Хүн төрөлхтөнд төрөлхөөс заяагдсан үнэт зүйлс болох амьдралд хариуцлага хүлээх эрх чөлөө, төрөл бүрийн мэдрэмжийн давлагаанаас бие хүн сайн дураараа татгалзах боломжтой болов уу? “Амьдрах гэдэг тэр чигтээ зовох үйл юм” хэмээн Будда хэлсэн байхад хувь заяаныхаа цулбуурыг хэн нэгэнд атгуулчхаад өөрийн дураар алдаа гаргаж, зовлонгийн далайд хөл дүрж үзэлгүйгээр бүхий л насаа өнгөрүүлсэн нэгнийг жинхэнэ утгаар амьдарч чадсан хүн хэмээн бид нэрлэж чадах уу?

Английн хөдөө тосгон, хоёрдугаар дайны дараах аж амьдрал, язгууртан дээдэст хамаарах тансаг шилтгээн, гэрийн даамал гээд “Өдрөөс үлдсэн зүйл” зохиолын үйл явдал бидний ахуйгаас эхэндээ харь хөндий санагдаж мэдэх ч тайван амгалан хэмнэлээр урсан өрнөх өнгөлөн далдлалтын цаадах эргэлзээ, гашуун мэдрэмжүүд аажимдаа тулхтай уншигчийн зүрхийг базлуулах нь энэхүү романы гол онцлог гэлтэй. Магад өрнийн болоод дорнын бичлэгийн арга хэлбэрийг хооронд нь гарамгай сүлж чадсан учраас тус роман залуухан К.Ишигүро зохиолчид Бүүкэрийн шагнал авчирч, хожмоо Нобелийн шагнал хүртэх жимд хөтөлсөн ч байж мэдэх.

“Чанд зарчим гэгч зүйл нь эрээ цээргүй явдлын нэгэн адил хүнийг уруу татаж, дордуулж болохыг Ишигүро ийн харуулжээ” хэмээн алдарт зохиолч Салман Рушдигийн тодорхойлсон тус зохиолыг бид энэ удаагийн номын буландаа онцолж байна.


ДАРЛИНГТОНЫ ШИЛТГЭЭН 

Зохиолын үйл явдал дайнаас өмнө Их Британийн нөлөө бүхий язгууртан лорд Дарлингтоны эзэмшилд багтаж асан, одоо бол Америкийн чинээлэг бизнесмен Фаррадейгийн мэдэлд очсон нэгэн шилтгээнд насан туршдаа хүчин зүтгэж буй гэрийн даамал Стивенсийн бяцхан аяллаар эхэлнэ. Зургаан өдрийн турш үргэлжлэх аяллынхаа турш тэрээр Английн хөдөө тосгодыг хөндлөн гулд туулахын сацуу өнгөрсөн дөчин жилийнхээ үйл явдлыг нэхэн дурсана. Стивенсийн амьдрал дахь гол дүрүүд бол түүний хуучин эзэн лорд Дарлингтон болон нэгэн цагт хамтран ажиллаж байсан хатагтай Кентон нар бөгөөд түүний аяллын гол зорилго ч хүн хүч дутаад буй шилтгээндээ буцаж ажиллаач хэмээн Кентон авхайгаас өөрийн биеэр асуух явдал билээ.

Дуртгал хэлбэрээр бичигдсэн романы өнгөрсөн цаг дээрх үйл явдлууд нь тун цомхон, ойлгомжтой тул уншигчдыг яах ийхийн зуургүй цааш хөтөлнө. Монголчуудын уламжлалт ахуйгаас онхи ондоо англи язгууртны амьдралын хэв маяг, тэдний төлөө залуу нас мэдлэг чадвараа хоёргүй сэтгэлээр зориулах Стивенс мэтийн гэрийн даамлууд, шилтгээн дотор мөрдөх түм буман дүрэм журам нь уншихад тун ч сонирхолтойг дурдахгүй байхын аргагүй.

