Энэ дэлхийн хамаг л хүний тавыг алдуулж, төлөвлөгөөг нураасан гайхал 2020 оны энэ зун бидний хэдэн нөхдөд эх орны баруун хязгаар Баян-Өлгий, Баян-Өлгийн баруун хязгаар Алтай Таван Богд руу мордох завшаан гарсан билээ. Энэ амаргүй бэрх цагт аялж зугаална гэдэг тийм сайхан санаа биш байж мэдэх ч Монгол маань харьцангуй амар жимэр, дотроо чөлөөтэй зорчих бололцоотойг байгааг ашиглан газар үзье, хийморь юугаа сэргээе хэмээн аян замд дөрөөлсөн нь магад монгол хүний ясны нүүдэлч араншин ч байж болох. Хоорондоо хэлцэж тохирсон Зак намайг, Антон харин Төөдийг уруу татсанаар дөрвүүл аян замын дөрөө харшуулсан нь энэ ээ.


Энэхүү аялал нь "АТБ” компани ба Хүннү Эйрийн хамтарсан 5 өдөр, 4 шөнийн аялал бөгөөд бид 7-р сарын 21-ний 16 цагт Улаанбаатараас ниссэн юм. Онгоц замдаа Улаангомын Дэглий цагаан нисэх онгоцны буудлаар дайран Өлгийд газардлаа. Өндөр уулсаар хүрээлүүлүүлсэн томоо хөндийд Өлгий хот өнгө будаг сүлэлдэн угтав. Бид цөм Баян-Өлгийд анх удаа ирж байгаа тул юм бүхэн л соньхон байлаа. Манай аяллын группийг хоёр фургон тосож, шууд л Улаанхус сумын нутаг дахь Алтай Таван Богд руу хөдлөх болов. Хүнсний дэлгүүр орж аваад 21 цаг өнгөрөөж хөдөлсөн бид бороо шороо ихтэй 180 км замаар сайн зүтгүүлж үүрийн 05 цагийн үед Алтай Таван Богдоос 23-24 орчим км-ийн зайд орших гэр буудалдаа хүрсэн юм. Улаанбаатарт онгоц хоёр цаг хойшлоогүй бол арай эрт очих байжээ. Бид дөрөв фургонд хамт суусан үеийн нэг бүсгүй, 50 гаруй насны ах эгч хоёрын хамт нэг гэрт орлоо.

Аяншиж ядраад дорхноо тас үсэрсэн бид казак гэрт 10 цагийн алдад сэрлээ. Гараад харвал өндөөр, тос даасан хүрэн уулын энгэрт ирсэн байх аж. Тэртээ хойно мөнх цаст уулс үзэгдэх нь даллан дуудсан Алтай Таван Богд мөн ажээ... Удсан ч үгүй Алтай Таван Богдод тулан, Малчин оргилын хормойд очиж хоноглох явдал суудал эхэллээ. Бид дөрөв урьдаас захисан ёсоор нэг залуугийн хамт мориор гарав. Алтай Таван Богдын наанатайх овоо хүртэл 18 км гэв үү, тийш хүрээд, тэндээсээ дахиад цааш 5 км орчим газар явж майхан барих цэг буюу отогтоо очих юм. Бороо жаахан шиврэх тул цуваа өмсөөд хөдөллөө. Адал явдал хайж холоос ирснийг ч хэлэх үү, морь унах хэзээд гоё байдгийг ч хэлэх үү, хөхиүн хөгжилтэй л явлаа. Тэр энэ хоёрын хооронд их явдаг болохоор аргагүй биз, морьд маань жаахан явах муутай юм. Голдуу алхуулаад, үе үе хөнгөн шогшуулж явлаа.

Баян-Өлгий аймаг ч тэр чигтээ уулсын өлгий юм аа. Уулс хормойдон гол ус захлан өгссөөр 3 цаг гаруй явж Ерөнхийлөгчийн гэх тодотголтой овоон дээр хүрч очлоо шүү. Хэдий оргил үзүүрийг нь холоос тольдож явсан ч овооны доороос өгссөөр дээр нь гарах тэр мөчийг үү! Алтай Таван Богдын өндөр оргилууд цэлсхийгээд угтах авай... Ай юутай сүрлэг…. Ай юутай төгөлдөр...


