Английн яруу тансаг байдлыг илэрхийлэх Range Rover загвар олны таашаалд нийцээд 50 гаруй жил өнгөрчээ. 1970 оны анхны загвараасаа л тэд бартаат замыг ажрахгүй туулж, таатай мэдрэмжийг тасралтгүй төрүүлэхийг урьтал болгосоор ирсэн түүхтэй.

Цаг ямагт хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад нийцүүлэн спорт загвар үйлдвэрлэсэн нь 2015 оны Range Rover Sport SVR байв. Уг загвар олон тоогоор зарагдаж, автомашины хорхойтнуудын дунд өнөөг хүртэл өндөр үнэлгээтэй хэвээр буй.

Харин 2023 онд тэд энэхүү шилдэг загвараа ахин нэг шат ахиулж Range Rover Sport SV нэртэй цөөн тооны, дээд зэрэглэлийн тансаг загварын танилцуулсан юм. Уг загварын Edition One буюу Анхдагч хувилбар манай улсад албан ёсоор худалдаалагдаж эхэлж буйг тохиолдуулан онцлох дөрвөн шинжийг танилцуулъя.

ХЯЗГААРТАЙ ХУВИЛБАР

Юун түрүүнд, Range Rover Sport SV EDITION ONE нь дэлхий дахинаа маш цөөн тоогоор сонгогдсон байршлуудад борлуулагдаж байгаа юм. Энэхүү тусгай загварыг автомашины зарим хэсэгт байх SV EDITION ONE логогоор таних боломжтой.



ХҮЧ

Спорт автомашиныг хүчирхэг хөдөлгүүргүй төсөөлөхийн аргагүй. SV загварын BMW M-ээс угшилтай, 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр нь 635 морины хүчтэй бөгөөд 0-100 км/цаг хурдыг ердөө 3.6 секундэд авдаг. Дээд талдаа 290 км/цаг хурдлах хүчтэй уг төмөр хүлэг хамгийн хүчирхэг Range Rover-оор нэрлэгдэж буй.

Жолооны дор байрлах SV горимын товчийг дарснаар жолоодлого, араа, яндангийн дуу, их биеийн өндөр зэргийг өөрчлөн байж болох хамгаас тухтай агаад хүчирхэг байдалдаа шилжинэ.

Мөн шинэчлэгдсэн 100 км/цаг хурдыг 4.9 секундэд авч чадах хөдөлгүүртэй P550e хайбрид системийн тусламжтай 121 км зайг ямар ч түлш зарцуулахгүй туулж чадна.


ТЭНЦВЭР

Дэлхийн анхны 6D донсолгоо гаргах системийн ачаар 2.5 тонн жинтэй уг автомашин бүх төрлийн замд дээд зэргийн тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Гидравлик амортизатор, өндрийг тохируулж болох хийн пүрш, дайвалзааг хянах удирдлага гэсэн гурван технологийн хослол нь хурд авах, жолоо мушгих үед их биеийн тэнцвэрийг алдуулахгүй, нэг түвшинд байлгаж чадах аж.

Түүнчлэн Range Rover Sport-ийн бусад загваруудаас 10-25 мм нам их бие, урд талын дугуйнаасаа 20 мм-ээр өргөн арын дугуй зэрэг үзүүлэлтүүд нь тав тухыг улам бүр нэмэгдүүлж буй дурдахгүй өнгөрч үл болно.


ХИЙЦ

Агаарын урсгалыг нэмэгдүүлэх нүүр, шинээр загварчилсан хажуу тал тэргүүтэй нэмэлтүүд тансаг байдал, тав тухыг илтгэх Range Rover загварт “спорт” мэдрэмжийг харамгүй хайрлажээ.

Технологийн хувьд сонсож буй хөгжимд тулгуурлан төрөл бүрээр чичирхийлэх, илүү амьд мэдрэмж төрүүлэх горимтой (BASS) суудал, хиймэл оюун ухаантай хоршин ажиллах 29 спикер, Range Rover-ийн алдарт Pivi Pro системтэй нумарсан дэлгэц зэргийг онцолж болно. Дэлгэц дээр хийж болох нийт үйлдлийг 80 хувийг ямар ч тохиолдолд ердөө хоёр товшилтоор хийж болох гэнэ. Хүсвэл Amazon-ийн Alexa дуу хоолойгоор удирдах ухаалаг туслахыг ч ашиглаж болно.