Монгол Экологи Төвөөс хэрэгжүүлдэг “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд монгол орны өнцөг булан бүрд суугаа 15-18 насны хүүхэд залуусыг хүрээлэн буй орчиндоо тулгамдаж буй асуудлуудаа олж илрүүлэх, тэдгээрийг өөрчлөн сайжруулахад шийдэл олох, шийдлийн санаагаа бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Teen Шийдэл” уралдааныг өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Уралдаанд 20 аймгаас нийт 226 төслийн саналыг хүлээн авч, Улаанбаатар хот, Төв, Булган, Увс, Хөвсгөл, Ховд ай̆мгуудаас уралдааны шилдэг 10 баг шалгарснаас төслийн санаагаа бодит ажил хэрэг болгох санхүүжилтийг 5 баг авсан юм. Тиймээс хүүхэд залуус хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахын төлөөх ямар шинэ санал, санаачилга гаргасныг онцлон хүргэж байна.

"Teen шийдэл" уралдааныг онцлох нь 

Уралдааны шилдэг 10 баг өнгөрсөн бямба гарагт төслийн санаагаа танилцуулснаас:

  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн “Conquerors” баг сургуульдаа номын сан байгуулах “Happiness Corner” төсөл
  • Увс аймгийн Улаангом сумын 2-р цогцолбор сургуулийн “Эх дэлхий эко клуб” баг “Хүүхэд бүр хогны ертөнцийг өөрчилж чадна” төсөл
  • Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119-р сургуулийн “Creative team” баг “Саарал усыг дахин ашиглах замаар сургуулийн усны хэрэглээг бууруулах” төсөл
  • Улаанбаатар хотын сургуулийн сурагчдаас бүрдсэн “Meraki” баг, “Beta” багууд хүнсний хог хаягдлыг компост бордоо болгох төслүүдээ хамтран хэрэгжүүлэх нөхцөлтэйгээр санхүүжилт авсан юм.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” төслийн хэрэгжүүлэгч Монгол Экологи Төв, “Teen Шийдэл” уралдааны санхүүжүүлэгч Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамны төлөөллүүдээс гадна Францын Элчин Сайдын Яамны төлөөллүүд багтсан. Мөн хувийн хэвшлийг төлөөлж Тренд Дижитал ХХК болон MCS Интернейшнл ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.

Монгол Экологи Төв 2019 оноос хойш “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй бөгөөд “Teen Шийдэл” уралдааныг Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэг санхүүжилтээр зохион байгуулж байна.


ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БУЙ АСУУДАЛ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС нь баригдсанаас хойш 99 жил болж байна. Шинээр засан сайжруулах эсвэл шинэ сургууль барих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Олон жилийг өнгөрөөсөн сургууль минь жил ирэх тусам муудсаар анги танхим, спорт заал нь эвдэрхий, хуучирсан тавилгатай газар бид суралцаж байна.

Түүнээс гадна хичээлээ хийх, ангиас гадна бусад хүүхдүүдтэй хамтарч үйл ажиллагаанд оролцох, клубуудын уулзалт хийхэд анги танхим олдохгүй байх, байгаа ангиуд нь хүйтэн, хэрэглэх компьютер, принтер, хичээлийн судлагдахуун, орчин үеийн ном, интернэт зэргийн хүрэлцээ маш бага байдаг.

ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Манай баг нь сургуулийнхаа ахлах ангийн сонирхлоороо нэгдсэн 6 сурагчдаас бүрдсэн. Бид 100 жилээ угтаж буй сургуульдаа сурсан мэдсэнээ ашиглан тулгамдаж буй асуудлыг шийдэхийг зорьсон. Бид бага байхдаа номын сан гэж хичээлийнхээ номыг л авдаг газар гэж боддог байлаа. Хэрэв биднийг бага байхад хүүхдүүдийн хүсэж буй номын сан байгуулагдсан бол хичээлдээ шамддаг, зорилготой, төлөвшсөн хүүхдүүд олон гарах байсан гэж боддог.

Тиймээс сургуулийнхаа дүү нарыг бидэнтэй адил том болсон үедээ битгий харамсаасай гэсэндээ номын санг сайжруулах төсөл бичсэн. Номын сан нээгдсэнээр хязгааргүй интернэт ашиглах, 10- 19 цагийн хооронд хүссэн цагтаа суух орчин, гаднаас биш дотроосоо идэж, уух зүйлээ боломжийн үнээр худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн YSC болон өөр төрлийн сургалт, уралдаанд оролцож, ахлах ангийн ах эгч нараасаа ойлгохгүй, чадахгүй зүйлсээ заалгаж мэдэж авах боломжтой юм.


ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БУЙ АСУУДАЛ

Нийслэлийн оршин суугчдын хатуу хог хаягдлын дийлэнх хувийг хүнсний хог хаягдал эзэлдэг. Гэвч бид хүнсний хог хаягдлын одоогийн нөхцөл байдал, хор уршгийн талаарх мэдээлэл дутмаг, анхаарал хандуулдаггүй тул хаягдлаа ашиглах ямар ч үйлдэл хийдэггүй.

Одоогоор манай улс нийт хог хаягдлын 17-20 орчим хувийг дахин боловсруулдаг боловч хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй. Хүнсний болон органик хаягдлыг гэрийн нөхцөлд дахин боловсруулж ялзмаг буюу компост бордоог гаргах арга, ач холбогдлын талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс иргэдэд хүнсний хог хаягдлын талаар олон талын мэдээлэл өгч, багасгах болон дахин боловсруулж хор хөнөөлийг нь багасгах зорилготой төсөл санаачилсан.

ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ


“Хоол хог биш” төсөл нь Улаанбаатар хотын ЕБС-ийн 10 сургуульд “БОКАШИ” хүнсний үлдэгдэл бордоошуулагч сав хандивлаж, нэг өдрийн сургалт орох замаар 6-10 дугаар ангийн сурагчдад хүнсний хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах арга зам, ач холбогдлыг таниулж мэдлэг мэдээлэл олгоно.

Ингэснээр хүүхдүүд өсвөр наснаасаа эхлэн алхам бүрдээ хариуцлагатай байх дадалд суралцаж ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх хариуцлагатай, идэвхтэй иргэн болж төлөвшинө. Мөн хүн бүхэнд нээлттэй “Өртөөт” эвент зохион байгуулж, хүмүүст хүнсний хог хаягдлыг өрхийн хэмжээнд багасгах, дахин боловсруулах аргыг бодитоор харуулна. Ийнхүү хувь хүн хүнсний хог хаягдлын талаар бага ч гэсэн мэдлэгтэй болж, дор бүрнээ хүнсний хог хаягдлын эсрэг үйлдэл хийх боломжтой болно.


ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БУЙ АСУУДАЛ

Манайд хог хаягдлын менежментийн тухай сургалт сурталчилгаа түгээмэл биш байдгийн улмаас иргэдийн мэдлэг мэдэгдэхүйц хомс. Хог хаягдлын эдийн засаг, зах зээлд үнэлэгдэх стандарт тааруу, хог ангилан ялгах хогийн савны хүртээмж маш ховороо гадна иргэд хогоо ангилан ялгах хэвшилд суралцаагүй байгаа тул төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн.

Бид хог хаягдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болон орчны бохирдол үүсгэх хор уршгийг сургалт сурталчилгаагаар дамжуулан хүүхдүүдэд олгох зорилготой. Хүүхдүүд бие даан хогоо ангилж суралцсанаар хог хаягдал нь амьдарч буй орчинд хэрхэн нөлөөлдөг болох, байгаль эх унаган төрхөө хадгалахад бид хувийн хэрэглээгээ хэрхэн хянаж багасгах тухай суралцах юм. Цаашлаад хог үүсгэхгүйн тулд эх үүсвэр дээр ангилан ялгаж дахин ашиглах зөв хандлагыг эзэмших шаардлагатай билээ.

ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

“Эх дэлхий эко клуб” нь Увс аймаг Улаангом сумын II Цогцолбор сургуулийн сурагч, багш, ажилчдыг хамруулж, сургуулийн орчин дахь хогийг ангилан ялгаж хэвшүүлэх, дахивар хог бүтээгдэхүүнийг зах зээл эдийн засгийн эргэлтэд оруулж гэр бүл найз нөхөд сургууль орчин хүрээлэлдээ сурталчлан таниулах зорилготой. Ингэснээр цаашлаад амьдралдаа дадал хэвшил болгон байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүнлэг үйлийг бий болгох боломжтой.

Төслийн зорилго нь Увс аймгийн жишиг эко сургууль бий болгох, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж “хүүхэд бүхэн хогны ертөнцийг өөрчилж” сургуульдаа суралцах таатай орчныг бүрдүүлэх юм. Мөн өөрийн үүрэг оролцоог ухамсарласан байгальд хайртай хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлснээр бидний зүгээс мэдээллээр ханган зааварчилж хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Сургуулийн хүрээнд үүссэн хог хаягдлын бохирдолд багш ажилчид сурагчдын эрүүл ахуй, ажиллаж суралцахад ямар хор нөлөө учруулж буйг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлаас хэрхэн ангижрах, хогийг ангилан хэвших амьдралын зөв дадалд суралцан бусдад үлгэр дуурайл болох хэрэгцээ шаардлага байна.


ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БУЙ АСУУДАЛ

1. Борооны усыг дахин ашиглах замаар сургуулийн урд талын засмал зам, талбайг усанд идэгдэх, элэгдэж гэмтэхээс сэргийлэх
2. Мод бут, ногоон байгууламжаа усалж арчлахад хэрэглэх. Тухайлбал, манай сургууль хашаандаа таван зүйлийн 100 гаруй мод, буттай. Үүнийгээ бид бараг л усалдаггүй байсан юм. Модыг 5 хоногт 2-3 удаа тогоог нь дүүртэл услах шаардлагатай байдаг.
3. Манай сургууль сард 446 тонн цэвэр, 446 тонн бохир ус буюу нийт 892 тонн ус хэрэглэдэг. Үүний зардалд 2,784,166 төгрөг зарцуулж байна. Хэрэв бидний санаачилж буй энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл дээрх мөнгөн дүнг багасгаж болно гэж тооцсон.

ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг. Тухайлбал, усыг хуримтлуулах, нөөцлөх зэргээр байнга ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг.

Борооны ус ихэнх барилга байгууламжийн дээвэр болон ус зайлуулах хоолойгоор шууд гадагшилж, ямар ч үр ашиггүйгээр урсан өнгөрдөг. Тиймээс бид хавар, зун, намрын улиралд сургуулийнхаа дээврээс гоожих усыг тосох, агуулах сав зэргийг худалдан авч байршуулахаар шийдсэн.

Манай сургууль тосож авсан саарал усаа сургуулийн ногоон байгууламж болох мод бут, зүлэг, цэцэг зэргээ услахаас гадна өдөр тутмын цэвэрлэгээний үйл ажиллагаандаа ашиглахаар зорьж байна. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл манай сургуулийн багш, ажилтан, сурагчид үр шимийг нь хүртэх боломжтой. Түүнчлэн уг төслийн үр дүнд сургуулийн усны хэрэглээ буурч, сургуулийн төсөв зардалд тодорхой хэмжээний хэмнэлт бий болно.


ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БУЙ АСУУДАЛ

Бид өдөр тутамдаа хүнсний болон бусад органик хог хаягдал маш ихээр гаргадаг. Тэдгээр хог хаягдлыг ашиглахгүй байх нь байгаль орчныг бохирдуулах, хүлэмжийн хийг нэмэгдэхэд хүргэдэг. Нөгөө талаар хүний хүчин зүйл, салхины нөлөөгөөр хот суурин газрын хөрс эвдэрч, үржил шимгүй болж байна.

Бид айл өрх, байгууллага бүр өөрсдийн органик хог хаягдлаа ашиглан компост бордоо хийж, мод зүлэг тарьж орчноо ногоон болгоосой хэмээн хүсэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс хэрхэн компост бордоо хийхийг мэдэхгүй. Иймд тэдэнд хямд төсөр аргаар хог хаягдлаа ашиглан бордоо хийх аргыг зааж таниулснаар эрүүл ногоон хоттой болоход хувь нэмэр оруулах боломжтой гэж үзсэн.

ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Манай баг нь хүнс болон цаасны илүүдэл хог хаягдлаар органик бордоо хийх төсөл сонгосон. Бид эхлээд өөрсдийн гэрээс гардаг илүүдэл хог хаягдлаар органик бордоо хийж эхлэх юм. Компост бордоог зориулалтын дагуу бэлдсэн саванд хийх ба модны хэрчим, мөчир гэх мэт бүтцийн материал, хүнсний хог хаягдал, сүрэл, бууц, цаас, өвс гэх мэт бордооны үндсэн материалыг зөв харьцаатайгаар хийж, зохих чийгийг тогтмол өгч, наранд байлгах замаар 2-3 сарын дотор бэлэн болгоно.

Бордоог чийгтэй байлгаж, тогтмол эргүүлэх шаардлагатай тул мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авна. Бид бордоо хийх туршилт, түүнээс авсан мэдлэгээ нэг бүрчлэн бичлэгт хийж хадгалан, сургуулийнхаа нийт сурагчдад таниулах ажлыг зохион явуулна. Түүнчлэн бид хийсэн бордоогоо сургууль орчимд зүлэгжүүлэлт, сургууль доторх цэцэгжүүлэлт, хөдөлмөр зуслан дах жимс, ногооны талбай бордоход ашиглана.