Мөнх цаст хайрхнууд цан хүүрэг савсууланхан, үүл манан татууланхан, үзэх нүднээ хөшилдөн байлаа. Тэр овоон дээр бидэн шиг жуулчид ч байна, Баян-Өлгийнхөө өөр хэсгээс ирсэн бололтой казак айлынхан ч зураг хөргөө татуулан байна. Ийн бид хэсэг сүрдэж аваад цааш Малчин оргилын хормой руу хөдөллөө. Энэ хэсгээс цааш машин явдаггүй гэх ба машинд ирсэн хэд маань цааш 5 км хэртэй алхсан юм. Машинаа орхиж буй тул хүмүүсийн цүнх савыг хоёр моринд ачаалаад хөтлөх аж. Зорьсон газраа ирэхэд нэг гэр, нэлээн хэдэн майхан угтав. Тэр гэрт цаг уурын ажил эрхэлдэг хижээл насны хоёр ах суудаг ажээ. Гэрт орж дулаацаад бултаараа гарч хөтчийн гаргаж өгсөн майхнуудыг барив. Майхандаа төвхнөж цайлж аваад мөнх цаст хайрхнуудын дундах хөндийгөөр урсдаг мөсөн голыг үзье хэмээн хөдөлцгөөв. Энүүхэн гүвээ даваад орчих юм шиг харагдавч хөндий рүүгээ нэлээн өндрөөс чулуу дамжин буудаг ажээ. Цайран харагдах энэ хөндий тэр чигтээ мөс юм гээч. Тэр мөсөн хөндийгөөр их бага хуваагдан урсах голыг мөсөн гол хэмээнэ. Үнэхээр сонин, гайхалтай тогтоц. Хамгийн наана тааралдсан ширүүн голыг үзээд мөсөн хөндийг туулан цааш нэлээд алхлаа. Дээрээс бороо жаахан шиврэх бол доорх мөсөн дээгүүр жижиг жижиг горхи, урсгал усан олон таарна. Цааш овоо алхсаар мөс рүүгээ гүнзгий ухаж хавцал үүсгэсэн бас нэг түргэн урсгалт гол таарлаа. Ёстой маяг аа маяг.. Тэнд бид баясалдан хэдэн зураг дарж аваад отог руугаа буцлаа. Мөсөн хөндий рүү уруудаж буулгасан өнөө чулуут гүвээ маань эргэж буцахад харин ихээ өндөр даваа боллоо.


Сэтгэл хөдөлж байна гэж юүхэв. Энэ хүртэл явдал суудал нь их ч, үзэсгэлэнтэй сайхан уулсыг харахаар эрхгүй баясал тээнэ. Хөтөч маань гал тогооны майхандаа хээрийн шөл хийжээ. Халуун хоолны дараа майхныхаа гадаа бид гэгэлзэж, Зак маань нандигнан авчирсан навчин тамхиа асаалаа. Аяны дөрөө чангалж, авирах уулаа харуулдлаа. Тэрүүхэн тэнд харагдах уулсын оргилоор үүл, манан нэг татаж нэг болих нь дэндүү амархан юм. Бидний ирэхийн өмнө хоёр хоног орсон бороо татарч, шиврэхээс хэтэрсэнгүйд баярлана. Маргааш ч бас "хилийн тэнгэр цэлмэг байгаасай!"

Өглөө 6.20-д хөтөч сэрээлээ. Энд майханд хонохдоо л даарах вий гэж хэрэг болгон бэлдсэнийх, ер дулаавтар шөнө байсных даарч бээрэлгүй хонолоо. Дасал болоогүй орчинд нойр муу хүрдэг маань ч энэ удаа давтагдсан авч үүрээр 2, 3 цаг унтаад авсандаа баярлаж сэрэв. Өнөө ах, эгч хоёр маань мишокгүй ирчихээд балрах шахсан ч гэр буудлаас хөнжил дэвсгэр гуйн авч, цаг уурын хүнээс бас туслалцаа хүсээд боломжийн хоноодохсон харагдана. Ер нь энэ аяллаар дараа явах хүмүүст зөвлөхөд зохион байгуулагч нөхдийг сайн шалгааж мэдээлэл бүрэн гүйцэд авах хэрэгтэй юм билээ. Ах эгч хоёрыг бид романтик аялал хийх гээд андуураад экстрим аялалд гараад шидчихжээ гэж “явуулж” байв.

