Хүмүүст нийтлэг тулгардаг санхүүгийн асуудалд хялбар бөгөөд бүтээлч шийдлийг санал болгодог финтек аппууд уг салбарын өсөлт, тэлэлтийг тун ч өндөрт авч яваа. Тэдгээрийн нэг бол Zeel.mn. Хүнээс хүнд болон банк, санхүүгийн байгууллагаас хувь хүнд мөнгө зээлдүүлэх үйл явцыг цахим систем, блокчэйн технологиор дамжуулан оновчтой шийдсэн уг аппыг тоймлохоор бэлтгэлээ.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Цалин буух өдөр яагаа ч үгүй байхад ямар ч мөнгөгүй болох үе хүн бүрд л байдаг. Хэдхэн жилийн өмнө бид энэ мэт асуудлаа ойр дотнын хэн нэгэн рүүгээ утас цохих маягаар шийддэг байсан бол өдгөө гартаа байгаа ухаалаг утсаа ашиглаад, хэнээс ч гуйлгүйгээр таван минутын дотор л шийдчихдэг болжээ. Энэ нь финтек аппуудын гол үнэ цэн, давуу тал юм.

Zeel.mn-ийн хувьд зээл авах, өгөх үйл явцдаа цахим систем, блокчэйн технологи ашигласан анхны монгол платформ гэдгээрээ онцлог. Ингэснээр зээлдэгч, зээлдүүлэгч талын харилцан итгэлцлийг дээд зэргээр хангаж, яаралтай үеийн "тусламж"-ийн үйлчилгээг илүү хялбаршуулж буй ажээ. Хэрэглэгч уг платформоос 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг 1-12 сарын хугацаатай, сарын 1.0-2.0 хувийн хүүтэйгээр авах боломжтой. Хэрэглэхэд тун хялбар, маш тодорхой мөртөө цомхон, минимал дизайнтай нь амар юм. Түүнээс гадна нүүр хуудсанд Zeel.mn-ийн зээлийн үйлчилгээгээр дамжуулан бизнесээ хөгжүүлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зураг, эшлэл байсан нь илүү амьд, дотно сэтгэгдэл төрүүлэв.

Таны бүртгүүлсэн мэдээлэл, зээлийн мэдээллийн сан, банкны цахим хуулгыг үндэслэн зээл авах дээд хэмжээг систем өөрөө тогтооно. Тиймээс өөрийн нэр, утас, цалин орлогоо тогтмол хүлээж авдаг дансаа алдаагүй, үнэн зөв бөглөсөн байхад л зээл авах боломж шууд үүсэх ба кредит оноо нь ч бодитоор тогтоогдоно. Анхаарах зүйл гэвэл, хэрвээ олон дансаар орлого хүлээж авдаг бол бүртгүүлсэн эхний дансны мэдээлэлд суурилах юм байна лээ. Үүнээс гадна сонгосон зээлийн хүү болон зээлийн дүнгээс 0.5 хувийн шимтгэлийг зээлийн эхний төлөлтөөр авах аж. Мэдээж зээл аваагүй болон өгөөгүй тохиолдолд ямар нэг суурь хураамж, хүү төлөхгүй. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, зээл авах хүсэлт баталгаажихаас өмнө хүсэлтээ цуцлах зэрэг боломж бий.



ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ? 

Zeel.mn платформ нь хүнээс хүнд болон банк, санхүүгийн байгууллагаас хувь хүнд мөнгө зээлдүүлэх боломж олгодгоороо энэ төрлийн бусад үйлчилгээнээс ялгардаг. Өөрөөр хэлбэл та ганцхан зээл авах бус, мөнгө хэрэгтэй буй өөр хэн нэгэнд платформоо ашиглан зээл олгож болно гэсэн үг. Хэрэв та хэн нэгэнд зээл өгөхийг хүсвэл өөрийн өгөх гэж буй зээлийн хэмжээ, хугацаа, хүүг сонгож оруулснаар апп таныг яг ижил нөхцөл бүхий зээлийн хүсэлт илгээсэн хэрэглэгчтэй холбож өгөх зарчмаар ажиллана. Ингэхдээ зээлийн нийт дүнгийн 0.5 хувь нь үйлчилгээний шимтгэл болох юм байна. Та зээл өгөхийнхөө өмнө зээлийн графикийг харж зээлийн эцсийн үлдэгдэл болон эргэн төлөгдөх хэмжээг харах боломжтой. Мэдээж та өөрөө хүсвэл хэдэн хүнд ч зээл өгч болно. Нэмж хэлэхэд, таны мөнгө зээлүүлсэн харилцагч зээлээ төлөхгүй тохиолдолд Zeel.mn уг эрсдлийг 100 хувь хариуцах аж.

