь айдаст автуулсан нь тодорхой. Одоогоор түр хугацаанд зогсоогоод буй энэ төсөлдөө тэд шинэ түншүүдийг нэгтгэх зорилготой байгаа бөгөөд мөнгө хайрлахгүй гэдгээ мэдэгджээ.

Чухам өөрсдийн мэдлэг, нөөц, туршлага дээр суурилан тэд энэ салбарын хамгийн гол асуудал болох хот доторх аюулгүй системийг бий болгохыг зорьж буй. Сан Хосед хийж буй туршилтаараа тэд бараг таамаглах боломжгүй, төвөгтэй замын системд технологи нь хэрхэн дасан зохицохыг мэдэхийг хүсэж буй.

БИТҮҮ МОРЬД

Baidu

Хятадын хамгийн том хайлтын системийг эзэмшигчид жолоочгүй машины технологио 6 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлжээ. Ford, BMW, BYD зэрэг 156 үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг нэгтгэсэн "экосистем"-ээрээ дамжуулан тэд автомат машины технологийг өдөр тутмын хэрэглээ болохоор зорьж буй.

Тэд Хятадын Засгийн Газраас зөвшөөрөл аван, аль хэдийн 23 хотод хийж буй туршилтаараа 5 сая км замыг туулсан нь том давуу тал болж буй. Чанша хотноо 45 жолоочгүй машиныг ашиглан такси дуудлагын үйлчилгээ эхлүүлсэн нь ч хэрэглэгчдийн талархлыг хүлээх болжээ.

uber

Жолоочгүй машины технологи бодит амьдрал дээр Uber-т юу юунаас илүү хэрэгтэй. Uber-т орж ирж буй замын зардлын 75 хувь нь жолооч нарт олгогддог бөгөөд нийт орлогоосоо 10 орчим хувийг бонус маягаар тараадаг гэнэ. Тэд энэ зардлаа бууруулахыг хүсэж буй нь гарцаагүй.

Тиймдээ ч тэд 5 жилийн өмнөөс шинэ технологи хөгжүүлэлтийн багийг тусад нь гаргаж, 1000 гаруй ажилтантай нэгж болтол нь өргөжүүлжээ. Toyota-аас татсан 500 сая доллар нь ч гэсэн тэдэнд асар том давуу талыг авчрав. Жилийн өмнө тестийн машин нь осол хийж, хүний аминд хүрсэн нь тэдний нэр төрийг сэвтүүлсэн ч амбицыг нь огтхон ч бууруулсангүй. Хэдий өдгөө симуляц орчинд туршилтаа хийсээр байгаа ч Uber-ийг IPO-ийн баримт бичигт "жолоочгүй машин" гэдэг үг 117 удаа дурдагдсан тэд ирээдүйгээ хэрхэн тодорхойлж буйг нь бэлхэн батлах мэт.

tesla

Машин ярьж байгаа бол Tesla-г дурдахгүй өнгөрч хэрхэн болох билээ? 2015 онд автомат удирдлагын Autopilot технологио нэвтрүүлсэн тэд камер, мэдрэгч, радарыг хамгийн сайн ашиглаж буй, хамгийн их дата цуглуулсан компанид тооцогдсоор байна. Үүсгэн байгуулагч Э.Маск бүрэн удирдлагыг даатгаж болох технологи нь нэвтрэхэд ойрхон байгаагаа саяхан мэдэгдэж, 2021 оны төгсгөл гэхэд 1 сая роботакситай болно хэмээн тунхаглав.

Хэдий Tesla-ийн хамгийн эрэлттэй функц нь автомат жолоодлоготой хамааралтай ч үүнээс болж сүүлийн жилүүдэд гарсан хэд хэдэн осол нь тэдэнд эргэлзэгсдийг улам нэмэгдүүлсээр байгааг мартаж болохгүй. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудаас тэднийг буруутгасан хэд хэдэн маргаанд шалгалт хийж эхэлжээ.