Ингээд бид аяллын гол зорилго болох Малчин оргилд гарах замдаа шулуудлаа. Зорьсон уул маань илээд авмаар ойрхон харагдах ч хормойд нь хүрэх гэж 5-6 км хэртэй алхав. Усаа сайн авч хөдөлье хэмээхэд хөтөч замд уулын гол горхи зөндөө таарна, үүргэвчээ эрт хүндрүүлэх хэрэггүй хэмээн зөвлөлөө. Үнэхээр ч ус ихтэй энэ газар ирэхдээ дэлгүүрийн усанд их мөнгө зарах хэрэггүй юм билээ. Цөөнгүй уулын горхи гатлан явахдаа бид ус нэвтэрдэггүй уулын гутал авчрах хэрэгтэй гэсэн нь туйлын чухал болохыг төвөггүй ойлгов.

Оргил өөд


Хүсэн хүлээсэнчлэн цаг агаар сайхан байлаа. Салхитай өдөр бол хүмүүс гарч чадалгүй буцдаг гэх. Уулынхаа бэлд хүрээд хөтөчтэйгөө хамт 12-уул дээш мацаж эхлэв. Удалгүй бид бэлтгэлжилтээрээ гурван хэсэгт хуваагдав. Хамгийн түрүүнд Төөдий, Антон хоёр нэг залуугийн хамтаар гурвуул өгсөн зам заах бөгөөд хурдан шалмаг байдлаараа арын биднийг шалавлуулж байв. Төсөөлснийг бодоход уул өөд нэлээд эгц, тамир тэнхээ шалгах ажээ. Хөтөч маань ойр ойрхон амарч хүчээ нөөхийг сануулна. Уулын таяг авчрахад илүүдэхгүй гэж зөвлөж байсан нь үнэхээр хэрэгтэй санагдсан. Гэхдээ таяггүй авирагчид ч бас байв. Ийнхүү бид нэг нэгэндээ хань бараа болсоор, урд яваа хэд нь заримдаа хүлээн “багийн тоглолт” хийж, авирч эхэлснээс дөрвөн цаг орчмын дараа бид Малчин оргилд гарсан билээ. Хэзээнээсээ уул шүтдэг хүмүүсийн угсаа залгамж юм болохоор, сорилт бүрийн эцэст зорилгодоо хүрэх хэзээд таатай байдаг болохоор д.т.д 4051 метрт орших, Алтай Таван Богдын дөрөв дэх, Монголын найм дахь өндөр Малчин оргилд хөл тавьсан бид мэдээж зөндөө их баярлалдав. Түрүүхэн манантай байснаа гэнэтхэн цэлмэж Малчин хайрхан мөнх цастай талаа дэлгэн харуулах нь талархам. Тэр зүгт уруудахад Монгол Улсын хамгийн баруун захын бөгөөд 1 дүгээр хилийн багана бий бөгөөд түүнээс цааш ОХУ-ын нутаг ажээ. Тэрүүхэн хойно Хүйтэн оргил цавцайн үзэгдэнэ. Хүйтэн хэмээх нэрэндээ эзэн сууж, хамгийн өндөр хэмээх эрэмбээ зааж үүлэн дундаас оройгоо харуулахгүй нь цаанаа л нэг баавартай. Ээ чухам "уул үүл нь нийлэн харагдаад” хэмээн дуунд гардаг чинь жинхэнэ энд л байна. Оргил дээрх давчуухан зайд чингээд Монголынхоо далбааг ээлжлэн мандуулж зураг хөргөө татуулж, идээ будааныхаа дээжээс өргөлөө. Зак бид хоёр бас Unread-ийнхаа тугийг нэг намируулаад авлаа. Одоо буух цаг! Бас ч амаргүй зам!

