Хүссэн хувцсаа, хөргөгч хоосон бол хүнсээ, хичээлийн хэрэглэл, хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа гээд хэрэгцээтэй бүхнээ интернэтээр захиалаад авах боломжтой үед бид бүхэн амьдарч байна. Цахим худалдааны зах зээл жил ирэх тусам өсөж, байгууллагаас шууд хэрэглэгчдэд хүрдэг B2C бизнесүүдийн цахим худалдааны орлого гэхэд жил бүр 14.4 хувиар тогтвортой өсөж, 2027 он гэхэд 5.5 их наяд ам.доллар болох судалгааны дүн бий. 

Тэгвэл цахим худалдааны томоохон "дэлгүүрүүд" Монголд ч мөн албан ёсоор ороод иржээ. Тэдний нэг болох Taobao-аас өнгөрсөн 12-р сард гоо сайхны бүтээгдэхүүн, Temu-ээс хувцас захиалахад ямар байсан тухай сэтгэгдлээ хуваалцъя.

Санал болгох: Цахим худалдаанд цахиур хагалсан Хятадын нууц

хэрэглээний хялбар байдал (ux/ui дизайн)

Taobao: Нүүр, ангилал, хайлт, сагс, хувь хэрэглэгч гэсэн таван төрлийн ерөнхий цэс угтана. Нүүр хэсэгт таны өмнөх хайлтуудад тулгуурлан адил төстэй бараанууд санал болгоно. Цэс бүрийн зохион байгуулалт ойлгомжтой бөгөөд хэрэглэхэд хялбар байв.

Хувийн тохиргоо хэсгээс хэлийг солих боломжтой бөгөөд хятад, англи хоёр хэлний сонголттой. Гэсэн ч зарим барааг зөвхөн хятад хэл дээр тохируулж байж авах боломжтой. Бараагаа хайхдаа түлхүүр үг оруулах, бэлэн ангиллаас сонгох, эсвэл зургаар хайж болно. Ингэснээр олон мянган бараанаас яг өөрийн хүссэнээ олж чадна гэсэн үг.



Temu: Нүүр, ангилал, та, сагс гэсэн дөрвөн цэстэй. Байршлын хувьд л бага зэрэг өөр болохоос Taobao-ийн дотоод зохион байгуулалттай ижил. Гэсэн ч бичвэр зургуудын зай хэт ойр байснаас болж замбараагүй харагдаж байсныг дурдах хэрэгтэй. Харин англиас гадна монгол хэлний сонголттой нь давуу тал болов.

Ялагч: Хэрэглэгчийн туршлага, дизайны хувьд Taobao илүү ойлгомжтой, ашиглахад хялбар санагдсан тул хувийн зүгээс Taobao-г энэ хэсэгт ялагчаар тодруулав.



үнэлгээний систем

Taobao: Нэг барааг хайхад яг ижил зурагтай маш олон бараа гарч ирнэ. Тэдгээр нь цөм янз бүрийн үнэтэй тул алийг нь авбал дээр вэ гэдгийг мэдэхгүй гайхмаар. Гэтэл Таобаод хэрэглэгчийн сэтгэгдлээс гадна дэлгүүрийн зэрэглэл гэж бий. Тухайн бүтээгдэхүүнийг зарж буй дэлгүүрийн хажууд дөрвөн төрлийн тэмдэгт байдаг. Ийм тэмдэгттэй болоход хэрэглэгчийн сэтгэгдэл нөлөөлнө.

Хэрэв хэрэглэгчид захиалсан бүтээгдэхүүн нь таалагдаж:
Эерэг сэтгэгдэл үлдээвэл 1 оноо,
Дундаж гэж үзвэл оноо өгөхгүй,
Сөрөг сэтгэгдэл бичвэл нэг оноо хасдаг.

Ийнхүү дэлгүүрүүд оноо цуглуулснаар доорх байдлаар зэрэглэлд хуваагддаг байна. Ингэснээр адил зурагтай олон бараанаас сонголт хийхэд хялбар болж байгаа юм.



Temu: Бараа тус бүрд сэтгэгдэл бичих боломжтой. Тодорхой шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хамгийн сайныг тав хүртэлх одоор үнэлдэг. Мөн дэлгүүрийн дагагчийн тоо, борлуулалтын тоог харуулснаар худалдан авалт хийхэд дөхөм болж байв.



