Зураг, бичлэг, файлуудаа цахим орчны хаана нь хадгалах вэ гэж толгой гашилгаж байна уу? Тэр дундаа үүлэн технологийн аварга, бидний хамгийн өргөн ашигладаг Google Drive-ийн багтаамжаа (storage) хэрхэн нэмэхийг мэдмээр байна уу?
Тэгвэл манай редакцын нөхөд хэд хэдэн удаа туршиж, Монголоос Google Drive-т төлбөр төлж, багтаамжаа нэмэх хамгийн хялбар бөгөөд найдвартай аргыг олсноо уншигч тантай хуваалцаж байна.
0. Асуудал
Мөнгө нь байлаа ч Монголоос зарим олон улсын үйлчилгээг авч болдоггүй нь харамсалтай. Тэдний нэг бол Google Drive. Уул нь Gmail-тэй төгс хоршин ажилладаг, Docs тэргүүтэй хэрэгтэй програмуудтай зэргээр Google Drive илт ялгардаг. Даанч цаанаас өгдөг 15 GB нь амархан дүүрээд сүүлдээ файл нэмэх байтугай цахим шуудан илгээх, хүлээн авах боломжгүй болдог. Тэгээд худалдаж авах гэхээр л өнөөх төлбөр тооцооны асуудал гарна.
Google Drive-д төлбөр төлснөөр багтаамжтаа нэмээд зогсохгүй Google One хэмээх үйлчилгээнд элсэж, Google Store-ийн хэмнэлт, Gmail-ийн зургийн өнгөт хүрээ, сүүлийн үеийн хиймэл оюун ухаан зэрэг давуу талуудыг эдэлж болдог. Энэхүү үйлчилгээ 100 сая гаруй төлбөртэй хэрэглэгчтэй.
Анхны удаа картаа холбож байгаа бол:
1. Картаа нэмэх
Юун түрүүнд та https://play.google.com хаягаар орон нэмэлт багтаамж худалдаж авах Gmail-ээрээ нэвтэрнэ. Үүний дараа баруун дээд булангийн Payments & subscriptions цэс рүү ороорой. Add credit or debit card хэсэгт даран дурын банкны олон улсын төлбөрийн картын (Visa, Unionpay, Mastercard) мэдээллээ оруулна. Хаяг оруулах хэсэгт Монгол хаягаа оруулж болохгүй шүү.
Өмнө нь карт холбож байсан бол нийтлэлийн сүүлийн хэсгийг түрүүлж уншаарай.
2. Хаягаа өөрчлөх
Картаа нэмэх хэсэгт хаягийн мэдээллээ оруулах цонх гарч ирнэ. Үүн дээр АНУ-ын хаяг (Google-ийн үйлчилгээ ажилладаг аль ч орон байж болно, хялбар байлгах үүднээс АНУ-ыг сонгов) оруулах хэрэгтэй. Энэхүү вебээс дурын хаягаа ашиглаж болно.
3. Төлбөрөө төлөх
Ингээд л болно. Одоо та https://one.google.com/about/ хаягаар орж Sign up товчийг дарахад Google One-ийн хуудас гарч ирнэ. Одоогоор эхний сарууд 80 орчим хувийн хямдралтай байна. Жишээлбэл, сар тутам 1.99 доллар төлөөд 100 GB багц авч болох бөгөөд өнөөдрийн байдлаар хямдраад эхний хоёр сар нь 0.49 доллар болжээ.
Нэмж хэлэхэд, сарын 200 GB сонголт нүүр хуудсанд харагдахгүй байгаа ч хэрэв танд 100 GB-аас их гэхдээ 2 TB шиг аварга том багтаамж хэрэгтэй бол эхлээд 100 GB-ийг аваад дараа нь түүнийгээ Upgrade хийж, 200 GB (сарын 2.99 доллар) болгоорой.
Өмнө нь карт нэмж байсан бол:
Хэрвээ та өмнө нь Google-д картаа холбож, хаягаа оруулж байсан бол https://play.google.com/store/paymentmethods хаягаар ороод Edit payment methods-ийг дарж бүх картуудаа устгаад шинээр бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлэхдээ дээрх алхмуудыг эхнээс нь дагахад л хангалттай.
Мөн картаа устахаас гадна https://payments.google.com/gp/w/home/settings холбоосоор орж, хаягаа АНУ болгохоо бүү мартаарай. Зарим тохиолдолд хаягаа шинээр оруулаад хэдэн минутаас хэдэн цаг хүлээж байж Google One авах эрх идэвхжиж байсныг сануулъя.
Google шиг аварга технологийн үйлчилгээ бүс нутаг, төхөөрөмжийн төрөл зэргээс хамаарад хүн бүрд харилцан адилгүй байдаг. Тиймээс дээр дурдсан арга амжилттай болохгүй байгаа бол сэтгэгдэл хэсэгт ямар алдаа зааж байгааг бичээрэй. Бид энэхүү нийтлэлээ цаг тутам шинэчлэх болно (Биднийг ингэж зовоож байхаар Google Монголд ороод ирээсэй билээ).
З Зочин 2025.04.08 38.114.120.110
Баярлалаа. Маш их хэрэгтэй мэдээлэл байна. Зааварчилгааны дагуу бүх мэдээлэл оруулаад зассан одоо сайн мэдээ хүлээж байя ккк
З Зочин 2024.11.06 58.84.136.48
5 жил орчмын өмнө ганц тоглоом татахын татахын тулд интернэт ухаж ингэж хаягаа сольж төлбөртэй тоглоом суулгаж байлаа. Гадаадад оршин суудаг хүмүүст зориулсан (АНУ-д) хаягийн үйлчилгээ үзүүлдэг вэб сайтууд тухайн үед байсан. Одоо ч байгаа байх.
З Зочин 2024.11.05 202.21.125.242
iOS, Apple ID-tai bol iluu hyalbar arga bga shu hehe. Medeej Apple pay-ruugee card-aa holbono. Utasnaasaa /iPhone/ google photos esvel google drive-n app ruugaa orood uurt tohiroh bagtsaa songood Apple ID-r damjih subscription-g idevhjuulne. Tegeed l boloo do.
A August Rush 2024.10.24 202.21.109.16
Дандаа шинэ mail хаяг нээгээд байсан юм. Одоо харин нэг mail хаягаа л хэрэглэх нь Thank you UNREAD❤️
З Зочин 2024.10.23 202.21.126.67
http://%20https//payments.google.com/gp/w/home/settings холбоос засагдсан шүү, мэдэгдсэнд баярлалаа,
З Зочин 2024.10.23 202.126.89.224
http://%20https//payments.google.com/gp/w/home/settings ene ,linknii holboos evdersen baina tegeheer ih budilaad bna