Их Британийн колониос гарсны дараа Хойд Америкийн мужууд шинэ улсаа ямар засаглалтай авч явахаа хэлэлцжээ. Тэдний нэгдмэл зорилго, хүсэл нь дарангуйлагч, эзэрхийлэгчдээс тусгаар, шинэ “Ард түмний засаг”-ийг байгуулах байв. Тэрхүү засаглалын төрөл нь “Бүгд найрамдах Улс”.
Ubi libertas, ibi patria! (Хаана эрх чөлөө байна, тэнд эх орон минь буй!)
Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд тодрон гарч, сэргэн мандаж байсан Бүгд найрамдах улсууд (Грек, Ром)-ын бүхий л жишээ бүтэлгүйтэж, улмаар өмнөхөөсөө ч илүү харгис, дарангуйлагч засаг төрийн эрхэнд гарч байсан. Тэгвэл хэрхэн “Бүгд найрамдах Улс”-аа унагалгүй, тогтоон барих вэ гэдэг асуулт тэдэнд урган гарч ирсэн бөгөөд үүнээс л АНУ-ын Үндсэн хууль мэндэлсэн түүхтэй.
Америкийг үндэслэгч эрхмүүдийн нэг Б.Франклинаас нэгэн эмэгтэй “Та бүхэн ард түмэндээ ямар засгийг байгуулан өгч байгаа юм бэ?” гэж асуухад тэрээр “Бүгд найрамдах улс билээ, хатагтай. Хэрвээ та хамгаалан үлдэж чадвал шүү дээ” хэмээн хариулсан гэдэг.
Үүнтэй ижил утга бүхий үгийг мөн л Америкийг үндэслэгчдийн нэг, тус улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ж.Мэдисон хэлсэн бөгөөд тэрхүү үг нь “Гагц сайтар боловсорсон иргэд л эрх чөлөөт иргэд баймуй”. Ж.Мэдисоны “сайтар боловсрох”, Б.Франклины “улсаа хамгаалан үлдэх” гэдэгт улсынхаа үндэс суурь болсон үндсэн хуулиа судлах нь хамгийн чухал гэсэн санаа буй.
Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр, 16 цаг 17 минутад баталсан Монгол улсын Үндсэн хуулийн нэгэн зууны өдөрт зориулан өдгөө ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хамгийн эртний 10 үндсэн хуулийг жагсаан хүргэж байна.
1. сан марино
Бүгд Найрамдах Сан Марино Улсын Үндсэн хуулийг дэлхий дээрх хамгийн хөгшин Үндсэн хууль хэмээн түүхч, судлаачид үздэг. Энэ улсын Үндсэн хууль нийт 6 боть бөгөөд тэртээ 1600 онд Латин хэлээр бичигдсэн гэнэ. Түүхэн баримтуудад дурдсанаар тус хууль 1600 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Гэсэн ч энэхүү хуулийг Үндсэн хуульд байх ёстой шинжүүдийг хангалттай тусгаагүй хэмээн үзэх олон эрдэмтэн, түүхчид бий. Тэдний зүгээс АНУ-ын Үндсэн хууль тэрхүү бүхий л шалгуур, шинжийг хангасан учир хамгийн хөгшин Үндсэн хууль хэмээн үздэг аж.
Энэхүү жагсаалт дахь улсуудын үндсэн хуулиуд нэг тунхагт батлагдан, зангидагдсан байдаг бол Их Британи, Шинэ Зеланд, Саудын Араб зэрэг улсуудын хууль огт эмхлэгдээгүй байдгаас “бичигдээгүй хууль” хэмээгддэг.
2. ану
АНУ-ын Үндсэн хууль нь Дэлхийд хамгийн алдартай үндсэн хууль бөгөөд бусад олон орны үндсэн хуулиудад эш татах сурвалж болсон байдаг билээ. Тус улсын Үндсэн хууль анх 1788 оны зургаадугаар сард батлагдсанаасаа жилийн дараа буюу 1789 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Сонирхуулахад, АНУ Үндсэн хуулиа нийтдээ 27 удаа нэмж сайжруулсан.
Америкчууд Грек, Ром зэрэг эртний бүгд найрамдах засаглалын түүхийг судалж үзэхэд эдгээр нь ихэнхдээ дотоод зөрчилдөөнийг давж чадалгүйгээр задран унасан байв. Эдгээр түүхээс сургамж авч, АНУ-ын үндэслэгчид Бүгд найрамдах засаглалаа унахаас сэргийлэхийн тулд хэд хэдэн үндсэн зарчмуудыг тусгасан Үндсэн хуулийг боловсруулсан.
- Эрх мэдлийн хуваарилалт: Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох (Конгресс), гүйцэтгэх (Ерөнхийлөгч), шүүх (Шүүхийн байгууллага) гэсэн гурван салбарт хувааж, харилцан хяналт, тэнцвэрийг тогтоосон.
- Ард түмний оролцоо: Иргэд өөрсдийн төлөөлөгчдийг сонгож, тэдний засаглал дахь шууд бус оролцоог бий болгосон.