Зүүн гараас: Ганзо, Төөдий, Антон, Зак

Ялимгүй уруудаад бөөндөө тухтайхан цайлж авлаа. Хөтөч мөнх цасаар нь бууж болдог, сүүлд хэдэн хүнийг буулгасан гэхэд зарим нөхөд маань тэгвэл мөнх цасаар нь гулгаж бууя л даа гэцгээв. Миний санаанд бол эхэндээ ер багтсангүй, хэтэрхий аюултай чанга санагдсаныг нуух юун. Тэгтэл удалгүй хөтөч, Антон хоёр юу юугүй гулсаад эхэлдэг юм даа. Гайхаад харах нь ээ, миний бодсон шиг бузгай биш боломжийн хурдаар гулсаж явах шиг санагдсан тул олноо дагаад гулгахаар шийдлээ. Ингээд борооны цуваа хөдөрч аваад нэлээн сүүлээрхэн шиг гулслаа шүү. Зугаатайхан уруудаад очлоо. Хамаг юм руу л цас ороод явчлаа. Гулгасах боломжгүй болсон цэгээс цааш бид цасан дундуур алхахаас өөр аргагүй болов. Зарим газар өвдөг хүртэл хөл цасанд шигдэж байлаа. Дээгүүрээ цастай, дундуураа мөстэй, доогуураа устай аж. Энэ үед зам гаргаж явсан Антоны хөл цөмөрч гуяа мөсөнд нэлээн хүчтэй цохисон байлаа. Өмд гутал тэр чигээрээ нойт оргив. Хөл маань гутал дотроо шал пал гээд сэлэх мэт боллоо. Нэлээн зүдэргээтэй алхаж явтал жигтэйхэн өтгөн манан татаад явчих нь тэр. Харагдах орчин эрс багасаад их цасанд нойтогнон алхаж явсан бид ч тэрүүхэн зуур тэвдэж орхив. Улмаар яаравчилж хэсэг алхаад цасгүй, чулуутай хэсэгт хүрлээ. Тэндээс дахин доошлоход бас хэсэг цасан дундуур туучих хэрэгтэй болов. Онцлог нь цасан доогуур гол урсаад байх шиг харагдах тул цөмрөх вий гэсэн айдастай. Ингэж ингэж шал нойтон амьтад цастай хэсгээ дуусгаад хад чулуутай хэдий ч огцом уруу биш хэсэгтэй залгасан бөгөөд зарим нь гутлаа тайлан оймсоо сайн мушгиж аваад цааш хөдөллөө. Миний хувьд лав тухайн үед юу хийчих вэ гэмээр санагдаж байсан ч энд явагсад бүгд л энэ буултаар хожим аяллаа нэхэн санаж, дурсамжаа дуудна гэдгээ битүүхэндээ мэдэж байсан болов уу. Нов нойтон гутлаа ёстой дурсамжтай, адал явдалтай буулт боллоо гэсэн бодлоор даруулаад уруудсан билээ. (Энэ буултыг жирийн аялагчдад зөвлөхгүй гэдгээ дурдъя.)


Энэ зуур гулсахгүй хэмээн салсан Төөдий хамгийн түрүүнд уулнаас буун отогоо хамгийн түрүүнд зорьсон байлаа. Мань хүн майхандаа 15.45 минутын орчимд ирсэн нь манай группийн хувьд өмнөх группүүдээс хоёрдугаарт орох амжилт гэдгийг хөтөч хэлсэн юм. Алексей гэх тэр хөтөч залуу морин аяллаа чиглүүлэх, ачаа ачих, хоол хийх, уул руу газарчлах гээд бүх л ажлаа шуурхай сурмаг хийх аж. Төөдий оргилоос 20 минутанд гүйхээрээ шахам хурдан буугаад уулын горхины дэргэд хөл нь гуйвж дайван сөхрөөд өгснийг, голоос ус залгилан хэвтэж байгаад арайхийн сэхсэнээ бидэнд ярьж инээлгэлээ. Уулнаас майхан хүрэх алхалт бидний хувьд жигтэйхэн урт санагдаж, оройд нь гарсан оргилоо эргэн эргэн харахад үнэн сүрдмээр байж билээ.

Зорилгоо биелүүлсэн улс дуу шуу орцгоож, зарим нэг нь “Хүүш ээ, хэдүүлээ буруу оргилдоо гарчихсан байна ш дээ. Одоо буцаад зөв рүүгээ гаръя” гэж хөл хөгжөөн болгоно. Удахгүй овоо руугаа, цаашлаад гэр-буудал руугаа буцах ёстой. Хажууханд ирж майхнаа зоосон “жинхэнэ” эктрим аялагчид шуугилдана. Энүүхэнд шүд ташим хүйтэн гол хоржигнон урсана. Тэртээ хойно Алтай Таван Богдын оргилууд дүнсийн үзэгдэнэ.