Эцгээсээ өвлөж авсан гэрийн даамал хэмээх албан тушаалыг насан туршдаа хашсан Стивенсийн хувьд амьдралынх нь үнэт зүйл тэр чигтээ “dignity” буюу нэр төр, агуу чанар, төгс төгөлдөрт хүрэхийн төлөө чармайх хичээл зүтгэл байсныг олон үйл явдал харуулах болно. “Англи орны байгаль шиг анхаарал татаж, нүдэнд тусахааргүй гоо сайхны эгэл даруу байдал л хамгаас эрхэм” хэмээн үзэх Стивенс яг энэ үзлээ чандлан мөрдөхийн төлөө сэтгэл хөдлөлөө золиосолсон болох нь яваандаа тодрон харагдана. Ажил хэргийн харилцаанаас хол давсан хатагтай Кентонтой үүсгэсэн харилцаа нь өнөөх нэр төрөө эрхэмлэсэн үзлээс нь давж чадаагүй тул олон жилийн өмнө амьдралдаа ганц удаа тохиосон хайр дурлалыг тэрээр тунчиг золгүй байдлаар атгаад алдсан түүхтэй.

Түүнчлэн нацизмыг шүтэн бишрэгч хуучин лордынхоо итгэл үнэмшлийн тухай ганцхан хором ч эргэцүүлэн бодохгүйгээр харанхуй дагаж байсан нь түүнийг олон эргэлзээ, харамсалд хөтөлнө. Зөвхөн өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж, хариуцлага хүлээн, сэтгэлээ уудлан асгаж чадалгүй хорвоог барж буйгаа аяллын гүнд ойртох тусам Стивенс улам гүнзгий ухаарах нь гачлантай.


ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙД


Paris Review сэтгүүлд өгсөн ярилцлагадаа К. Ишигүро “Дарлингтон лорд, хатагтай Кентон хоёр бол тэр чигтээ зүйрлэл юм. Хатагтайн хайрыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч сэтгэлээ нээж чадахгүй байгаа Стивенс бол зүрх сэтгэлээ эмтэлж хаяхаас эмээсэндээ мэдрэмжийнхээ өмнө хана босгодог хүн төрөлхтний нийтлэг төрх. Эзэндээ хамаг үзэл бодол, шийдвэр гаргах хүчээ дайгаад эрх чөлөөнөөсөө татгалзаж байгаа Стивенсийн мунхаг алдаа бидний дунд одоог хүртэл амь бөхтэй оршсоор буй. Ардчилсан нийгэмд амьдарч байгаагаас үл хамаараад хүмүүс өөрөөсөө илүү гэж үзсэн ямар нэгэн дээд эрх мэдэлд хариуцлагаа шилжүүлж, зүгээр л тэрхүү нэгний хэлсэн болгоныг гүйцэтгэж амьдрах нь илүү дээр гэж үзсээр байна” хэмээсэн нь бий.

Эцэстээ ердөө л нацистуудын хамсаатан, тэдний гарын үзүүрт зарагдсан хүүхэлдэй лугаа адил хөөрхийлөлтэй нэгэн болж хоцорсон Дарлингтон лорд ч тэр, авааль нөхөртөө хэзээ ч хайртай байгаагүй Кентон авхай ч тэр олон зүйл дээр алдсан байж болох ч үгүй ядаж амьдралын замаа өөрсдөө сонгож чадсанаараа насны эцэст Стивенсээс арай бага шаналсан байж мэдэх.

Би хамаг сайхан он жилүүдээ лорд Дарлингтонд зориулсан. Хамаг ур чадвараа, байгаа бүхнээ түүнд зориулсан, одоо...одоо ингээд харахад надад өгөх өөр юм үлдээгүй шив дээ.