- Үндсэн эрхийн баталгаа: Иргэдийн эрхийг хамгаалах "Bill of Rights”-ийг Үндсэн хуульд нэмэлт болгон оруулсан. Үг хэлэх, хэвлэлийн, шашин шүтэх эрх чөлөө зэрэг иргэдийн эрхийг уг баримт бичгээр баталгаажуулж, төрийн хязгааргүй эрх мэдлийг сөрөн зогсох боломжийг иргэдэд олгосон юм.
- Холбооны засаглал: Төв засаглалаас гадна мужууд өөрсдийн тодорхой хэмжээний бие даасан эрх мэдэлтэй байх боломжийг бүрдүүлсэн. Холбооны засаглал нь бүс нутгийн онцлогийг хадгалах, олон янз байдлыг дэмжихэд чухал үүрэгтэй.
3. нидерланд
Нидерланд 1814 оны гуравдугаар сард Үндсэн хуулиа баталж, өөрсдийн улсаа Угсаа залгамжлах хаант, парламентын засаглалтай улс хэмээн зарлалаа. Эрх мэдлийн хуваарилалтынхаа хувьд улсын тэргүүн буюу хаан, сайд нарын зөвлөл, парламент байхаар заасан байна. Мөн тус улсын 12 мужийг ард иргэдээс сонгогдсон төлөөлөгч ба хаанаас томилсон комиссар нар удирдана хэмээн Үндсэн хуульд нь заасан байдаг.
4. НОРВЕГ
434 жилийн туршид оршин тогтносон Норвег-Данийн хамтын хаант улс задарсны дараа Норвег 1814 оны тавдугаар сарын 17-ны өдөр өөрийн Үндсэн хуулиа батлан, бүрэн тусгаар тогтнолоо зарлан тунхаглав. Эл өдөр боолчлол, хамжлагын ёсыг халж, хүний эрхийг тунхагласан тул жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг Норвегт Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэх болжээ.
5. бельги
Нидерландаас туурга тусгаарласан Бельги Үндэсний конгрессоо байгуулж, 1831 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Үндсэн хуулиа батлан Үндсэн хуульт хаант засгийн улс болжээ. Үүнээс хойш 162 жилийн дараа буюу 1993 оны долоодугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульт хаант засгаасаа Холбооны улсын засагт шилжин, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан түүхтэй.
6. дани
Хэмжээгүй эрхт хаант засгаасаа ухарсан Дани 1848 оны аравдугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуулиа батлах чуулганыг зохион байгуулав. Чуулганы 38 гишүүнийг тус улсын хаан томилсон бол үлдсэн 114 гишүүн ард түмнээс сонгогдсон бөгөөд сонирхолтой нь, бүгд 30-аас дээш настай байжээ. Улмаар 1849 оны зургаадугаар сарын 5-ны өдөр уг чуулганаар Үндсэн хуулиа баталснаар Дани Улс нь Үндсэн хуульт хаант засгийн улс болсон байна.
7. аргентин
1853 оны тавдугаар сарын 1-ний өдөр Аргентин Улсын Үндсэн хууль батлагджээ. Эл өдөр зөвхөн Аргентин төдийгүй Латин Америкийн түүхэнд чухал нөлөөтэй гэж хэлж болно. Учир нь олон зууны туршид Европын колоничлолын доор байсан Өмнөд Америкт анх удаа өрнийн оролцоогүй Үндсэн хууль батлагдсан, түүхэн өдөр юм. Тэр цагаас хойш Аргентин үндсэн хуулиа цаг тутам шинэчлэн, сайжруулсаар ирсэн бөгөөд эцсийн хувилбараа 1994 оны наймдугаар сарын 24-ний өдөр л баталжээ.
8. люксембург
1839 онд хөрш зэргэлдээх томоохон хүчнүүд болох Бельги, Нидерландаас тусгаар тогтнолоо зарласныхаа дараа Люксембург 1841 онд анхны Үндсэн хуулийнхаа эхийг гаргаж байлаа. Улмаар 1848, 1856 онуудад ахин хоёр удаа шинэчлэн зассан хэдий ч 1868 оны аравдугаар сарын 17-ны өдөр сая албан ёсоор баталсан юм. Энэхүү хууль нийт 13 бүлэг, 121 зүйлээс бүрддэг.
9. тонга
Тонгa буюу албан ёсоор Тонгагийн Вант Улс нь Өмнөд Номхон далайд 169 арлаас бүрдэх олтриг дээрх жижиг улс. 1875 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус улсын хаан Нэгдүгээр Жорж Тупоу улсынхаа Үндсэн хуулийг баталж байв. Чингэхдээ, Тонга нь Үндсэн хуульт хаант засгийн улс хэмээн тунхаглаж, эрх мэдлийн хуваарилалтыг гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх хэмээн ангилжээ.
10. австрали
Австралийн Үндсэн хууль нь дэлхийн хамгийн эртний 10 үндсэн хуулийн нэг бөгөөд 1890-ээд оноос эхлэн боловсруулагдсан түүхтэй. 1890-1900 оны хооронд олон чуулган, хэлэлцээр зохион байгуулсны үр дүнд 1900 онд Их Британийн парламент "Австралийн Холбооны тухай хууль" (Commonwealth of Australia Constitution Act) -ийг баталсан. Энэхүү хууль 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Австралийн засгийн газрын бүтэц, парламент, эрх мэдлийн хуваарилалтыг тодорхойлж байна.
Сэтгэгдэл бичих