Аливаа технологийн эцсийн зорилгыг энгийнээр тодорхойлбол хүний амьдралыг илүү сайжруулах байдаг. Ухаалаг утас, зөөврийн компьютерээс эхлээд хиймэл дагуул хүртэл бидний амьдралыг ямар нэгэн талаар хөнгөвчилж, амьдрахад илүү хялбар болгож буй.

Олон хүний амьдралыг бодитой сайжруулж буй технологиудын тухай өгүүлдэг techworm булангийн ээлжит дугаартаа 400,000 гаруй хэрэглэгчтэй SocialPay аппын шинэчлэгдсэн 3.0 хувилбарыг онцолж байна. Энэхүү апп үнэхээр бидний өдөр тутмын амьдралыг сайжруулж чадах болов уу? Хамтдаа олж мэдье.

Монголд одоогийн байдлаар 20 гаруй төлбөрийн апп бий. SocialPay-ийн хувьд 2017 оноос эхэлсэн бөгөөд өмнө нь “So Easy” гэх уриатай байсан бол өдгөө “So Smart” буюу илүү ухаалаг болж, ихэнх функцээ дахин загварчилсан аж.


ДИЗАЙН

Шинэчлэгдсэн SocialPay аппаа нээх мөчөөс ерөнхий өнгө төрхийн өөрчлөлт нүдэнд тусна. Тодруулбал хэрэглэгч аппын гадаад (icon) болон дотоод үзэмжийг найман өнгөнөөс сонгож хүссэн байдлаараа тохируулах боломжтой. Мөн англи болон хятад хэлний сонголт нэмэгдэж, текст фонт өөрчлөгдөж, зарим функцуудын байршил солигдсон нь хэрэглэгчийн туршлагыг илүү хялбар болгосон шийдэл байв.


ХҮРТЭЭМЖ

Монгол үг яриа таньдаг Чимэгэ системтэй хоршин ажилладаг болсон учир утасныхаа дэлгэцэд хүрэхгүйгээр хүлээн авах хүнийхээ дансны эсвэл утасны дугаар, мөнгөн дүнгээ хэлээд л шилжүүлэх хийх боломжтой болжээ. Хоол хийх, гадуур байх зэрэг утасныхаа дэлгэцэд хүрэх боломжгүй олон үед энэ функц тус болно гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд мөнгөн шилжүүлгээ хялбараар хийх үүд хаалга нээгдэж байгаа юм. Мөн Apple Watch дээрээ SocialPay аппыг хэрэглэх боломжтой болсон нь хүртээмжийг нэмэгдүүлж буй нэгэн том дэвшил болов.


ТӨЛБӨР ТООЦОО

Юун түрүүнд Qpay уншдаг болсон нь тун таатай мэдээ. Түүнээс гадна ямар нэгэн биет карт шаардлагагүйгээр SocialPay аппаа ашиглан ATM-ээс мөнгө авах нөхцөл бүрджээ. Бусад онцлох функцуудыг дурдвал:

  • UMoney: Өмнө нь автобусны картаа цэнэглэхийн тулд нэмэлт апп татах эсвэл дэлгүүр орох шаардлагатай байв. SocialPay 3.0 хувилбар уг асуудлыг шийдэж аппаасаа автобусны картаа цэнэглэх боломж бүрдүүлжээ.
  • Мини апп: Тоглоом тоглож оноо цуглуулахаас эхлээд билет захиалах, цахим хичээл үзэх гээд бүх төрлийн үйлчилгээтэй мини апптай болов.
  • American Express: UnionPay, Mastercard виртуал картуудаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгддөг American Express-ийн виртуал зээлийн картыг SocialPay-ээр дамжуулан авах боломж бүрджээ. Хэрэглэгчийн мэдээлэл дээр тулгуурлан зээлийн эрхийг цахимаар шалгадаг тул цаг хэмнэх нь гарцаагүй.
  • Бүх банк: SocialPay аппаас бүх банкны данс руу шилжүүлэг хийж болохоос гадна бүх банкны төлбөрийн картаа холбон төлбөр төлөх боломжтой болов.


Энэ удаа тэд зөвхөн өөрсдийн үйлчилгээгээ “хайрцаглан” сайжруулах бус олон хэрэглэгчийн ашигладаг дотоодын хэд хэдэн үйлчилгээтэй хамтарсан нь сайшаалтай. Эдгээр хамтралын үр дүнд хэрэглэгч бид л хожино. Цахим төлбөр тооцоогоо бүгдийг нь даатгаж болох нэгдсэн апптай болох цаг ойртож байна даа.

Дэлгэрэнгүй: Фэйсбүүк | Веб
Апп татах: iOS | Android | HarmonyOS