Ерөнхийлөгч, УИХ-ын, орон нутгийн гээд л бүх түвшний сонгууль болоход хамгийн их яригддаг сэдэв залуу сонгогчдын оролцоо. Насанд хүрээд удаж буй хэр нь нэг ч удаа санал өгөх штабыг зорьж үзээгүй сонгогч залуу яг яагаад хөдөлдөггүй вэ? Мэдээлэл дутдаг уу, хүсэл эрмэлзэл үү? Сонгуулийн тухай ерөнхийд нь хийгээд ирэх сонгуулиудын тухай залууст мэдээлэл өгөх, чухал нэгэн аппликэйшнийг өнөөдөр та бүхэндээ танилцуулъя. Удахгүй болох (аравдугаар сарын 15-нд) орон нутгийн сонгуульд залуус маань саналаа өгөөсэй, идэвхтэй оролцоосой хэмээн бид "YVote" аппликэйшнийг онцолж байна. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Иргэний боловсролын төвөөс "Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд залуу сонгогчдын боловсролд зориулан бүтээсэн "YVote" аппликэйшнийг нээмэгц үндсэн зургаан цэс харагдана. +18, Намайг сонгооч, Яг чам шиг, Чухал юмнууд айсуй, Дархлаатай мэдээ, Хэдиймбэ гэх цэсийн нэрс нь ч, төрх байдал нь ч залуусын анхаарлыг татахуйц. Энэ дундаас баруун, төв, зүүний нам гэдэг нь юу гэсэн үг болохоос өгсүүлээд улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлох сорил хүртэлх ерөнхий мэдээлэл олж авч болно. "Би ер нь хэр оролцдог билээ" гэж бодож суугаа бол өөрийн тань оролцоо аль хавьцаа байгааг мэдэж бас болох юм. Ерөнхийдөө, дараа дараагийн сонгуулиудад, урт хугацаанд ашиглахаар бодож хийсэн нь илэрхий. Өөр сайт руу орж, нэмэлт хайлт хийх шаардлагагүйгээр Сонгуулийн ерөнхий хорооны сайт руу нэг цэс дараад л нэвтрэх жишээтэй. Бас 15, 16, 18, 21, 25, 34 гэхчлэн насны зургаан шатлалд хүний нийгмийн амьдралд ямар өөрчлөлт ордгийг өгүүлсэн "Хэдиймбэ" цэс тун сонирхолтой.

Та эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болж, амьдралдаа өөрийн гэсэн тодотголтой олон зүйлээ бүтээх босгон дээрээ ирлээ. Өөрийн гэсэн боловсрол, ажил, гэр орон, гэр бүл, бизнес гээд л... Эрх чөлөө, хариуцлага хоёр бол зоосны хоёр тал юм. Эерэг зан үйлтэй, хариуцлагатай залуу чамд амжилт хүсье.

21 насны босго

Удахгүй (аравдугаар сарын 15-нд) орон нутгийн сонгууль болох гэж буй тул даруйхан татаж аваад хэрэглээрэй гэж зөвлөе.

Ямар онцлог, давуу талтай вэ? 

"Yvote" аппликэйшний гол давуу тал нь өмнө нь нэг ч удаа санал өгч байгаагүй хүн ч (15-34 насныханд зориулсан) санаа зовох зүйлгүйгээр сонгууль, намуудын тогтолцоо, улс төрийн үзэл баримтлалын талаар суурь ойлголтуудыг уншиж мэдэх, цаашлаад ирэх сонгуулийн дэлгэрэнгүй мэдээллийг хялбараар хүртэх, ямар ямар түвшинд, хэрхэн оролцож болохыг ойлгох юм. Товчхондоо, шинэ болон хуучин сонгогчдын аль алинд тохирох апп.

Цэс нь ерөнхийдөө тун ойлгомжтойн дээр хэт дэлгэрэнгүй, нуршиж бичилгүй, мэдээллээ товч тодорхой оруулсан нь оновчтой санагдсан. Сонгуультай холбогдох мэдээлэл олгох сувгууд ихэвчлэн "уйтгартай" байдаг бол энэ апп тун сонирхолтой. "Чи ямар сонгогч вэ" гэдэг сорилын хариу л гэхэд "хуудуутай", "төгс", "хэнэггүй", "хэрсүү", "хөлдүү" гэх жишээтэй. Сорил бөглөх дургүй хэн байх билээ?

Сайжруулж болох зүйлс

"Дархлаатай мэдээ" буюу мэдээллийн цэсэнд огноог тусгаж өгөх, илүү ойр ойрхон мэдээ оруулах хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Орон нутгийн сонгууль дөхсөн тул нэгэнт үүсгэсэн бүтэц дээрээ суурилан илүү түргэн мэдээ мэдээллээр баяжуулаад явбал залуу сонгогчдыг татахад дөхөм биз ээ. Хуанлидаа мөн илүү олон тэмдэглэлт, чухал өдөр, үйл явдлуудыг тусгаж өгөх хэрэгтэй болов уу.

Татах: AppStore | PlayStore

"Гэрээсээ гараад явахад чинь ганган гутал нь тоосонд дарагдаад, гадсан өсгийт чинь газар шигдээд, гадаа талбай гэрэлтүүлэггүй айдастай гээд л сэтгэл дундуур зүйл ихтэй байвал та орон нутгийн сонгуульдаа заавал саналаа өгөөрэй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн түвшний буюу чиний амьдардаг гудамж, талбай, орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийх үүрэгтэй, хамгийн наад захын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүмүүсийг чи энэ сонгуулиар сонгодог. Иймд мөрийн хөтөлбөрийг нь шинжлэхдээ холоос биш, миний асуудал юу вэ гэдгийг бодолцож үзээд асуудлыг чинь шийдэх шийдлийг тусгасан эсэхийг нягтлаарай"

Орон нутгийн сонгууль