Ялагч: Temu-ийн зэрэглэлийн систем асуудалгүй боловч Taobao-ийн бүтээлч шийдэл яах аргагүй хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгож байсан тул энэ хэсгийн ялагчаар мөн Таобао тодорлоо.

төлбөр төлөх систем

Taobao, Temu: Банкны виза картаа хоёр аппдаа холбоод л төлбөрөө төлчхөв. Виза картнаас гадна Temu-д Apple Pay-ээр төлбөр төлөх сонголт байсан. Түүнчлэн төлбөрийн картын салбарын мэдээллийн аюулгүй байдлын стандарт (PCI DSS)-ийг мөрддөг тул мэдээллийг чандлан хамгаална гэсэн байсан нь энд тэнд картаа холбох дургүй над шиг хүнд тайвширмаар хэрэг байлаа.

Ялагч: Иймд энэ хэсгийн ялагчаар Temu-г тодруулж байна.

хүргэлт 

Taobao: Монголд албан ёсоор орж ирэхээс өмнө Taobao-аар захиалга хийхийн тулд эхлээд Эрээн дэх карго руу бараагаа явуулаад, дараа нь Эрээнээс наашаа хүргүүлдэг байсан. Харин одоо бол бүгд илүү хялбар бас найдвартай болж, Мото экспресс, Хай Карго гэсэн хоёр газраас сонголтоо хийх боломжтой болжээ. Захиалсан бараа маань 13 хоногийн дараа Монголын каргод ирсэн. Ингэхдээ захиалга яг хаана явж байгааг нэг бүрчлэн харах боломжтой байсан тул тодорхой бөгөөд санаа амар байв.

Захиалгаа биечлэн каргогоос авбал 0,99$ буюу ойролцоогоор 3500 төгрөг, гэртээ хүргүүлэн авбал 2,99$ буюу ойролцоогоор 10,000 төгрөг болно. Мөн бараагаа очиж авахаар сонгосон бол өөр хамгийн ойр салбараа сонгох боломжтой байв. Миний хувьд гурван бараа захиалсан бөгөөд хүргэлтийн төлбөрт 15,000 төгрөг төлсөн.

Temu: Ихэвчлэн үнэгүй хүргэлт санал болгодог авч үүний тулд дор хаяж 20'000 төгрөгийн бараа худалдан авахыг шаарддаг байна. Хугацааны хувьд 6-20 хоногт хүргэлт ирэх бөгөөд мөн бараагаа хаана явж байгааг дор бүр нь харж хянаж байв. Монгол пост, UBcab гэсэн хоёр компаниас бараа хүргэдэг. Бас хүргэлт заасан хугацаанаас хоцорвол кредит авч, дараагийн худалдан авалтын үнийн дүнгээс хасагддаг нь их таалагдав.

Ялагч: Бараа захиалахдаа гол төлөв хэд хэдээр нь бөөгнүүлж авдаг миний хувьд 20,000-аас дээш үнийн дүнтэй бараа авах нь элбэг. Тиймээс үнэгүй хүргэлт, цаашлаад кредит санал болгодог тул Temu энэ хэсэгт яллаа.



дүгнэлт 

Дээрх хоёр аппыг ашиглаж үзэхэд хоёул маш олон төрлийн бараатай бөгөөд арвин сонголт, хямд үнэтэй байна. Хоёул зургаар хайх боломжтой тул хүссэн зүйлээ дор нь олж байв.

Хэрэглээний хялбар байдал (UI/UX дизайн)-ын хувьд аль аль нь нийтлэг утгатай дүрс тэмдэгт ашиглаж, маш ойлгомжтойгоор цэсүүдэд хуваасан ч Temu монгол хэрэглэгчдэд зориулж, монгол хэлээр дэлгүүр хэсэх боломж олгосноороо давуу талтай санагдав. Харин Taobao-ийн зэрэглэлийн систем Temu-ээс илүү ойлгомжтой байсан. Хүргэлтийн хувьд аль нэг нь илүүрхсэн зүйлгүй байв.

Дөрвөн шалгуураар ийнхүү үнэлэхэд хоёр апп маань тус бүр хоёр, хоёр ялалт авснаар тэнцлээ.

Эцэст нь, хэрэв та чанартай сайн бараа авъя гэвэл хэрэглэгчийн сэтгэгдэл, дэлгүүрийн зэрэглэлийг сайтар нягтлахыг зөвлөж байна.