Өдрөөс үлдсэн зүйл

Сэтгэл эмтлэм хайрын түүх 


Бичвэрийн эхэнд дурдсанчлан Казүо Ишигүрогийн романууд өрнө, дорно хосолсон бичлэгийн ур хэлбэрээрээ бусдаас онцгойлон ялгардаг. Дорнын зохиолчдын бүтээлээс л урган гардаг гэлтэй сэтгэл гижигдэм, нандин мэдрэмжүүд Кентон авхай, гэрийн даамал хоёрын харилцаан дээр тодхон харагдана. “Би чамд хайртай байсан шүү” хэмээх үг зохиолын турш хэнийх нь ч амнаас үл цухуйх ч тэрхүү учир битүүлэг, ялдам мөчүүд л тэр хоёрын бүтэлгүй хайрын түүхийг зүрхний гүнд хүрэхээр сэтгэл татам болгосон мэт. Амьдралын урт замд шаналал, гуниг хийгээд инээд хөөр, аз жаргалаа хамтдаа хуваалцаж чадах байсан хоёр хүн бүх зүйл нэгэнт оройтсон хойно уулзалдах тэрхүү мөч, сүүлчийн найдвараа алдахаас эмээсэндээ Кентон авхайгаас ямар ч хамаагүй дотно үг сонсох гэж хичээх гол дүрийн бүрэн цөхрөл хоорондоо нэгдэн нийлж, улмаар хайрын тухай хамгийн гашуун түүхүүдийн нэгийг бүтээжээ.


Сонирхуулахад, энэхүү зохиолоор 1993 онд найруулагч Жеймс Айвори ижил нэрт кино хийж, гол дүрд нь Энтони Хопкинс болон Эмма Томпсон нар тоглосон байдаг. Тус кино тухайн жилийнхээ Оскарын шагнал гардуулах ёслолд найман төрлөөр нэр дэвшиж, BAFTA-аас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Э. Хопкинс гэрийн даамал Стивенсийн дүрээр хүртэж байсан юм.

Зохиолчийн тухай товчхон


Дэлхийн II дайны дараахан олон улсын далай судлалын хүрээлэнгээс ажлын санал авсан Ишигүрогийн аав Японы Нагасаки хотоос гэр бүлээ дагуулан Англид суурьшсан аж. Тэр үед дөнгөж таван настай байсан зохиолч тэрхүү цаг үеэс хойш насан туршдаа Англид амьдран суугаа юм. Боб Диланы үнэнч шүтэн бишрэгч байсан тэрбээр бага залуу насандаа Америкаар хэрэн хэсэж, хиппи хэв маягаар амьдран, дуучин болохоор хичээж байжээ. Рок од болох мөрөөдөл нь өсвөр настай нь цуг замхран алга болох үед 23 настай К. Ишигүро Зүүн Английн их сургуулийн алдарт бичихүйн хөтөлбөрт (Creative Writing Program) тэнцэж улмаар зохиолч болох гараагаа тавьсан түүхтэй. Хөтөлбөрийн хугацаанд тэрээр төрөлх Япон оронд үйл явдал нь өрнөх “A Pale View Of Hills” хэмээх анхны романаа бичсэн бөгөөд таван жилийн дараа өөрт нь мэргэжлийн зохиолч хэмээх нэр алдрыг Бүүкэрийн шагналтай хамт авчирсан алдарт роман болох “Өдрөөс үлдсэн зүйл”-ээ туурвижээ. 2017 онд Шведийн академиас Ишигүрод “Сэтгэл хөдлөлийн маш их хүч шингэсэн романууддаа дэлхий ертөнцтэй холбогдох хуурмаг холбооны цаадах гүн хавцлыг нээж харуулсны учир” Нобелийн шагнал хүртээсэн билээ.

Ташрамд дурдахад, зохиолчийн “Намайг бүү явуулаач”, “Хөвөлзөх ертөнцийн зураач”, “Өнчрөл хагацлын он жилүүд” зэрэг бусад бүтээлийг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдын хүртээл болгоод буй.