Өнөөдөр бид коронавируст тахлын үед иргэдэд мэдээ мэдээлэл өгч, зөвлөн туслах зорилго бүхий, хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа "Шуурхай 119" апп-ийг сонгон авч, тоймлохоор бэлтгэлээ. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Дэлхий дахинаа хурцадмал асуудал болсон COVID-19 халдварт өвчний тархалт өндөр байсаар буй энэ үед хүн бүр шинэчлэгдсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх нь чухал. Ялангуяа хэрэгцээтэй үед хамгийн түрүүнд хаашаа хандах, өвчний шинж тэмдэг илэрсэн, эсвэл халдварын тохиолдол илэрсэн газраар зорчсон тохиолдолд өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хэрхэн хамгаалах, урьдчилсан байдлаар оношлох зэргийг мэдэж байх учиртай. Иймд та яг одоо уг апп-ийг татан авч цаг үеийн мэдээллээс хоцролгүй, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хянан хамгаалаарай.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Эрүүл мэндийн яамнаас хилийн чанадад буй иргэдээ цар тахалтай холбоотой мэдээллээс хоцроохгүй, хэн нэгнээр дамжсан эсвэл баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлж уг апп-ийг хэрэглээнд нэвтрүүлж байгааг мэдэгдсэн билээ.

"Шуурхай 119" апп-ийн гол давуу тал нь зөвхөн цаг үеийн мэдээлэл авахаас гадна Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталгаажсан, коронавирусийн шинж тэмдгүүдийг тодорхойлох асуумжийн тусламжтайгаар өөртөө болон бусдад анхан шатны онош тавих боломжтойд байгаа юм. Өөрт болон ойр дотнын хүндээ илэрч буй шинж тэмдгүүдтэй холбоотой тодорхой дараалал бүхий асуултуудад хариулснаар урьдчилсан байдлаар халдварын шинж тэмдэг мөн эсэхийг магадлан, улмаар эхний ээлжинд хаана, хэнд хандах, ямар арга хэмжээ авах тухай зөвлөгөө авах боломжтой.

Мөн хамгийн том давуу тал нь апп-ийг татсаны дараа, хэрэглэхийн өмнө ямар нэг хэрэглэгчийн мэдээлэл оруулах шаардлагагүй бөгөөд энэ нь эргээд таны хувийн мэдээлэл, нууцлал дата санд орохгүй, хадгалагдахгүй гэсэн үг.

Тус апп-ийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон "CallPro" компани хөгжүүлэн хүргэж буй.

Санал болгох: COVID-19-ийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх Чатбот ажиллаж байна.

Unread

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Дэлхийн бусад улс орнууд ч уг цар тахлын үед хэрэгцээт апп-аар дамжуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байгаа юм. Манай улсаас ялгаатай нь гэвэл мэдээлэл түгээхээс илүүтэй тандалт судалгааны ажилтай холбогдох мэдээллийн эх сурвалжаа болгож байгаа юм.

Жишээ нь, Австрали улс "Service NSW" апп-аар дамжуулан тухайн хэрэглэгч ямар газруудаар, аль цагуудад явсан болохыг QR кодоор дамжуулан тэмдэглэж улмаар батлагдсан тохиолдол гарах үед ойрын хавьтагчдыг хялбархан олох, холбогдох зэргээр ажиллаж байгаа аж. БНСУ-д ч мөн адил "KakaoTalk" апп-аар дамжуулан энэ чиглэлийн арга хэмжээг авч байна.

Иймд цаашид тандалт судалгааг илүү хялбар аргаар хийхийн тулд уг төрөлжсөн апп-ээ бусад апп-үүдтэй хослуулан хөгжүүлж, холбогдох судлаачдын ажлыг илүү хурдан, амар болгох боломжтой санагдлаа.

АПП ТАТАХ:

- iOS

- Android

Shuurkhai 119