Овоон дээрээ мориор ирээд фургондоо суулаа. Жолооч биднийг эрт ирснийг сануулах зуураа зарим хүмүүс фургон дээр алхаж ирэхдээ жигтэйхэн уурлачихсан, хүчээр явуулчихсан юм шиг аягладгийг хэлж байв. Үнэндээ тэр бол ойлгож болох бухимдал. Өдөржин явж явж Малчин оргилоос бууж ирсэн хүмүүсийг Ерөнхийлөгчийн овоо хүртэл эргээд 5-6 км алхуулах шийдвэрийг бодож өөрчлүүштэй санагдсан шүү. Тэр нь тусгай хамгаалалттай газар машин нэвтрүүлэх зөвшөөрөл, төлбөртэй холбоотой байж магадгүй.

Гэр-буудал хүртэл 18-хан км ч зам нь үнэхээр бартаатай байжээ. Буцах замдаа бид фургон машинаа магтаж явлаа. Тав тухаар маруухан боловч туулах чадвар гэж ярилтгүй унаа юм. Гэхдээ үе үе бензин нь тасалдан зогсох бөгөөд давхар хүндрүүлэгч хэрэгтэй үед урд сууж явсан Зак нэг хүндрүүлэгчийг татаж байсан нь нөхөрт ажлаа хийгээрэй хэмээн үе үе сануулах хошигнол болов. Цаг орчим яваад зарим өглөө аргаль, янгир дээр нь гарчихсан байдаг гэх өнөө гурвалжин уулынхаа хормой дахь гэр-буудалдаа ирлээ. Майханд унтсан хүмүүст гэр гэдэг диваажин шахуу. Хоол нэлээн хүлээлгэх зуур зарим нь хар цайгаар бэлэн гоймон дэвтээж идээд тавирах шиг болов. Дараа нь бесбармак гэх маш гоё амттай казак хоол ирсэн бөгөөд шууд унтах зорилготой байсан бид хэмжээгээ тааруулж идээд хажуулцгаалаа.

Өглөө Өлгийн зүг хөлгийн жолоо эргүүллээ. Жаахан яваад жолоочийн хадмынх гэх казак айлд бууж айраг уув, бүргэд үзэв. Хээ хуар болсон сонгодог казак гэр, улаан хацартай жаалууд. Нэг сонирхолтой нь тэндхийн хонинууд голдуу бор зүсмийнх юм. Буцахдаа бид Мөсөн голоос эхтэй Сүүн голыг үзэхээр, бас арай бартаа багатайг бодож Цэнгэл сумаар дайран явахаар боллоо. Сүүн гол буюу нутгийнхны хэлдгээр Цагаан гол ордгийн наахантай нэг инээдтэй юм болов. Гэнэтхэн л машин түр тар хийгээд явчлаа. Тэгтэл ард Төөдий дугуй салаад явчлаа гэж бахирах нь тэр. Бид ч хүүе хаая болно биз дээ. Жолооч юу болоод ойлгохгүй гайхангуй хэсэг явснаа зогсов. Тэгтэл үнэхээр дугуй салаад явчихсан байж. Гэхдээ тэр нь дөрвөн дугуйны нэг биш, машины ар доор бэхэлсэн запас дугуй байлаа. Юутай ч машин урагшилж байхад улайм цайм дугуй хажуу тийш өнхөрч явсан нь үнэн юм болохоор бөөн инээдэм боллоо. Энэ явдал бидний аялал үнэхээр адал явдалтай, чанга аялал байсныг илтгэх яруу тод жишээ болсон юм. Цагаан голоо үзлээ, үнэхээр сүүтэй цай шиг содон өнгөтэй гол байна. Цааш уртаа хөндийгөөр зүтгүүлсээр Цэнгэл сум орж утасны сүлжээтэй золгов. Хуримын ордных нь (сум бүр л хуримын ордонтой бололтой) дэргэдэх Цэнгэл хэмээх том чулуун бичээсийн урд бөөндөө зургаа татуулаад цааш одож, ирэхдээ дайрсан Улаанхус сумын төв орлоо. Жолоочийн гэр нь энд сумын төв дээр байдаг юм байна. Үер болоод айлын хашаа, гэр нураасан харагдана. Энэ жилийн их бороо эзтэйеэ.