Өөр нэг онцлох хэсэг бол "Сануулж тусалъя" цэс. Хэрэглэгч хэсэгт байрлах уг цэс танд төлөвлөгөөт зардал, зээлийн эргэн төлөлтийн өдрүүдийг тань сануулна. Ямар нэг нэмэлт алданги, торгууль төлөх, таагүй нөхцөлд орохоос сэргийлэхэд энэ цэс туслах нь гарцаагүй.

Мэдээж хэрэг санхүүгийн платформ учир хэрэглэгчээр бүртгүүлэхийн тулд 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, Монголбанканд чанаргүй зээлийн түүхгүй байх, дансаар баталгаажсан орлоготой байх гэх мэт шалгуурууд бий. Энэ явцад хамгийн онцлог санагдсан зүйл нь зээлийн гэрээгээ цахимаар хийх боломж байв. Платформ дээрх онлайн гэрээтэй танилцан, цахим гарын үсгээ зурж баталгаажуулах бөгөөд уг гэрээ хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчлэх тул заавал аль нэг салбарт биеэр очиж үйлчлүүлэхгүй нь тун амар байлаа. Хэрэглэгчдийн бүртгэл, мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, Хур төрийн мэдээлэл солилцооны систем, арилжааны банкны системтэй холбон баталгаажуулж, кредит оноо тогтоосноор цахим гарын үсгээр үйлчилгээ авах эрх олгодог тул найдвартай эсэхэд санаа зовох хэрэггүй.

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС 

Тус платформыг хөгжүүлж буй "Зээл Эм Эн Платформ" ББСБ-ын мэдээлэлд зээлийн хэмжээ, зээл авах хүний хувийн мэдээллийн бүрдэлтээс хамаарч зээлийн хүсэлтийг таван минутаас гурван өдрийн дотор шийднэ хэмээжээ. Зээл авахад хүсэлт маань удаа дараа таван минутын дотор шийдэгдсэнээс харахад Zeel.mn дээрх ихэнх зээлийн хүсэлт төдий хугацаанд шийдэгдчихдэг бололтой.

Мөн зээлийн үйлчилгээгээр дагнаж буй учир цаашид даатгал, эрүүл мэнд, боловсрол, автомашины гэх зэргээр төрөлжүүлж болох юм гэж бодогдлоо. Дэвшилтэт технологи ашиглан, зээл авах, өгөх үйл явцыг цогц шийдэж буй шинэлэг платформ учир энэ мэт хөгжүүлэлтүүдийг удахгүй хийх нь мэдээж биз ээ.

Апп татах:

- PlayStore
- AppStore

Zeel.mn-ийн эргэн тойронд

Дэлхий дахинаа хүчээ авч буй дижитал хөрөнгийн зах зээл өдгөө Монголын хөрсөнд даатгал, зээл, хөрөнгийн биржийн үйлчилгээг хослуулсан нэгэн цогц бүтээгдэхүүн байдлаар хөгжих нь тодорхой болж байна. Учир нь, Монголын анхны "ICTG" Security Token буюу биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх боломжийг олон нийтэд танилцуулж, ердөө гурван хоногийн дотор зах зээлээс 16.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан "Ай Си Ти Групп", "Монре Даатгал", "Зээл Эм Эн Платформ" ББСБ болон Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллага "Стандарт Инвестмэнт ҮЦК" компаниуд энэ сард Стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ.


Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь харилцагч компаниудын үйл ажиллагааг нэгтгэж, дата даатгалын бүтээгдэхүүн бий болгон, токеныг хэрэглээнд оруулж, дижитал хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажээ. Ингэснээр Монголд анх удаа барьцаа нь үнэлгээгээр үнэлэгдэх дижитал хөрөнгийг бий болгох юм байна. Түүнчлэн гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад Монголын дижитал хөрөнгийн зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг зуучилж, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтер зэрэг цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх аж. Дээрх хамтын ажиллагааны зорилтууд амжилттай хэрэгжсэнээр даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, даатгалын болон эмэгтэйчүүдийг дэмжих жижиг, дунд үйлдвэрлэлийн гэхчлэн бүх төрлийн зээлийн үйлчилгээг цахимаар авах боломж нээгдэх юм.


Монголын анхны блокчэйнд суурилсан Peer-to-Peer зээлийн үйлчилгээтэй "Зээл Эм Эн Платформ" ББСБ нь хоёр жилийн хугацаанд 250 мянган бүртгэлтэй харилцагч, 14 тэрбум төгрөгийн зээл олголтыг цахим гэрээгээр баталгаажуулснаар үйл ажиллагаагаа 100 хувь цахимаар явуулж буй анхдагч байгууллага болсон юм. Тэд саяхан Монголын тогтвортой санхүүгийн холбоонд гишүүнээр элссэн бөгөөд цаашид тогтвортой хөгжилд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй санхүүгийн болон бусад бүтээгдэхүүнийг бий болгохыг эрмэлзэж ажиллана хэмээн мэдэгдээд буй билээ.