Манай жолооч хаа очиж танил монгол дуунууд тавьж явлаа. Хааяа машинаас буухаар нөгөө фургоноос казак дуу хангинаж өгөх юм. Өлгий хариугүй орох дөхөхөд нэг зогслоо. Өлгийгөөр дайруулан Оростой хиллэдэг Цагааннуур боомт руу засмал зам тавьж байгаа талаар жолооч ярив. Ер нь баян-өлгийчүүд Оросоос их бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг, жимс ногооноос эхлээд бензин тос нь ч хямд юм. Өвөл болж жуулчин зөөх ажилгүй болохоор жолоочид ойролцоох аймгийн төвүүд жимс ногоо зөөдөг гэнэ. Мөн Шинэ Өлгий хэмээх том хороолол барьж байгаа хэмээн бүтээн байгуулалт талаасаа нутаг орон нь хөгжиж байгаа талаар ярьж байна. Өглөө гараад замдаа олон зогсож тайвуу явсан бид 19 цаг өнгөрөөгөөд Өлгийд орж ирлээ. Бидний аялал тав тухын аялал огтоос биш байсан бөгөөд аяныхаа сүүлийг харин өөрөөр мушгичих санаатай хамгийн догь гэгдэх 10 давхар “Баян Цамбагарав” хэмээх зочид буудалд буулаа. Төв талбайгаа эмжээрлэн баригдсан энэ буудал үнэхээр ч шинэ, тухтай юм аа. Юм хаачихаагүй дээр ганц нэг бэлэг дурсгалын зүйл авъя гээд гартал буудлын гадаа асарт худалдаа хүлээж байсан нь ухаалаг. Хэд гурван юм авцгааж, дэлгүүрээс нутгийн чихэр жимс авлаа. Тэндээс Өлгийдөө алдартай, ойрхон байх турк ресторанд очиж хоол идээд, хоол сайтай юм аа гэж аяллынхаа нэг чухал хэсгийг дүгнэлээ. Холын аялалд хоол муу бол юуны сайн байх билээ. Ингээд усанд орж хотжоод, нэг өрөөндөө тойрон суулаа. Ингэж тухлах боломж энд л гарах байж. Баярлаж талархсандаа жолоочоо дуудаж жаал зугаа юм ярилаа. Гаднаас нь, үйлчлүүлэгчийн нүдээр харсан болохоор бид аяллаа сайжруулах боломжууд олон байгааг ярив. Үнэндээ энэ аяллын нислэгийн тийзийн хасчихвал 350,000 орчим мянга буюу тун боломжийн үнэтэй байв. Аяллаа илүү сайжруулаад үнийг нь нэмэх боломж ч бүрэн дүүрэн харагдсан. Ер нь гадаадууд их ирдэг аялал бөгөөд цаг үеийн байдлаас шалтгаалж энэ жил дотоодын жуулчид ихэсжээ. Өглөө эрт нислэгтэй тул бид яриагаа сунжруулсангүй унтахаар хэвтсэнээр аялал өндөрлөх шатандаа орсон юм.

Ийнхүү машинд явах, морь унах, ууланд авирахад хэдэн өдрийг зарцуулсан бид нүүр хорсож, өгзөг хөндүүрлэж байсан хэдий боловч Монгол орныхоо хамгийн алс болоод хамгийн өндөр цэг, сүр жавхлант Алтай Таван Богдыг зорьж ирсэндээ, адал явдал өрнүүлсэндээ сэтгэл тэнэгэр байж, цаашид олон сайхан газраар аялах хүсэл тээж төсөөллөө тэлсэн билээ. Тэгэх зуураа нөхөрлөлөө бэхжүүлсэн нь энэ аяллын арвин их олз омог байлаа.

Уулсын дундаа улаа бутран суугаа баян-өлгийчүүд баяртай!
Үүлсийн дундаа өндөлзөн байдаг Алтай Таван Богд баяртай!


©Гэрэл зургийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.